2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2634

 

 

 

 

 

 

 

 

 

 2025         11         20                                          2025/ШЦТ/2634

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

   улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч *******,

хохирогч Б.Г,

хохирогчийн өмгөөлөгч М.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн даргаар Х.Сүххуяг нарыг оролцуулан эрүүгийн 2503007890998 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Б овогт Ж.Э

Монгол Улсын иргэн, .................... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 3, ээж дүүгийн хамт .............. суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их тойруугийн гудамж, Хүрмэн эмийн сангийн зүүн талын замд, ................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас ............... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус мотоциклийн жолооч болох Б.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 06 цаг 46 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруугийн гудамж, Хүрмэн гэх нэршилтэй эмийн сангийн зүүн талын тээврийн хэрэгсэл зорчих замд замд, ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас ............. улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, тус мотоциклийн жолооч болох хохирогч Б.Г-н бие махбодид “...баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй ил хугарал, зүүн гуя, өвдөг, тахимд цус хуралт, зулгаралт... бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Тухайн осол болох өглөөний 06 цагийн орчимд өөрийн эзэмшлийн .........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон найз Тийг Сансарын тойрогт байдаг байранд хүргэж өгөх гээд явсан. Явах замдаа Сансарын тойрог уруудаад хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 20-30 км/ц хурдтай явж байгаад байр руу орох гээд давхар зураас даваад эргэтэл хойноос урагшаа чиглэлтэй явж байсан мотоцикл ирээд миний машины зүүн хойд хэсгийг ирээд мөргөчихсөн... би буруугаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дугаар хуудас/,

-хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн осол болох өдөр би өөрийн эзэмшлийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрээсээ натурт байдаг ажил руугаа ганцаараа явсан. Явах замдаа Сансарын тойргоор урагшаа эргээд Хүрмэн эмийн сангийн зүүн замаар хойноос урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 км/ц хурдтай явж байтал 2 дугаар эгнээгээр явж байсан хар, саарал өнгийн ............... маркийн автомашин явж байснаа гэнэт тоормос гишгээд миний урдуур ташуулдаж ороод ирсэн бөгөөд харсан дариудаа тоормос гишгэсэн боловч тэр машин давхар зураас даваад намайг машины зүүн хойд хэсгээр мөргөчихсөн. Мөргөсний улмаас шидэгдээд уначихсан. Улмаар би босох гэсэн боловч чадахгүй байсан бөгөөд цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

-иргэний нэхэмжлэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б овогтой Г нь эмнэлгийн байгууллагаас 1,947,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирол болох 1,947,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.07.21-ний өдрийн 8888 дугаартай : “Б.Г-н биед баруун шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрүүтэй ил хугарал, зүүн гуя, өвдөг, тахимд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.09.04-ний өдрийн 3009 дугаартай: “ Б овогтой Г -н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025.08.28-ны өдрийн “Тус төвд дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн ................ арлын дугаартай .............. улсын дугаартай мотоциклийг тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй их хэмжээний эвдрэлтэй байгаа тул шүүхийн шинжилгээний хуулийн 19.1.6 дугаар заалтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй болно” гэх албан бичиг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

-тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэг Ө.Сн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1245 дугаартай "Мөрдөгчийн магадалгаа" /хавтаст хэргийн  96 дугаар хуудас/,

-............. улсын дугаартай мотоциклийн эвдрэл хохирлыг нийт 3.065.000 төгрөгөөр үнэлсэн Хас үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас/,

-хохирогч Б.Гоос хохиролтой холбоотой гаргасан баримтууд /хавтаст хэргийн 23-42 дугаар хуудас/,

-хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

-102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/,

-жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

-эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд "хүнд" гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж ухамсарлаж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч болгоомжгүйгээр бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд "хүнд” хохирол учруулснаар гэмт хэрэг төгссөнд тооцдог.

 

Тиймээс шүүгдэгч *******ын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруугийн гудамж, “Хүрмэн” гэх нэршилтэй эмийн сангийн зүүн талын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн замд, .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас “ .................... улсын дугаартай мотоциктэй мөргөлдөж, хохирогч Б.Г н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зарим хохирлыг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд ял шийтгэлгүй болон хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ялыг, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийтгэх тогтоолыг хүргүүлэхийг дурдав.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Гийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.947.000 төгрөг,  хохирогч Б.Гийн зүгээс эмчилгээний зардалд 1.422.800 төгрөг, мотоциклны хохиролд 3.065.000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан болно.  

             

Хохирогч Б.Гийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болно. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, төлбөрийн чадвар, хохирогчид учирсан гэмтлийн өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар болон хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 792.000*5=3.960.000 төгрөгөөр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Дээрх шүүхээс тогтоож шийдвэрлэсэн нийт 3.960.000 төгрөгийн төлбөрийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нийт 3.960.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, уг хохирлыг *******ын өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан хохирогч Б.Гт 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон, жолооны үнэмлэх ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар  зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт *******ыг тээврийн хэрэгсэл жолоодон автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар *******ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцуулж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас нийт 3.960.000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Г -т олгож, 3 /гурав/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэг үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