Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0400

 

 

    2023         04           28                                     128/ШШ2023/0400

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК /РД:6*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*******,

Гуравдагч этгээд: “М*******” ХХК /РД:6*******/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М*******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.О******* нарын хоорондын газар ашиглах эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/116 дугаар тушаалаар “Б*******” ХХК-д Хан-Уул дүүрэг, Аын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн “Б*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

1.3. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр Тушаалын тус “Б” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасан дагуу тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байна.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

            “Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалттай нутгийн Жын ам нэртэй газарт аялал жуулчлалын зорилгоор 11918 м.кв талбай буюу 1.2 га газарт газар ашиглах тусгай зөвшөөрлийг авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016/00 дугаартай гэрчилгээ олгогдож, газар ашиглах гэрчилгээний хавсралт, тухайн газрын гэрчилгээ олгогдсон талбайн булангийн цэгүүдийн солбицлын өөрчлөлтүүд тусгасан хавсралт, эргэлтийн цэгүүдийг газарт нь бэхэлсэн нэгж талбарын зураг буюу кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулан, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудасны хамт манай компанид олгогдсон байдаг. Ийнхүү манай компани нь олгогдсон энэ газартаа хуулийн дагуу төлөвлөлт хийж, зэргэлдээ байрлалд мөн адил зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон “Х” ХХК-тай хамтарч ажиллахаар төлөвлөлтөө хамтран хийж, мөн “Хамтран ажиллах гэрээ” байгуулан аялал жуулчлалын зорилгоор цогцолбор байгуулах тухай зураг төсөл хийлгэж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хамтран хийлгэсэн ба мөн тухайн олгогдсон газар нутагт байсан байгалийн амьтан болох тарвага суурьшиж байсан хэсгийг чөлөөлөхийн тулд мэргэжлийн байгууллагаар нүүлгэн шилжүүлэлтийг хийлгүүлэн, тухайн байршил руугаа хамтарсан автомашины зам татах, цахилгааны эх үүсвэр татах, худаг гаргах зэргээр орчны дэд бүтэц бий болгон газар ашиглаж эхэлсэн хугацаанаас хойш эдгээр ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байсан болно.

Сүүлийн 2 жилийн хугацаанд буюу 2019 оноос дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал дэгдэж, энэ нь манай улсад орж ирснээр аливаа үйл ажиллагаа, тэр тусмаа барилга байгууламж барих, түүнтэй холбоотой материал түүхий эд зэрэг гаднаас ирэх зүйлс хязгаарагдаж, түүнчлэн уг өвчний тархалт нь ихэссэнтэй холбоотой хол хорио, хязгаарлалтын дэглэмүүд тогтоогдож ажил үйлчилгээ зогссон тул нийт хамтарсан төслийн талбайд эхний 2 барилга эхлүүлснээ ашиглалтад Оруулсан ба манай энэхүү ажил мөн хугацаагаар саатсан байсан юм.

Манай компанийн хувьд нэгэнт эхлүүлсэн, тодорхой үйл ажиллагаа явагдаж хөрөнгө оруулалт хийгдсэн уг төслөө үргэлжлүүлэх хүсэл зорилготой байгаа бөгөөд хөл хорио суларч, үйл ажиллагаа эхлэх 2022 оны 05 дугаар сараас төсөлд хамаарах зураг төслийн ажлуудаа эрчимжүүлэн, бусад бараа материалын болон эдийн засгийн тооцоололд үндэслэн эхний ээлжийн баригдах явагдаж Газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар хүчингүй болгосон байх бөгөөд ингэхдээ манай компанид энэ талаар одоог хүртэл мэдэгдээгүй, түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хуулийн эдгээр үндэслэлүүд зааж цуцалсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан зарчим зөрчигдсөн, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гэх зэргээр хуульд нийцсэн, нээлттэй, ил тод байх, гэсэн зарчим илт зөрчигдсөн, тодруулбал манай газар ашиглах эзэмших эрхийг шууд зөрчсөн үйл ажиллагаа байх ба дээр дурьдсанчлан манай компанийн зүгээс хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг үл харгалзан хохирол учруулсан байхын зэрэгцээ, компанид энэ талаараа огт мэдэгдээгүй зэргээр үндэслэлгүй, хууль бус тушаал гаргасан байна.

