| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2022/04608/И |
| Дугаар | 181/ШШ2023/02626 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2023/02626
| 2023 08 28 | 181/ШШ2023/02626 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М , хариуцагчийн өмгөөлөгч Н.Н, гэрч Р.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээний урьдчилгаа төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...хариуцагч нь Япон Улс руу ажиллах хүчин илгээдэг байгууллага юм. Би анх 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн байранд очиж Япон Улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах талаар мэдээлэл авч, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлын ярилцлагад орж, н.О гэж залуугийн хамт Япон Улсын Ямагучи мужид байрлах Kabushikikiaisya Obayashisyokai компанид ажиллахаар болсон. Хариуцагчийн багш Мөнгөн нь 3-4 сарын хугацаанд Япон Улс руу явдаг гэж мэдээлэл өгсөн. н.О ын хувьд 1 сар гаруй хугацаанд явах талаар ярьж байсан ч хамт хичээллэж байсан сурагчдад ном өгөх нэрийдлээр бэлэн мөнгө хураан авч алга болсон бөгөөд явах боломжгүй болсон. Үүний дараа Б.Б гэх залуу түүний оронд Япон Улс руу явахаар болсон. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Явахаа больсон учир нь, зуучлалын хураамж төлөх боломжгүй, бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй байна гэж надад мессенжерээр хэлснийг би багш Мөнгөнд дамжуулж харуулж байсан. Гэтэл багш Мөнгөн манай байгууллага Б.Б аас зуучлалын төлбөрийг урьдчилж авахгүй, цалингаас нь суутгах нөхцөлөөр авч түүнийг дэмжихээр болсон гэсэн мэдээллийг өгч явах боломжгүй гэж байсан хүнийг явуулахаар болсон. Гэтэл Б.Б нь бүрдүүлж өгөх ёстой материалыг бүрдүүлж өгөхгүй хугацаа алдсанаар Япон Улс руу явуулах материал хойшлогдсон. Хариуцагч ажлын ярилцлагад орж байгаа хүмүүстээ тодорхой шалгуур тавиагүйн улмаас ийм асуудал үүссэн болно.
Мөнгөн багш надад Б.Б та хоёрын материал бүрэн бүрдэж байж хамтад нь Япон Улс руу явуулна, хэрэв 1 хүний баримт бүрдэхгүй бол материал явах боломжгүй байдаг учраас яаралтай бүрдүүлж өг гэсний дагуу би шаардлагатай бүх материалыг 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрдүүлж өгсөн. Гэтэл Б.Б одоог хүртэл эрүүл мэндийн шинжилгээ өгөөгүй байгаа бөгөөд бүрдүүлж өгөх материалаа бүрэн дуусгаагүй байгаа нь анх уулзахад надад хэлж байсан ажлын ярилцлагад тэнцсэн бол 3-4 сарын хугацаанд Япон явах боломжтой гэж хэлсэн хугацаа хойшлох үндсэн шалтгаан болсон.
Анх 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчаас мэдээлэл авч байхад Иргэний хууль болон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн дагуу зуучлалын гэрээ байгуулах тухай надад мэдээлэл өгсөн. Үүний дагуу би зуучлалын харилцааг зохицуулах гэрээ байгуулах саналыг анх 2022 оны 5 сард тавьсан боловч надад төлбөр төлөгдсөний дараа гэрээ байгуулна гэж хариуцагчийн багш Мөнгөн хэлсэн. Гэтэл одоо гэрээ байгуулах саналд хариу өгөхгүй юун гэрээ билээ гэх мэтээр гэрээ байгуулах сонирхолгүй байдлаар хандаж байна.
