| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2025/1069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/994 |
| Огноо | 2025-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Бат-Орших |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч С.Бат-Орших,
шүүгдэгч А.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, *** дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А.Б т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Б овогт А.Б , 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Х аймагт төрсөн, 40 настай, дээд боловсролтой, программ инженер мэргэжилтэй, Мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би өөрийнхөө хийсэн үйлдлийг зөвтгөхгүй. Эхнэр бид хоёр хүүхдүүддээ гэрт нь насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр үлдээдэггүй. Манай бага охин 12 дугаар сарын 28-ны өдөр төрөөд 3 хоногийн дараа 5 нас хүрсэн байдаг. Тухайн ондоо төрсөн хүүхдүүдийг сургуульд оруулдаг учраас цэцэгрлэг авахаас татгалзсан учир охин маань 5 настай сургуульд орохоос өөр гарцаагүй болсон. Би пүрэв гарагт Өлзийт хорооллоос нэг адуу ачаад хөдөө мал руугаа аваачих шаардлагатай болоод охиныгоо орой хичээлээс нь ирэхэд хэлсэн. Тэр үед эхнэр байсан. Аав нь зайлшгүй шаардлагатай боллоо. Миний охин 17 насанд хүрсэн айлын том охин дүүгээ нэг өдөр хариуцлагатай аваад айлын том охин шиг байж байгаарай гэж хэлсэн. Тухайн үед ээж нь бас хэлээд тэгж тохироод 5 дахь өдрийн өглөө машин дуудсан байсан. Тэр машиндаа адуугаа ачаад Өлзийт хорооллоос Налайх руу явж байхдаа гэнэт гэр лүүгээ буцмаар санагдсан. Тухайн адуу ачиж явсан хүндээ би буцмаар та аваад яваач гэж учирлаж хэлээд Налайх дээр бууж үлдсэн. Тэгээд Налайхаас автобусанд суугаад гэртээ ирэхэд 17 цаг орчим болж байсан. Ноднин энэ жилийг бодвол харьцангуй дулаан байсан. Тэгээд гэртээ орж ирэхэд хоёр өрөөний цонх онгорхой. Нэгдүгээр ангийн 5 настай охин маань хичээлээсээ ирсэн. Хичээлээсээ ирсэн хувцсаа тайлаад буцаагаад хам хум өмссөн байдалтай хоёр өрөө хоёулаа харанхуй бас өрөөний цонх хоёулаа онгорхой. Таван настай охин маань цонхыг хаах боломжгүй байдаг. Манайх унасан том поорчиктой. Паарны дээд талын цонхны тавцан дээр зогсоод хаах гэхээр дийлэхгүй арагшаа савж унах гээд байдаг учраас жооохон хүүхэд хаах боломжгүй. Гэр нэлээн хүйтэн болсон. Өдөр тарсан хүүхэд орой 17 цагийн үед ирэхэд хичээлдээ явсан хувцастайгаа хувцасаа тайлаад даараад буцаж өмссөн бололтой ганцаараа гэртээ сууж байсан. Би поорчикоо хаагаад хүүхдийнхээ даарсан хөлийг халуун усанд дүрж байгаад хүүхдээ хувцаслаж байхдаа охиноосоо эгч нь яасан бэ гэж асуусан. Эгч гараад явсан. Эгч чинь чиний хувцсыг сольж өгөөгүй юм уу гээд тухайн үед 17 настай охиндоо гомдох, уурлах мэдрэмж төрж байсан. Би гэртээ орж ирээд охин руугаа залгасан. Тэр үед утсаа авахгүй байсан. Хүүхдээ дулаацуулж хувцсыг нь сольж өгөөд махаа гаргаад хоолоо хийж байхад том охин гэртээ орж ирсэн. Орж ирэхдээ нүүр, уруулаа будсан хачин царайтай орж ирсэн. Эхнэр бид хоёр хүүхдийнхээ хумсыг нь ургуулдаггүй, нүүрийг будуулдаггүй. Хичээлдээ шамдаад хүүхэд хүүхдээрээ байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байсан. Тэгээд би охиныгоо орж ирэхэд миний охин чи арай ч дээ 17 нас хүрсэн, айлын том охин. Аав, ээж хоёр нь чамайг ч дүү нарыг чинь ч ганцааранг нь үлдээж байгаагүй. Яасан эцэг, эхийнхээ ачийг мэддэггүй хүүхэд вэ гэж уурласан. Тэгэхэд тоомжиргүй, юун сүртэй юм бэ гэсэн байдалтай байхаар нь эцэг, эхийн сануулгыг өгөхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол төрөөд тэлээгээ аваад 2-оос 3 удаа цохисон. Тэр үед би тэлээнийхээ арлаа аваад охиныгоо гэмтээх вий гэсэн эцэг хүний сэдэл байсан. Тэгээд би арлаа гартаа атгаад сураар нь 2, 3 ороолгосон. Тэгээд хоолоо хийж байх үед бага дүү нь орж ирээд аниа гараад явчихлаа гэхээр нь би ангийнх нь хүүхдүүд гэрийн үүдэнд дуудсан юм байлгүй гэж бодоод хоолоо үргэлжлүүлээд хийсэн. 