Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 313

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Б.Баянбилэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Бурмаа,

шүүгдэгч: Б.Баттамир, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг, /2156/ Э.Ганбат /0362/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт Батбаатарын Баттамирт холбогдох эрүүгийн 2016 2602 2932 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймагт
төрсөн, 24 настай, эрэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн
тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хойд аав, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16
дугаар хороо, 14 дүгээр байр, 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар АА 93030518, Хиад боржигон овогт Батбаатарын Баттамир.

 

Шүүгдэгч Б.Баттамир нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид
буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сумъяахүүг “хамт явсан хүнээс мөнгө нэхлээ” гэсэн үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулvан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Баттамир мэдүүлэхдээ:

Би найз Эрдэнэбаяр, Сумъяахүү, Ууганбаяр, Болор-Эрдэнэ нартай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уулзаад, РС тоглоомын газар тоглож байхдаа бид  найз Сүхбаатарыг дуудсан. Тэгээд нэг газар орж, хөзөр тоглоё гэж ярилцаад “Ланд” зочид буудал руу нэг шил архи, 2 ширхэг том пиво авч орсон. Би архи хэрэглэдэггүй учраас уугаагүй. 23 цагийн үед “Ланд” зочид буудлын хажууд байх бааранд орцгоосон. Бааранд 2 цаг орчим байхдаа пиво ууцгаасан. Тэндээс бид гараап, шорлог авч идэцгээсэн, Тэнд би нэг залуутай танилцсан бөгөөд тэр  “эмээ, өвөө 2 нь 1938 оны хэлмэгдүүлэлтээр Орос улс руу дүрвэсэн, өөрийгөө Монголд ирээд удаагүй байгаа” гэж ярьсан. Би урьд нь Солонгос улсад амьдарч байсан болохоор түүний яриа надад сонирхолтой санагдаад түүнтэй ярилцаж байсан. Энэ хооронд манай найзууд зочид буудал руугаа орсон. Тэр залуу нэг найзтайгаа хамт явж байгаа, түүндээ хэлээд надтай хамт манай найзууд дээр чинь очье гэж ярьсан бөгөөд тэр найзтай уулзаад ирэхдээ надад нэг “Хайникэн” нэртэй шар айраг авчирч өгсөн. Би түүнээс нь уугаагүй. Би түүнтэй хамт найзуудынхаа байсан зочид буудал руу орж, найзуудтайгаа танилцуулсан. Тэгэхэд Сумъяахүү тэр залуутай дээрэнгүй харьцаж, “чамд мөнгө байна уу” гэж бараг дээрэмдэх янзтай асуусан. Тэгэхэд нөгөө залуу 7 000 төгрөг байна гээд өгсөн. Тэгээд цаана нь 10 000 төгрөг байхыг хараад Сумъяахүү “наад мөнгөө өгчих” гээд 10 000 төгрөгийг нь авч, 7 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэгэхээр нь би Сумъяахүүд ”дөнгөж танилцсан хүнтэйгээ ингэж харьцаж болохгүй, бид нар ямар дээрэмчин биш” гэж хэлсэн. Тэгтэл Сумъяахүү “хэн нь чиний найз юм” гээд над руу дайраад байхаар нь уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилийг авч, түүний толгой руу цохисон. Тэр шил хоосон, эсхүл пивотой байсан эсэхийг мэдэхгүй байна. Сумъяахүүгийн толгойг би шилээр цохисноос түүнд хүнд гэмтэл учирч, тэр хагалгаанд орсон болохыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг хагалгаанд ороход нь 600 000 төгрөг өгч, хэрэг шүүхэд ирэхэд 3 000 000 төгрөг төлсөн, сүүлд 1 500 000 төгрөг төлсөн боловч баримт авалгүй мөнгөө шууд өгсөн.  Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би хойшид найз Сумъяахүүтэй холбоотой байж, биеэ нь өвдвөл тусалж, дахиад эмчилгээ хийлгэвэл эмчилгээний зардлыг төлнө. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Сумъяахүү мэдүүлэхдээ:

