Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1430

 

Ц.Д-ын хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01733 дугаар шийдвэртэй, Ц.Д-ын садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Хүсэлт гаргагч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие 1927 онд Хэнтий аймгийн Идэрмэг суманд Г.Дандарын 2 дахь охин болон мэндэлсэн бөгөөд эхээс гурвуулаа, миний том эгчийг н.Дашзэвэг, дунд эгчийг н.Ичинхорлоо гэдэг байсан. н.Дашзэвэг эгч маань н.Ичинхорлоо эгч бид хоёртой эх нэгтэй, эцэг өөр байсан.

 Аав н.Дандар, ээж н.Дарьзав нар нь миний дээд талын эгч н.Ичинхорлоог н.Ишжамц гэдэг айлд, намайг н.Цэен гэдэг айлд өргүүлсэн байдаг. Миний эгч нар бүгд байхгүй, би өөрийн төрсөн эцэг Дандарыг мэддэг байсан бөгөөд ойр нутаглаж байсан учир хааяа уулздаг байсан. Тэр үед би 10-аад настай байсан, нэг өдөр аав маань надтай уулзаад мал туугаад явж байсан, “за миний хүү буцдаа, ширүүн давхиж болохгүй шүү” гэж хэлээд явснаас хойш эргэж уулзаагүй, сураг нь эсэргүүгийн хэрэгт баригдаж яваад ирээгүй гэдэг. Түүний хэргийг 1991 онд цагаатгаж, цагаатгалын гэрчилгээг нь эгч н.Ичинхорлоод гардуулсан юм гэдэг.

Иймээс Цэенгийн Дулам намайг Гаравын Дандарын садан төрөл буюу төрсөн охин нь мөн болохыг тогтоож өгнө үү, хэлмэгдэгсдийн цагаатгалын нөхөх олговорын 80 000 000 төгрөгийг авахаар хөөцөлдөж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-т заасныг баримтлан Г.Дандарын төрсөн хүүхэд мөн болохыг тогтоолгох тухай Ц.Д-ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, би Гаравын Дандар, түүний эхнэр н.Дарьзав нарын дундаас төрсөн 2 охины нэг бөгөөд миний эгч н.Ичинхорол 1924 онд төрж н.Ишжамц гэдэг айлд өргөгдсөн. Харин би 1927 онд төрж н.Цэен гэдэг айлд үрчлэгдсэн болохыг миний ээжийн /Дарьзавын/ ах Бавуугийн хүү Лувсанцэдэн 90 настай, миний эцэг Г.Дандарын төрсөн эгч Гаравын Сүрэнгийн гар дээр өссөн, зээ хүү Ш.Батмөнх нар нь гэрчлэн мэдүүлж нотолж байхад тэдний мэдүүлгийг эх сурвалжаа заагаагүй, болсон үйл явдлыг нүдээр үзэж хараагүй, надаас насаар дүү улсууд байна гэж үзсэн нь ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Эх сурвалжаа заагаагүй гэж буруутгасан нь миний хүсэлтээр Б.Лувсанцэдэнг гэрчээр дуудаж мэдүүлэг авахдаа шүүгч гэрчүүдээс асуулт тавьж, ач холбогдол бүхий байдлыг тодруулж, тогтоож болно гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй байна.

Миний бичиг баримтыг сольж бүрдүүлэхдээ 1927 онд төрснийг минь 1921 онд төрсөн гэж андууран цахим үнэмлэх олгогдсон. Мөн Цэен гэдэг эмэгтэйд үрчлэгдээд 14 настай өнчин үлдсэн бөгөөд улсын бүртгэлийн лавлагаагаар Дүүдий Цэен гэж лавлагаа гарсан нь миний эцэг мэтээр ойлгогдож байна гэжээ. Миний төрсөн он сар болон үрчилж аваад 1941 онд намайг 14 настай байхад нас барсан Цэен гэдэг эмэгтэй Улсын бүртгэлийн лавлагааны Дүүдийн Цэен эцэг нь гэх байдал намайг Гаравын Дандарын төрсөн охин, садан төрлийн холбоотой болохыг нэн тэргүүнд ач холбогдолтой гэж бодохгүй байна. 90 настай Б.Лувсанцэдэнгээс өөр надад үйл явдал баримтыг              нүдээр үзэж харсан байх, надаас ах настай гэрч олдохоо болиод байгааг минь харгалзан үзнэ үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

Ц.Д- нь шүүхэд Гаравын Дандарын төрсөн охин мөн болохыг буюу садан төрлийн холбоо тогтоох тухай хүсэлтийг гаргажээ. Хэргийн 9 дэх талд Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 00/018987 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа гэх баримт авагдсан бөгөөд шүүх Ц.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү баримтад бичигдсэн агуулгыг бусад нотлох баримтыг үгүйсгэх байдлаар үнэлсэн байна.

 

Гэтэл дээрх бичмэл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх уг баримтыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн, хэргийн 10 дахь талд авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа нь дээрх баримтын адил хуулийн шаардлага хангаагүй буюу хуулбар баримт байх бөгөөд 11-13 дахь талд авагдсан баримтууд нь уншигдах боломжгүй байдлаар хэрэгт авагдсан байна.

 

Дээрх зөрчлийг арилгаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд түүний хүсэлтэд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ц.Д-ын төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

         ШҮҮГЧИД                                  М.НАРАНЦЭЦЭГ

 

Т.ТУЯА