Ажил олгогч Япон Улсын Kabushikikiaisya Obayashisyokai компанитай би хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан бөгөөд хариуцагч гэрээ шуудангаар ирж байгаа, ирсэн даруйд байгуулна гэж мэдээлэл өгж байсан. Гэтэл гэрээ ирсэн ч баталгаажаагүй, тамга дарагдаагүй гэрээ ирсэн. Хариуцагч талаас тодруулахад угаасаа Япон талаас гэрээ ингэж ирдэг юм аа, гарын үсгээ зураад хурууны хээгээ дараад өгөхөд болно гэж хэлснээр гэрээнд гарын үсэг зурж тамга дарж өгсөн. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Японд ирэхээр төлөвлөсөн өдөр 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэж заасан байгаа. Уг хугацаанд бүрдүүлж өгсөн материал Япон Улс руу ч яваагүй байсан.
2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Япон Улс руу явах хугацааг тодруулахад Мөнгөн багш Материалыг 7 сарын эхээр явуулсан, хүлээн авагч тал 10 сар гэж төлөвлөсөн байсан. 10 сард шар хуудас буух байх. 10 сард явна гэж тодорхой хугацаа хэлсэн. 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчаас хугацаа тодруулахад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, он гарахаас өмнө явна байх гэсэн мэдээлэл өгсөн. Энэ мэтчилэн хариуцагч тал нь тодорхой мэдээлэл өгөхгүй, анх тохиролцсон хугацаа болон нэмэлтээр мэдэгдсэн хугацаа нь өнгөрсөн учраас хариуцагч талд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зуучлалын харилцааг зогсоож төлбөр буцаан авах тухай өргөдөл өгсөн.
Гэтэл менежер Э.Сайнжаргал гэж хүн урьдчилгаа төлбөрийг буцаан өгөх боломжгүй, учир нь чиний мэдээллийг Япон тал руу явуулах, баримт бүрдүүлэхтэй холбоотой гарах зардалд чиний төлбөрийг суутгана гэж мэдэгдсэн. Гэтэл багш Мөнгөн нь манайх зуучлалын хураамж авдаггүй, чамаас авсан урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг онгоцны тийз болон сургалтын төлбөр болгож авч байгаа юм аа гэсэн хоёр өөр зүйлийг хэлсэн.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээгээр тохиролцсон хүлээн авагч тал буюу ажил олгогч хариуцахаас бусад тохиолдолд зуучлуулагч дараах зардлыг хариуцна. 15.1.1-д тээврийн зардал; 15.1.2-т бэлтгэл, сургалтын зардал; 15.1.3-т эрүүл мэндийн үзлэгийн зардал; 15.1.4-т гадаад улсын виз мэдүүлэхтэй холбоотой зардал; 15.3 дахь хэсэгт Энэ хуульд зааснаас бусад төлбөр, хураамж, дэнчин, барьцаа болон хүлээн авагч тал хариуцах зардлыг аливаа хэлбэрээр зуучлуулагчаас авахыг хориглоно. гэж заасан байна.
Би 15.1.2-т заасан бэлтгэл, сургалтын зардал; 15.1.3-т заасан эрүүл мэндийн үзлэгийн зардлыг зуучлалын төлбөрөөс тусдаа өөрөө гаргасан бөгөөд 15.1.1-д заасан тээврийн зардал болон 15.1.4-т заасан гадаад улсын виз мэдүүлэхтэй холбоотой зардал зэрэг нь Япон Улс руу явах тохиолдолд гарах зардал юм. Үүнээс үзвэл би зуучлалын хураамж төлөх шаардлагагүй байна.
Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно. гэж заажээ. Үүнээс харвал хариуцагч нь надтай тохиролцсон 8 юм уу 9 дүгээр сард Япон Улс руу явуулна гэсэн хугацаа өнгөрсөн, мөн нэмэлтээр тохиролцсон 10 дугаар сард явуулна гэсэн хугацаа өнгөрсөн нь миний хүсэл зоригт нийцэхгүй, мөн гэрээ байгуулахгүй байгаа нь надад эрсдэлтэй байна. Учир нь, миний хувьд хариуцагч 10 дугаар сард явуулна гэж хэлсэн учраас өөрийн хөлслөн амьдарч байсан орон сууцны өмчлөгчтэйгөө 10 дугаар сарын дундуур гарахаар тохиролцсон байсан. Өмчлөгч тал маань дараагийн орон сууц хөлслөх хүнийг олж, гэрээ байгуулсан байсан. Хариуцагчийн амласан хугацаа өнгөрч, би хөлслөн амьдарч байсан орон сууцаа хүлээлгэн өгч дахин өөр орон сууц хөлслөн гэрээний төлбөрт 4,550,000 төгрөг төлсөн болно.