Газрын төлбөрөө төлөөгүй тухайд манай компани хэдийгээр ийнхүү газар ашиглах эрхийн хүрээнд төлөвлөлтүүд хийгдэн ажиллаж байгаа ч газар ашиглах гэрээ нь эрх бүхий байгууллагуудаас хамааран байгуулагдаагүй, үүнтэй холбоотой газрын төлбөр ямар хугацаанд хэдэн төгрөг төлөх нь ойлгомжгүй, тодорхойгүй тул төлөөгүй байсан, төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэл бүрдэх энэ тохиолдолд төлөх ёстой тэр төлбөрөө төлж ажиллах нь тодорхой байсан билээ. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу илт үндэслэлгүй шийдвэр гаргаж, манай компанийн оруулсан байгаа хөрөнгө оруулалтыг үгүй болгож, үүгээрээ эрхийг зөрчсөн, энэ тухайгаа компанид огт мэдэгдээгүй байгаа нь тус тус хуулийн үндэслэлгүй, судалгаа тооцоогүй гаргасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандах үндэслэл болж байна” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компани нь Тусгай хамгаалалтын хуулийн хүрээнд Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн дархан цаазат газрын хамгаалалттай нутгийн Жын ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 11918 м.кв талбай буюу 1,2 га газарт газар ашиглах тусгай зөвшөөрөл авч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 00 дугаартай гэрчилгээ олгогдож үүнтэй холбоотой газар ашиглах гэрчилгээний асуудал болон тухайн талбайн солбицол эргэлтийн цэгийн нэгж талбарын кадастрын зургийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулна компанид олгогдсон байдаг. Тус компани нь олгогдсон газартаа хуулийн дагуу төлөвлөлт хийж яг зэргэлдээ байршилд адилхан зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон “Х” компанитай хамтарч ажиллахаар төлөвлөлтүүдээ анхнаасаа хамтран хийж, хамтран ажиллах гэрээ байгуулж аялал жуулчлалын зориулалтаар цогцолбор байгуулах тухай зураг төслийг хамтран хийлгэж мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар баталгаажуулан тухайн олгогдсон газарт нутагт байрлах байгалийн амьтан болох тарвага суурьшиж байсан эсэхийг мэргэжлийн байгууллагаар нүүлгэн шилжүүлсний үндсэн дээр тухайн газраа хамгаалж хашаа татсан байдаг. Мөн тухайн дэд бүтцийн ажил хийхдээ холбоотой худаг гаргасан. Мөн цахилгааны эх үүсвэр болох дэд бүтэц татсан мөн тухайн аманд илэрхий Чингисийн хүрээ гэх жуулчны бааз хар замтай болсон. Тэр орчинд өөр газар үйл ажиллагаа явуулж байсан учраас тэдгээр газартай хамтран бетон замыг тухайн газар луу татах зэрэг дэд бүтцийн ажил хийгдсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн нийтийг хамарсан ковид 19 цар тахлын улмаас хэрэгжүүлэх гэж байсан үүрэгт ажил тодорхой хэмжээнд зогссон байдалтай байсан. Ингээд зураг төсөл боловсруулах ажлаа хийгээд явж байсан. Энэ явцад эхлүүлсэн тодорхой хөрөнгө оруулалт хийгдсэн үйл ажиллагаа явагдаж байсан газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тушаалаар хүчингүй болгосон бөгөөд ингэхдээ тус компанид одоо болтол энэ талаар огт мэдэгдээгүй байсан.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дах үндэслэлүүдийг дурдаж хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зарчим зөрчигдсөн. Шийдвэр нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд таарсан үндэслэл бүхий байх мөн бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах хууль ёсны итгэлийг хамгаалах зэргээр хуульд нийцсэн ил тод зарчим хөндөгдсөн байгаа тул манай газар ашиглах эрхийг хөндсөн үйл ажиллагаа болох нь тодорхой ойлгогдож байгаа. Энэ асуудлаар шүүхэд хандах үндэслэл болж байгаа. Ийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасны дагуу тогтоож өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар тус компанид Богдхан уулын дархан цаазат газрын Жын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.2 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “... аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах...”, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “.. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх..”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан .... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн “Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал” зэргээр нотлогдож байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Энэ тухай тайлбар нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэгч компани 2016 онд газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас авсан. Ингээд тус цаг хугацаанаас хойш газрын төлбөрөө төлөөгүй үйл ажиллагаа явуулаагүй гэж яамны зүгээс үзсэн. Хамгаалалтын захиргаа буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мөн Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хяналт шалгалт хийсэн. Ингээд нэр бүхий компаниуд Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийг зөрчиж байна, үйл ажиллагаа явуулаагүй төлбөрөө төлөөгүй гээд дүгнэлтийг яаманд ирүүлсэн. Ингээд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэ заалтууд нь газрын төлбөр төлөөгүй үйл ажиллагаа явуулаагүй гэсэн заалт байгаа учраас тус заалтыг баримтлаад хүчингүй болгох зохицуулалттай байгаа. Энэ тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан тушаал тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг заасан. Энэ 7 үндэслэл шинжид сайдын гаргасан акт хамаарахгүй. Утга агуулгын илэрхий алдаа тушаалд байхгүй. Баталсан байгууллага тодорхой байгаа. Өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг тусгасан. Захиргааны актыг гүйцэтгэсэн этгээд тодорхой байгаа. Ямар нэгэн хууль бус эс үйлдэл гүйцэтгэхийг шаардаагүй. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлүүд байсан. Мөн бодит нөхцөл байдалд энэ тушаал биелүүлэх боломжгүй гэсэн бүх шинж тушаалд байхгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар,

4.1. Гуравдагч этгээд “М*******” ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/238 дугаартай тушаал, Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0211854 тоот “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-гээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Жын аманд 12716 м.кв га талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жил ашиглах эрх олгосон.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2021/195 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г байгуулсан. Өнгөрсөн хугацаанд манай компани “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-нд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, газрын төлбөрийг тогтоосон хувь хэмжээгээр төлж байна. Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар ерөнхий Үнэлгээний гүйцэтгэлийг хийлгэж, улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг боловсруулж батлуулсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр МЗХ2022/ дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавраа батлуулж, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах отоглох аялал жуулчлалын цогцолборын эскиз зургаа боловсруулж Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мөн батлуулсан. Ийнхүү бид хуулийн дагуу газар ашиглах эрхтэй болсон газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-н гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хуульд нийцээгүй бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны итгэлд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаартай тушаал нь нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодотгон тодорхойлсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/238 дугаартай тушаал, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөр тухайн газар дээр улсын тусгай хамгаалалттай газар ашиглах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн маргаан бүхий захиргааны актыг гарснаас хойш 5 сарын дараа гэрчилгээ авч тушаал гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ байгуулаад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баримтуудын үйлдээд явсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус байх захиргааны актын шинжийг тухайн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 тоот тушаал хангаагүй гэж үзэж байгаа. Хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэж байгаа бол хуульд үндэслэх зарчмыг өөрөө зөрчсөн байх ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан зорилгодоо нийцсэн бодит байдалт нийцсэн байх тусгай зарчмыг зөрчсөн мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчим зөрчигдсөн эсэх талаарх үндэслэлийг тайлбарласангүй. 

Хоёрдугаарт, цар тахлын нөхцөлтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Үүн дээр хувь хүн маргалдаж байгаа биш хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа учраас бизнесийн харилцааны явцад Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлүүлээгүй байна. Энэ баримтыг нэхэмжлэгч өөрөө мэдүүлэх үүрэгтэй. Улмаар энэ баримт хэрэгт авагдаагүй мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлаагүй байгаа учир давагдашгүй хүчин зүйлд орсон гэж тогтоогдохгүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор батлагдсанаар Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан тогтоолын 1.10-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдэгт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөр тухайн газарт өөрчлөлт бий болсон нөхцөлийг ойлгохоор заасан. Эдгээр нөхцөл байдлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх ноцтой алдааны талаар тайлбарлаагүй зөвхөн эрх зүйн алдаатай эсэх талаар нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлсон байна. Иймд хариуцагч маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэсэн 86 дугаар хэсэгт энэ тал дээр гаргаж ирсэн тул хууль үндэслээгүй гэдэг зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.“ гэв.

4.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“Бид захиргааны байгууллагын гаргасан захиргааны актыг хүчин төгөлдөр илт хууль бус байх шинжийг агуулгаагүй гэж өнөөдрийн шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлж байна. Хэлэлцүүлгийн явцад юу тодорхой байгаа вэ гэхээр захиргааны актыг гаргах эрх зүйн хэм хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад байсан уу гэвэл байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тодорхой заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахад дараах тохиолдолд хүчингүй болгоно гээд улмаар Газрын тухай хууль нэгэн адил үйлчилж байгаа. Төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч компанийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг тодорхой үндэслэл байгаа. Улмаар хэргийн газарт үзлэг хийсэн. Үзлэг хийхэд хоосон, юу хийсэн талаарх баримт байхгүй. Өнөөдөр нэхэмжлэгч компаниас гаргаж байгаа нотлох баримтууд болохоор бид үүнд хөрөнгө оруулалт хийсэн тэнд хашаа барьсан, цахилгааны дэд шугам татсан хажуу талын Х компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гээд байна. Эдгээр нотлох баримтууд энэ хэргийн нөхцөл байдал тогтоох үндэслэл бүхий баримтууд биш юм. Х компани болон Б компани нарын хувьцаа эзэмшиг, н.Баярцэцэг гээд гүйцэтгэх захирал нэг байгаа. Энэ хүмүүс хамтран ажиллах гэрээг хэзээ ч хийж болно. Хууль тогтоомжоор газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх тодорхойлолтыг хийгээд өгсөн. Нэхэмжлэгч компанид олгосон 1.2 га газар дээр юу хийсэн тэрийг нь аялал жуулчлалын зориулалтаар ашигласан уу гэх асуудал байгаа. Гэтэл хажууд нь зэргэлдээ оршиж Х компанийн хийсэн ажлыг магадгүй тэрийг нь манайх хийсэн хамаатай гэж үзэж байгаа бол өнөөдөр энэ нотлох баримт биш юм.

Хоёрдугаарт тарвага нутагшуулсан гэсэн. Энэ өөрөө зориулалтын дагуу ашиглаж байгаа хэлбэр биш юм. Аялал жуулчлалын зориулалтын дагуу ашиглахаар байсан. Тэнд аялал жуулчлалын зориулалттай үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой байсан. Тэгэхээр энэ биш юм. Мөн төлбөрийг төлөөгүй асуудлын тухайд 2016 онд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон. 2021 оны 03 дугаар сард газар ашиглах эрх хүчингүй болгож байна. Ингээд ганц ч төлбөр төлөөгүй. Төлбөр төлөөгүйгээ өнөөдөр зөвтгөж бид нар гэрээ байгуулаагүй гэж байна. Хууль тогтоомжоор хуулийг мэдэхгүй байх нь хууль тогтоомжоор заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж заасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан. Энэ хүн газар ашиглах эрх хүсэж байгаа бол гэрчилгээнээс гадна гэрээ гэж байдаг. Гэрээ байгуулахыг шаардах эрх эдгээр хүмүүст байсан. Гэрээ байгуулаагүй байсан хэдий ч Газрын төлбөрийн тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар газар ашиглагчийн үүрэг байгаа. Тухайлбал Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 10 дугаар зүйлд “газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан. Энэ талаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д газар ашиглагчийн үүрэг гээд тодорхойлж өгсөн. Гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарна тус төлбөрийг төлөх үүрэг нь хууль тогтоомжоор бий болсон.  Төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь маш тодорхой байна. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр Тушаалын тус “Б” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ,

- Газар ашиглах эрхийн хүрээнд “Х” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, төслөө хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байсан,

- Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй,

- Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад уг шийдвэрийг гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны илт хууль бус акт болно гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл нь захиргааны байгууллагаас тухайн актыг гаргах эрх хэмжээтэй эсэх формаль эрх зүйн шаардлагад хамаарах бөгөөд маргааны тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээтэй байна. Тодруулбал,

2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах эрх олгох эсэх шийдвэр гаргахаар заажээ.

2.2. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж заасан газрын нэгдмэл санд хяналт тавих чиг үүргийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага нь газрыг ашиглуулахаар олгосон шийдвэрийн хэрэгжилт, газар ашиглагчаас хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаар зохицуулжээ.

3. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь тухайн захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэлтэй буюу эрх хэмжээтэй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаал нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлага хангасан гэж үзнэ.

4. Өөрөөр хэлбэл, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах тухай шийдвэр гаргах эрх хэмжээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар олгогдсон байх бөгөөд уг шийдвэрийн хэрэгжилтийг хянах эрх хэмжээ нь Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтаар мөн олгогдсон байх тул хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэхгүй.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад уг шийдвэрийг гаргасан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамаарна, Газар ашиглах эрхийн хүрээнд “Х” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, төслөө хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байсан, Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан, газар ашиглуулах гурван талт гэрээ байгуулагдаагүй тул газрын төлбөр шаардах үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагаа хийгээгүй” зэргээр тайлбарлан маргах боловч эдгээр үндэслэлүүд нь тухайн захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх буюу захиргааны акт материаллаг эрх зүйн шаардлага хангасан эсэх тухайд дүгнэгдэх нөхцөлүүд байна.

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох бодит нөхцөл байдал бүрдсэн байсан эсэх нөхцөл байдлыг тогтоох болон газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон эсэх нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, харин захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэгдэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх эрх шүүхэд олгогдоогүй байна.

7. Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр  “Б*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалыг захиргааны актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй, тус А/79 дүгээр тушаал нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглуулах эсэх, газар ашиглуулах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээний хүрээнд гарсан хууль ёсны акт байна гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын тус “Б” ХХК-д холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