Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/392

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,   
Хохирогч И.Х , 
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б т холбогдох эрүүгийн 2538000000475 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Б , 19***оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Ц суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ц сумын 5 дугаар баг Ц тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Р *** дугаартай.  
Холбогдсон хэргийн талаар:  
Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багт байх М.Д ийн гэрт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр И.Х гийн үснээс нь зулгааж, хөл, хэвлийн тус газарт нь өшиглөж, толгойн тус газарт нь төмөр саваар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Х г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зүүн талын далан тус газар 2 удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 5 дугаар баг Ц тоотод байх гэртээ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө И.Х гийн нуруун тус газарт нь нэг удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөр рүү нь нэг удаа цохисон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багт байх М.Д ийн гэрт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр И.Х гийн үснээс нь зулгааж, хөл, хэвлийн тус газарт нь өшиглөж, толгойн тус газарт нь төмөр саваар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Х г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зүүн талын далан тус газар 2 удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 5 дугаар баг Ц тоотод байх гэртээ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө И.Х гийн нуруун тус газарт нь нэг удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөр рүү нь нэг удаа цохисон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000475 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  
Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай эхнэр Х унтаж байхаар нь сэрээх гээд татсан уурлаад байхаар нь цамцны захаас нь татсан үснээс давхар зулгаагдсан. Тэгээд талх барьдаг төмөр сав байхаар нь Х руу шидсэн толгой хэсэг рүү нь оноод толгойг нь хагалсан цус гарч байсан. Тухайн үед хөл рүү нь өшиглөсөн санагдаж байна. Миний уур хүрсэн байсан болохоор сайн санахгүй байна. ...Манай гэрийнхээ банш чимхэж байсан. Тэгээд би сайн санахгүй байна нэг мэдсэн манай охин Г намайг дараад сууж байсан. Тэгэхээр нь би хүүхдээ цээж рүү нь түлхсэн. Манай гэрт байсан Г салгаад байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. ...Х гийн ажил дээр очоод машинаа өгчих гэсэн. Чиний архи гараагүй байна. Машинаа өгөхгүй гэхээр нь би унаж болдгүй яасан юм гэж машин руу нь шороо цацсан. ...Маргалдаж уурласандаа гар хүрсэн...” гэх мэдүүлэг, 
Хохирогч И.Х гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон үйл явдлын тухайд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж ирээд гэр бүлийн найзуудаараа уулзсан. Тэр үед хардалтын асуудал үүсэж маргасан. Би хардуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй боловч манай хүн согтууруулах ундаа хэрэглэсэн учир хардах үйлдэл хийлээ гэж харсан байх. Намайг цохиогүй. Хадам ээжийнд очиж хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлж, бэлдээд гарсан. Мэдүүлэг авч байхдаа хэдэн удаа цохисон, биед чинь халдсан уу? гэж асуухад нь муудалцаж, цохисон гэж хариулсан. 17-ны өдрийн тухайд манай хүн гэртээ найзуудтайгаа ууж байсан. Тэр үед гэр бүлийн найз дүү болох н.Д- ирж бид хашааны гадаа байж байгаад би гэртээ ороход хардаад байсан тул би гэрээс гарч н.М-ынд очиж н.Д-тэй өвөртлөлдөөд унтсан. Айлд очиж хоносон гэх шалтгаанаар маргасан. Тэр үедээ би ууж идчихээд айлд очиж хоносон нь миний буруу гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. 