Би амьдрах газаргүй байсан тул хөлслүүлэгчийн тавьсан шаардлагын дагуу 6 сараар орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг төлж Япон Улс руу явах боломжгүй болсон тул хариуцагчаас зуучлалын үйл ажиллагаанд төлсөн урьдчилгаа төлбөр болох 3,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:
...Д.М нь М ХХК-ийн илгээсэн ур чадварын дадлагажигч болох найзаасаа тус компанийн талаар мэдээллийг авсны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн биеэр ирж, ур чадварын дадлагажигч ажилтны тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг авсан.
М ХХК нь 2006 оноос Япон Улсад дадлагажигч ажилтан илгээж, ахуй амьдралыг нь дээшлүүлэхэд тусалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд 2022 онд гэхэд 99 дадлагажигч ажилтан Япон Улсыг зорьсон. Тэдгээр дадлагажигч нарын 45 нь цар тахлын улмаас 2 жил гаруй хугацаанд хүлээж байгаад явсан хүмүүс болно.
Тус компани нь ажлын өдөр бүрийн 15 цаг 30 минутад дадлагажигч ажилтнаар Япон явах хүсэлтэй иргэдэд дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг өгдөг бөгөөд, тус мэдээлэлд тогтолцооны талаарх бүрэн мэдлэг олгож, Япон явах хугацааны талаар тодорхой хэлэх боломжгүй буюу бичиг баримтад гарын үсэг зурж, Япон Улс руу явуулснаас хойш 4-6 сарын дараа, бүр цаашилбал 1 жилийн дараа Японы хилийн хяналтын газраас оршин суух зөвшөөрлийн бичиг гарахыг тайлбарлан хэлж өгдөг.
Бид Японы эрх бүхий байгууллага биш тул хэзээ хэнийг хилээр оруулахыг шийдэхгүй, тодорхой хугацаа хэлэх боломжгүй байдаг.
Тухайн иргэн дээрх танилцуулга мэдээлэлд хамрагдан, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ажлын ярилцлагын анкет бөглөн, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр барилгын будгийн ажлын ярилцлагад тэнцсэн.
Тэр үед хамт ярилцлагад тэнцсэн н.О гэх залуу япон хэлний сургалтад хамт сууж эхэлсэн хэдий ч удалгүй ирэхээ больж, өнөөдөр очно, маргааш очно гэх зэргээр худлаа ярьсаар байсан тул болиулах шийдвэрт хүрч, ярилцлагын үед нөөцийн ажилтнаар сонгогдсон байсан Б.Б гэх залууг явуулахаар болж, бичиг баримтыг нь бүрдүүлж эхэлсэн.
Ярилцлагад сонгогдсон хүмүүсийн бичиг баримтыг хамт бүрдүүлэн боловсруулж, хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ, бичиг баримтуудад гарын үсэг зуруулан, Япон луу явуулдаг бөгөөд дээрх хоёр хүнээр 6 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зуруулж, 7 сард явуулсан болно.
Ур чадварын дадлагажигч нь тус компанид бэлтгэл сургалт болон бичиг баримт боловсруулалтын хураамж 5,800,000 төгрөгийг тушаадаг бөгөөд үүний 3,800,000 төгрөгийг бичиг баримт явуулахаас өмнө төлдөг.
Д.М нь бичиг баримт боловсруулалтын зардал 3,800,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тушаасан.
Д.М нь манай ажилтнуудаас хэзээ оршин суух зөвшөөрөл гарахыг удаа дараа асууж, бид Япон компаниас асууж лавлан 10, 11 сард гарах байх хэмээн хариу өгсөн.
Тодорхой хугацааг Япон компани ч тэр, манай компани ч тэр хэлэх боломж байхгүй. Мөн зуучлалын гэрээ байгуулмаар байна хэмээн манай ажилтанд бичихэд, бид гэрээ нэгэнт хийж, Япон Улсад гэрээ, бичиг баримтыг явуулсан тул гайхаж, ямар гэрээ гэж асуухад, өөрийн хуулийн мэдлэгээр далайлган зуучлалын гэрээ гэх зүйлийг өөрөө боловсруулан байгуулмаар байна гэх санааг хэлсэн.
Манай компани Монгол Улс болон Япон Улсын хууль дүрэмд нийцсэн, ур чадварын дадлагажигч ажилтантай байгуулах гэрээг албан ёсоор байгуулдаг бөгөөд хэн нэгэн хувь хүн тус бүрийн зохиосон гэрээ гэх зүйлийг баримтлан ажилладаггүй болно.
Д.М ын Япон Улсад албан ёсоор дадлагажигч ажилтнаар ажиллах оршин суух зөвшөөрлийн хуудас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хилийн хяналтын байгууллагаас гарсан бөгөөд манай байгууллага болон Япон байгууллагын зүгээс хүлээх үүргээ гүйцэтгэж, оршин суух зөвшөөрөл гарахад шаардлагатай бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн тул бичиг баримт боловсруулалтын зардлын урьдчилгаа болох 3,800,000 төгрөгийг буцаан өгөх боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хүлээн авагч Япон Улсын Kabushikikiaisya Obayashisyokai компанитай байгуулагдах Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэх баримт, Хаан банк дахь харилцагч Б.Түмэнзулын 5303273344 дугаартай, өөрийн 5063429837 дугаартай дансны хуулга /2022.06.28, 2022.11.10, 2022.11.14/, О.Золзаяатай байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/10 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ, О.Золзаяагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205032622 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 4-16/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 3, 4 дүгээр сард Япон Улсад суралцах болон мэргэжил дээшлүүлэхээр явах тухай танилцуулга ярианд хамрагдсан бүртгэлийн хуулбар, Д.М ын ур чадварын дадлагын бэлтгэлтэй холбоотойгоор өөрийн улсад байхдаа төлсөн төлбөрийн тайлангийн хуулбар, Д.М тай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээний хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээний хуулбар, ангид мөрдөх журмын хуулбар, Д.М ын Япон Улсад оршин суух зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хүлээн авагч Япон Улсын Kabushikikiaisya Obayashisyokai компанитай байгуулагдах Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцөл гэх баримтын хуулбар, Б.Б ын Япон Улс руу зорчих нислэгийн тийз захиалгын хуудас /орчуулга/, М ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Б гийн баталсан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмын хуулбар /хх 20, 26-44, 53, 69-72/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Р.М ийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
6. Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зуучлалын үйлчилгээний урьдчилгаа төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч нь зуучлалын үүргээ гүйцэтгэсэн тул уг төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.
7. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Д.М нь 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр М ХХК-ийн Япон Улсад суралцах болон мэргэжил дээшлүүлэхээр явах тухай танилцуулга сургалтад хамрагдаж, өөрийн хүсэл зоригийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ажлын ярилцлагад орж тэнцжээ. /хх 26/
9. М ХХК нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн Монгол Улсын иргэдийг Япон Улсад /ур чадварын дадлагажигч/ хөдөлмөр эрхлэхэд зуучлах, Япон хэлний сургалтын үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд Д.М тай 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ /цаашид Гэрээ гэх/-г байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 20, 30-31/
Уг гэрээний 1.1-д Япон хэлний сургалт нь Япон Улсад явуулах баталгаа биш болно. ..., 2.1-д сургалтыг Нийт 3 сарын хугацаатайгаар зохион байгуулна. 4.5-д суралцагч нь Сургалтын төвийн дотоод дүрэм болон ангид мөрдөх журмыг хатуу чанд мөрдөх үүрэгтэй., 6.1-д Суралцагч нь нэгэнт суралцахаар шийдвэр гарган сургалтын төлбөрийг бэлнээр болон банкны дансаар төлсөн бол сургалтын гэрээг хийгдсэнд тооцно. 6.2-т Японд мэргэжил дээшлүүлэхээр сонгогдон зуучлалын хураамжийг төлөн сургалтад хамрагдаж байгаа иргэн тус сургалтын гэрээг зөрчин хасагдсан тохиолдолд зуучлалын хураамж буцааж олгогдохгүй. гэж тус тус заажээ.
