Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 312

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Б.Баянбилэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир,

шинжээч: Ц.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Мөнгөнцэцэг, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, /0368/

гэрч: О.Хаснавч, Н.Энхжаргал,

шүүгдэгч: Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн /0026/, Ж.Ганболд /2352/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламын гэгээн овогт Бат-Очирын Отгонбаярт холбогдох эрүүгийн 2016 2602 3148 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, охин, хүргэн, зээ охины хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамж, 110 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2014 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ЧК 76040107, Ламын гэгээн овогт Бат-Очирын Отгонбаяр.

 

           Шүүгдэгч Б.Отгонбаяр нь иргэн Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий
аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Отгонбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би талийгаачтай хамт гэртээ байсан. Талийгаач “би дэлгүүр явлаа, чамд тамхи байгаа юу” гэхээр нь би “чи өөрөө мэд” гэж хэлсэн. Би тэр хооронд нь зээ охиноо хараад үлдсэн. Талийгаач дэлгүүрээс 1 шил архи, 2 ширхэг тамхи болон зайрмаг авчирсан. Тэр ширээн дээр суугаад архиа задлаж, нэг, нэг цаасан аяганд хийгээд, надаас “чи татах уу” гэж асуусан. Би өгсөн архийг нь уусан. Тэгтэл гаднаас манай охин орж ирээд “та хоёр архи уугаад байгаа юм уу” гэж асуухаар нь “тийм” гэж хэлсэн. Хаснавч, охиндоо авчирсан бэлгээ задалж өгчихөөд, бие засахаар гэрээс гарсан. Энэ үед талийгаач, бид хоёр зээ охинтойгоо үлдсэн. Талийгаач архинаас ууж байсан. Би цаасан аяганы ёроолд үлдсэн архийг уусан. Энэ үед манай гэр халуун байсан ба миний дотор халуу оргиод байхаар нь би газар байсан гудсан дээр зээ охинтойгоо хамт хэвтсэн. Зээ охин “Бонго” хүүхдийн нэвтрүүлэг үзэж байсан. Энэ үед би  хэсэгхэн дуг хийгээд сэртэл зээ маань зүүрмэглэж байсан. Би талийгаачтай гэр халуун байна гэх зэрэг ойр зуурын юм ярьж байгаад зурагт руу цаашаа харж байтал талийгаач гэнэтхэн “ээ” гээд их эвгүй дуу гаргахаар нь эргээд түүн рүү хартал цээжний зүүн талд нь хутга зоолттой байсан. Би босож очоод биеийг нь барьж түүнийг хөдөлгөхөд талийгаачаас сонин дуу гарч байсан. Намайг талийгаачийг хөдөлгөж байхад хутга цээжинд нь, талийгаач хутгаа гараараа барьсан байсан. Тэгээд би сандраад охин Хаснавчийг “Хасаа” гээд чангаар дуудахад тэр гаднаас орж ирсэн. Хаснавчийг гэрт орж ирэхэд талийгаач сандал дээр сууж байсан ба хутга цээжинд нь зоолттой байсан. Би охиндоо “аав чинь өөрийгөө ингэчихлээ, гялс түргэн дууд” гэж хэлсэн. Би талийгаачийн цээжинд хутга нь зоолттой байхад баруун талаар нь татаж газар хэвтүүлсэн ба энэ үед хутгаа гартаа барьсаар байсан. Тэгээд би хутгыг гарынх нь хамт цээжнээс нь сугалж, хутгыг талийгаачийн гараас нь салгаагүй. Тэгээд цагдаа ирэхэд тэр хутгаа барьсан хэвээр байсан. Намайг талийгаачийг газар хэвтүүлж байхад манай гэрт зээ охиноос өөр хүн байгаагүй.

Талийгаачийн гар утсанд Болорчимэгээс “хөгшин янхан битгий яриулаад бай” гэсэн мессэж 12 дугаар сарын 18, 19-ний өдрийн аль нэгэнд нь ирсэн байсан. Талийгаачийг нас бардаг өдөр ирээгүй, Болорчимэгийн мессежнээс болоод бид хоёр маргалдахад тэр гар утсаа гал руу хийсэн. Энэ нь хэрэг болохоос 20-30 орчим минутын өмнө болсон юм. Мөн үүнээс 20 хоногийн өмнө талийгаач уурлаад бас нэг гар утсаа гал руугаа хийж байсан. Талийгаач сандал сууж байхдаа өөрийгөө хутгалсан. Би түүнийг хутгалаагүй тул гэм буруугүй. Би талийгаач болон охиндоо бүх амьдралаа зориулж байсан, тэр миний амьдралын утга учир байсан тул надад түүнийг хутгалах ямар ч шалтгаан байхгүй. Би түүний цээжинд байсан хутгыг сугалсан, мөн нөхөртэйгээ хамт архи уусан нь миний буруу. Тухайн үед бид хоёр адил хэмжээний архи уусан байсан.  Талийгаачийг архиа задлаад ууж байхад би заазуураар мах хэрчиж байсан. Талийгаач бид хоёр нэг гэрт тогтвортой амьдраагүй. Тэр хашааг би охиндоо авч өгч, охинтойгоо хамт амьдрахаар тэнд очиход талийгаач “хамт амьдарч, элэг бүтэн байя, хоёулаа амьдралынхаа оргилд хүрнэ шүү” гэж ярилцаад бид нэг гэртээ эргэж орсон юм.

Талийгаач хүүхэмсэг хүн байсан ч үүнийг нь би эр хүнд байдаг л зан гэж боддог. Түүний гар утсанд Болорчимэгийн дугаар байнга орж ирдэг байсан тул ямар учиртай болохыг нь асуухад түүнтэй холбоотой байсан гэж надад хэлсэн. Гэхдээ би Болорчимэгийг хараагүй. Тэр өмнө нь амиа хорлоно гэдэг байсан. Нас барахаасаа сарын өмнө автын газар байцаалт өгчихөөд ирэхдээ будаг шингэлэгчээр машин дээрх цаасыг хуулж байснаа будаг шингэлэгчээ галын хажууд тавихаар нь би “наадах чинь галын дэргэд тэсэрвэл яах юм бэ, яагаад наанаа тавьж байгаа юм бэ” гэхэд “хааяа ч үхчихмээр санагддаг шүү” гэж хэлж байсан. Талийгаач догшин араншин гаргадаг байсан.

Талийгаач ихэвчлэн баруун гараараа хоол иддэг, хөгжмийг аль ч гараараа тоглож чаддаг байсан.

Байцаагч Солонго, өмгөөлөгч Ганбат нар хорих анги дээр ирээд “чи худал ч хамаагүй мэдүүлэг өг, чиний мэдүүлэг хангалтгүй байна, прокурор намайг загнаад байна” гэж байсан. Хохирлын мөнгө төлнө. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Мөнгөнцэцэг мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 22-ны өглөө дүү Саруулбаатарыг нас барсныг мэдээд шүүх эмнэлэг дээр очиж, дүүгийнхээ шарилыг хараад түүнийг амиа хорлоогүй байна гэж бодсон. Миний дүү 23 жил Отгонбаяртай амьдраагүй. Тэд 1993 оны 11 сараас 1994 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд үерхэж байсан. Отгонбаяр задгай хүмүүжилтэй хүүхэд байсан. Тэр 1994 онд Хаснавчийг манай ээжид авчирсан байсан. Ээж маань надад “Отгонбаяр хүүгээс маань салж яваад 1 жилийн дараа охинтой болсон гээд хүүхдээ авчирсан” гэж хэлж байсан. Би ээжээсээ яагаад түүнд дургүй байгааг нь асуухад “Отгонбаяр хүмүүжил муутай, надад хоол хийж өгөөд “май, гудар” гэж хэлдэг гэж байсан. Отгонбаяр миний дүүгийн амийг хохироосон. Хаснавч 102 руу залгаад “ээж, аавыг хутгалчихлаа” гэж хэлсэн байтлаа бидэнд талийгаачийг өөрийгөө хутгалсан гэж ойлгуулсан. Би хөндлөнгийн хүнээс түүний 102-т өгсөн дуудлагынх нь талаар, Отгонбаяр нөхрийнхөө зүрхэн тус газар хутгалсан байна гэж сонссон. Хаснавч ээж Отгонбаярынхаа миний дүүг хутгалахыг харсан учраас “ээж, аавыг хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн гэж бодож байна. Отгонбаяр бидний өмнө гэм буруугаа хүлээдэггүй юм гэхэд хуулийн байгууллагын өмнө үнэнээ хэлэх болов уу гэж бодож байна. Хэрэг гарснаас хойш би Хаснавчтай уулзахад эмзэглэж, харамссан сэтгэл гараагүй. Би дүүгийнхээ охиноо гэсэн сэтгэлийг нь хүндэтгэн, түүний гэрийг охинд нь өгнө. Дүү маань охиноо хайрлаж, түүнийг элэг бүтэн амьдруулахын төлөө явж байгаад амиа алдлаа.

Хаснавч өнөөдөр ээжийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Нас барсан хүн үг хэлэхгүй гэж ээж, охин хоёр худал ярьж байгаад гомдолтой байна. Би дүүтэйгээ ойр дотно байсан. Гэтэл 6 сараас хойш утсаар ярих гээд чадахгүй байсан. Шалтгаан нь миний дүү Отгонбаяртай амьдарч байгаагаа надаас нууж, зугтаасан юм билээ. Би хэрэг болохыг хараагүй. Талийгаачийг оршуулахад авс, чулуу авахад 1 700 000 төгрөг, шүүх эмнэлгийн 50 000 төгрөг, хоол хүнсний зүйл, оршуулгын зан үйлд 7 609 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3 000 000 төгрөг, нийт 12 359 000 төгрөг нэхэмжилнэ. Би гомдолтой байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ц.Ганболд мэдүүлэхдээ:

   Сурсан дадсан үйлдэл гэдэг нь хүн төрөхөөсөө аваад тухайн үйлдлийг эсхүл мэргэжлийн холбоотой үйлдлийг давтан хийсний улмаас сурмаг болсон тул төвөггүй хийдэг. Уг үйлдлийг өөрөө бодож, сэтгээд хийж болно. Эсвэл санамсаргүй байдлаар буюу ямар ч үед хийх боломжтой. Жишээ нь утсаар ярих, хоол халбагадах зэргийг хүн өөр юм бодож байсан ч хийх боломжтой. Өөрөөр хэлбэл 2-3 үйлдэл хийж байхдаа сурсан дадсан үйлдлээ хийнэ. Хэргийн 48-49 дүгээр хуудасны зурагт харагдаж байгаагаар хүн өөрийн цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах нь их бэршээлтэй. Би шинжилгээ хийх явцдаа талийгаачийн сарвууны хөшилтийг хөдөлгөж суллаад, сарвуунд нь багаж бариулаад, шархны сувгийн чигийн дагуу багажийг давхцуулж туршилт хийсэн. Цогцсон дээр үүссэн шарх нь 10 см орчим урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нилээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулах нь хэцүү, түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн.

Мөн баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч талийгаач тухайн үед 3.3 промил буюу хүнд зэргийн согтолттой байсан тул сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох гэмтлийг өөртөө учруулах боломж багатай. Талийгаачийн цусанд 3.3 промилл, ходоодонд 3.4 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Хүнд зэргийн согтолттой хүний биеэ хамгаалах чадвар нь түүний архи даах, уусан архины хэмжээ зэргээс шалтгаалах боловч ер нь үйлдэл хөдөлгөөн, чадвар нь ч багасах тул богино хугацаанд маш хурдан энэ үйлдлийг хийхэд бэрхшээлтэй буюу боломж багатай юм. Харин эрүүл хүн хутга бариад, өөрөө сэтгээд уг гэмтлийг хурдан хугацаанд өөртөө учруулах боломжтой. Талийгаач өөрөө өөрийгөө хутгалсан уу эсвэл бусдад хутгалуулсан уу гэдгийг би тогтоохгүй. Харин энэ гэмтэл ямар байдлаас яаж үүсгэгдэх боломжтой гэдгийг тогтооно. Талийгаачид нэг л шарх үүссэн байсан, тэр гэмтэл шарх нь цээжний зүүн урд талд байсан учраас урдаас үүсэх боломжтой гэж үзсэн. Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг “...баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэнээ залруулж байна. Талийгаачийн баруун бугалга, гуя, шилбэний цус хуралтуудын хэмжээ нь бага, биеийн гадаргуугийн 1 хувиас доош хэмжээтэй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Хутга орсон хүчний үйлчлэлийг тогтоох боломжгүй. Уг хутга нь 10.5 см-ээс илүү урттай байсан тул өөртөө гэмтэл учруулахад төвөгтэй. Талийгаачид учирсан шарх  зүүн хөхний баруун дээр хэсэгт байна. Биед нэвтрээд 4, 5 дугаар хавирганы мөгөөрс буюу өвчүүний хажуугаар гарч, зүрхний 2 ховдлын доод хэсгийг нэвт хатгасан байсан.

Биед үүссэн шарх урдаас хойш чиглэлтэй гэдэг нь биеийн урд талаас арагш чиглэлтэй байсан. Мөн үл ялиг баруунаас зүүн чиглэлтэй хатгагдсан, мөн дээрээс доош чиглэлтэй байсан. Энэ шарх 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Энэ шарх нь зүрхний 2 ховдлыг нэвт хатгасан тул богино хугацаанд 1-2 минутад нас барна. Талийгаачид учирсан гэмтлийг тэр өөрөө, өөртөө учруулсан байх боломж муутай харин бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой. Хүн зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал олонх тохиолдолд зүүнээс баруун чиглэлтэй байдаг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-О.Хаснавч мэдүүлэхдээ:

   Тухайн өдөр гэрт хэрүүл маргаан болоогүй. Ээж хоол хийж, аав ширээний хажууд сандал дээр сууж байсан. Намайг гаднаас орж ирэхэд ээж  Болорчимэг гэдэг  хүнээс аавд чинь мессэж ирсэн, “би явлаа” гэж ярьж байсан. Би яриаг нь үргэлжлүүлж сонсоогүй. Тэгээд бие засахаар гараад ойролцоогоор 00-д 10 минут болсон. 00-д сууж байхад ээж гэнэт “Хасаа” гэж орилохоор нь 00-оос гарч, гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай сандал дээр сууж байсан. Талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй. Ээж “түргэн, цагдаа дуудаач, аав чинь өөрийгөө хутгаллаа, хэнийг ч хамаагүй дуудаач” гэж орилоод байхаар нь би сандраад гар утсаараа залгасан. Тэгээд миний гар утас унтрахаар нь хажуу айл руугаа орж, Энхжаргал ахаас гар утсыг нь аваад гэрт орсон. Гэтэл тэр ах яг миний араас гэрт орж ирсэн. Тэгтэл аав газар хэвтсэн, зүүн гарт нь хутга байсан. Би хажуу айл руу ороод гарч ирэхэд ихдээ л 1 минут болсон. Би маш хурдан гүйж ороод, тэр хүний гар утсыг нь шүүрээд гарсан. Намайг анх 00-оос гэртээ ороход аавын цээж нь цустай байсан болохоор би айгаад хутгыг анзаараагүй байх.  Намайг жорлонгоос гэртээ ороход манай охин газар гудсан дээр сууж байсан, тухайн үед охин маань уйлж байсан эсэхийг санахгүй байна. Уйлаагүй байсан байх. Би цагдаад дуудлага өгөхдөө “ээж аавын мөөмөн дээр нь хутгалчихлаа” гэж хэлснээ санахгүй байна. Сүүлд байцаагч чи “ээж, аавын мөөмөн дээр нь хутгалчихлаа ингэж хэлсэн байна, яагаад ингэж хэлсэн бэ” гэж надаас асуухад өөрийгөө тэгж хэлсэн юм байна гэж бодсон. Би айсандаа ийм зүйл хэлсэн байна. Би их айсан, юу болж байгааг ойлгохгүй байсан. Би ээжийгээ аавыг хутгалаагүй гэж бодож байна. Аавыг нас барахаас өмнө сүүлийн 2 сар аавтайгаа хамт амьдарсан. Аав 2016 оны 8 дугаар сард надтай хамт амьдрах гэж ирсэн ба ээжид “одоо эвлэрээд хамт амьдаръя” гэж хэлж байсан. Аав баруун гараараа бичдэг. Хааяа зүүн гараараа юм хийх үе байсан. 

Миний гар утас унтрахаар нь дахиж дуудлага өгье гэж бодоод хажуу айл руугаа орсон. Намайг 102 руу залгахад цаанаас хүн надтай ярьсан. Намайг хажуу айлаас гар утас аваад гэртээ ортол миний утас руу цагдаа залгасан. 3-4 минутын дараа ирсэн байх. Цагдаа ирээд аавыг амьд байна гэж байсан ба намайг хүүхдээ аваад гарч бай гэсэн. Шүүх хуралдаанд судалсан Си Ди бичлэгт дуудлага өгч байгаа хүн нь би бөгөөд энэ миний дуу мөн байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Н.Энхжаргал мэдүүлэхдээ:

   Манайх 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Хаснавчийн хашаанд ирсэн. Тэрнээс хойш талийгаачийг таньдаг болсон. Бид хамт наймаа хийдэг байсан. Талийгаач надад “Отгонбаяртай 17, 18 настайгаасаа нийлсэн, их хайртай” гэж хэлж байсан. Намайг гэртээ хэвтэж байхад Хаснавч орж ирээд, уйлаад “утсаа өгөөч, түргэн дуудах гэсэн юм, аав үхэх гээд байна” гэж хэлэхээр нь би түүнд гар утсаа өгчихөөд, өмдөө өмсөөд араас нь гэрт нь орсон. Би гэрт нь ороод Хаснавчаас гар утсаа буцаан авч, өөрөө түргэн дуудсан. Тэр үед талийгаач авдрынхаа урьд толгой нь гэдийсэн, царай нь хөхөрсөн, баруун талаараа хэвтсэн байдалтай, талийгаачийн наана Отгонбаяр суусан “талийгаачийг өөрийгөө ингэчихлээ, цус нь тогтохгүй байна, одоо яах вэ” гээд уйлаад байсан. Би гэрийн үүднээс нь холдоогүй, тэр хавьд нь байсан. Тэгж байтал Хаснавчийн гар утас дуугарахад, тэр гарч яваад удалгүй 2 цагдаатай хамт орж ирсэн. Тэгээд би “хэрэг гарвал хажуу айлд байгаа” гэж хэлээд гарсан. Намайг ороход талийгаач газар хэвтсэн, ташаан дээрээ гартаа хутга барьсан байсан. Хаснавч манай гэрт орж ирээд миний утсыг аваад л гарсан. Удаагүй. Би араас нь өмдөө өмсөөд гарсан. Ойролцоогоор 1-2 минут л болсон. Манай гэр талийгаачийн гэртэй ойрхон байдаг. Би Отгонбаярын “Хаснавчаа” гэж орилсон талаар би анзаараагүй. Талийгаач охин болон зээ охиндоо их хайртай байсан, тэд хоорондоо тоглодог байсан. Намайг гэрт нь ороход Хаснавч хүүхдээ тэвэрсэн, хүүхэд уйлаад хажуу талын орон дээр байсан.  Хаснавчийг дуудлага өгөх гэж байхад нь би утсаа өөрөө авч, 103 руу залгасан. Би цагдаад дуудлага өгөөгүй. Надаас өөр хэн нэгэн хүн цагдаад дуудлага өгсөн талаар би мэдэхгүй гэв.

           Мөрдөн байцаалтад шинжээч-Ц.Ганболд мэдүүлэхдээ:

            Талийгаачид шинжилгээ хийх үед уг гэмтлийг талийгаач өөртөө учруулах
боломжтой эсэхийг туршилт хийж үзсэн бөгөөд талийгаачийн гарын хөшилтийг
идэвхтэй аргаар тавиулж багаж бариулан хоёр гараар шархны сувгийн дагуу
хатгаж болох эсэхийг шалгахад өөрөө өөртөө гэмтэл учруулахад боломжгүй ба
бэрхшээлтэй, сурсан дадсан хөдөлгөөн бус байна. Иймээс талийгаач баруун, зүүн гарын алинаар ч уг гэмтлийг өөртөө учруулах боломжгүй гэж дүгнэсэн гэжээ. (хэргийн 52 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Хаснавч мэдүүлэхдээ:

 ...Дэлгүүрээс мод, тамхи, талх аваад гэртээ орж ирэхэд аав ширээний дээд
талд суучихсан ээж наана, цаана гээд хоол ундны юм хийх гээд байж байсан.  Тэгээд ээж гэнэт “за за, би явлаа, яршиг, яршиг” гэж байсан. Аав тэр үед нь “чи хүний үгээр үг хийгээд яадаг юм, хүмүүс чи бид хоёрыг хорлох гэж тэгж байгаа юм” гэж байсан. Би нэг их тоогоогүй. Манай хадам ээж охинд маань шинэ жилийн бэлэг өгсөн байсан. Тэрийг нь задалж өгөөд байж байгаад гэдэс базлаад 00-д сууж байхад ээж гэнэт “Хасаа” гээд орилохоор нь гэр рүү яваад ортол аав сандал дээр цус нь гоожчихсон сууж байсан. Тэгээд 102, 103 руу залгаад гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэгээд ирэхгүй болохоор нь хажуу айлын ахын утаснаас залгах гээд утсыг нь авсан, тэр ах араас орж ирсэн. Намайг гэрт ороход аавыг газар хэвтүүлчихсэн цус гарч байгаа газарт нь дараад байж байсан. Тэгээд яасныг нь мэдэхгүй байна. Цагдаа залгаад хаяг асуугаад 117 дээр ирчихсэн байна гараад ир гэсэн. Би гараад хартал манай ард ирчихсэн байсан. Тэгэхэд ээж араас гарч ирээд цагдаа руу даллаад дуудаад цагдаа ирээд хамт явсан. Цагдаагаа тууз аваад ир гээд намайг хүүхдээ аваад хажуу талынхаа айл руу ороод байж бай гэсэн тэгээд байж байтал өвөө, ах хоёр ирээд оруулахгүй байна гэж байсан. Бид нарыг гэрээсээ гарч болохгүй шүү гэж байсан. Нэг эмэгтэй хүнээс болж маргалдсан байх ээж “би явлаа “гэхэд аав “чи явж яах гээд байгаа юм. Гэр орондоо хэрүүл, уруулгүй эвтэйхэн байвал бай” гэж байсан. Аав сандал дээр суучихсан бие нь нэг сонин болчихсон амнаас нь цэр шиг зүйл гараад хахаад байгаа юм шиг байсан. Тэгээд би хажуу айл руу ороод утас аваад ороод ирэхэд газар хэвтүүлчихсэн байсан. Нүд нь хагас аниатай байсан, тэгээд удахгүй цагдаа нар хүрээд ирсэн. Хутга хаана байсныг мэдэхгүй байна. Хутгыг Отгонбаяр талийгаачийн гарт бариулсан эсэхийг мэдэхгүй байна. Болсон асуудлыг би нүдээрээ хараагүй ч гэрт аав, ээж хоёроос өөр хүн байгаагүй болохоор тэр үед би ээж аавыг хутгалчихсан юм болов уу гэж бодсон. Гэхдээ одоо бол ээжийгээ арай ч тэгээгүй байгаасай гэж бодож байна. Талийгаач солгой биш, ажил хийх болон юм бичихдээ баруун гараараа хийдэг, баруун гараараа юм бичдэг, хэвийн хүн байсан гэжээ. (хэргийн 29-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Хүсэлбаатар мэдүүлэхдээ:

...Миний мэдэж байгаагаар 2016 оны 5 сар хүртэл миний талийгаач дүү
Ц.Саруулбаатар Бэлхэд ганцаараа амьдарч байгаад 2016 оны 8 сарын орчмоос охин Хаснавчтайгаа ойртъё гэж бодсон уу, Хаснавчийн хашаанд гэрээ бариад,
охинтойгоо хамт амьдарч байсан бололтой байна лээ. Отгонбаяр нь бараг хамт
байгаагүй байх. Талийгаач болохоор тэр Отгонбаяраасаа өөрөө зугтаагаад хамт
амьдрах дургүй байсан. Отгонбаяр нь танхайдуу зантай эмэгтэй юм. Тэгээд ч миний талийгаач дүү Саруулбаатар 2000 онд Бямбажаргал гэдэг эмэгтэйтэй танилцаад тэд дундаасаа хүүтэй болоод талийгаачийг хэсэг хугацаанд шоронд ял эдэлж байх хугацаанд Бямбажаргал нь миний дүүг эргэж очдог байснаас гадна хүүг нь өсгөж өгсөн. Талийгаач хүүтэйгээ байнга харьцаатай байдаг юм гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Э.Баяр мэдүүлэхдээ:

...Би жолооны курсээсээ 18 цаг дөхүүлж гарч яваад Бичил хорооллын ПС тоглоомын газар очиж тоглоод сууж байтал 21 цагийн орчим эхнэр Хаснавчийн өвөө Цог гуай гаднаас орж ирээд “хадам аав чинь өнгөрсөн байна” гэж надад хэл дуулгасан. Тэгээд би өвөөтэй хамт гэр рүүгээ очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж дуусаад явах гэж байхаар нь би охиноо хараад хажуу айлдаа үлдсэн. Хадам ээж Отгонбаяр, эхнэр Хаснавч нарыг цагдаа нар аваад явсан юм. Тухайн үед манай эхнэр Хаснавч уйлчихсан байсан. Юу болсон талаар нь тодорхой асууж амжаагүй. Маргааш нь эхнэрээсээ асуухад “17 цагийн орчим гэртээ ирчихээд бие засахаар гараад нойлд бие засаж байтал хадам ээж Хасаа гээд орилохоор нь гэрт гүйгээд ортол хадам аав өөрийгөө хутгалсан уу , эсвэл хутгалуулсан уу мэдэхгүй, цээжнээс нь цус гарчихсан байхаар нь Хаснавч айгаад ойртож харж чадаагүй” гэж надад хэлсэн. Надад өөр тодорхой мэдсэн зүйлгүй. Талийгаач манай охинд зураг зурж өгөхдөө хэвийн баруун гараараа зурдаг, хааяа мах идэхдээ зүүн гараараа огтолж байгаа харагддаг гэжээ. (хэргийн 36, 37 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Бямбажаргал мэдүүлэхдээ:

            ...Надтай хамт амьдарч байх хугацаандаа амиа хорлох болон өөрийнхөө
биед гэмтэл учруулах ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй, тийм үйлдэл хийгээд
байхаар хүн биш ээ, амьдралд их хайртай, студийн ажилтай болохоор өглөөнөөс
орой болтол тасралтгүй ажиллаад амьдралынхаа төлөө их зүтгэж байсан гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

           Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ариунболд мэдүүлэхдээ:

            Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-110 тоотод “ээж аавыг хутгалчихлаа” гэсэн дуудлагыг анх хэлтсийн жижүүрийн шуурхай алба буюу Тайшир 10-т өгсний дагуу Тайшир 10-аас анх дуудлагыг манай хөдөлгөөнт эргүүлийн машинд 17 цаг 54 минутад дамжуулж өгсөн. Би жолоочийн хамт 17 цаг 54 минутад энэ дуудлагыг аваад дуудлага өгсөн гэх хүний дугаарыг Тайшир 10-аас авч, тэр дугаар руу нь би залган холбогдож тус хаягт хаагуур яаж очих талаар асуухад утасны цаанаас 1 эмэгтэй учир зүггүй уйлаад байсан. Тухайн үед манай машин хэрэг гарсан газрын арын гудамжинд нь очоод зогсчихсон байсан учраас би жолоочийн хамт араар нь тойрч тус хаягт очоод “117 дугаар гудамжны тэнд ирчихлээ, гараад ир” гэхэд дуудлага өгсөн эмэгтэй манай машины гэрлэн дохио буюу маяак-ыг хараад цаанаас уйлчихсан гарч ирсэн. Би хэргийн газарт хамгаалалтын тууз татаад, жолоочид аюулгүй байдлыг хангахыг даалгаад 15-110 тоот хаягт байрлах гэрт ороход хутгалуулсан гэх эрэгтэй гэрийн зүүн хойд талд газарт байгаа гудсан дээр дээшээ хараад хэвтчихсэн, хараа нь тогтчихсон, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад: “нэг хүүхнээс болж хардаж маргалдсан, манай нөхөр бөө, манай нөхөр утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан” гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үйл хөдлөл нь хэнэггүй, цагдаа ирээд өөрөөс нь юм асуугаад байгааг ямар ч гэсэн ойлгоод миний асуусан асуултад хариулт өгч байсан. Би цагдаа жолоочийн хамт дуудлагыг аваад 6 минутын дараа хэргийн газарт очсон болно гэжээ. (хэргийн 167 дугаар хуудас)

 

          Мөрдөн байцаалтад гэрч-Д.Батдорж мэдүүлэхдээ:

           ...Саруулбаатарын эхнэр Отгонбаярыг дуудаад Отгонбаярыг ирэхээр нь
бид нар 3-уулаа хамт хороолол руу таксидаж хорооллын “Сөөхий” дэлгүүрийн
харалдаа урд талд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг паб-д ороод тэнд 0.5 литр 1 шил архи захиалж аваад уг архины ихэнхийг талийгаач бид хоёр хувааж уусан. Биднийг тэр паб-д байхад Болороо гэдэг эмэгтэй Саруулбаатарын утас руу байнга утасдаад байсан тул Саруулбаатар утсаа унтраасан. Тухайн үед Отгонбаяр Саруулбаатарын утсаар Болороотой ярьсан эсэхийг би анзаараагүй. 2016 оны 12 сарын 21-ний өдөр Отгонбаяр, Саруулбаатар нар хэрэв маргаж муудалцсан бол тэр нь Болороо гэдэг эмэгтэйгээс л болсон. Учир нь Болороо гэдэг эмэгтэй Саруулбаатарыг шоронд ял эдэлж байхад танилцаад шоронгоос гарснаас нь хойш талийгаач Саруулбаатар тэр Болороо гэдэг эмэгтэйтэй хэсэг хугацаагаар хамтран амьдрагчийн байдалтай явж байгаад Болороо их архи уудаг, танхайдуу маягийн эмэгтэй учраас Саруулбаатар Болороогоос холдоод охиныхоо эх Отгонбаяртайгаа амьдрахаар шийдээд нас барахаасаа 7 орчим хоногийн өмнө Зүүн Наранд байрлах хашаандаа байшин бариад бөөгийн тахил шүтээнийхээ гэрийг бариад охин Хаснавчаараа бөөгийн түшээ хийлгээд мөнгөтэй болохоороо Америкт байгаа эмэгтэй дүү рүүгээ явна гэж надад ярьдаг байсан. Талийгаач амьдралд их хайртай хүн байсан гэжээ. (хэргийн 211, 212 дугаар хуудас)

     

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Болорчимэг мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 сард буюу талийгаачийг нас барахаас 4 орчим хоногийн өмнө талийгаачтай миний ажиллаж байсан Баянзүрх дүүргийн Скай паб-д уулзаж,
бид хоёр манай ажлаас хамт гараад буудалд орж хоносон. Тухайн үед Саруулбаатар нүүрээ маажуулчихсан байдалтай байсан тул би гайхаад “нүүрээ
яасан юм” гэж түүнээс асуухад Саруулбаатар “манай нэг найз эхнэрээ хардаад би
тэднийг салгах гэж байгаад нүүрээ маажуулчихлаа, би охинтойгоо хамт амьдарч
байгаа” гэж надад хэлж байсан. Мөн би Саруулбаатараас “чи яагаад гэрээ охиндоо бариад өгчихөв” гэж асуухад Саруулбаатар “охиноо өрөвдөөд, манай охин нялх нойтон хүүхэдтэй, орох оронгүй, ээж нь ч гэсэн орох оронгүй байгаа болохоор өрөвдөөд гэрээ барьж өгөөд охинтойгоо хамт байгаа” гэж ярьж байсан. 2016 оны 12
сарын 19-ний орчим болов уу 1 согтуу эмэгтэй Саруулбаатарын дугаараас над руу
залгаад “Саруулбаатарыгаа Парадоксын урдаас ирж ав” гэж хэлэхээр нь би уурлаад “чи хамт идэж уусан юм бол өөрөө аваад яв” гэж хэлсэн. Би зөрүүлээд “битгий хөгшин янхан яриулаад бай” гэсэн мессэж бичээд орхисон юм. Талийгаач хааяа архи ууна, уусан ч өглөө босоод ажилдаа явчихдаг, шараа тайлна гэх зэргээр дампуураад байдаггүй, тайван дөлгөөн зантай, огцом уур уцааргүй, хүнтэй маргаж муудах дургүй хүн бөгөөд амьдралаас уйдах нь битгий хэл 80 насална, кино хийнэ гээд явдаг байсан гэжээ. (хэргийн 168 дугаар хуудас)

 

           Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 65 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачид цээж зүүн хөндийг 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн
нэвтрэн үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж зүссэн,
баруунаас зүүн, урдаас хойш, дороос дээш чиглэлтэй шарх, цээжний зүүн
хөндийн цус хуралт 1 550 мл, зүүн уушгины авчилт, цээж, баруун бугалга,
гуя, шилбэний цус хуралтууд тогтоогдлоо.

2. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 10.5 см-с багагүй, өргөн нь 4.7 см байж болно. Цээж, баруун бугалага, гуя, шилбэний цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих үед үүсгэгдэнэ. Хуучин 3-5 хоногийн өмнө үүссэн байна.

3. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэжээ.

4. Талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ.

5. Цус нь 1-р бүлэг байна.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрсэн байна.

8. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

Хэрэг учралын газарт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

Цогцосны толгой гэрийн баруун хойд чигт, хөл нь зүүн урагш чигт чиглэсэн, цогцос нь дээш харж, баруун гар алдалсан, зүүн гар биеийн дагуу хагас нугалсан, зүүн гарын сарвуунд ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий хутга, урт нь 31 см, ажлын хэсэг нь 19 см, бариул хэсгийн өргөн 4.5 см, байсныг хураан авав гэжээ. (хэргийн 6 дугаар хуудас)

 

2017 оны 04 сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хуулбарлаж авсан Си ди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн харилцагч /эмэгтэй/-байна уу гэхэд харилцуураас /Э.Хаснавч/-уйлаад байснаа одоо яанаа гэв.

харилцагч /эрэгтэй/-102, 103 байна, байна уу, байна уу, байна уу гэж давтахад
 харилцуураас /Э.Хаснавч/-түрүүн би орж ирээд би одоо яахав гээд уйлахад
 харилцагч /эрэгтэй/-102, 103 гэж давтахад

 харилцуураас /Э.Хаснавч/-дуудлага өгөх гэсэн юм гэхэд

 харилцагч /эрэгтэй/-түрүүн өгсөн биз дээ гэж асуув.

 Харилцуураас /Э.Хаснавч/-өгсөн боловч ирэхгүй байна гээд уйлахад

харилцагч /эрэгтэй/-байна уу, утсаа барьж байгаарай, Баянгол дүүргийн цагдаа руу холбоодохъё гэхэд

        хажуугаас өөр хоолойтой харилцагч /эрэгтэй/-  би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гээд яриа тасалдав.

         Харилцуураас /Э.Хаснавч/- Эгчээ дуудлага өгөх гэсэн юм, Баянгол дүүргийн 22-р хороо 15-110 тоот гэхэд

        харилцагч /эмэгтэй/- юу болсон юм гэж лавлав.

         харилцуураас /Э.Хаснавч/- ээж нөгөө, ээж, аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд

        харилцагч /эмэгтэй/-хаана нь, аль талд нь юм гэж асуухад

         харилцуураас /Э.Хаснавч/-мээмэн дээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэхэд

         харилцагч /эмэгтэй/: яаралтай түргэн 103 дууд гэхэд

          харилцуураас /Э.Хаснавч/-за ахаа гээд уйлж байснаа утас тасарч яриа дуусав гэжээ. (хэргийн 198 дугаар хуудас)

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 359 тоот дүгнэлтэд:

1. Б.Отгонбаяр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Отгонбаяр нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна.

3. Б.Отгонбаяр нь архины хамааралтай болон эмгэг согтолттой гэх шинж тэмдгүүд үгүй байна.

4. Б.Отгонбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. (хэргийн 173 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Отгонбаяр урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан гэжээ. (хэргийн 147 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР :

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Отгонбаярыг хохирогч  Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч нь ...би талийгаачтай гэр халуун байгаа зэрэг ойр зуурын юм ярьж байгаад зурагт руу цаашаа харж байтал талийгаач гэнэтхэн “ээ” гээд их эвгүй дуу  гаргахаар нь би эргээд рүү хартал түүний цээжний зүүн талд хутга зоолттой байсан. Би босож очоод биеийг нь барьж түүнийг хөдөлгөхөд талийгаачаас сонин авиа гарч байсан. Намайг талийгаачийг хөдөлгөж байхад хутга цээжинд нь, талийгаачийн гар нь хутгаа барьсан байсан. Тэгээд би сандраад охин Хаснавчийг “Хасаа” гээд чанга орилоход тэр орж ирсэн. Хаснавчийг гэрт орж ирэхэд талийгаач сандал дээр сууж байсан ба энэ үед хутга цээжинд нь зоолттой байсан. Би Хасаад “аав чинь өөрийгөө ингэчихлээ, гялс түргэн дууд” гэж хэлсэн. Би талийгаачийг цээжиндээ хутгатай байхад баруун талаар нь татаж газар хэвтүүлсэн. Намайг талийгаачийг газар хэвтүүлэх явцад тэр хутгаа гартаа барьсаар байсан.  Би хутга барьсан гартай нь хамт хутгыг цээжнээс нь сугалсан, хутга талийгаачийн гараас салаагүй. Талийгаач сандал дээр сууж байхдаа өөрийгөө хутгалсан, би түүнийг хутгалаагүй. Би гэм буруугүй. Харин цээжинд байсан хутгыг нь сугалсан, түүнтэй хамт архи уусандаа буруутай гэж мэдүүлж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгийн ...Би шүүх эмнэлэг дээр очиж, дүүгийнхээ шарилыг хараад амиа хорлоогүй гэдгийг мэдсэн. Отгонбаяр миний дүүгийн амийг хохироосон. Хаснавч тэр явдлыг харж байсан гэж бодож байна. Тэр 102 руу залгаад “ээж, аавыг хутгалчихлаа” гэж хэлсэн байсан. Хаснавч бидэнд талийгаачийг өөрийгөө хутгалсан гэж ойлгуулсан. Гэтэл би хөндлөнгийн хүнээс Хаснавчийн 102-т өгсөн дуудлага, Отгонбаяр нөхрийнхөө зүрхэн тус газар хутгалсан талаар сонссон. Хаснавч ээж Отгонбаярынхаа миний дүүг хутгалахыг харсан учраас “ээж аавыг хутгалчихлаа” гэж дуудлага өгсөн байна. Нас барсан хүн үг хэлэхгүй гэж энэ 2 хүн худал ярьж байгаад нь гомдолтой байна. Хаснавч өнөөдөр ээжийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх талаар шүүх хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгч байна. Тэр хэргийн талаар харсан болохоор “ээж, аавыг хутгалчихлаа” гэж цагдаад дуудлага өгсөн, 

 

шинжээч Ц.Ганболдын ...хэргийн 48-49 дүгээр хуудсанд байгаа зурагт харагдаж байгаагаар хүн өөрийн цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах нь их бэршээлтэй. Би шинжилгээ хийх явцдаа талийгаачийн сарвууны хөшилтийг хөдөлгөж суллаад, сарвуунд нь багаж бариулаад, шархны сувгийн чигийн дагуу багажийг давхцуулж туршилт хийсэн. Цогцсон дээр үүссэн шарх нь 10 см орчим урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нилээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулах бэрхшээлтэй. Түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн.

Мөн баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч талийгаач тухайн үед 3.3 промил буюу хүнд зэргийн согтолттой байсан тул сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох гэмтлийг өөртөө учруулах боломж багатай. Талийгаачийн цусанд 3.3 промилл, ходоодонд 3.4 промилл спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.  Хүнд зэргийн согтолттой хүний биеэ хамгаалах чадвар нь түүний архи даах, уусан архины хэмжээ зэргээс шалтгаалах боловч ер нь үйлдэл хөдөлгөөн, чадвар нь ч багасах тул богино хугацаанд маш хурдан энэ үйлдлийг хийхэд бэрхшээлтэй буюу боломж багатай юм. Талийгаачид нэг л шарх үүссэн байсан, тэр гэмтэл шарх нь урдаас үүсэх боломжтой гэж үзсэн. Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг “...баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэнээ залруулж байна. Уг хутга нь 10.5 см-ээс илүү урттай байсан тул өөртөө гэмтэл учруулахад төвөгтэй. Талийгаачид учирсан шарх зүүн хөхний баруун дээр хэсэгт байна. Биед нэвтрээд 4, 5 дугаар хавирганы мөгөөрс буюу өвчүүний хажуугаар гарч, зүрхний 2 ховдлын доод хэсгийг нэвт хатгасан байсан. Биед үүссэн шарх урдаас хойш чиглэлтэй гэдэг нь биеийн урд талаас арагш чиглэлтэй байсан. Мөн үл ялиг баруунаас зүүн чиглэлтэй хатгагдсан, дээрээс доош чиглэлтэй байсан. Энэ шарх нь зүрхний 2 ховдлыг нэвт хатгасан тул богино хугацаанд 1-2 минутад нас барна. Талийгаачид учирсан гэмтлийг тэр өөрөө өөртөө учруулсан байх боломж муутай, харин бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой. Хүн зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал зүүнээс баруун чиглэлтэй гэмтээх нь илүү магадлалтай,

гэрч Д.Ариунболдын ...Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15-110 тоотод “ээж аавыг хутгалчихлаа” гэсэн дуудлагыг анх хэлтсийн жижүүрийн шуурхай алба буюу Тайшир 10-т өгсний дагуу Тайшир 10-аас анх дуудлагыг манай хөдөлгөөнт эргүүлийн машинд 17 цаг 54 минутад дамжуулж өгсөн. Би жолоочийн хамт 17 цаг 54 минутад энэ дуудлагыг аваад дуудлага өгсөн гэх хүний дугаарыг Тайшир 10-аас авч, тэр дугаар руу нь би залган холбогдож тус хаягт хаагуур яаж очих талаар асуухад утасны цаанаас 1 эмэгтэй учир зүггүй уйлаад байсан. Тухайн үед манай машин хэрэг гарсан газрын арын гудамжинд нь очоод зогсчихсон байсан учраас би жолоочийн хамт араар нь тойрч тус хаягт очоод “117 дугаар гудамжны тэнд ирчихлээ, гараад ир” гэхэд дуудлага өгсөн эмэгтэй манай машины гэрлэн дохио буюу маяакийг хараад цаанаас уйлчихсан гарч ирсэн. Би хэргийн газарт хамгаалалтын тууз татаад жолоочид аюулгүй байдлыг хангахыг даалгаад 15-110 тоот хаягт байрлах гэрт ороход хутгалуулсан гэх эрэгтэй гэрийн зүүн хойд талд газарт байгаа гудсан дээр дээшээ хараад хэвтчихсэн, хараа нь тогтчихсон, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “нэг хүүхнээс болж хардаж маргалдсан, манай нөхөр бөө, манай нөхөр утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан” гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үйл хөдлөл нь хэнэггүй, цагдаа ирээд өөрөөс нь юм асуугаад байгааг ямар ч гэсэн ойлгоод миний асуусан асуултад хариулт өгч байсан. Би цагдаа жолоочийн хамт дуудлагыг аваад 6 минутын дараа хэргийн газарт очсон гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн

1. Талийгаачид цээж зүүн хөндийг 4-5-р хавирганы мөгөөрсийг гэмтээн
нэвтрэн үнхэлцэг, зүрхний хоёр ховдолын доод хэсгийг нэвт хатгаж зүссэн,
баруунаас зүүн, урдаас хойш чиглэлтэй шарх, цээжний зүүн хөндийн цус хуралт 1 550 мл, зүүн уушгины авчилт, цээж, баруун бугалга, гуя, шилбэний цус хуралтууд тогтоогдлоо.

2. Цээжний хөндий нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр үүсгэгдэх ба ажлын хэсгийн урт нь 10.5 см-с багагүй, өргөн нь 4.7 см байж болно. Цээж, баруун бугалага, гуя, шилбэний цус хуралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн буюу цохих үед үүсгэгдэнэ. Хуучин 3-5 хоногийн өмнө үүссэн байна.

3. Цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэжээ.

4. Талийгаач нь зүрхийг гэмтээсний улмаас цээжний хөндийд цус алдаж нас баржээ.

5. Цус нь 1-р бүлэг байна.

6. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

7. Цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрсэн байна.

8. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна гэсэн 65 тоот дүгнэлт,

 

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн харилцуураас /Э.Хаснавч/- ээж нөгөө, ээж, аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд

харилцагч /эмэгтэй/-хаана нь, аль талд нь юм гэж асуухад

харилцуураас /Э.Хаснавч/-мээмэн дээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэсэн ярианы Си ди бичлэг, уг ярианы тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, дуудлагын хуудас, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас зэрэг нотлох баримтаар Б.Отгонбаяр нь архи ууж, согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 110 тоот гэртээ хохирогч Ц.Саруулбаатарыг биеэ хамгаалж чадахгүй хүнд зэргийн согтолттой байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан  нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.      

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Отгонбаярт холбогдох хэргийг хохирогч Ц.Саруулбаатарыг онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгчийн үйлдлээс хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсэж,   өвдөж шаналсан, тарчлан зовсон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрсэн, учир мэдэхгүй 1 нас 6  сартай зээ охин нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул прокуророос Б.Отгонбаярт “онц харгис хэрцгий аргаар алсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь нотлогдохгүй тул уг үйлдлийг цагаатгаж шийдвэрлэлээ.

          Харин хохирогчийн цусанд 3.3 промилл, ходоодны шингэнд 3.4 промилл спиртийн агууламж илэрч, нас барах үедээ хүнд зэргийн согтолттой бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж, чадахгүй биеэ хамгаалах чадваргүй байхад шүүгдэгч Б.Отгонбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 15 дугаар гудамжны 110 тоот гэртээ хохирогч Ц.Саруулбаатарыг хувийн таарамжгүй харьцаа буюу хардалтын улмаас зүрхэн тус газар нь хутгалж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэг, шинжээч Ц.Ганболд, гэрч Д.Ариунболд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх эмнэлгийн задлан шинжилгээний   65 тоот дүгнэлт, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвд дуудлага өгсөн О.Хаснавчийн ярианы Си ди бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул уг хэрэгт түүнийг гэм буруутайд тооцов.  

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр хохирогчийн цээжний зүүн хөндий рүү хутгалж, зүрхийг гэмтээж, амь насанд нь аюултай гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас цээжний хөндийд цус алдаж, нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Хаснавч ...би бие засахаар гараад ойролцоогоор 00-д 10 минут болсон. 00-д сууж байхад ээж гэнэт “Хасаа” гээд
орилохоор нь 00-оос гарч, гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай сандал дээр сууж байсан. Талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй. Ээж “түргэн, цагдаа дуудаач, аав чинь өөрийгөө хутгаллаа, хэнийг ч хамаагүй дуудаач” гээд орилоод байсан гэж мэдүүлсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасан өөрийн төрсөн эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,

шүүгдэгч ...талийгаач “ээ” гээд их эвгүй дуу гаргахаар нь би эргээд хартал түүний цээжний зүүн талд нь хутга зоолттой байсан. Би босож очоод биеэс нь барьж түүнийг хөдөлгөхөд хутга цээжинд нь, талийгаачийн гар нь хутгаа барьсан байсан. Тэгээд би сандраад охин Хаснавчийг “Хасаа” гээд чанга орилоход тэр орж ирсэн. Хаснавчийг гэрт орж ирэхэд талийгаач сандал дээр сууж байсан ба энэ үед хутга цээжинд нь зоолттой байсан. Би Хасаад “аав чинь өөрийгөө ингэчихлээ, гялс түргэн дууд” гэж хэлсэн. Би талийгаачийг цээжиндээ хутгатай байхад баруун талаар нь татаж газар хэвтүүлсэн. Намайг талийгаачийг газар хэвтүүлэх явцад тэр хутгаа гараараа барьсаар байсан. Би  хутгыг талийгаачийн гараас нь салгаагүй гэж мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т заасан  “өөрийн  эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхийнхээ дагуу мэдүүлсэн гэж шүүх дүгнэв.

 

Талийгаач нь хүнд зэргийн согтолттой үедээ ажлын хэсэг нь 19 см урттай, өргөн нь 4.7 см хутгыг зүүн гартаа барьж байгаад зүрх рүүгээ хутгалж өөрийн амь насыг хохироох гэмтэл учруулах  боломжгүй, түүнд учирсан гэмтэл нь бусдын гараар үүсгэгдэх илүү боломжтой гэсэн шинжээч Ц.Ганболдын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогч зүүн гараараа өөртөө гэмтэл учруулбал учирсан гэмтэл нь зүүнээс баруун чиглэлтэй байх магадлалтай байхад харин учирсан гэмтэл нь баруунаас зүүн чиглэлтэй байгаа, хутган дээр хохирогчийн хурууны хээ илрээгүй, гэрч О.Хаснавчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 32 минутад хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагад “ээж, аавыг зүрхэн дээр нь хутгалсан, цус нь гоожоод байна” гэж дуудлага өгсөн талаарх ярианы бичлэг зэрэг нь Б.Отгонбаярын гэм буруутай үйлдлийг нотлож байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нар архи ууж согтуурсан, шүүгдэгч нь талийгаачтай Болорчимэг гэдэг эмэгтэйгээс ирсэн мессэжнээс болж маргалдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан” бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан нь оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ буурсан байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”,

мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасныг үндэслэн Б.Отгонбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж буюу 12 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирч, түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гарсан нь “Юлд” ХХК, “Алтжин бөмбөгөр” худалдааны төв, “Арвидах” худалдааны төв, “Драгон” зах, “Толиухан” ХХК, “Боса импекс” ХХК-иас хүнсний зүйл худалдан авсан тухай баримт, “Суварга буян” ХХК-иас үйлчилгээ авсан, буяны цайллагын төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Б.Отгонбаяраас 9 536 000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэгт олгож шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, түүнд төлсөн 3 000 000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрх бөгөөд энэ хэргийн тухайд заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардалд нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг  хангах боломжгүй.

 

     Шүүгдэгч нь прокурор Н.Ням-Очир, мөрдөн байцаагч С.Солонго нар “намайг дарамтлан мэдүүлэг авсан” гэж мэдүүлж байх боловч нотлох баримтаар нотлогдоогүй, улсын яллагч нь яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч Н.Сүхбаатар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 500 000 төгрөг хүлээн авсан гэж энэ хэрэгт хамааралгүй зүйлийн талаар бичсэн, Б.Отгонбаяр 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн боловч ялгүй болсон, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдав.

 

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Си ди бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, хөх өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн оймс, бор өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн дотоож, хар хөх өнгийн даавуун пудволка, цагаан өнгийн торон материалтай хөхөвч, хар өнгийн давуун өмд, гудасны гадна даавуу, ягаан өнгийн цэцгэн хээтэй, цагаан өнгийн дэвсгэр бүхий ахуйн хэрэглээний хутга, (ажлын хэсэг 19 см, бариул хэсгийн өргөн 4,5 см) гар утасны шатсан эд анги, угаадас зэргийг устгах нь зүйтэй.