29-ны өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө том машинаа янзлуулж, түлээгээс бэлдэнэ гэж гарч яваад засварын хүнтэйгээ уусан юм шиг байсан. Би тэр үед ажил эрхэлдэг байсан ба ажилчдынхаа 3 хоногийн баншийг чимхэх ажилтай байсан тул хүүхдүүдтэйгээ баншаа чимхээд сууж байтал Г.Б нэлээд халамцуу орж ирсэн. Ирээд хүүхдүүдтэйгээ тоглоод зүгээр байсан. Унтах гээд байж байтал гэнэт машин өг гарна гэхээр нь машин өгөхгүй гэхэд машинаа тойруулж цохиод, гадаа хононо гээд байсан. Тухайн үед манайд хадам дүү н.Г дадлага хийж байгаа гээд ирсэн байсан. Тэгээд хадам дүү, охин бид гурав Г.Быг чирч гэрт оруулсан. н.Г ахыгаа 2 цохиод дээр нь дарж байгаад унтуулсан. Охиноо цохисон асуудал байхгүй. Ор руу түлхэж хөнжил рүү унахад ах нь араас нь аавыг дарж унагаагаад унтуулсан. Өдөр нь тотго руу мөргөсөн байсан юм. Мэдүүлэг өгөхдөө ойр ойрхон архи уугаад байгаа тул хашраая гэж бодоод мэдүүлгээ цохиж зодсон гэж өгсөн. Гэхдээ эрүүгийн хэрэг болж хүндэрнэ гэж бодоогүй...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цохиогүй байхад нь цохисон гэж мэдүүлэг өгсөн...Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраая гэж бодоод мэдүүлэг өгснөөс биш бидний гэр бүлийн харилцаа аюултай байдалд хүрээгүй...08 дугаар сарын 29-ний өдөр маргалдсан. Гэхдээ намайг цохиогүй... 29 өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө намайг цохиогүй...Машинаа өг гэж булаацалдсан нь үнэн. Гэхдээ цохиогүй. Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраах гэж мэдүүлэг өгсөн...Хардаж, агсам тавьдаг болсон. Би өөрөө хамаагүй яриатай, найз нөхөдтэйгөө хамаагүй ярьдаг учраас харддаг болсон байх. Өмнө нь харддаггүй байсан. Энэ жилээс хардаж, хардалтаас нь үүдэн 2-3 удаа маргалдсан...Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг, 
Хохирогч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 28-ний өдөр Хөвсгөл аймгийн мөрөн суманд нөхөр Г.Бын хамт найзуудтай нь явж байгаад 08 дугаар сарын 29-ний өглөө хадам ээж О-гийнд очсон байсан. Чи манай найзтай налж сууж айлгүйтсэн гээд янхан, пизда гэх мэт хэл амаар доромжлоод зүүн талын далан тус газар 2 удаа гараараа цохисон. Тэгээд хэл амаар доромжилж замын турш дарамталж Ц сум орсон. Тухайн үед манай хүүхдүүд бүгд хамт явсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл учирсан асуудал байхгүй. Тухайн үед хадам ээж гэртээ байгаагүй. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ц суманд найзтайгаа гэрийн үүдэндээ 2 лаазтай пиво уусан. Тэгсэн манай нөхөр Б гэртээ хүмүүстэй архи ууж байгаад гарч ирээд хаачаад ирэв чи гээд хардаад орилоод агсам тавиад байхаар нь найз Д-ийн хамт гэрт нь очиж хоносон. Өглөө нь Г.Б ирээд намайг үснээс зулгаагаад хэвлий рүү өшиглөөд толгойн ар хэсэг рүү талхны төмөр саваар нэг удаа цохиж толгой цоолсон. Тэгээд цус гараад байхад Миний хөл болон нуруу руу өшиглөөд байсан Д-ийн нөхөр М- ирж салгасан. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Г.Б гаднаас согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь чимээгүй байж байгаад унтах гээд орондоо ороод хэвтсэн чинь гэрийн гадаа байсан машинаа тойруулаад гараараа цохиод байхаар нь би чи боль гэсэн.  Хүүхдүүдтэйгээ нийлж намайг дээрэлхсэн унаа тэргээ өгсөнгүй пизда, янхан гэх мэт хэл амаар доромжлоод миний нуруун тус газар нэг удаа цохисон. Тэгээд би цааш нь түлхсэн чинь охин Г.Г ыг толгой тус газар 2 удаа гараараа цохисон. Тэгсэн манай гэрт байсан Б ын эгчийн хүүхэд Г гэдэг хүүхэд босож ирээд Б ыг боль гэж хоёр удаа цохиж салгасан. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ байж байсан манай нөхөр Г.Б ирээд миний машин авна гэхээр нь чи согтуу байна гэсэн. Манай ажлын цонх руу чулуу нүүлгээд байхаар нь би гараад боль гэсэн. Миний мөрөн тус газар нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гээд утсаар цагдаа руу залгаад ярьсан чинь яваад гэртээ очоод гэрийн цоож эвдээд гэрт орсон хэвтэж байхад нь цагдаад өгч явуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон доо. Ер нь бол манай нөхөр Г.Б архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг. Эрүүл байхдаа ч гэсэн огцом ууртай хүн байгаа юм. Өмнө 2024 онд нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь цагдаад хэлж баривчлуулж байсан. Тэр цагаас хойш архи уух бүртээ чи цагдаа дууддаг биз дээ тэр цагдаагаа дуудаач гээд намайг дарамтлаад байдаг хүн байгаа юм...Өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...Мөрөн сумын 6 дугаар багийн 42 дугаар гудамжны 08 тоотод оршин суудаг...Манай суманд дулааны шугам тавигдаж байгаа ажил явагдаж байгаа бөгөөд тэр газар тогоочоор ажиллаж байсан бөгөөд Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орно. Тодорхой хаяг байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 09-10, 87-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зодолдсон эсэхийг би мэдээгүй. Тухайн өдөр дүү нартай хамт гэртээ байсан аав адуундаа явлаа гэж яваад орой гэртээ ирэхдээ согтуу ирсэн найзуудаа гэрт аваад ирсэн архи уугаад байсан. ...Ээж надад хэлэхдээ аав чинь талхны саваар миний толгой руу цохисон гэж хэлсэн. Ээжийн толгой угааж байхад нь цус гараад байсан. Тухайн өдөр манай аав машин янзална гэж айл руу явсан ирэхдээ согтуу ирсэн. Ээж бид нар гэртээ банш хийж байсан. Аав гаднаас орж ирээд машины түлхүүр өг гадаа хононо гэх мэт хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид нар унтах гээд орондоо орсон байсан аав гэрээс гараад машин цохиод байхаар нь ээж бид хоёр гэрээс гараад аавыг боль гэсэн. Машины түлхүүр өгөхгүй бол цонхыг нь хагална гээд байсан. Тэгээд гэрт ороод зуухны таг авч шидээд хөлдөөгч дээр байсан юм унагаад байсан. Тэгсэн манай гэрт байсан Г гэдэг ах уурлаад орон дээр аавыг дараад унагасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас), 
Гэрч М.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгэхээр нь би буцаж гараад гэрийн гадаа байж байтал Г.Б, И.Х нар маргалдаад том том дугаралдаж байгаад Б гараад явсан. ...Маргааш өглөө нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 05 цагийн үед Б манай гэрт орж ирээд Х эгчийг үснээс нь зулгаагаад үүд рүү чирээд хэвлий рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Манай гэрт байсан том талх жигнэдэг төмөр саваар Х гийн толгой тус газар нэг удаа цохисон. Толгой хойд хэсгээс маш их цус гарсан. Тэгээд манай нөхөр М- босож ирээд Б ыг салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), 
Насанд хүрээгүй хохирогч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б ах Х эгчийн машин руу шороо цацаад маргалдаад байсан. ...Орой Б ахын гэрт ирсэн байсан. Х эгч толгойгоо угаасан. Толгой угаасан ус нь хүрэн өнгийн цус болсон байсан. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний орой Х эгч хүүхдүүдийн хамт бид нар банш чимхээд сууж байхад Б ах согтуу ирээд гэр рүү шагайж харснаа гэрийн гадаа унаад орж гараад гэрт унтах юм уу гадаа унтах юм уу гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид нар унтах гэж байтал Б ах гэрийн гадаа байсан машин цохиод байсан. Х эгч Г хоёр гаднаас гэрт оруулж ирсэн. Тэгээд агсраад байхаар нь би Бурнээбаатар ахыг ор руу түлхэж унагаад дарж байсан Г ын толгой руу 1-2 удаа цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирээд Б ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас), 
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-р хуудас), 
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаартай “...1. Ичинхорлоогийн Х гийн биед баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. 
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ.
3. Тухайн хэрэг болсон гэх 2025.09.16-ны өдөр үүссэн байх боломжтой байна. 
