| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Билгүүндаш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, улсын яллагч О.Билгүүндаш, шүүгдэгч **** шүүгдэгчийн өмгөөлөгч ****, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****-д холбогдох эрүүгийн ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 61 килограмм хонин арцыг **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг “****” гэдэг газраас түүж бэлтгэн экологид 6.154.900 /зургаан сая нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч **** нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг “****” гэх газраас зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арцыг 3 ширхэг шуудай буюу 61 килограмм арцыг хайчаар түүж бэлтгэсэн хэргийн үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** “...энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр,
****-ыг **** гэдэг газраас 3 шуудай арц түүж бэлтгэсэн байсан талаар шууд тусган мэдүүлсэн гэрч ****-ын “...Би **** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр *** сумын **** багийн нутаг *** гэдэг газарт эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байхад иргэн **** нь ***** гэдэг газраас 3 шуудай арц түүж бэлтгэсэн байсан юм. Тухайн арцыг түүж бэлтгэхдээ арцны дээд хэсгээс гар хайчаар хайчилж тасдан шуудайнд хийж түүж бэлтгэж байсан. Тэгээд бид нар ****-ын бэлтгэсэн арцыг өөрийнх нь машинд ачиж Улиастай сум руу авч ирээд цагдаад хүлээлгэж өгсөн. ...тухайн үед арцаа ачиж, зөөсөн, тээвэрлэсэн зүйл байгаагүй бид нар түүнийг ууланд арц түүж байхад шууд бариад авсан...” гэсэн мэдүүлгээр,
Арцыг түүж бэлтгэсэн талаар мэдүүлсэн гэрч ****-ийн “...Би **** гэдэг хүнийг огт танихгүй байж байгаад **** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч сумын цагдаа нарын хамт хариуцсан нутаг дэвсгэрт буюу **** сумын **** багийн нутаг “****” гэдэг газарт эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байгаад арц түүж байхад нь таарсан юм. **** гэдэг газраас 3 шуудай арц түүж бэлтгэж байгаад баригдсан ...тухайн хүний түүж бэлтгэсэн арцыг өөрийнх нь машинд ачиж ****** авч ирээд цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч ****-ын “... Би Завхан аймгийн Цагдаагийн газрын **** сумын цагдаагаар ажил үүрэг гүйцэтгэдэг юм. Тухайн өдөр буюу **** оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний бие Завхан аймгийн **** сумын **** багийн дарга **** болон тус сумын байгаль орчны улсын байцаагч ****, Байгаль хамгаалагч **** нарын хамт *****багийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус эргүүл шалгалтыг зохион байгуулж ажилласан. Ингээд Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэр **** гэх газарт очиход тухайн газарт өөрийгөө **** гэх эрэгтэй нь явган хайч ашиглаж арц гэх нэршилтэй ургамал түүж бэлтгэж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлэн ажилласан. Тэр үед **** нь морио уулын бэлд үлдээчихсэн явган явж байсан бөгөөд ойролцоогоор 3 шуудай арц түүж бэлтгэсэн байсныг илрүүлэн тухайн түүсэн арцыг зөөвөрлөж цагдаагийн газрын байранд хүргэн ирээд жижүүрийн мөрдөгчид илтгэх хуудас бичиж өгч хүлээлгэн өгч ажилласан. Иргэн **** нь ганцаараа Завхан аймгийн **** сумын **** багийн **** гэх нэртэй газраас арц түүж бэлтгэж байсан бөгөөд морио уулын бэлд үлдээчхээд явган арц бэлтгэж байсан үйлдлийг газар дээр нь илрүүлэн таслан зогсоосон юм. Биднийг очиход явган арц түүж бэлтгэж байсан бөгөөд ахуйн хэрэглээнд ашигладаг хайч ашиглаж арц түүж бэлтгэж байсан. Ямар нэгэн техник хэрэгсэл ашиглаж байсан зүйл байхгүй... Би яг хэдэн килограмм арц түүж бэлтгэсэн гэдгийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. 3 ширхэг цагаан шуудайнд хийчихсэн байсан ...би тухайн арцыг тээвэрлэж цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч ****-ын “...Завхан аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэрт байх **** гэх газрыг мэднэ. Тухайн газарт нэн ховор ургамлын төрөл Хонин арц ургадаг. Энэ талаар мэргэжлийн судлаачдын гаргаж байсан судалгаа надад байгаа. Би тухайн судалгааг гаргаж өгч болно. Гэхдээ уулынхаа өндөрлөг орой хэсгээр хуурамч хонин арц ургасан байх боломжтой... Сибирт арц нь бүх шилмүүс нь зүү шиг нарийн шовх үзүүртэй. Түүж бэлтгэхэд хүндрэлтэй. Жимс нь дотроо 2-6 ширхэг үртэй байдаг. Харин хонин арц нь бүх шилмүүс нь хайсархуу. Бие биеэ нягт дэрлэсэн. Жимс нь дотроо 2-6 ширхэг үртэй байдаг. Тухайн багийн нутаг дэвсгэрт байдаг шилмүүст ойн захаар бага зэрэг ургасан байдаг...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч ****-ын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба нэн ховор хонин арц болох нь Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ****-ын ***** дугаартай “...1.Cupressaceае-Агарууны (Арц) овог, Juniperus L- Арцны төрөл, Juniperus Sabina L.- Хонин (Хасаг) арц байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3 ууттай арц нь бүгд нэг овог, төрөл, зүйлийн Juniperus Sabina L- хонин (Хасаг) арц байна. 3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад нэн ховор ургамлын жагсаалтад багтсан. 4. Шинжилгээнд ирсэн арцны дундаж чийг нь 21%-ийн чийгтэй байх тул нойтон байна 5.Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хонин (Хасаг) арц ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 100,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоол дурдсны дагуу 61 кг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 100,900 төгрөг 61кг=6,154,900 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцвол 6,154,900 төгрөг х5 =30,774,500 төгрөг байна. Тухайн ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл гардаг чиг үүргийн байгууллагаас тодруулах шаардлагатай шинжилгээнд ирүүлсэн ургамал нь байгальд дахин шинээр ургах боломжгүй...” гэсэн дүгнэлтээр болон 3 шуудай арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ****-ийн **** оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “ховор” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч ****-ын Байгалийн ургамлын тухай хуулийн 11,12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хонин арц түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч ****-ыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэн, ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Хохирлыг тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна.
Тухайн үед буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 3 уут /шуудай/ хонин арцыг анх жинлэхэд 61 килограмм байсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр уг арцыг TСS загварын №361014-н №054 лацаар битүүмжлэгдсэн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хүчинтэй улсын баталгаажуулалтын 083021 дугаартай гэрчилгээ олгосон электрон жингээр нэг бүрчлэн жинлэхэд:
1 дэх шуудай-12,300 кг, 2 дахь шуудай-13,000 кг, 3 дахь шуудай-7,200 кг, тухайн шинжилгээнээс буцаан ирүүлсэн 0,800 грамм арц буюу нийт 3 шуудай буюу нийт 33,300 килограмм болж биологийн чийгээ алджээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож нэн ховор ургамал болох хонин арц 1 /нэг/ килограмм нь 100,900 төгрөгөөр үнэлэхээр заасан бөгөөд Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар нарийвчлан тодорхойлоогүй ба ургамлын биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалтгүй учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 33,300 кг арц х100,900 төгрөг= 3,359,970 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.
Шүүгдэгч **** нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 3,359,970х5=16,799,850 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу шүүгдэгч 16,799,850 төгрөгийг гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор хонин арцыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг түүж бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ****-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч ****-ын тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ****-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч ****-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал түүсэн бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ****-ыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч **** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч ****-ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч ****-ын өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 уут /гурван шуудай/ нэн ховор хонин арцыг улсын орлого болгох нь зүйтэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч ****-аас 16,799,850 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
9.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА