| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 311/2025/0089/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгдэгч **********, хохирогч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ****** аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ************ холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ********** аймгийн ************ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *********” ХХК-д ажилладаг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг ********* аймгийн *******сум ************ багт оршин суух хаягтай, Урьд: Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор ************ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******** дугаартай шийтгэх тогтоолоор ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн байна. **********/РД: ****************/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
**************** нь 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *********** дугаарын утсаар иргэн ************* холбогдож, түүнд 5 тооны байдсыг 3,700,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож “...би ********* аймгийн ************сумын ****** багт оршин суудаг ...би адууг чинь өөрөө аваачиж өгье, дүү нь банкны зээлийн мөнгө төлөх шаардлагатай байна. Та надад урьдчилгаа болгож 1,900,000 төгрөг шилжүүлээч...” гэж хэлэн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 16 минутад 1,800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “...ахаа би адуугаа ачаад **********сум орж ирж байна, банкны мөнгөө төлөх гэсэн чинь хоног хэтэрчихсэн хүүний мөнгө нэхэгдээд байна та 200,000 төгрөг шилжүүлж өгөөч” гэж мөн өдрийн 10 цаг 04 минутад 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “...ах аа дизель түлшний мөнгө шилжүүлээч дүү нь одоо сумаас гарах гэж байна сумын төв дээр зохицуулах ажил өнөөдөр арай амжсангүй.” гэж мөн өдрийн 23 цаг 03 минутад 130,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “...адуугаа ачиж явсан чинь 1 гүүний хөл нь хугарчихлаа, би хүнд ийм болчихсон мал заралтай биш буцаад сумандаа ирж байна. Сүлжээгүй газар хэд хоног саатчихлаа гэж хэлж ярьсан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “...Улаанбаатараас манай нэг дүү ирж байгаа юм би зардлын мөнгийг нь шилжүүлнэ гээд хэлчихсэн юм, та над руу 70.000 төгрөг шилжүүлээч, адууныхаа үнэ хөлснөөс хасаад тооцчихъё” гэж мөн өдрийн 13 цаг 45 минутад 70,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн арилжааны Хаан банкны **** дугаарын дансаар шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр хохирогч **** нийт 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ийнхүү ярилцаж тохиролцсоны дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 13 минутад ****урьдчилгаанд 1,900,000 төгрөг шилжүүлээч гэж утсаар ярьсны дагуу ****түүний хаан банкны ****** дансанд 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн.
Мөн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр **** адуугаа ачаад сумын төв орж ирж байна банкны зээлийн хугацаа хэтэрсэн хүүний мөнгө нэхэгдээд байна 200,000 төгрөг шилжүүлээч гэж, дизель түлшний үнэ 130,000 төгрөг шилжүүлээч гэж ярьснаар ***** хаан банкны ****дугаарын дансаар данс руу 130,000 төгрөг шилжүүлсэн.
2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дүүгийн хотоос ирэх зардлын мөнгийг шилжүүлэх гэсэн юм та 70,000 төгрөг өгөөч гэж ярин 70,000 төгрөг хаан банкны 5499100465 дугаарын дансаар шилжүүлэн авсан байна.
Гэвч **** нь хэлэлцэн тохиролцсон хугацаанд 5 байдсыг худалдан авагчид шилжүүлээгүй **** адуу худалдан авах хүсэл зоригийг далимдуулан түүнийг залилсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
****** мөнгө шилжүүлсэн талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч **** “...Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ****** аймгийн “Зарын нэгдсэн групп” дээр адуу худалдаж авна гэсэн утга бүхий зар байрлуулсан. Уг зарын дагуу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ****** гэсэн дугаараас надтай үл таних эрэгтэй хүн холбогдож намайг **** гэдэг хүн байна. “Та адуу худалдаж авах гэж байгаа юм уу” гэж асуухаар нь би 5 тооны байдас худалдаж авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл **** гэж өөрийгөө танилцуулсан хүн надад хандаж би ****сумын **** багт оршин суудаг хүн байгаа юмаа та адуу худалдаж авах гэж байгаа бол би 5 тооны байдас зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл би худалдаж авъя гэж хэлтэл “Би аймгийн төвд хүргээд өгье” гэж надад хэлсэн. Үүний дараа би тухайн хүнтэй буюу өөрийгөө ***** гэж танилцуулсан хүнтэй үнэ ярилцсан бөгөөд 5 тооны байдсан гүүг 3,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр **** гэдэг хүний **** дугаар луу залгаад чи адуу зарахаар болсон уу? зарахааргүй болсон уу? надад шийдвэрээ хэлээч гэхэд би адуу зарна, ойрын хугацаанд адуундаа явж чадсангүй гэж хэлсэн. Мөн **** нь надад хэлэхдээ “би адууг чинь өөрөө аваачиж өгье гэж хэлээд дүү нь банкны зээлийн мөнгө төлөх шаардлагатай байна. Та надад урьдчилгаа болгож 1,900,000 төгрөг шилжүүлээч гэж хэлсэн” Тэгээд би 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 16 минутад 1,800,000 төгрөгийг Хаан банкны **** дугаарын ***** гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Надаас мөнгө шилжүүлүүлж авсныхаа дараа надтай утсаар ярьж би маргааш морьдоо барьж аваад аймгийн төвд очно гэж хэлсэн. Маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг өнгөрч байхад над руу ***** нь над руу ******дугаарын утаснаас залгаж ахаа би адуугаа ачаад ******** сум орж ирж байна, банкны мөнгөө төлөх гэсэн чинь хоног хэтэрчихсэн хүүний мөнгө нэхэгдээд байна та 200,000 төгрөг шилжүүлж өгөөч гэж хэлсэн. Би хэлсэн үгэнд нь итгээд 200,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 04 минутад Хаан банкны **** дугаарын ****гэх нэртэй данс руу шилжүүлсэн. Үүний дараа над руу утсаар яриад ахаа би зээлийн мөнгөө төлчхөөд сумаас гарлаа гэж хэлсэн. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 30 минутад **** нь над руу залгаад ахаа дизель түлшний мөнгө шилжүүлээч дүү нь одоо сумаас гарах гэж байна сумын төв дээр зохицуулах ажил өнөөдөр арай амжсангүй гэж хэлсэн. Үүний дагуу би 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 04 минутад Хаан банкны **** дугаарын ***** гэх нэртэй данс руу 130.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2 өдрийн хугацаанд огт утас нь холбогдохгүй байж байгаад 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр утас нь холбогдоод адуугаа ачиж явсан чинь 1 гүүний хөл нь хугарчихлаа, би хүнд ийм болчихсон мал заралтай биш буцаад сумандаа ирж байна. Сүлжээгүй газар хэд хоног саатчихлаа гэж хэлж ярьсан. 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ****нь надтай утсаар холбогдоод ****манай нэг дүү ирж байгаа юм би зардлын мөнгийг нь шилжүүлнэ гээд хэлчихсэн юм, та над руу 70.000 төгрөг шилжүүлээч, адууныхаа үнэ хөлснөөс хасаад тооцчихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэмшээд Хаан банкны **** дугаарын **** гэх нэртэй данс руу 70,000 төгрөг шилжүүлсэн. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр **** нь утсаа авахгүй байхаар нь би өөр хүний утаснаас залгатал надад янз бүрийн шалтаг тоочиж арга саам хийсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би өөрийнхөө эзэмшлийн хаан банкны **** дугаарын данснаас 2025 оны 05 дугар сарын 29-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 2,200,000 төгрөгийг Хаан банкны **** дугаарын ****гэх нартай данс руу 5 тооны байдсан гүү худалдаж авна гэж итгэж мөнгөө шилжүүлж залилуулсан. Надад тэр хүн өөрийгөө ****гэдэг, ***** сумын **** багийн хүн гэж хэлсэн. Мөн дансны дугаар нь *****гэдэг нэртэй байдаг. Залилуулсан мөнгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч ***** “...Би нийт 2,200,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 500,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр **** дансаар авсан. Одоо үлдэгдэл 1,700,000 төгрөг үлдсэн...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ****2,200,000 төгрөгийн хохирол учирсан нь **** эзэмшлийн арилжааны хаан банкны **** дансанд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 16 минутад “*******” гэсэн гүйлгээний утгаар 1,800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 04 минутад “*********” гэсэн гүйлгээний утгаар 200,000 төгрөг, мөн шөнийн 23 цаг 03 минутад “**********” гэсэн гүйлгээний утгаар 130,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 45 минутад “**********” гэсэн гүйлгээний утгаар 70,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдож байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд **** “ 5 тооны байдас өгнө” гэж түүнийг хуурч өөрийн эзэмшлийн дансанд 2,200,000 төгрөг шилжүүлэн авч, төлөх талаар арга хэмжээ аваагүй, малыг өгөх идэвх санаачилга гаргаагүй өөртөө ашигласан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэн хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаж өгөхгүй хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн гэрээнээс ялгаатай байдаг. Гэрээний харилцаанаас үүдэлтэй залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан өмчлөгчийн итгэлийг эвдсэн үйлдлийг ойлгоно.
Түүнчлэн **** дээрх үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулсан нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх үндэслэлтэй.
Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нэхэмжлэх эрхтэй ба хохирогч **** 2,200,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна.
Шүүгдэгч хохирогч **** 500,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дансны хуулгаар тогтоогджээ. Иймд шүүгдэгч ***** 1,700.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***** олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 220,000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа ч энэ талаарх баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаагүй нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.
Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч **** оногдуулсан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08 /найм/ сарын хугацаанд сар бүр /375,000/ хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч**** 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 08 /найм/ сарын хугацаанд сар бүр /375,000/ хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч дээрх тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийг торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ********** 1,700,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч ********** нь 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч ************* эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА