2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2568

 

 

 

 

 

 

 

 

 

 2025        11         13                                    2025/ШЦТ/2568

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Х.Сүххуяг нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. холбогдох эрүүгийн 2506058442309 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М ургийн овгийн *******

Монгол Улсын иргэн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Сөүл фаш угаалгын газарт туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, .....................,

урьд: 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 564 дугаартай Баянгол дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу найман зуун
мянган төгрөгөөр торгох ялаар,

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1479 дугаартай Баянзүрх дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж
буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч ******* нь Баянзүрх
дүүргийн ................ дагуу 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр насанд хүрээгүй
хохирогч Б.Лтой хэрүүл маргаан хийж улмаар түүнийг цамцны захнаас нь
татаж өргөж газар руу савж унагаасны улмаас
эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн .............. дагуу 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 8 настай насанд хүрээгүй хохирогч Б.Лтой хэрүүл маргаан хийж улмаар түүнийг цамцны захнаас нь татаж өргөж газар руу савж унагаасны улмаас бие махбодид нь “зүүн чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- насанд хүрээгүй хохирогч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ах нарынхаа хамт гадаа тоглож байгаад бөмбөг эзэнгүй айлын хашаа руу орчихоор нь авах гэж ороод айлын нохой сул байж таараад хамар хэсэгтээ нохойд хазуулаад хамар хэсэгтээ шархтай болчихсон. Маргааш нь дахиад гадаа тоглож байхад манай аавын үеэл дүүгийн нөхөр болох Т /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ ах согтуу над дээр ирээд хамрыг чинь харья гээд байхаар нь би дургүйцэхэд миний зүүн гарыг мушигаад өвтгөөд байсан. Тэгэхээр нь би уурлаад Т ахыг зайл гээд хэлчихээд гэр рүү явж байхад миний ардаас ирээд миний урд цамцны захнаас хоёр гараараа өргөж байгаад тэр чигээрээ намайг газар руу саваад унагаасан, миний толгой өвдөөд зүүн талын чихнээс цус гараад дотор муухайраад бөөлжиж эхэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

- гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ................ хашаандаа байж байсан манай хашааны гадаа тоглож байсан хүүхдүүдээ хаана тоглож байна гээд хашаан завсараар харах гэж байсан тэгсэн манай хэдэн хүүхдийг хөөгөөд ахиад харсан манай 8 настай зээг манай хүргэний ах нь гэх хүн манай зээг өндөрт өргөөд шидчихсэн тэгээд хүүе яаж байгаа юм гэсэн чинь би яасан юм би зодоогүй, би шидээгүй гээд орилоод манай охиныг бас цохих гээд дайраад байсан манай 8 настай зээгийн чихнээс цус гараад түрүүхэн ГССҮТ-д хагалгаанд орсон гэж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

- гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... эхнэрийн дүү Ш.А над руу утсаар уйлаад дүүг хүн зодчихлоо цус гоожоод тогтохгүй байна гэсэн. Би ажлынхаа 2 хүн рүү залгаад би гэрээс хол байна та 2 манайхаар очоодох гэсэн. Ажлын эмэгтэй Н очиж хүүхдийн чихнээс цус гарсан байхаар нь түргэн дуудаад цагдаа дуудсан байсан. ... манай хүүхдийг шууд гэмтлийн эмнэлэг рүү шилжүүл гээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

 - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/8170 дугаартай "... Б.Лийн биед зүүн чамархай ясны хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хуйханд зөөлөн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1,2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн ................ дагуу 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 8 настай насанд хүрээгүй хохирогч Б.Лийг шууд санаатайгаар цамцны захнаас нь татаж өргөж газар руу савж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд нь 2021 онд бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, 2022 онд бага насны хүүхдийн чихийг хазаж хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан, нийгэмд аюултай үйлдэл удаа дараа гаргаж бусдад хохирол учруулж байгаа болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч Б.Лийн хууль ёсны төлөөлөгч Ш.Аийн зүгээс сэтгэл санааны хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхгүй /хавтаст хэргийн 24, 84 дүгээр тал/ гэснийг үндэслэн шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ургийн овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