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас), 
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 436 дугаартай “...1. Б ын Г ын биед духанд цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 
2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. 
3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 
4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-39-р хуудас),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 50-56-р хуудас), 
Хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт (хх-ийн 53-56-р хуудас), 
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 57-83-р хуудас), ярилцлагын тэмдэглэл (хх-ийн 57-64-р хуудас), 
Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт  (хх-ийн 65-66-р хуудас),
Ярилцлагын тэмдэглэл  (хх-ийн 67-69-р хуудас),
Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 70-74-р хуудас), 
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 75-83-р хуудас), 
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 99-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 102-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000475 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  
Харин дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд: 
Хохирогч И.Х нь мөрдөн шалгах ажилгааны шатанд “...2025 оны 08 дугаар сарын 28-ний өдөр Хөвсгөл аймгийн мөрөн суманд нөхөр Г.Бын хамт найзуудтай нь явж байгаад 08 дугаар сарын 29-ний өглөө хадам ээж О-гийнд очсон байсан. Чи манай найзтай налж сууж айлгүйтсэн гээд янхан, пизда гэх мэт хэл амаар доромжлоод зүүн талын далан тус газар 2 удаа гараараа цохисон. Тэгээд хэл амаар доромжилж замын турш дарамталж Ц сум орсон. Тухайн үед манай хүүхдүүд бүгд хамт явсан. Тухайн үед ямар нэгэн гэмтэл учирсан асуудал байхгүй. Тухайн үед хадам ээж гэртээ байгаагүй. 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ц суманд найзтайгаа гэрийн үүдэндээ 2 лаазтай пиво уусан. Тэгсэн манай нөхөр Б гэртээ хүмүүстэй архи ууж байгаад гарч ирээд хаачаад ирэв чи гээд хардаад орилоод агсам тавиад байхаар нь найз Д-ийн хамт гэрт нь очиж хоносон. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Г.Б гаднаас согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь чимээгүй байж байгаад унтах гээд орондоо ороод хэвтсэн чинь гэрийн гадаа байсан машинаа тойруулаад гараараа цохиод байхаар нь би чи боль гэсэн.  Хүүхдүүдтэйгээ нийлж намайг дээрэлхсэн унаа тэргээ өгсөнгүй пизда, янхан гэх мэт хэл амаар доромжлоод миний нуруун тус газар нэг удаа цохисон. Тэгээд би цааш нь түлхсэн чинь охин Г.Г ыг толгой тус газар 2 удаа гараараа цохисон. Тэгсэн манай гэрт байсан Б ын эгчийн хүүхэд Г гэдэг хүүхэд босож ирээд Б ыг боль гэж хоёр удаа цохиж салгасан. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө би ажил дээрээ байж байсан манай нөхөр Г.Б ирээд миний машин авна гэхээр нь чи согтуу байна гэсэн. Манай ажлын цонх руу чулуу нүүлгээд байхаар нь би гараад боль гэсэн. Миний мөрөн тус газар нэг удаа цохисон. Тэгээд цагдаа дуудлаа гээд утсаар цагдаа руу залгаад ярьсан чинь яваад гэртээ очоод гэрийн цоож эвдээд гэрт орсон хэвтэж байхад нь цагдаад өгч явуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон доо. Ер нь бол манай нөхөр Г.Б архи уусан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаг. Эрүүл байхдаа ч гэсэн огцом ууртай хүн байгаа юм. Өмнө 2024 онд нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байхаар нь цагдаад хэлж баривчлуулж байсан. Тэр цагаас хойш архи уух бүртээ чи цагдаа дууддаг биз дээ тэр цагдаагаа дуудаач гээд намайг дарамтлаад байдаг хүн байгаа юм...Өмнөх мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...Мөрөн сумын 6 дугаар багийн 42 дугаар гудамжны 08 тоотод оршин суудаг...Манай суманд дулааны шугам тавигдаж байгаа ажил явагдаж байгаа бөгөөд тэр газар тогоочоор ажиллаж байсан бөгөөд Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орно. Тодорхой хаяг байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 09-10, 87-р хуудас) өгсөн боловч хохирогч И.Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон үйл явдлын тухайд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх гэж ирээд гэр бүлийн найзуудаараа уулзсан. Тэр үед хардалтын асуудал үүсэж маргасан. Би хардуулах ямар нэгэн үйлдэл хийгээгүй боловч манай хүн согтууруулах ундаа хэрэглэсэн учир хардах үйлдэл хийлээ гэж харсан байх. Намайг цохиогүй. Хадам ээжийнд очиж хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлж, бэлдээд гарсан. Мэдүүлэг авч байхдаа хэдэн удаа цохисон, биед чинь халдсан уу? гэж асуухад нь муудалцаж, цохисон гэж хариулсан. 17-ны өдрийн тухайд манай хүн гэртээ найзуудтайгаа ууж байсан. Тэр үед гэр бүлийн найз дүү болох н.Д- ирж бид хашааны гадаа байж байгаад би гэртээ ороход хардаад байсан тул би гэрээс гарч н.М-ынд очиж н.Д-тэй өвөртлөлдөөд унтсан. Айлд очиж хоносон гэх шалтгаанаар маргасан. Тэр үедээ би ууж идчихээд айлд очиж хоносон нь миний буруу гэж бодоод чимээгүй өнгөрөөсөн. 29-ны өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө том машинаа янзлуулж, түлээгээс бэлдэнэ гэж гарч яваад засварын хүнтэйгээ уусан юм шиг байсан. Би тэр үед ажил эрхэлдэг байсан ба ажилчдынхаа 3 хоногийн баншийг чимхэх ажилтай байсан тул хүүхдүүдтэйгээ баншаа чимхээд сууж байтал Г.Б нэлээд халамцуу орж ирсэн. Ирээд хүүхдүүдтэйгээ тоглоод зүгээр байсан. Унтах гээд байж байтал гэнэт машин өг гарна гэхээр нь машин өгөхгүй гэхэд машинаа тойруулж цохиод, гадаа хононо гээд байсан. Тухайн үед манайд хадам дүү н.Г дадлага хийж байгаа гээд ирсэн байсан. Тэгээд хадам дүү, охин бид гурав Г.Быг чирч гэрт оруулсан. н.Г ахыгаа 2 цохиод дээр нь дарж байгаад унтуулсан. Охиноо цохисон асуудал байхгүй. Ор руу түлхэж хөнжил рүү унахад ах нь араас нь аавыг дарж унагаагаад унтуулсан. Өдөр нь тотго руу мөргөсөн байсан юм. Мэдүүлэг өгөхдөө ойр ойрхон архи уугаад байгаа тул хашраая гэж бодоод мэдүүлгээ цохиж зодсон гэж өгсөн. Гэхдээ эрүүгийн хэрэг болж хүндэрнэ гэж бодоогүй...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цохиогүй байхад нь цохисон гэж мэдүүлэг өгсөн...Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраая гэж бодоод мэдүүлэг өгснөөс биш бидний гэр бүлийн харилцаа аюултай байдалд хүрээгүй...08 дугаар сарын 29-ний өдөр маргалдсан. Гэхдээ намайг цохиогүй... 29 өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө намайг цохиогүй...Машинаа өг гэж булаацалдсан нь үнэн. Гэхдээ цохиогүй. Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраах гэж мэдүүлэг өгсөн...Хардаж, агсам тавьдаг болсон. Би өөрөө хамаагүй яриатай, найз нөхөдтэйгөө хамаагүй ярьдаг учраас харддаг болсон байх. Өмнө нь харддаггүй байсан. Энэ жилээс хардаж, хардалтаас нь үүдэн 2-3 удаа маргалдсан...Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэж мэдүүлж байх тул хохирогч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 09-10, 87-р хуудас) -ийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Ц сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байх н.Д-ийн гэрт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр И.Х гийн үснээс нь зулгааж, хөл, хэвлийн тус газарт нь өшиглөж, толгойн тус газарт нь төмөр саваар цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Х гийн эрүүл мэндэд баруун зулайд шарх бүхий хохирол учирсан. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Х нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний толгой руу төмөр саваар цохисон гэж мэдүүлсэн учраас уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох боломжтой гэж үзэж байна. Иймд Г.Б-ыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр И.Х гийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч И.Х нь би мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхрөө айлгах зорилгоор зодсон, цохисон асуудлыг гэж ярьсан гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдал нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0**** тоотод 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний зүүн далан тус газар 2 удаа, Ц сумын 5 дугаар баг Цэлгэрийн 414 тоотод байх гэртээ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө И.Х гийн нуруун тус газарт нь 1 удаа, Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөр рүү нь 1 удаа цохисон гэж хохирогч нь мөрдөх шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн боловч өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт цохиж, зодсон зүйл байхгүй байхад нөхрөө айлгах зорилгоор дээрх хугацаанд намайг зодож зохисон гэж мэдүүлсэн гэх зүйл ярьж байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох И.Х г байнга зодсон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд, хохирогч И.Х гийн худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна...” гэв. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч нь өнөөдрийн шүүх хуралдаанд дээрх асуудал болоогүй, Г.Б цохиж, зодоогүй, нөхрөө айлгах, хашраах зорилгоор мэдүүлэг өгсөн гэх зүйлийг ярьж байна. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох И.Х г байнга зодсон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Мөн хохирогч нь зодсон, цохисон, танхайрсан, маргасан асуудлуудыг нэг утгаар ойлгож, учир холбогдлыг нь сайн ойлгохгүй байна. ...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан бөгөөд хохирогч И.Х гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Мэдүүлэг өгөхдөө ойр ойрхон архи уугаад байгаа тул хашраая гэж бодоод мэдүүлгээ цохиж зодсон гэж өгсөн. Гэхдээ эрүүгийн хэрэг болж хүндэрнэ гэж бодоогүй...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цохиогүй байхад нь цохисон гэж мэдүүлэг өгсөн...Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраая гэж бодоод мэдүүлэг өгснөөс биш бидний гэр бүлийн харилцаа аюултай байдалд хүрээгүй...08 дугаар сарын 29-ний өдөр маргалдсан. Гэхдээ намайг цохиогүй... 29 өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө намайг цохиогүй...Машинаа өг гэж булаацалдсан нь үнэн. Гэхдээ цохиогүй. Ойр ойрхон архи уугаад байхаар нь хашраах гэж мэдүүлэг өгсөн...Хардаж, агсам тавьдаг болсон. Би өөрөө хамаагүй яриатай, найз нөхөдтэйгөө хамаагүй ярьдаг учраас харддаг болсон байх. Өмнө нь харддаггүй байсан. Энэ жилээс хардаж, хардалтаас нь үүдэн 2-3 удаа маргалдсан...Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлгээр Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр И.Х г Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зүүн талын далан тус газар 2 удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 5 дугаар баг Ц тоотод байх гэртээ 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө И.Х гийн нуруун тус газарт нь нэг удаа цохисон, 
Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөр рүү нь нэг удаа цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Г.Бын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох” дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Г.Бт Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Ц сумын 6 дугаар багт байх М.Д ийн гэрт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр И.Х гийн үснээс нь зулгааж, хөл, хэвлийн тус газарт нь өшиглөж, толгойн тус газарт нь төмөр саваар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч И.Х гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас), гэрч М.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас), насанд хүрээгүй хохирогч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 5-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Р.Ням-Осорын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-33-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.  
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов. 
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Б нь хохирогч И.Х гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч И.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэлд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Г.Б нь 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд сургууль, цэцэрлэгээр хүмүүждэг. Эхнэр И.Х нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Г.Б нь жилийн 4 улиралд малаа маллаж амьдардаг. Тиймээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохиромжгүй юм. Шүүгдэгч Г.Б гэм буруугийн тал дээр маргаагүй болон хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103-р хуудас)-аар тогтоогдож байна.  
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Ц сумын хилийн дээсээр тогтоож, 1 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Ц сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэв. 
Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2538000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Б т Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. 
   2. Шүүгдэгч Гозон овогт Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Ц сумаас гадагш явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.  
6. Шүүгдэгч Г.Бын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2538000000475 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР