| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2338/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2616 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: С.Бичинхүү,
Шүүгдэгч/хохирогч: Г.А, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл,
Шүүгдэгч/хохирогч: Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А, Ц.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305041231899 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.А нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, *** зочид буудалд иргэн Ц.Цгийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, *** зочид буудалд иргэн Г.Аын нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч/хохирогч Г.А шүүх хуралдаанд:” Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. гэв.
Хохирогчоор Г.А шүүх хуралдаанд: “Миний хувьд энэ хүнийг *** зочид буудалтай хамтарч ажилладаг гэдгийг мэдээгүй. *** зочид буудлын эзэн Ц эгчийн дүү нь гэдгийг би мэдээгүй. Би *** трейдэд хүссэн үедээ орж гарч байдаг. Тэр газрын реклам зар сурталчилгааг хийж өгдөг. Тэр газар хоносон найзуудтайгаа хамт байсан. Ресторан нь хаалттай байсан тул өөр газар хоол идэх гээд гарсан. Би тэр өдөр ресейпшнд нь буцаж ирээд тооцоогоо хийчихье, болохгүй бол маргааш нөгөөдөр өгчихнө гэж хэлсэн. Тэр үед энэ ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, би чамайг халхын шоронд хийнэ, шоронгийн атаманд хэлнэ гэдэг үгнээс болж муудсан. Тэгээд бид хоёр муудалцаад би энэ ахыг цохисон үйлдэл байгаа, миний буруу хүлээн зөвшөөрч байна. Намайг 3 ах гурвуулаа түлхэж плита дээр нүүрээр минь унагасан нь үнэн. Сэтгэл санааны хохирол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ би чамайг хутгална, орцны чинь гадаа очиж хутгална, хүүхдүүдийг чинь орж зодож ална гэдэг үгнээс эмээдэг болсон бусдаар гомдол санал байхгүй” гэв.
Шүүгдэгч/хохирогч Ц.Ц шүүх хуралдаанд: “Би энэ хүний биед хүрээгүй. Манай хамгаалагч нар хуулийн байгууллагад олон жил ажилласан тэтгэвэртээ гарсан хүмүүс байгаа. Согтсон хүнийг ална, хядна гэж хэлдэг хүн биш. Хууль дүрмээ мэддэг хүмүүс байгаа. Би хүнийг заналхийлэх асуудал байхгүй. Би үүдэн шүд болон хажуу талын шүдээ авхуулсан байгаа. Эмчилгээний баримтаа өгсөн байсан, алга болсон байсан. 4.730.000 төгрөг дээр нэмж сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна” гэв.
Хохирогчоор Ц.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би *** зочид буудалд харуул хамгаалалт, цахилгаан хариуцсан инженер хийдэг юм. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 10 цагийн орчим буудлын хувцасны өлгүүрт найз Б-н хамт юм яриад сууж байтал буудлын үүдэнд ресейпшн, хамгаалагч руу нэг согтуу залуу орилоод төлбөр тооцоогоо хийхгүй гарна гээд байсан. Тэгэхээр нь би хувцасны өрөөнөөс гараад ахын дүү буудлынхаа төлбөрийг хийгээч гэхэд “хулгайч минь чамд хамаагүй, цаашаагаа зайл” гэж хэлсэн. Би буцаж хувцасны өрөөнд ороод сууж байтал нөгөө согтуу залуу дахиж орилоод хамгаалагч руу дайраад байхаар нь би тухайн залуу дээр очоод чамд мөнгө байхгүй бол гар утсаа барьцаанд тавиад яваач гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гээд миний хувцаснаас барьж аваад дайраад миний нүүр рүү 3-4 удаа цохиж үүдэн доод нэг шүд хөдөлгөсөн... Тухайн согтуу залуу орилоод, галзуу солиорлын байдалтай, яаж ч мэдэхээр байхаар нь би дээд давхар руу гарсан.... Цагдаа дуудах хооронд согтуу залуу найзуудын хамт явчихсан. Цагдаа ирэхэд миний шүд унах гээд хөдлөөд санжганасан байгаагаа харуулсан..." гэсэн мэдүүлэг (хх-н 202),
Хохирогчоор Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө үүрээр 4 цагийн үед би 3 найзын хамт Баянгол дүүргийн 27 дугаар хороо, *** зочид буудалд 707 тоот 2 ортой өрөө авч орсон. Тухайн үед тооцоог нь хийгээгүй, гарахдаа хийнэ гэж ресейпшнд хэлсэн. Өглөө 10 цаг өнгөрч байхад найзуудтайгаа хоол идэх гэхэд буудлын ресторанаас хоол гарахгүй гэхээр нь гарч хоолонд орох гэтэл ресейпшн нь гаргахгүй, мөнгөө төлөөд гар гэж хэлсэн. Удалгүй жижиг шилэн өрөөнөөс настай ах гарч ирээд намайг хараалын үгээр “ална, шоронд хийнэ” гэж хэлэхээр нь "чи юу юм бэ" гээд хоорондоо муудалцаж маргасан. Удалгүй тэр ах намайг түлхэхээр нь би очоод уулзах гэхэд миний нүүр рүү цохихоор нь хоорондоо барьцалдаж аваад хамгаалагч ах намайг доош дархаар нь би мултарч гарсан. Тэгээд шилэн өрөөнөөс дахин нэг эрэгтэй хүн гарч ирээд миний хувцаснаас зулгаагаад маргалдсан. Удалгүй захирал нь гарч ирэхээр нь болсон зүйлийн талаар хэлсэн..." гэсэн мэдүүлэг (хх-н 217-218),
Гэрч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өглөө 09 цагт өмнөх ээлжээс ээлжээ хүлээж аваад ажлаа хийж байсан. 11 цагийн үед нэг согтуу залуу буудалд хоночхоод мөнгөө төлөхгүй буудлын өрөөнөөс гарна гээд ресейпшн Г-тай маргаад байхаар нь би үүдэнд “чи мөнгөө төлөө чамайг гаргахгүй” гэж шаардлага тавихад Ц.Ц найзтайгаа хамт өлгүүрийн өрөөнөөс гарч ирээд тухайн согтуу залууд төлбөрөө төлөөч ээ гэж хэлсэн. Согтуу залуу явна гэхээр нь Ц.Ц явуулахгүй гэхэд согтуу залуу нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тухайн залуу буудлын төлбөрөө төлөхгүй, мөнгө байхгүй гээд ресейпшнд гар утсаа үлдээгээд буудлаас гарсан.... шүүх эмнэлэгт үзүүлэхгүй..." гэсэн мэдүүлэг (хх-н 19),
Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр найз Ц.Цтэй *** зочид буудлын нэг давхарт ресторанд нь хоол захиалчхаад хувцасны өлгүүрийн өрөөнд хамт байж байтал коридорт нь нэг согтуу хүн орилж хашхираад байсан. Ц.Ц өрөөнөөс гараад үүдэнд байгаа хүмүүсийг хартал үүдний ресейпшн энэ хүн шөнө хоночиход буудлынхаа мөнгийг өгөхгүй гарах гээд байна гэж хэлэхээр нь Ц.Ц тухайн согтуу залуу дээр очоод буудлын төлбөрийг төлөөд яваа гэхэд нөгөө согтуу залуу та нарыг ална шүү надаас мөнгө авдаг хэн бэ гэж орилоод удалгүй хувцасны өрөөнд Ц.Ц орж ирээд байж байтал согтуу залуу үүдэнд та нарыг алнаа гэж орилж хашхираад байхаар нь дахин Ц.Ц өрөөнөөс гараад нөгөө залууг боль гэж хэлэхэд согтуу залуу Ц.Цгийн нүүр рүү цохиход малгай нь газарт унаж байгаа харагдсан. Тухайн залуу шаардлага хүлээж авах ухаан байхгүй, бүгдийг нь ална гээд байхаар цагдаа нь ирээд шийдэг гээд больсон..." гэсэн мэдүүлэг (хх-н 21),
Гэрч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагт би өрөө хүлээж аваад Г.А гэх хүний байрлаж байсан 707 тоот өрөөний хаалгыг тогшоод "та өрөөгөө суллаж өгөх үү, эсвэл суллах уу" гэж Г.А гэх хүнээс асуухад "өрөөгөө сунгана" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "та өмнөх тооцоогоо хийж байж дараагийн сунгалтаа хийнэ" гэж хэлсэн. Тэгсэн Г.А надаас "танайд архи байна уу" гэж асуухаар нь би "зочид буудлын өрөөнд архиар үйлчилдэггүй" гэж хэлсэн. Тэгээд би доошоо буугаад үүдний хэсэгт, зочин хүлээж авах хэсэгт очсон. Тэгээд түүний дараа би хэд хэдэн удаа очиж "өрөөгөө хүлээлгэж өгөөрэй" гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Г.А гэх хүн нэлээд согтолтын байдалтай бууж ирээд шууд хаалгаар гарах гэхээр нь би "хүүе тооцоогоо хийгээд гараач" гэж хэлсэн, тоохгүй болохоор нь би хаалган дээр очоод "тооцоогоо хийгээд гараач" гэж хэлсэн чинь цаанаас Ц.Ц ах гарч ирээд "хүүе залуу тооцоо мөнгө байдаг бол хийгээд гараач ээ" гэж хэлсэн. Г.А гэх хүн Ц.Ц ахад хандаж "чи дуугай бай чамд хамаагүй" хэлсэн. Тэгсэн Г.А Ц.Ц ахтай зууралдаад авсан. Тухайн үед хамгаалагч бас ирээд бужигнасан асуудал болсон. Тэгээд Г.А, Ц.Ц хоёрын хооронд маргаан болсон. Би тухайн үеийн болсон явдлын талаар сайн мэдэхгүй, санахгүй байна. Ямар ч байсан айхтар цохиж, зодолдсоныг тодорхой хараагүй. Барьцалдаж аваад бужигнасан зүйл болсон..." гэсэн мэдүүлэг (хх-н 155-156),
