2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2573

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ц.Ганцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.С,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503007361000 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр15 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн Нүхтийн 22 дугаар гудамжны замд Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 19.1-т заасан “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 75 настай, эрэгтэй ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Би санамсар болгоомжгүйгээс настай хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байгаа. Би бие муутай группэд байдаг, гэртээ эмчилгээ хийлгээд байдаг. Олон жил түрээсийн байранд амьдарч байна. Биеийн байдал муу, сэтгэл санаа тайван бус байхдаа гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эдийн засгийн боломжтой бол хохирлыг барагдуулмаар байна, цаашдаа эм тангаа тэтгэврийн зээл аваад зарцуулчихдаг. 2013 оноос хойш орох оронгүй байгаа. Манай охин ажил хийгээд авч явж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.С шүүх хуралдаанд: “...Хэрэг гарсан өдөр MRI зураг авхуулна, аптекаас эм авах шаардлагатай байна гэж хэлээд 300.000 төгрөг шилжүүлсэн. Өдөр болгон бинзений мөнгө үзлэгийн мөнгө баримтуудыг явуулаад шилжүүлсэн. Хамгийн сүүлд их хэмжээний мөнгө нэхэмжлээд би боломжоороо 400.000 төгрөгөө шилжүүлсэн. ... Би аавынхаа эм тарианы мөнгийг төлдөг тул илүү гаргаж төлөх боломжгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн 15 цагийн үед эхнэрийн хамт зах орох гээд гэрээсээ гараад 300м орчим зайд гэр хорооллын замаар хойноос урагш чиглэлд явган явж байхад миний зүүн талаас нэг саарал өнгийн машин хурдтай ирж байгаа харагдсан, тэгээд хурдаа бага зэрэг хасахаар нь амьжаад гарчих юм байна, нөгөө машиныг зогсох байх гэж бодоод үргэлжлүүлээд алхтал тухайн машин зогсолгүй ирж намайг мөргөж унагаасан. Манай эхнэр миний ард явж байсан учир хүрч ирээд нөгөө жолоочийн хамт босгосон, босож ирээд харахад намайг мөргөсөн машин Toyota aqua маркийн *** улсын дугаартай дугаартай авто машин байсан. Тэгээд манай эхнэр 103 болон цагдаад дуудлага өгөөд яаралтай түргэн тусламж хүрж ирээд намайг үзээд гэмтэлд очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн араас тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүн ирж үзлэг, хэмжилт хийгээд намайг болон нөгөө жолоочийг согтуурал шалгах драгер багажаар шалгаад 0,00% эрүүл гарсан..." гэсэн мэдүүлэг /xx-н 18/,

Иргэний нэхэмжлэгч /ЭМДЕГ/ Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь Эрүүл мэндийн байгууллагаас 408.050 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд ***гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь М№090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү..." гэжээ. /хх-н 25/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тухайн зам тээврийн осол болох өдөр Чингэлтэй дүүрэгт Peace mall худалдааны төвд ажиллаа хийж байсан. Манай аав *** залгаад хүн мөргөчихлөө гэж надад утсаар мэдэгдсэн. Тухайн өдөр нь би ажилтай байсан учир очиж чадаагүй ээ. Ослын талаар өөр мэдэх зүйл байхгүй. Би 2023 оны 5 сард 12.000.000 төгрөгөөр авч байсан... Манай аав *** ер бол байнга унадаг. Би машинаа унахыг хүлээн зөвшөөрсөн... надад гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 38, 41/,

Гэрч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн өдөр би нөхөр *** ийн хамт Яармагийн нүхтийн 22-р гудамж гэрээсээ гараад Яармагийн зах руу гэр хорооллоор 300 орчим метр алхаж явахад Toyota Aqua маркийн автомашин манай нөхөр ***г мөргөж унагаасан. Машины жолооч машинаасаа буугаад манай нөхрийг босгоод, газарт суулгаад биеийг байдлыг нь асуусан. Би түргэн дуудаж, цагдаад мэдэгдсэн. Түргэний эмнэлэг ирээд биеийг байдлыг үзээд хөлийг нь боож өгөөд, явсан... Би хажууд нь явж байсан учраас тухайн автомашинд мөргүүлээгүй. Биеийн байдал хэвийн байгаа... Ойртон ирж байгааг харсан боловч, зам тавьж өгөөгүй. Цаг агаар тогтуун, хөдөлгөөн сийрэг, гадаа гэгээтэй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Шинжээчийн 8365 дугаар дүгнэлтэд: “...***гийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-н 54-55/,

Шинжээчийн 2597 тоот дүгнэлтэд: “...Хохирогч ***-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэжээ /хх-н 61-62/,

Мөрдөгчийн 0001257 дугаар магадалгаанд: “...*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж мөн Монгол Улсын хөдөлгөөний 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-н 68-69/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Грийн гарден байдаг гэрийн гаднаас охин Э.С ын эзэмшлийн автомашин болох Toyota Aqua маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон зогсоолоос хөдлөөд Яармагийн эцэс орох гээд төв зам түгжрэлтэй байсан тул гэр хорооллын гудмаар зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байгаад Нүхтийн 22 гудамж замд гудамжны хойноос урагш чиглэлтэй явган зорчигч явж байхаар нь хурдаа хасаад урдуур гараад өнгөрөөчихлөө гээд бодоод хөдөлтөл эхнэр нь орилоод тэгээд хартал явган зорчигчийг мөргөөд тухайн хүн газарт унасан. Би бууж ирээд уулзахад газар хажуу тийшээ харсан байдалтай байсан, тээврийн хэрэгсэл манай охин Э.С-ын эзэмшлийн автомашин... Хөдөлгөөн сийрэг, гадаа гэрэлтэй үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай байсан... Би эхнэр Б, охин Э.С ын хамт амьдардаг, Одоогоор ажилгүй группд байдаг. Би эхээс 12-лаа, 12-с одоо 9 болон ээж маань байгаа. 2013 онд ходоод өвдөөд ходоодны хорт хавдартай гэж оношлогдсон, ходоодоо тайруулсан. 2022 онд гэдсээ тайруулж хөдөлмөр эрхлэх чадваргүй гэж групп-д орсон. Эрхэлсэн ажил байхгүй, хэвтэрт байдаг" гэсэн мэдүүлэг /хх-н 79/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-14/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /29-35/, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025.07.21-ний өдрийн 748667 дугаартай дүгнэлт /хх-н 82-85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 Шүүгдэгч *** нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр15 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн Нүхтийн 22 дугаар гудамжны замд Тоёота Акуа маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 19.1-т заасан “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 75 настай, эрэгтэй ***г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***гийн мэдүүлэг, гэрч Н.Эийн мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн лавлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ хохирогч ***г мөргөж, хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд баримтаар 692,806 төгрөг,  хавтаст хэрэгт 500.040 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 3 сая төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлийн дээд хэмжээг гаргуулахыг тус тус нэхэмжилсэн.

Шүүх хохирогчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд гарган өгсөн баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 1.100.000 төгрөг төлсөн ба шүүхээс түүнийг хохирогчийн баримттай хохирлыг төлсөн гэж дүгнэлээ.

Харин хохирогчид сэтгэцэд учирсан хор уршигт сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр гуравдугаар зэргийн хохирол учирсан ба хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.880.000 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн.

Өмгөөлөгчийн зардлын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөрийн чадваргүй насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн байгууллагын тухайн жилийн төсөвт суулгаж, улсаас гаргуулсны дараа гэм буруутай этгээдээс гаргуулах тухай зохицуулалт бөгөөд хохирогч ***гийн хувьд дээрх шаардлагыг хангахгүй байна.

Мөн хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогч *** нь цаашид тухайн гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Эрүүл мэндийн даатгалын газраас 408.050 төгрөг  шүүгдэгч ***гаас 408.050 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Хан-Уул, Баянзүрх дүүргүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолтой, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, зарим хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай тул дүүргээр хязгаарлах нь хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах үндсэн эрхийг хязгаарлах нөхцөл байдал бий болж байх тул түүний үндсэн эрхэд халдах нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцэхгүй гэж шүүх үзлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 11.880.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас  408.050 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР