| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2008025491472 |
| Дугаар | 2021/ДШМ/562 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/562
У.Х, О.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хаш,
хохирогч Б.Түвшинбаярын өмгөөлөгч К.Манлай,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хашийн гаргасан давж заалдах гомдлоор У.Х, О.О нарт холбогдох эрүүгийн 2008025491472 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ...................., 19........... оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 55/11 дүгээр байрны 96 тоотод түр оршин суух хаягтай, /РД:.................../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
2. .............................., 19................. оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, телевизийн хөтлөгч, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ гудамжны 5-113 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;
У.Х, О.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Орчлон хороололд оршин суух иргэн Б.Түвшинбаяраас иргэн Ч.Мөнх-Ирээдүйгээр дамжуулан “хүний биед сайн элэгний хорт хавдар анагаадаг хар амьтан зарна” гэж бичлэг үзүүлэн, интернэт банкаар Хаан банкны 5926093114 тоот дансаараа урьдчилгаа 5.000.000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд “хар амьтнаа бодитоор үзүүлнэ” гэж хэлж яваад интернэт банк ашиглан Хаан банкны 5926093114 тоот дансаар дахин 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдаас нийт 20.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Х, О.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ......................... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х, О.О нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х, О.О нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хаас 10.728.000 төгрөгийг, шүүгдэгч О.Оаас 5.772.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Түвшинбаярт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч У.Х, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хаш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч У.Х, О.О нар нь бүлэглэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Түвшинбаярт нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулснаа бүрэн төлж барагдуулсан болно. Мөн У.Х, О.О нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. У.Х нь 9 сартай, О.О нь 6 сартай нярай хүүхдүүдтэй, гэр бүлүүдээ өөрсдийн ажил орлогоор тэжээн амьдардаг. О.О нь хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан байгаа. Иймд шүүгдэгч У.Х, О.О нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан, шүүгдэгч нар нь орон гэрээ өөрсдийн хөдөлмөрөөр олсон орлогоор тэжээн тэтгэж амьдардаг болон шүүгдэгч О.Оын хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Түвшинбаярын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хэлэх тайлбар байхгүй. Харин хохирогчийн зүгээс шүүгдэгч нарт гомдол саналгүй гэснийг дамжуулан хэлж байна.” гэв.
Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч У.Х, О.О нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байгаагүй. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлэхгүй хэдий ч өөр өөр мэдүүлэг өгч байсан. Анхан шатны шүүх хуралд О.Оыг цагаатгах байр суурьтай, У.Х нь бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэж оролцож байсан. Иймд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хурал дээр хэлж байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэдэг заалт учир уг заалтыг хэрэглэх боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг үндэслэл бүхий гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн зорилго зорилтод нийцүүлж шүүхээс хорих ял оногдуулсан. Залилах гэмт хэрэг нь хэдийгээр сонгох санкцтай хэдий ч тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхээр шүүхээс ял шийтгэлийг оногдуулдаг. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хорих ял нь тохирсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралд оролцохдоо худал мэдүүлэг өгч гэм буруу дээр маргаж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Хашийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч У.Х, О.О нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч У.Х, О.О нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Орчлон хороололд оршин суух иргэн Б.Түвшинбаяраас иргэн Ч.Мөнх-Ирээдүйгээр дамжуулан “хүний биед сайн элэгний хорт хавдар анагаадаг хар амьтан зарна” гэж бичлэг үзүүлэн, интернэт банкаар Хаан банкны 5926093114 тоот дансаараа урьдчилгаа 5.000.000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд “хар амьтнаа бодитоор үзүүлнэ” гэж хэлж яваад интернэт банк ашиглан Хаан банкны 5926093114 тоот дансаар дахин 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдаас нийт 20.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлджээ.
Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, магадлалын үндэслэл болгов. Үүнд:
Хохирогч Б.Түвшинбаярын “...Тухайн үед Мөнх-Ирээдүй намайг Архангай аймгаас ирсэн гэх Хурц гэдэг залуутай танилцуулсан. Мөнх-Ирээдүй тэр залууд “хар амьтан” гэх зүйл байгаа, тухайн зүйлийг 20,000,000 төгрөгт багтааж аваад эргүүлээд зарчихвал мөнгийг өсгөөд өгөх боломжтой, хэдхэн хоногт л мөнгийг өгчихнө гэж хэлснээр хохирогч Б.Түвшинбаяр нь зөвшөөрч хамт явж “хар амьтан” гэх зүйлийг нь авалцахад байлцахаар болсон. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мөнх-Ирээдүй над руу залгаад “хар амьтан гэх зүйлийг нөгөө залуугаас авахаар болсон, эхлээд урьдчилгаа гээд мөнгө нэхэж байна, найздаа 5,000,000 төгрөг шилжүүлчихээч” гэхээр нь би өөрийн Хаан банкны 5018703225 тоот данснаас Хурц гэдэг хүний Хаан банкны 5926093114 гэсэн данс руу 5,000,000 төгрөгийг “зээл Мөнх-Ирээдүй” гэсэн утгаар шилжүүлсэн. Мөнх-Ирээдүй Архангай аймаг руу явахынхаа өмнөх өдөр өөрийнхөө утаснаас “нөгөө хар амьтан гээч зүйл нь энэ юм байна” гэж үзүүлсэн. Дахиад мөнгө өгчих гэж байна гэхээр нь би Архангай аймгийн төв дээр байдаг хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хурцын Хаан банкны 5926093114 тоот данс руу 15,000,000 төгрөгийг “100 хувь зээл” гэсэн утгаар шилжүүлсэн. ......Хоёр дахь удаагийн мөнгийг Архангай аймгийн төв дээр Хурц, Отгонбаяр, Мөнх-Ирээдүй нартай хамт байх үедээ тухайн хар амьтныг бодитоор наймаалцахаар шилжүүлсэн. ...Хурц тухайн үедээ “хар амьтнаа бодитоор нь харуулна, байгаа газрыг нь зааж өгөөд хар амьтан гэх зүйлийг борлуулж тусална, мөнгийг чинь өсгөж өгөхөд оролцоно” гэж Мөнх-Ирээдүйтэй тохиролцсон. ...Мөнх-Ирээдүйгээр ч дамжуулж холбогдох гэж олон удаа оролдсон. Утсаа авахаараа тийм хүн байдаггүй гэж эмэгтэй хүнээр яриулдаг байсан. Мөнх-Ирээдүй Хурцтай ярихад “чаддаг юм бол аваарай” гэж хэлсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Ч.Мөнх-Ирээдүйгийн “...Хурц хэлэхдээ “надад одоо Архангай аймгийн Цэнхэр сумаас олдсон, эрүүл мэндэд сайн элэг цэвэрлэдэг, хүний биед маш сайн хар амьтан гэх зүйл байна. Би тухайн зүйлийг зармаар байна, чи авах хүн сураглаж байгаач” гэхээр нь би хэдэд зарах талаар асуухад “100,000,000 төгрөгөөр худалдана” гэж хэлсэн. Тэгэхээр нь “үнэхээр тийм сайн зүйл байдаг юм бол үзье” гэж хэлтэл гар утсан дээрээсээ бичлэг үзүүлсэн бөгөөд тухайн бичлэгэнд өвсөн дээр хөдөлж байгаа шавар шиг хар зүйл байсан. Тэгэхээр нь би Хурцад итгээд найз Түвшинбаярт хандаж “найздаа 20,000,000 төгрөг өгчих, би чамд мөнгийг чинь өсгөөд тухайн хар амьтан гэх зүйлийг чинь зараад хамт ашиг олъё” гэж хэлсэн. Түвшинбаяр бид хоёр хоорондоо сайн ярилцаж үнэхээр хар амьтан гэдэг зүйл байвал ашиг олох боломжтой юм байна гэж бодсон. Би хороололд Хурцтай уулзаж урьдчилгаа болох 5,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоод Түвшинбаяртай утсаар ярьж Хурцын дансыг өгсөн. ...Тухайн үед Хурц над руу залгаад мөнгөө авчихлаа гэж хэлж байсан бөгөөд “Архангай аймгийн Цэнхэр суманд хар амьтан байгаа очиж үзээд дараагийн 15,000,000 төгрөгөө шилжүүлж авна” гэж хэлсэн. ...Архангай аймагт бид нар буудалд байрласан. Хурц “явж хар амьтнаа аваад ирье” гэж хэлсэн боловч авч ирээгүй, бичлэг нь энэ байна гэж хэлээд утсан дээрээ бичлэг хийчихсэн ирсэн. Тэгээд “одоо 15,000,000 төгрөгөө өг” гэхээр нь Түвшинбаяр тухайн мөнгийг нь өгөх гэтэл Хурц “би мөнгөө бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад бэлнээр авах гээд байгаа юм бол гэж бодоод зориуд дансаар 15,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. ...Тэгсэн боловч хар амьтнаа авчирч өгөхгүй яваад байсан. Хурцаас юу болсон талаар асуухад “та нар түрүүлээд явж бай, би араас чинь очно” гэж хэлэхээр нь Ганбат, Болд, Түвшинбаяр бид хэд хот руу явсан. Хотод ирээд хүлээсэн боловч хар амьтан гэх зүйлээ авчраагүй. ...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Ц.Болдбаатарын “...Мөнх-Ирээдүй, Түвшинбаяр, Ганбат гурав Архангай аймгийн төвд байдаг “Ундрам” зочид буудалд буусан. Би аав ээжийндээ очихоор явсан. Мөнх-Ирээдүй тухайн хоёр залууд мөнгө төгрөг өгсөн талаараа ярьж байсан. Тэгээд Архангай аймагт гурав, дөрөв хоноод хар амьтан гэх зүйл нь байхгүй юм шиг байна гэж Мөнх-Ирээдүй хэлсэн ба бид Улаанбаатар хот руу буцаад явсан. Тухайн залуучуудыг Хурц, Отгонбаяр гэж дуудаж байсан. ...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Г.Ганбатын “...Мөнх-Ирээдүй Хурц гэдэг залуугаас тухайн хар амьтан гэх зүйлийг нь худалдаж авна гэж ярьж байсан бөгөөд Хурцын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлчихсэн. Ямар ч байсан хар амьтан гэх зүйл нь Архангай аймагт байгаа, очиж авахаар Хурцтай ярьчихлаа гэж хэлээд би тухайн орой буюу 23 цагийн үед Архангай аймаг руу Түвшинбаяр, Мөнх-Ирээдүй, Болд нарын хамт явсан. ...Мөнх-Ирээдүй Хурцтай уулзаад хар амьтан гэх зүйлийн бичлэгийг гар утсан дээрээ хийж авчирч үзүүлж байсан. Би Хурцаас “наад хар амьтан гэх зүйлийг чинь бодитоор үзье” гэж хэлэхээр надад үзүүлэхгүй байсан бөгөөд байгалиас нь хөдөлгөж болдоггүй юм, үхчихдэг гэх зэргээр янз бүрийн шалтаг тоочоод байсан. Тэгээд худлаа үнэн нь мэдэгдэхгүй бичлэг үзүүлээд мөнгө нэхдэг байсан. Сүүлдээ Мөнх-Ирээдүй 15,000,000 төгрөгийг Архангай аймагт байхдаа дансаар шилжүүлж өгсөн. Тэр үед нь би хамт байсан бөгөөд Түвшинбаяр мөн байсан. Хурцтай хамт Отгонбаяр гэдэг залуу байнга хамт яваад байдаг байсан. Хурц Мөнх-Ирээдүйд хэлэхдээ “хар амьтан Архангай аймагт байгальдаа байгаа, тухайн зүйлийг Отгонбаяр бид хоёр л мэдэж байгаа” гэж байсан. ...Ямар ч байсан “урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нь шилжүүлчихлээ, орой Архангай аймаг орж хар амьтан гэх зүйлээ авчихвал үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нь өгөөд наймаа дуусчихна” гэж Мөнх-Ирээдүй надад хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.Баясгалангийн “...Манай төв Монгол Улсад ургаж буй олон төрлийн ургамлыг судалдаг. Манай төвд газрын бэтэг, амрита, амьд эс, хар амьтан гэх зүйл одоогоор судлагдаагүй. ...Би энэ ургамлын талаар бичлэгийг үзлээ. Монголд ийм бүртгэгдсэн ургамлын талаар мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлгүүдийг тус тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж бүхэлд нь үнэллээ.
Тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 1/191 дугаартай албан бичиг /1хх 49/, хохирогч Б.Түвшинбаярын Хаан банкны дансны хуулга /1хх 57-58/, шүүгдэгч У.Хын Хаан банкны дансны хуулга /1хх 28-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч У.Х, О.О нарыг “залилах” гэмт хэргийг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Х, О.О нар нь бүлэглэн иргэн Ч.Мөнх-Ирээдүйгээр дамжуулан бусдын өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар халдаж, бусдын эд хөрөнгө буюу хохирогч Б.Түвшинбаярын 20.000.000 төгрөгийг “хүний биед сайн элэгний хорт хавдар анагаадаг хар амьтан зарна” гэж бичлэг үзүүлэн, интернэт банкаар 5.000.000 төгрөг, мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр интернэт банк ашиглан дахин 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг үг, үйлдлээр төөрөгдөлд оруулж, хоёр удаагийн үйлдлээр залилсан, хохирогч нь шүүгдэгч нартай олон удаа холбогдох гэж оролдсон үйлдлэл нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилгыг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн бүрдэл, шинж бүрэн хангагдсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ..
Иймд анхан шатны шүүхээс У.Х, О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хаш “...У.Х, О.О нар нь бүлэглэн бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Түвшинбаярт нийт 20.000.000 төгрөгийн хохирол учруулснаа бүрэн төлж барагдуулсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Шүүгдэгч У.Х, О.О нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хашийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.
Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хашийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х, О.О нарын өмгөөлөгч Л.Хашийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