15 минут орчим болоод гэртээ орж ирээгүй. Тэгээд санаа зовниж эхлээд чи яахаараа орж ирдэггүй юм бэ гээд гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь гэрийн үүдэнд байгаагүй. Гэрийнхээ хувцастай орцны үүдэнд гараад орцны үүдэнд байгаа болов уу гээд хайсан чинь олдоогүй. Буцаж гэртээ ороод хувцас өмсөж гараад хайж явсан. Манай хүүхдийн сургууль 150 метр орчим зайд байдаг. Гүйж гараад баруун талаар нь тойроод ангидаа очсон болов уу гээд анги дээр нь очиход ангидаа байгаагүй. Буцаж гараад нөгөө талаар нь зөрсөн байж магадгүй гээд гэрийн үүдэнд ирэхэд ирээгүй байсан. Намайг хайж байх хооронд гэртээ ирсэн болов уу гээд гэрт ороход ирээгүй байсан. Тэгээд би дахиж тойрч явах үедээ эхнэр лүүгээ залгаад ийм юм боллоо гэхэд эхнэр би яваад очъё гэж хэлсэн. Тэр хооронд дахиж сургууль дээр нь очсон. Эхнэртэйгээ уулзаад нөгөө талаар нь бас тойроод орцны үүдэнд очиход бас байгаагүй. Одоо гэртээ ирсэн байх гээд эхнэрийн хамт гэр лүүгээ ороход ирээгүй байсан. Тэгээд буцаад гарах үед үүдэнд хоёр цагдаа зогсож байсан. Манай хаалгыг тогшиж амжаагүй. Яасан бэ гэхэд А Баянзүрх дүүргийн цагдаагийн газар очсон байна гэж хэлэх үед би тайвширсан. Гомдсондоо ухамсаргүй үйлдэл хийсэн юм болов уу гэсэн айдас асар их байсан. Цагдааг дагаж очоод хүүхэдтэйгээ уулзъя гэхэд уулзуулаагүй. Цааш нь хүүхэд хамгаалал руу аваад явсан. Хүүхэд хамгааллаас гэртээ ирээд 20-иод хоног болсон. Нэг өдөр охины маань хөл дээгүүр цусан тууралтууд гарсан. Тэгээд энэ юу болов гээд бүдүүн гуяыг нь үзэхэд жижиг, жижиг цус хуралтууд гарсан байсан. Тэгээд ээж нь ирээд антибиотик эмчилгээ хийсэн. Тав дахь өдрийн өглөө гайгүй болчихоор нь миний охин хичээлдээ явчих гээд хичээлд нь явуулсан. Орой хичээлээсээ ирэхэд тууралтууд нь ихэссэн байхаар нь судалгаа хийж эхэлсэн. Тэр өвчин нь цусны өвчин байсан.. Гэртээ жорлон орохдоо ч алхаж явж чадахгүй, өргөж аваачдаг. Босоод алхахаар хөлөөс доош бүх судаснууд нь хагардаг. Энэ өвчин нь нянгийн гаралтай. Энэ нянг хаанаас авсан бэ гэдгийг олоогүй. Гэхдээ цагдаагийн байгууллагад байхдаа эсхүл хүүхэд хамгааллын байранд байхдаа өгсөх замын халдвар авсан байж болзошгүй. Үүнийг баталж хэлж чадахгүй. Тэгээд охиныгоо эх нялхаст 20 гаруй хоног хэвтүүлсэн. Энэ хооронд тасралтгүй эмчилгээ хийлгээд шинжилгээ өгч явсан. Тэгээд онош нь тодроод эх нялхаст 22 хоног хэвтүүлсэн. Манай охин 12 дугаар ангиа төгсөх байсан. Гэтэл хичээлдээ явах ямар ч боломжгүй болсон. Тэгээд би охиныхоо амьдралын эргэлтийн цэг дээр хамт байя гээд ажлаасаа гарсан. Охинтойгоо хамт 2 сар гаран хичээлийг нь бэлдсэн. Охин маань өвдөг, тохойгоо цоортол элгээрээ хэвтсэн. Тэгээд миний охин шалгалтуудаа 96-аас дээш өгсөн. Энэ өвчин 3 жил дотроо сэдрэхгүй байвал бүрэн эдгэрлээ гэж үздэг. Хүүхэд өвдсөнөөс илүү өөрсдөө өвдсөн нь дээр гэж боддог...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 11 дүгээр 22-ны өдөр *** дүүргийн *** дугаар хороо, 119 дүгээр байрны 31 тоотод хохирогч Б.А-ийн биед оройтлоо гэх шалтгаанаар тэлээгээр цохиж баруун, зүүн бугалга, зүүн дал, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт А.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь 1 /нэг/ сарын хугацаанд *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын хяналтад зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөхөөс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.