Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч А.Дарханбаатар түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

хохирогч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хар соён овогт Аюурзанын Дарханбаатарт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201726020754 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Хар соён овогт Аюурзанын Дарханбаатар, /РД:ТЗ76022271/ 1976 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дархан Уул аймаг Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар Зүүн нарангийн 22-13 гудамжны  53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч А.Дарханбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Дарханбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 28-ны өглөө манай хашааг түрээслэдэг айл машинаа гаргаад хашааны том хаалга онгорхой орхисон байсан. Манай эхнэр Энхжаргалд машинаа гаргасан юм бол хашааны хаалгаа хааж байгаач гэсэн шаардлага тавихад нь хэл амаар доромжилсон байсан. Энэ асуудлаас болоод манай эхнэр нилээн уурлаад орж ирсэн. Тэгээд би тэр өдрийн 13 цагийн үед охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гартал хашааны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би түрээслэдэг айлынхаа хаалгаар нь шагайгаад та нар машинаа гаргасан юм бол хаалгаа хааж бай, хашаа гэр эзэнгүй үлдэж байна гэж хэлтэл Энхжаргал над руу таавчигаа шидэхээр нь би хаалгыг нь хаагаад гарсан. Тухайн үед манай охин намайг хашааны гадна хүлээж байсан. Би хашааныхаа том хаалгыг хаагаад жижиг хаалгаараа гарах гээд явж байтал Энхжаргал миний араас чи намайг дээрэлхдэг хэн бэ гэж орилж гарч ирээд куртикнээс зулгаасан. Намайг барьж аваад тавихгүй, заамдаад нүүр толгой руу цохиж, үсдэж байсан. Миний хөл хугархай тул зугтааж чадаагүй. Манай охин хашааны гадна уйлж байсан. Манай охин хэрүүл маргаан сонсож байгаагүй. Энхжаргал хашааны жижиг хаалга хааж зогсоод намайг явуулахгүй байсан. Би түүний гарыг нь тавиулж өөрөөсөө холдуулаад арай гэж зугтаад хашаанаас гараад явсан. Тэгтэл араас ирээд тархи руу нэг юмаар цохисон. Эргээд хартал гурилын илдүүр байсан. Тэгтэл урд айлын охин гарч ирээд эгч ээ та болиоч хүн аллаа шүү дээ гэхэд Энхжаргал больсон. Тэгээд би охиноо сургуульд нь хүргэж өгсөн гэв.

Хохирогч Г.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд би Хүслэнбат, Хүслэнбаяр нэртэй 0-8 насны 2 хүүхэдтэйгээ гэртээ байж байсан. Тухайн үед 2 дугаар ангид сурдаг хүү Хүслэнбаяр хичээлээ ялгаад сууж байсан бөгөөд би бага хүүхдээ хувцаслаад өөрөө урдаас нь хараад сууж байсан. Өглөө манай нөхөр машинтайгаа гарахдаа хашааны хаалганы гадна талын тээглүүлдэг блокыг тавьсан. Харин дотор талд тавьдаг блокыг нь тавиагүй байсан. Би хүүхдээ хүргэж өгөхөөр гарахдаа тэр блокыг тавих бодолтой байсан. Гэтэл Дарханбаатар хашааны хаалга хаагаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө эхнэр чинь хэлсэн. Ойлгож байгаа гэхэд миний урдаас нулимсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний урдаас нь нулимсан. Дарханбаатар намайг нэг удаа шанаадсан. Энэ асуудал нэг биш удаа гарч байна. Тэгээд бид заамдалцаад маргалдсан. Намайг маш их доромжилсон. Би тэр өдөр хүүхдээ сургуульд нь хүргэж өгч чадахгүй урд айлынхаа хүнээр хүргүүлсэн. Дарханбаатар миний гарыг хазаад нүүр рүү цохисон. Би маш их гомдолтой байна. Тэр намайг хэл амаар их доромжилсон. Би ардын эмнэлэгт эмчлүүлсэн баримт байсныг хүүхэд маань хаячихсан байсан. Гэхдээ эмч нь дахин баримт гаргаж өгөх боломжтой гэсэн. Цаашид дахин эмчилгээ хийлгэнэ. Би Дарханбаатараас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эсвэл надтай хамт яваад эмнэлэгт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч А.Дарханбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Г.Энхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Энхжаргалын 2017 оны 02 дугаар сары 08-ны өдөр би 13 цагийн орчим хүүгээ хичээлд нь хүргэж өгөх гээд гэртээ сууж байтал түрээслүүлэгч Дарханбаатар нь орж ирээд хашааны хаалга дутуу хаасан байна гэж хэлээд хэрүүл өдөөд намайг цохиж авсан. Тэгэхээр нь би танай эхнэр чинь өглөө  орж ирээд надад хэлсэн. Би ойлгосон дахин тэгэхгүй гэхэд мөн дахиад шанаа руу цохиж авсан. ... 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дарханбаатар эхлээд зүүн шанаа руу гараараа хэд хэд цохисон. Хэнхэлдэг цээж болон хоолойг дарж багалзуурдсан. Тэгэхээр нь гараа ав гээд гарнаас нь татахад миний зүүн гарын долоовор хурууг хазсан. Мөн гэрээс чирч гаргасан. ... Гэхдээ намайг бэлэвсэн авгай гэж хэл амаар доромжилсон үнэхээр гомдолтой байна.гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Г.Эрдэнэтунгалагийн ... 2017 оны 02 дугаар сарын 10-ны хавьд Энхжаргалынд түүнтэй уулзахаар очиход Энхжаргалын нүүр нь хөхөрсөн байсан. Тэгээд юу болсон тухай асуухад Дарханбаатар гэгч нь хаалга хаасангүй гэж уурлаж орж ирээд цохиод хуруу бас хазсан гээд тархи хөдөлсөн юм шиг байна, толгой өвдөөд байх юм гэхээр нь би эмнэлэгт үзүүлж харуулаа гэж хэлээд явсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

Гэрч М.Сарангэрэлийн ... Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хашааны хаалга хаагаагүй байхаар нь Дарханбаатар тэднийд ороод хаалгаа хааж бай гэж хэлснээс болоод маргалдсан байсан. Энэ үед би гэртээ байсан. Тэгтэл Дарханбаатар гадаа Энхжаргалтай маргалдаад байх шиг чимээ сонсогдоод байснаа чимээгүй болчихсон гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч А.Хүслэнбаярын Би 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ хичээлээ ялгаад байж байтал гаднаас Хүмүүнээгийн аав Дарханбаатар ах орж ирээд ээжийг хашааны хаалга дутуу хаалаа гэж ээж рүү нулимаад тэгтэл ээж өөдөөс нь мөн нулимсан. Гэтэл Дарханбаатар ах ээжийн нүүр рүү цохисон. Тэгээд ээж Дарханбаатар ах хоёр хэрэлдэж байснаа гараад явчихсан. Тэгээд гадаа ээжийг хашаан дотор хөл нүцгэн байхад нь чирээд байсан гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Бадралын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргасан 2561 дугаартай:

1. Г.Энхжаргалын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү цээжинд цус хуралт, уруулд язрал, цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч А.Дарханбаатар нь хашааны хаалга хаасангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Энхжаргалын маргалдаж улмаар харилцан зодолдож түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

Хохирогч Г.Энхжаргал нь өөрт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээ хийлгэх зардал болон сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн бөгөөд хэрэгт цуглуулсан баримтуудаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоо гаргах бололцоогүй байх тул хохирогч Г.Энхжаргал нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжтой.

   Шүүгдэгч А.Дарханбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 22 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Дарханбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, А.Дарханбаатарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэм хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хар соён овогт Аюурзанын Дарханбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар А.Дарханбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар А.Дарханбаатар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар А.Дарханбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Энхжаргал нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дарханбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