Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/583

 

 

Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбат,

хохирогч О.Алтансүх,

            нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Дд холбогдох эрүүгийн 2010000000813 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

................., 19...... оны ...... дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 6а байрны 161 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Ж.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байранд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.Алтансүхийг “мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ...................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Дийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Ж.Дд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Дээс 2.000.000 төгрөгийг хохирогч О.Алтансүхэд төлсөн болохыг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Дд сануулж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байр нь орцондоо болон цахилгаан шатандаа хяналтын камертай бөгөөд Ж.Дийн зүгээс хэргийг шалгах явцад Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбатад “би О.Алтансүх гэдэг хүнийг зодоогүй, манай орц цахилгаан шатны хяналтын камерыг шалгаж өгөөч” гэсэн хүсэлтийг гэрчээр мэдүүлэг өгсний дараа амаар гаргахад шалгана гэсэн боловч нотолбол зохих байдлыг тогтоож шалгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хувьд камерын бичлэгийг шалгах шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг шалгаагүй байна гэж мэтгэлцсэн боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн гэм бурууг шийдвэрлэсэн. Хохирогч О.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн үед эдний том охин нь ааваа хүн аллаа боль гээд салгасан, түлхэгдэж гарахад охин нь миний утас цүнхийг авчирч өгсөн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд байж байхад Дашдэмбэрэлийн жолооч гэх залуу ирж салгасан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Ж.Д нь хохирогч гэх О.Алтансүхийг зодсон эсэх болон тухайн үед юу болсныг үзсэн, харсан гэрч нар байсаар байтал хэт нэг талыг барьж нотолбол зохих байдлыг тогтоолгүйгээр гэм бурууг шийдвэрлэсэн. Мөн хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт /№9341/ нь хууль ёсны үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, үндэслэл муутай дүгнэлт байхад хууль ёсны үнэн зөв баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтас хэргийн 20 дугаар талд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол авагдсан байх ба уг тогтоолын шинжээчид тавьсан асуулт хэсгийн 3-т “Уг гэмтэл нь цаг хугацааны хувьд хэзээ үүссэн байж болох вэ” гэсэн асуултыг тавьсан бөгөөд энэ нь тухайн гэмтэл нь цаг хугацааны хувьд хэзээ буюу гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн эсэхэд л хариулт авах асуулт юм. Гэтэл 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр О.Алтансүхийн биед үзлэг хийсэн 9341 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т “дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ. Энэ нь шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах гэснийг зөрчиж мөрдөгчийн асуултанд бүрэн гүйцэд хариулаагүй гэмтэл 2020 оны 8 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд ч үүссэн байж болохоор хууль ёсны үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байдлыг үүсгэсээр байтал шүүх нэг талыг барьж гэм бурууг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тодорхойлж дүгнэж чадаагүй. Хэрэв хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9641/ хууль ёсны үнэн зөв гэж үзвэл О.Алтансүхийн биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Харин О.Алтансүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээ сувилгаатай холбоотой гаргаж өгсөн баримтууд нь /хх 26-29/ Улаанбаатар Сонгдо Эмнэлгийн мэс засал хийлгэсэн болон ор хоног, мэс заслын дараах эмчилгээ, сувилгаатай холбогдон гарсан зардал байх ба ямар шалтгааны улмаас ямар эмчилгээ, хагалгаа хийлгэсэн нь тодорхойгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн карт, өвчний түүх байхгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг 1.924.010 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлгүй байна. Шүүхээс ял оногдуулахдаа Ж.Дийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн болон хувийн байдал болох дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан ял оногдуулсан атлаа 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай бөгөөд Ж.Дийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэдийгээр гэм буруугийн асуудал дээр маргасан боловч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн 2.000.000 төгрөгийг хохирогч гэх О.Алтансүхэд төлсөн байтал зөвхөн О.Алтансүхийн “миний хувьд Ж.Дд маш их гомдолтой байна, бид хоёрын хооронд өр авлагын асуудал ихтэй 70.000 доллар өгсөн” гэх нотлох баримтгүй мэдүүлэгт тулгуурлан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч О.Алтансүх тус шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус давж заалдах гомдлын эхний хэсэгт “...2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гардан аваад бүхэлд нь зөвшөөрч...” гэж, 3 дугаар хэсэгт “...гэм буруугийн асуудал дээр маргасан боловч шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хохирлыг төлсөн...” гэж тус тус заасан нь өмгөөлөгч, мөн түүний үйлчлүүлэгч шүүгдэгч Ж.Д нар нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлснөө мэдэгдэж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг зөвхөн хохирогч миний мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлээгүй, тэгэх ч боломжгүй юм. Тус шийдвэрийг шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, бусад гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, гэм буруугийн хэлбэр зэргийг тогтоосон тухай дүгнэлт хэсэгт заасан байна. Өмгөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдолдоо шүүгдэгчийн том охин болон жолоочоос гэрчийн мэдүүлэг авалгүй, нотолбол зохих байдлыг тогтоолгүйгээр гэм бурууг шийдвэрлэсэн гэж бичжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-д зааснаар Монгол Улсын иргэн нь “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6-д “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн охин эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгчийн жолооч хэргийн болсон явдлыг хараагүй, үнэн бодит байдлыг мэдэхгүй тул дээрх гомдлын шаардлага нь үндэслэлгүй байна. Миний бие хэрэг гардаг өдөр шүүгдэгч Ж.Дд зодуулсныхаа дараа ГССҮТ-д очиж үзүүлэхэд тархи доргилттой, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцралтай хэмээн тогтоосон. Шүүгдэгч Ж.Д нь миний толгой руу, дух хэсэгт хэд хэдэн удаа хүчтэй цохиж, сэгсэрч, заамдан авч лифтны хана мөргүүлж, хавирга хэсэгт хүчтэй цохиж гэмтэл учруулсан учраас дээрх гэмтлүүд бий болсон. Мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд шинжээч Б.Ундармаагийн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн 21.4-т заасан хариуцлага хүлээлгэх тухай урьдчилан сануулсан тухай, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна.” гэж заасны дагуу шинжилгээний дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу гаргасан гэж итгэж байна. Би шүүгдэгчид зодуулсныхаа дараа Улаанбаатар Сонгдо эмнэлэгт эмчилгээ хийлгүүлсэн. Ходоодны хорт хавдрын хагалгаанд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр орж, 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл эмнэлэгт эмчлүүлсэн болохоор хагалгааны оёдол задрахаас авхуулаад хагалгааны дараа биед минь гэмтэл учруулсан болохоор өөрийн мөнгөөр эмчилгээ хийлгүүлсэн. Хагалгаанд орохын өмнө би Ж.Дд энэ тухайгаа хэлсэн, яаралтай хүнд хагалгаанд орохоор болсон, зээлсэн мөнгөө авах тухай хэлсэн, гэвч надад ямар ч мөнгө өгөөгүй. Гэтэл намайг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байгааг мэдсээр байж зодож, гэмтэл учруулж, хэл амаар доромжилсонд миний бие гомдолтой байхын аргагүй. Энэ тухай анхан шатны шүүхэд дэлгэрэнгүй ярьж хэлсэн. Би түүнд олон удаагийн зээлээр нийт 375.000 ам.доллар, 88.000.000 төгрөг, 10.000 сингапур доллар, 200.000 хонгконг доллар зээлсэн. Бид хоёрын хооронд өр авлагын тооцоо хийж, баталгаажуулсан баримт байгаа. Намайг хүнд хагалгаанд орсныг мэдсэн атлаа шүүгдэгч Ж.Д зодож, гэмтэл учруулсанд би үнэхээр их гомдолтой байна. Өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд өмгөөлөгч хэрэг маргааныг бүрэн гүйцэт ойлгоогүй, шүүх хуралдаанд оролцсон мөртлөө хэргийн учир шалтгааныг ойлгож мэдээгүй байна гэж хохирогч миний хувьд үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбатын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ж.Дд холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын 6а байранд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч О.Алтансүхийг “мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Алтансүхийн “...Тэгэхээр нь орцны гадаа цаг гаран сууж байгаад одоо ирсэн байх гэж бодоод буцаж ороод хаалгыг нь тогштол хаалгаа тайлаад намайг шууд заамдаж дух хэсэгт гараараа цохисон. Тэр үед миний толгой манарч үүдний сандал дээр суусан. Тэгээд намайг түлхэж гэрээсээ гаргасан. Араас гарч ирээд намайг ална гэж хэлээд заамдаж цахилгаан шатанд сууж намайг заамдаж байгаад лифтны хана мөргүүлсэн. Тэгээд доор 1 давхарт буусан ...” /хх 7-13/,

Гэрч Г.Хандсүрэнгийн “...2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр өглөө эрт 8 цаг өнгөрч байхад Дашдэмбэрэлтэй уулзана гэж хэлээд гараад явсан. Манай нөхөр гадаа үүдэнд нь сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуутал мөнгөө нэхэхэд хаалгаа онгойлгоод шууд цохисон гэж хэлсэн. ...” /хх 18-19/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9341 дугаартай “...О.Алтансүхийн биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-23/ гэх дүгнэлт болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг бөгөөд шүүгдэгч Ж.Д, хохирогч О.Алтансүхийг “мөнгө нэхлээ, гэрийн хаалга хүчтэй цохилоо” гэх шалтгаанаар маргалдан зодож, түүний биед тархи доргилт, хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбат “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад  нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж хэргийн бодит байдлыг тогтоосон байх бөгөөд дахин энэ хэрэгт шалгавал зохих байдлууд тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Дийн өмгөөлөгч Ш.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ        

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