...2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бид 11 дүгээр хороололд Пи си тоглоомын газар тоглож байгаад тэндээс гараад Болор-Эрдэнэ, Баттамир, Эрдэнэбаяр, Сүхээ, Ууганбаяр бид нар дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи, 2 том савтай пиво, бэлэн гоймон, талх, элэгний нухаш зэргийг аваад модны 2-ын “Ланд” нэртэй зочид буудлын 202 тоот, 2 ортой өрөөнд 21 цагийн орчимд орсон. Бид пивоо ууж дуусаад, архинаасаа жоохоныг үлдээгээд 22 цаг өнгөрч байхад “+25" нэртэй бааранд орж, 02 цаг болтол бүжиглэсэн. Тэгээд Сүхээ, Эрдэнэбаяр, Болор-Эрдэнэ, Ууганбаяр бид нар буцаад буудлын өрөөндөө ороод хөзөр тоглон,  гоймонгоо идээд сууцгааж байсан ба Баттамир бааранд үлдэх шиг болсон. Тэгтэл гаднаас Баттамир нэг танихгүй залуутай орж ирсэн. Тэгээд бид нар бөөндөө юм яриад сууцгааж байхдаа “ам хатаад байна, мөнгөтэй хүн байна уу” гээд нэг нэгнээсээ асууж байсан. Тэгтэл Баттамирын найз нь 17 000 төгрөг гаргаж ирээд, 7 000 төгрөгийг нь надад өгсөн. Тэгэхээр нь би “7 000 төгрөгөө чи өөрөө ав, 10 000 төгрөгөө надад өгчих” гэж хэлтэл Баттамир баруун гараараа далайх шиг болоод миний толгой руу шилээр цохисон. Тэр үед миний толгойноос цус гарсан ба дараад доошоо хараад суучихсан. Тэр үед Баттамир гараад зугтчихсан. Тэгээд бид нар буудалдаа шууд унтаад амарсан. Эмчилгээний болон бусад зардалд надаас одоогийн байдлаар 3-4 сая төгрөг гарсан. Үүнийг нэхэмжилнэ. Цаашид гарах эмчилгээний зардлыг бас нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 13, 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Сүхбаатар мэдүүлэхдээ:

...Сар өдрийг санахгүй байна. Би өөрийн найз Б.Сумъяахүү, Б.Баттамир, Н.Ууганбаяр, Д.Болор-Эрдэнэ, Э.Эрдэнэбаяр нартай Пи си тоглоод сууж байхад Ууганбаяр дундуур нь гарч, хүнтэй уулзаад, пүүзээ зарчихаад орж ирсэн. Тэгээд бид Пи си-нээс гараад 11 дүгээр хороолол орчимд пабд ороод нэг, нэг шил пиво ууцгаасан. Бид Ууганбаяраас 30 000 төгрөг зээлээд, нийт 180 000 төгрөгөө аваад гаднаас 1 шил архи, 2 сав пиво аваад буудалдаа орж, ууцгааж, хөзөр тоглон, сууж байгаад 23 цагийн үед “+25” нэртэй бааранд ороод 1 шил архи, хүний тоогоор пиво авцгаагаад бүжиглэж байгаад буцаад буудлын өрөө рүүгээ орсон. Баарнаас гараад буудал руу орох замд Баттамир гадаа нэг залуутай юм яриад зогсож байсан ба би хамт шорлог идээд зогсож байхад тэр залуу өөрийгөө “би бага ястан, тува” гэх мэтээр яриад байсан. Тэгээд би буудал руу орсон ба Баттамир нөгөө залуутай гадаа үлдсэн. Буудалд ортол өрөөнд Сумъяахүү, Эрдэнэбаяр, Болор-Эрдэнэ, Ууганбаяр бид нар байсан. Бид бэлэн гоймон идээд, үлдэгдэл архи, пиво уугаад сууж байтал гаднаас Баттамир, нэг залуутай хамт орж ирсэн. Тэр 2-ын нэг нь ногоон өнгөтэй “Хэникэн” нэртэй пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр залуу нэрээ хэлж, бидэнтэй танилцсан. Би бэлэн гоймон идэх гэсэн чинь халуун усгүй болчихоод ус буцалгаад буйдангийн ард сууж байтал тас гэх чимээ гарсан ба хүмүүс орилсон. Тэгэхээр нь би эргээд хартал Б.Сумъяахүүгийн нүүр нь цус болчихсон ба нөгөө танилцсан гэх залуу гараад явчихсан гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ:

...Модны 2-т байдаг “Ланд” нэртэй буудалд нэг өрөө аваад, буудалд орохдоо гаднаас 1 шил Соёрхол архи, 2 сав пиво авч ороод, пиво уугаад сууж байгаад бүгд буудлын өрөөнөөс гараад, “+25” нэртэй бааранд ороод бүжиглэж, 1 шил 0.5 литрийн архи аваад уусан. Баарнаас гараад гадаа шорлог идээд, буцаад буудал руу орсон ба энэ үед Баттамир орж ирээгүй байсан. Тэгээд бид нар гоймонгоо дараад идэх гээд зарим нь гоймондоо усаа хийгээд байж байтал гаднаас Баттамир танихгүй хятад юм шиг царайтай залуутай орж ирээд “манай найз танилц” гэсэн. Тэгэхээр нь бид нар тэр залуутай танилцсан ба нэг нэр хэлж байсан, мартчихсан байна. Буудлын ширээг тойроод Сумъяахүү, Эрдэнэбаяр, Баттамир, нөгөө танихгүй  залуу бид 4 сууж байсан. Гэтэл Сумъяахүү Баттамирын найзаас “уух юм авах гэсэн юм чамд мөнгө байна” уу гэсэн. Тэгтэл Баттамиртай хамт орж ирсэн залуу Сумъяахүүд мөнгө өгсөн, яг хэдэн төгрөг байсныг нь би хараагүй, Баттамир ширээн дээр байсан нөгөө 0.33 граммын ногоон өнгийн “Хэникен” нэртэй пивоны шилийг аваад уг шилтэй гараа далайгаад Сумъяахүүгийн дух руу 1 удаа пивоны шилээр цохисон. Тэр үед пивоны ногоон өнгийн шил газраар бутраад газраар тарсан ба Баттамиртай орж ирсэн залуу шууд гараад гүйчихсэн гэжээ. (хэргийн 37, 38 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Баарнаас гараад шорлог идээд, буцаад буудалдаа орсон, Б.Баттамир ганцаараа орж ирээгүй байсан. Бид нар бэлэн гоймондоо ус хийгээд хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл гаднаас ойролцоогоор 10 орчим минутын дараа Баттамир манай найз гээд өвөр монгол хазгай хэлтэй залуутай хамт орж ирээд бид нарыг танилц гэхэд би танилцаагүй. Тэгтэл Сумъяахүү “уух юм авъя, мөнгө байна уу” гэж асуусан чинь нөгөө залуу өмднийхээ халааснаас 17 000 төгрөг гаргаж ирээд уг залуу 7 000 төгрөгөө Сумъяахүүд өгсөн. Тэгтэл Сумъяахүү “энэ мөнгө хүрэхгүй байна, чи 10 000 төгрөгөө өгөөд, 7 000 төгрөгөө буцааж ав” гэсэн. Тэгтэл нөгөө залуу 10 000 төгрөгөө Сумъяахүүд өгөөд 7 000 төгрөгөө буцааж авсан. Тэгтэл Сумъяахүүд Баттамир “мөнгийг нь буцааж өг, мөнгө авч яах гээд байгаа юм” гэж хэлээд байсан. Би, Ууганбаяр, Эрдэнэбаяр, Сүхбаатар бид 4 покер тоглоод, зарим нь ширээний ард, зарим нь урд сууж байсан. Тэгтэл би модоо хараад сууж байтал тасхийх чимээ гарсан ба хартал Баттамир гартаа хагархай ногоон өнгийн пивоны шил барьчихсан Сумъяахүү тонгойгоод толгойгоо гараараа дараад ёолоод байсан. Нөгөө сүүлд орж ирсэн залуу шууд гүйгээд гараад явчихсан гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч-Н.Ууганбаяр мэдүүлэхдээ:

...Баарнаас 02 цагийн орчимд гараад гадаа шорлог идээд буцаад буудал руу орсон. Энэ үед Баттамир орж ирээгүй байсан ба араас 5-10 минутын дараа нэг танихгүй залууг дагуулж орж ирсэн. Энэ үед би гоймон идэх гээд ус хийгээд байж байсан. Тэр үед манай найз нар ширээ тойрч суугаад, тэр залуутай танилцаж байсан ба би ус буцалгагчнаас ус авах гээд зогсож байтал тас гээд чимээ гараад ёо ёо гэж орилсон. Тэгэхээр нь би ширээ рүү харсан чинь Сумъяахүү доошоо тонгойгоод толгойгоо дараад суучихсан. Баттамир ширээний хажууд зогсож байсан ба нэг нь Баттамир, Сумъяахүүг шилээр цохичихлоо гэсэн гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15641 тоот дүгнэлтэд:

1. Б.Сумъяахүүгийн биед тархи доргилт, зүүн дух ясны шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Баттамир ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 77 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Баттамир нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих
шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид
буудлын 202 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Сумъяахүүг “хамт явсан хүнээс мөнгө нэхлээ” гэсэн үл ялиг зүйлээр шалтаглан толгойн тус газар нь пивоны шилээр цохиж, бие махбодид нь тархи доргилт, зүүн дух ясны шугаман хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Сумъяахүү, гэрч С.Сүхбаатар, Т.Эрдэнэбаяр, Д.Болор-Эрдэнэ, Н.Ууганбаяр нарын мэдүүлэг, Б.Сумъяахүүгийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж, эмчлүүлсэн 26830 тоот өвчний түүх, компьютерт томографийн оношлогоо, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15641 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлж авсан тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баттамирт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба уг зүйл, хэсэгт танхайн сэдэлтээр хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт 7-оос дээш 10 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхээр заажээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж шүүгдэгчийн үйлдэлд байхгүй,  мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялын сонгох төрөл нэмэгдэн, хорих ялын доод, дээд хэмжээ буурсан байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Б.Баттамирыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчид 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 14-ний хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нөхцөл сайжруулсан палатанд хэвтэж эмчлүүлэхэд 30 000 төгрөг, эм тариа авахад 684 902 төгрөг, эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжид 122 274 төгрөг төлсөн, толгойн КТГ хийлгэсний төлбөрт 320 000 төгрөг, хагалгааны зардалд 347 834 төгрөг, үзлэг хийлгэхэд 25 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэг хийлгэхэд 3 000 төгрөг, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэж эмчлүүлэхэд эмчилгээний зардалд 1 861 948 төгрөг, нийт 3 394 958 төгрөгийн зардал гарсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Б.Баттамир нь 3 600 000 төгрөгийг хохирогчид төлснийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн гэж шүүх үзэв.

 

Б.Баттамир нь Б.Сумъяахүүд 1 500 000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн боловч нотлох баримтаар нотлогдсонгүй.

 

Б.Сумъяахүү нь Б.Баттамирын гэм буруутай үйлдлээс түүнд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм хорын хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын улмаас тэр группэд орж,  сургуулиасаа жилийн чөлөө авснаас дүгнэхэд түүний эрүүл мэнд сайжирсан, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй байдлыг шүүгдэгчид ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.