10. Д.М нь дээрх гэрээний дагуу Япон хэлний H5 түвшний сургалтад хамрагдаж, холбогдох бичиг баримтын бүрдүүлбэр илгээгдсэн, улмаар Япон Улсын Kabushikigaisya Obayashisyokai компаниас ирүүлсэн дадлагажигчаар ажиллуулах тухай Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн нөхцлийг М ХХК-иас түүнд танилцуулж гарын үсэг зуруулсан, түүнчлэн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээг байгуулсан байх ба Д.М нь зуучлалын хураамжид 3,800,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бэлэн бус гүйлгээгээр төлсөн болох нь дансны хуулга, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдож байна. /хх 5-11, 33-37, 39-44/
11. Гэрээний 1.1, 2.1, 4.5, 6.1 дэх заалтын зохицуулалт нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг, 6.2 дахь заалтын зохицуулалт нь Иргэний 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.
Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.
М ХХК нь Д.М аас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө ийнхүү зуучлалын үйл ажиллагааг явуулсны үр дүнд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Япон Улсад ажиллах, амьдрах зөвшөөрлийн хуудас гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин Д.М ын хувьд зөвшөөрлийн хуудас гарахаас өмнө 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зуучлалын харилцааг зогсоож, төлбөрөө буцаан авахаар өргөдөл гаргасан гэх бөгөөд М ХХК-ийн зүгээс зуучлалын үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмын 5.3-т заасан Дадлагажигч Япон Улс руу явахаас өөрийн хүсэлтээр татгалзсан нь зуучлагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тохиолдолд зуучлалын хураамж буцаан олгохгүй. гэсэн шалтгаанаар татгалзжээ. /хх 71-72/
Дээрх татгалзлыг буруутгах үндэслэл тогтоогдоогүйн сацуу Д.М ын шүүх хуралдааны үед гаргасан ...уг журмыг надад танилцуулж байгаагүй... гэх тайлбар нь гэрч Р.М ийн өгсөн ...анхны танилцуулга сургалтын үеэр компанийн холбогдох дүрэм, журмуудыг танилцуулсан. Энэхүү журмыг суралцагч нарт танилцуулсны дараа тэднийг анхан шатны сургалтад хамруулдаг. Ангийн ханан дээр хүртэл байршуулсан байдаг... гэх мэдүүлэг, Япон Улсад суралцах болон мэргэжил дээшлүүлэхээр явах тухай танилцуулга ярианд хамрагдсан бүртгэл зэргээр үгүйсгэгдсэн ба тэрээр Гэрээний 4.5-д заасны дагуу сургалтын төвийн дотоод дүрэм, журмыг чанд мөрдөх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч Д.М ын зуучлалын үйлчилгээний урьдчилгаа төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулах үндэслэлгүй, уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь өмнө үйлчилж байсан 2001 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар зохицуулагдаагүй зарчмын шинжтэй олон шинэ зохицуулалтыг өөртөө агуулсны дотор Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлан зохицуулж, зуучлуулагчийн зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар тусгажээ.
Манай тохиолдолд дээрх хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх цаг хугацаанд талуудын хооронд зуучлалын харилцаа үүсч, хураамж төлөгдсөн байх тул Иргэний хуульд нийцүүлэн дүгнэсэн болно.
7. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасанд нийцүүлэн хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас зуучлалын үйлчилгээний урьдчилгаа төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулах тухай А.Мөнхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН