Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/582

 

 

Ц.Д, П.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/628 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр Ц.Д, П.Ж нарт холбогдох эрүүгийн 1905032110939 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..............................., 19........... оны ............... дугаар сарын 2-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Буудайн эгшиг” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 15 дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

2. .........................., 19.................. оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хангайн 10 дугаар гудамжны 409 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Ц.Д нь 2010 оноос 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй “Си Жей Чэйлжеданг” корпорацийн үйлдвэрлэдэг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас тус корпорацийн нэр дээр бүртгэж эрхийн хамгаалалт хийгдсэн “Дашида” нэртэй барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан БНХАУ-ын Эрээн хотын хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг дэлгүүрээс хоол амтлагч бүтээгдэхүүн болон хуурамч “Дашида” нэртэй хоол амтлагчийн уут, хайрцаг зэргийг худалдан авч, улсын хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Хангайн 10 дугаар гудамжны 409 тоотод байрлах өөрийн эзэмшлийн үйлдвэр, агуулахад хадгалж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлаж зах зээлд байнга тогтвортой худалдан борлуулсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

П.Ж нь 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй “Си Жей Чэйлжеданг” корпорацийн үйлдвэрлэдэг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас тус корпорацийн нэр дээр бүртгэж эрхийн хамгаалалт хийгдсэн “Дашида” нэртэй барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан БНХАУ-ын Эрээн хотын хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг дэлгүүрээс хоол амтлагч бүтээгдэхүүн болон хуурамч “Дашида” нэртэй хоол амтлагчийн уут, хайрцаг зэргийг худалдан авч улсын хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Хангайн 10 дугаар гудамжны 409 тоотод байрлах Ц.Дийн эзэмшлийн үйлдвэр, агуулахад хадгалж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 граммаар савлаж зах зээлд байнга тогтвортой худалдан борлуулсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Д, П.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн...” бол тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ. Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар зэргээс харахад шүүгдэгч Ц.Д, П.Ж нар нь “Дашида” гэх бүтээгдэхүүнийг болон тухайн бүтээгдэхүүний уут, шошгыг хуурамчаар үйлдвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хотын “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг дэлгүүрээс “Дашида” нэртэй амтлагчийг худалдан авч Монгол Улс руу зөөвөрлөдөг...” талаар, шүүгдэгч П.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би “Дашида” нэртэй хоол амтлагчийн уутыг БНХАУ-д очиж 1 шуудай уут захиалж хийлгэж ирсэн...” талаар тус тус дурджээ. Шүүгдэгч нарын дээрх мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харвал “Дашида” нэртэй амтлагч нь БНХАУ-ын зах зээлд чөлөөтэй худалдан борлуулагддаг эсэх, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нар нь хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдвэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосноор шүүгдэгч Ц.Д, П.Ж нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох боломжтой юм. Түүнчлэн шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...1 кг савлагаатай “Дашида” нэртэй хоол амтлагч бүтээгдэхүүнийг анх Хятад улсаас оруулж ирсэн цагаасаа эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа үндэсний лавлагаа, лаборторийн газарт өгч шинжлүүлж хариу авдаг байсан, хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд дээрх бүтээгдэхүүнийг шинжлүүлэхээр өгсөн...” талаар тайлбарлаж байгаа боловч энэ талаар шалгаж тодруулсан зүйл байхгүй, нөгөө талаар БНХАУ-аас оруулж ирсэн тухайн амтлагчийн гарал, үүслийн бичгийн талаарх холбогдох баримтуудыг хавсаргаагүй байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгчөөс “Бизнесийн байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа” талаараа илэрхийлжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч байгууллагад нийт хичнээн төгрөгийн бодит хохирол учирсан бэ гэдгийг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй, хавтас хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүйн дээр шүүх гагцхүү хохирогчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэж бодит хохирлыг тогтоох боломжгүй. Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч Ц.Д, П.Ж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцож яллах дүгнэлтээ үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэж хичнээн төгрөгийн орлого олсон, тухайн орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Д, П.Ж нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж л байгаа бол гэмт хэрэг үйлдэж хичнээн төгрөгийн ашиг, орлого олсон ашиг, тухайн ашиг орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар яллах дүгнэлтдээ тусгах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаас харвал шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснээр тухайн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогыг хурааснаар хуулийн дээрх заалт биелэгдэх үндэслэл болох байжээ. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Д, П.Ж нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх “...“Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдвэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай.” гэж дүгнэхдээ 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Б.Шинэдаваагийн “...БНСУ-д бүртгэлтэй “СJ” корпорацийн үйлдвэрлэдэг “Дашида” нэрийн хоол амтлагч /26062/-д үнслэг 2.30 хувь, давс 45.49 хувь, хуурамч гэх “Дашида” нэрийн хоол амтлагч /26063/-д үнслэг 4.62 хувь, давс 61.87 хувь стандарт хэмжээнээс их байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй хоол амтлагч, техникийн ерөнхий шаардлага МNS5519:2005 стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан байна. Тухайн 2 нэрийн хоол амтлагч нь бусад үзүүлэлтээр эрүүл ахуйн аюулгүй шаардлагад нийцэж байна. “Дашида” гэх нэршилтэй 2 уут бүтээгдэхүүний үхрийн зураг бүхий хэсэг нь өнгөний хувьд ялгаатай. Хуурамч гэх бүтээгдэхүүний хаяг шошгонд зурган хэлбэрээр хэрэглэх зааврыг тэмдэглэсэн байна.” гэсэн дүгнэлтийг анхаарч үзэж дүгнэлт хийлгүйгээр хэргийг буцаах үндэслэлийн нэг хэсэг болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлвэрлэгдсэн гэх “Дашида” нэртэй хоол амтлагч бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй “СJ” корпорацийн үйлдвэрлэдэг “Дашида” нэрийн хоол амтлагч бүтээгдэхүүнтэй ижил биш болох нь Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, Ц.Д, П.Ж нар нь БНХАУ-н “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүрээс хоол амтлагч бүтээгдэхүүн болон “Дашида” нэртэй амтлагчийн уут, хайрцаг зэргийг худалдан авч, улсын хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 10 дугаар гудамжны 409 тоотод байрлах Ц.Дийн эзэмшлийн үйлдвэр, агуулахад хадгалж, Бүгд Найрамдах Солонгос Улсад Бүртгэлтэй “Си Жэй Чэйлжеданг” корпорацын үйлдвэрлэдэг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас тус корпорацийн нэр дээр бүртгэж эрхийн хамгаалалт хийгдсэн “Дашида” нэртэй хоол амтлагч мэтээр савлаж, бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагаагаар “...“Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдвэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай...” гэж үзэн хэргийг прокурорт буцаасан захирамжийн энэхүү хэсгийг биелүүлэхэд эргэлзээ төрж, нэгэнт илэрхий болсон нөхцөл байдлыг дахин шалгах шаардлагагүй буюу боломжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/628 тоот захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч О.Алтанчулуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“СJ” корпорацийн зүгээс “Дашида” барааны тэмдэгийг хууль бусаар ашигласан талаар гомдол гаргасан. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан хэлэлцүүлэгт энэ талаар тайлбараа хэлсэн. Яллах дүгнэлтэд бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэсэн байдаг. Гэтэл энэ нөхцөл байдал тогтоогддоггүй. “СJ” корпораци нь тухайн гэмт хэргийн хохирогч мөн эсэх нь эргэлзээтэй. Гаргасан гомдлоос харахад иргэний эрх зүйн харилцаа буюу барааны тэмдэг ашигласан талаар маргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. “СJ” корпораци нь хохирогч мөн эсэх нь эргэлзээтэй, хохирол тогтоогдоггүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Жгийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Хохирогч байгууллагын төлөөлөгч хохирол шаардсан. Гэтэл хэнд, хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдгийг шалгаж тогтоосон зүйл байхгүй. Шинжээчийн зардлыг хохирол гэж үзсэн. Энэ шүүхийн зардалд тооцогдох ёстой. П.Ж сав, баглаа, боодлыг БНХАУ-д үйлдвэрлүүлж авчирсан гэдэг. Монгол улсад “Дашида” нэртэй бүтээгдэхүүн, болон сав, баглааг үйлдвэрлэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хохирол шаардахгүй гэж байна. Гэтэл хохирогчийн төлөөлөгчийн зүгээс хохирол шаардсан. “СJ” корпораци болон “Баясах трейд” ХХК нарын хэн нь хохирогч гэдгийг тогтоох ёстой. “Баясах трейд” ХХК нь Монгол улсад “Дашида” бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг компани гэтэл “СJ” корпорацийн төлөөлөгч нар хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Нэмэлт мөрдөн байцаалтаар зөрчлийн хэрэг юм уу, гэмт хэрэг юм уу гэдгийг тогтоох шаардлагатай. ...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар уг хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогддог. Миний хувьд БНСУ-ын “Си Жэй Чэйлжеданг” корпорацийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. “Баясах трейд” ХХК нь Монгол улсад “Дашида” бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үүрэг хүлээдэг болохоос уг компани нь бүтээгдэхүүний оюуны өмчийн эрхийг эзэмшдэггүй, зөвхөн манай компани эзэмшдэг. “Си Жэй Чэйлжеданг” корпораци хохирогч, “Баясах трейд” ХХК нь хохирогч биш юм. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан прокурор Ц.Шагдарын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх Ц.Д, П.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийг “Дашида” нэртэй амтлагч нь БНХАУ-ын зах зээлд чөлөөтэй худалдан борлуулагддаг эсэх, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нар нь хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг эсэх, “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдвэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тус тус шалгах, Ц.Д, П.Ж нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгаж л байгаа бол гэмт хэрэг үйлдэж хичнээн төгрөгийн ашиг, орлого олсон ашиг, тухайн ашиг орлогыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах шаардлагатай гэж үзэж Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Хавтаст хэрэгт 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын хяналтын улсын байцаагч Б.Шинэдаваагийн “...БНСУ-д бүртгэлтэй “СJ” корпорацийн үйлдвэрлэдэг “Дашида” нэрийн хоол амтлагч /26062/-д үнслэг 2.30 хувь, давс 45.49 хувь, хуурамч гэх “Дашида” нэрийн хоол амтлагч /26063/-д үнслэг 4.62 хувь, давс 61.87 хувь стандарт хэмжээнээс их байгаа нь Монгол Улсад мөрдөгдөж буй хоол амтлагч, техникийн ерөнхий шаардлага МNS5519:2005 стандартын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан байна. Тухайн 2 нэрийн хоол амтлагч нь бусад үзүүлэлтээр эрүүл ахуйн аюулгүй шаардлагад нийцэж байна.

“Дашида” гэх нэршилтэй 2 уут бүтээгдэхүүний үхрийн зураг бүхий хэсэг нь өнгөний хувьд ялгаатай. Хуурамч гэх бүтээгдэхүүний хаяг шошгонд зурган хэлбэрээр хэрэглэх зааврыг тэмдэглэсэн байна.” гэх дүгнэлт авагдсан байх бөгөөд энэ дүгнэлтээс үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлвэрлэгдсэн гэх “Дашида” нэртэй хоол амтлагч бүтээгдэхүүн, Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй “СJ” корпорацийн үйлдвэрлэдэг “Дашида” нэрийн хоол амтлагч бүтээгдэхүүн нь үнслэг, давсны хувиараа, өнгөний хувьд, хуурамч гэх бүтээгдэхүүний хаяг шошгонд зурган хэлбэрээр хэрэглэх зааврыг тэмдэглэсэнээрээ өөр болох нь батлагдаж байна.

Тухайн хэрэгт Ц.Д, П.Ж нар нь БНХАУ-н “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүрээс хоол амтлагч бүтээгдэхүүн болон “Дашида” нэртэй амтлагчийн уут, хайрцаг зэргийг худалдан авч, улсын хилээр нэвтрүүлэн тээвэрлэж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 10 дугаар гудамжны 409 тоотод байрлах Ц.Дийн эзэмшлийн үйлдвэр, агуулахад хадгалж, Бүгд Найрамдах Солонгос Улсад Бүртгэлтэй “Си Жэй Чэйлжеданг” корпорацын үйлдвэрлэдэг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас тус корпорацийн нэр дээр бүртгэж эрхийн хамгаалалт хийгдсэн “Дашида” нэртэй хоол амтлагч мэтээр савлаж, бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байхад мөрдөн шалгах ажиллагаагаар “...“Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдвэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох шаардлагагүй юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэгүүцлийн зарим хэсэг буюу “Жин Лун” нэртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх дэлгүүр нь тухайн “Дашида” нэртэй амтлагчийг хэрхэн үйлдэрлэдэг, холбогдох хууль журмын дагуу авсан зөвшөөрөлтэй эсэхийг тогтоох шаардлагагүй гэсэн хэсгийг хүлээн авах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5-д “Яллах дүгнэлтийн хавсралтад дараахь зүйлийг тусгана.”, 5.3-т “хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж  тус тус заажээ.

Хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч байгууллагад нийт хичнээн төгрөгийн бодит хохирол учирсан бэ гэдгийг нарийвчлан тогтоосон зүйл байхгүй, хавтас хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ хохирол, хор уршгийн талаархи мэдээллийг нарийвчлан тооцож, эцсийн байдлаар яллах дүгнэлтэд тодорхой байдлаар тусгах шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/628 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Шагдарын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ        

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