Гэрч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө Б-тэй ярьсан чинь Б төмөр замын *** зочид буудалд хүрээд ир ээ би Г.Атай хамт байна гэж хэлэхээр би 10 цагийн орчим очоод Г.А, Б нарын байсан гэх өрөөнд орсон /би дугаарыг нь санахгүй байна, учир нь тэр өдөр би согтуу байсан/. Тэгээд буудлын өрөөнд орсон Г.А, Б хоёр байсан ба нэг виски ууж байсан. Тэгээд би түүнээс нь хуваагаад ууж байсан чинь буудлын цаг нь дуусаад гарахаар болсон. Тэгээд Г.А түрүүлээд гарсан би хэсэг хугацааны дараа гараад үүдэнд зогсож байсан. Тухайн үед маргаан болоод байх шиг байсан ба би Г.Аын хажууд байгаагүй. Бтэй Г.Аыг авах гээд зогсож байсан. Харин би буудлын гадаа тэр хоёрыг хүлээгээд зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Г.А миний гар утас алга болчихсон, тэгээд нэг ах нь гэнэт, нэг газраас утас гаргаад ирэхээр нь маргаан болсон гэж хэлсэн. ...хараагүй, тухайн маргаан болох үед би байгаагүй..." гэсэн мэдүүлэг (хх-н 158),
Гэрч Т.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Миний санаж байгаагаар 2 жилийн өмнө 11 сард Г.Атай Мент бааранд шөнийн 03 цагийн үед таарсан. Баарнаас Цээгий, Г.А бид 3 Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд руу явсан. Тухайн шөнөө уг зочид буудалдаа бид гурав хоносон бөгөөд өглөө нь 08 цагийн үед сэрээд юм идэх зорилгоор бид гурав гарсан. Зочид буудлаас гарах үед төлбөр тооцоо төлөх зүйл болсон чинь Г.А өө наадах чинь миний таньдаг буудал байгаа юм гэж хэлсэн. Тэгснээ Г.А буудлын ресепшнд нь би хоол идчихээд буцаж ирээд хийчихнэ гэж хэлээд байх шиг байсан. Би буудлаас Цээгийтэй хамт түрүүлээд гарсан байсан. Хэсэг хугацаанд буудлын гадна Г.Аыг хүлээж байгаад би буцаж зочид буудал руу эргээд ортол хоёр хамгаалагчтай юм яриад байж байх үед үл таних эрэгтэй хүн цаад талаас нь гарч ирээд Г.Атай маргалдсан. Маргалдсан гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ингэж байтал Г.А миний гар утас алга болчихлоо гэж хэлсэн. Ингээд бид хэд Г.Аын гар утсыг хайж байтал Г.Атай маргалдсан гэх үл таних эрэгтэй нэг газраас гар утсыг нь гаргаж ирсэн. Тэгтэл Г.А уг үл таних эрэгтэйг “чи яахаараа миний гар утсыг авдаг юм” гэж хэлээд зууралдсан. Хамгаалагч нар салгасан. Дараа нь нөгөө үл таних хүн Г.Аыг шүд гэмтээчихлээ гэж хэлсэн. Би шүдийг нь хартал цус гарсан зүйлгүй. Шүд нь өмнө нь хөдөлсөн байсан байтал хэлээрээ түлхсэн чинь хөдлөөд байсан. Тэгж байгаад Цээгий бид хоёр Г.А-г дагуулаад явсан..." гэсэн мэдүүлэг (хх-н 160-161),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 14470 тоот дүгнэлтэд: “Ц.Цгийн биед зүүн доод үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна" гэжээ. (хх-н 206-207),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14551 дугаар дүгнэлтэд: "Г.Аын биед зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна" гэжээ (хх-н 222-223),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ЕГ0825/2163 тоот дүгнэлтэд: "***-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Ц.Цгийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2023 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой" гэжээ (хх-н 194-196),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн ЕГ0825/2162 тоот дүгнэлтэд: " Г.А -н сэтгэцэд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байх тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэжээ (хх-н 210-211),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-28/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 34/, шүүгдэгч/хохирогч Г.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63, 67-75, 78-80, 82-84, 94-113/, шүүгдэгч/хохирогч Ц.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 85, 87-88, 92-93, 114-117/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, *** зочид буудалд зочид буудлын тооцоо хийх талаар гарсан маргааны улмаас иргэн Ц.Цгийн нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Ц.Ц нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, *** зочид буудалд зочид буудлын тооцоо хийх талаар гарсан маргааны улмаас иргэн Г.Аын нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Аын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.А, Ц.Ц, гэрч Т.Б, О.Б, Х.Г, Т.Ц, Т.Б нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч Г.Наранцэцэг: “Миний үйлчлүүлэгч цохисон асуудал байхгүй. Хоёр гэрчийг худлаа гэрчилсэн гэж үзэх үү. Аман дотор нь цус гарсан байсан гэдгийг хэлсэн. ...Ийм учраас миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Г.Аын эрүүл мэндэд халдан, хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Хэрэг болох үед шүүгдэгч Ц.Ц, Г.А нь хоорондоо маргалдан, тухайн маргалдааны улмаас шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Г.Аын эрүүл мэндэд халдан хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хууль сануулж өгсөн хохирогч Г.Аын мэдүүлэг, тухайн мэдүүлгийг давхар нотолсон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзсэн.
Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Г.Аыг цохиж гэмтэл учруулаагүй гэх боловч тухайн цаг хугацаанд болсон үйл баримтаар Ц.Ц, Г.А нарын хооронд маргаан үүсэж, харилцан барьцалдан хэн хэнийгээ цохисон, уг үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь нотлогдлоо.
Шүүгдэгч Г.Аын эрүүл мэндэд тухайн үйл явдал болсон цаг хугацаанд гэмтэл учирсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээхгүй ба түүний мэдүүлэг нь бусад баримтуудаар нотлогдохгүй, харин хохирогч Г.Аын мэдүүлэг бусад баримтуудаар шүүгдэгч Ц.Цгийн мэдүүлэг няцаагдаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхэг урд өмнө хэрэг шүүхэд ажиллаж байсан ба мөрдөн байцаалтад буцаад дахин ирэх үед ажиллахгүй болсон байсан болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.А, Ц.Ц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо муудалцаж, улмаар харилцан зодолдон, хэн хэнийхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А, Ц.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Г.А, Ц.Ц нарын үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.А, Ц.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.
Хохирогч Г.А шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршиг учраагүй, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Цг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Хохирогч Ц.Ц нь хавтас хэрэг болон шүүх хуралдаанд шүдний эмчилгээ хийлгэсэн, дансны хуулганд дурдсан 3.950.000 төгрөг, хохирогч Ц.Цгийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэргийн хохирол учирсан ба хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000, нийт 6.700.000 төгрөгийг шүүгдэгч Г.Аас гаргуулж хохирогч Ц.Цд олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхтэй холбогдуулан түр завсарлага авч хохирогч Ц.Цд 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн болно.
Иймд шүүгдэгч Г.Аас 3.700.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Ц.Ц нь цаашид эмчилгээ хийлгэх талаар мэдүүлсэн ба цаашид хэр хэмжээний хохирол гарах эсэх нь тодорхойгүй, шүүх хийсвэрээр дүгнэлт хийж гаргуулах боломгүй байх тул дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А, Ц.Ц нарт 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Аын өмгөөлөгч “гэм буруугийн талаар маргаагүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Ц.Цгийн өмгөөлөгч “Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч Г.А, Ц.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.А, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Г.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн зарим хохирлыг нөхөн төлсөн, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч гомдолгүй, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 4500 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж /ажилладаггүй/, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- шүүгдэгч Ц.Цг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР