Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 141/ШШ2023/00130

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ... даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, ... даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******,

Гэрч *******, С.Д, Ц.П, О.С, Д.Т, Д.Ш, Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ....д холбогдуулан ... даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, ...н 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Манай байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бүх ажилчдын хурлаар зуны ээлжийн амралтыг баталгаажуулсан ба миний бие 7 дугаар сарын 01-ний өдрөөс амрах хүсэлтээ өгсөн. Тэгээд 7 дугаар сарын 01-нд амралтаа авсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр утсаар ажлаа ирж хий, чамайг амраагаагүй байна гээд Сөөр удаа дараа дуудуулаад байхаар нь 17 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь “чиний амралт болоогүй байхад чамайг хэн амраасан юм ажлаа хийгээч” гэхээр нь “чи миний амрах амрахгүйг мэддэг болоо юу” гээд бид хоёр маргасан чинь ... дотроос дарга гарч ирээд учир зүггүй нүүр лүү алгадаад байхаар нь хоёр гарын шуун дээрээс нь барьж аваад ажил руу түлхэж оруулаад хаалгыг нь дараад авсан. Энэ маргаанаас болж биед халдсан, хэл амаар доромжилсон гээд шууд цагдаад өгсөн байсан. Би Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгуулсан. Мөн 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажил тасалсан гэж ямар нэгэн тушаал шийдвэргүй цалин хассан байсан. 7 дугаар сарын 8-ны өдөр амралт эдлэх ёстой гэж цалин хасчхаад 8 дугаар сарын 12-нд орсон байхад 8 сарын 02-ны өдрөөс 12 хүртэлх цалинг бас хассан байсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаалаар ямар шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд ... даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

            1.2. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжид гарсан ба өглөө 10 цагт Сөөс жижүүрийн ажлыг хүлээж авсан. Байгууллагын дарга 13 цаг өнгөрөөд гарсан. Би 14-15 цагийн үед байгууллагад хүн байхгүй, бие эвгүй оригоод зүрх дэлсээд байсан тул Долоогонын ханд болон өвчин намдаах диклоденк 100-г уучхаад төв хаалгаа түгжээд 2 давхарт гараад хэвтэж байтал хэсэг зүүрмэглэсэн байсан ба утас дугараад эрэгтэй хүн та ажил дээрээ байна уу, үүдээ онгойлго гэхээр нь хаалга онгойлгож өгөхөд сумын хурлын дарга Г хүүхэдтэйгээ бүжгийн дугуйлан орох юм уу гэж асуугаад дотогшоо орсон ба Бүжгийн дугуйлан орох орохгүйг ах нь мэдэхгүй гэхэд над руу бүүр дахин дахин миний нүд рүү хараад байсан. Би тухайн үед яагаад дахин дахин над руу нүд рүү хараад байгаа юм болоо гээд гайхаад өнгөрсөн. Тэгээд бүжгийн 2 багш ороод ирсэн. 15-19 цагийн хооронд бүжгийн дугуйлан хичээллэсэн. Байгууллагын 2 давхарт бүжгийн дугуйлан хичээллэж эхнэр нь хүүхдүүдэд голцуу бүжгийн хичээлээ заагаад Тэмка багш надтай хамт нэг давхарт төв хаалган дээр тарах хүртэл байсан. Дугуйлан 18 цаг 40 минутад тарж багш нь хамгийн сүүлийн хүүхдүүд гарсны дараа 19 цагийн үед гарсан. Түүний дараа 20 цагийн үед “Симба” цэцэрлэгийн хамт олон тайзан дээр зураг авхуулахаар ирсэн Тухайн үед 2 давхрын тайзны гэрэлтүүлгийн өрөөнөөс гэрлүүд тайз руу явж өгсөн. Зураг авалт дууссаны дараа “Симба” цэцэрлэгийн галч Бтай гэрлийн өрөөнд хамт орж гэрлүүдийг унтраагаад бууж ирсэн. Бууж ирэхэд цэцэрлэгийн ажилчид бүгд тараад явсан байсан ба Б араас нь гараад явсан. Цэцэрлэгийн багш нар 40 гаран минут болсон ба хамгийн сүүлийн хүн буюу Б нь 20 цаг 30 минутын үед гарч явсан. Үүнээс хойш хоолоо идээд байгууллагаа нэг тойроод, байгууллагын гадна орчин, тойрныг шалгачхаад дотор орж паар болон дулааны шугамын заалтаа харсан. 21 цаг 50 минут болж байсан ба дахиад зүрх эегүй болоод байхаар нь 30 дуслаар долоогонын ханд, зилт 75 хоёрыг уугаад гутал, оймсоо тайлаад хэвтэх гэтэл утас дугараад хаалгаа онгойлго гэхээр нь хаалга тайлж өгөхөд 3 цагдаа байсан ба шууд орж ирээд миний өмнө яваад жижүүрийн өрөө рүү ороод жижүүрийн өрөөний том төмөр сейфийг онгойлгож ухаад “өө энд архины 2 шил байна” гэхэд нь юуны архины шил байдаг юм гэсэн чинь энэ байна гээд зургийг нь дараад байсан. Мөн ундааны савтай шээс байсан ба тухайн цагдаа нар согтуурал шалгадаг багажаараа үзнэ. Та архи уусан байна гэхээр нь яахаараа би уусан байдгийн та нарыг харахад эрүүл хүн байгаа биз дээ хэн ч өвчин тусч болно. Би ийм ийм эм дөнгөж сая уучхаад байж байна гээд зөндөө хэлсэн. Тэгэхэд эмээс болж согтуу гарна гэж юу байдаг юм та ийшээ үлээ гээд байхаар нь үлээсэн. Тэгтэл нөгөө цагдаа руугаа харуулаад за нөгөөдөх чинь гараад ирсэн гээд зургийг нь дараад байсан. Тухайн үед би долоогонын хандыг сая уусан энэ эм цэвэр спирт агуулсан гэж хэлж байсан. Би харваас эрүүл байгаа биз дээ та нар миний нүдийг улаан гэдгийг мэднэ, наадах чинь ганц Д гэдэг хүний ажил биш ард нь бүхэл бүтэн 1 айлын амьдрал яригдана, та нар ямар зорилгоор ингээд байгаа юм. Хэний даалгавраар ингээд байгаа юм гээд би утсаа гаргаж ирээд бичлэг хийнэ гэж хэлэхэд тухайн цагдаа нар шууд гараад яваад өгсөн ба тухайн үеийн нөхцөл байдлыг утсаараа бичсэн. Миний согтуу байсан үгүйг тэр бичлэг нотолно, тэр бичлэг нь миний утсан дээр байгаа. Тухайн өдрийн өглөөний 10 цагт ажлыг нь хүлээн авсан Сөөс тэр төмөр сейфт архи болон архины шил байсан уу гэхэд анзаараагүй гэдэг. Тэр хоёр шил болон шээс нь Сийн том тортой хувцас, 2 том шилээпэн малгай, цагаан, хөх 2 том хүний монгол цамц, ковидын хамгаалалтын компензоны араас гарч ирсэн. Би сангийн багажаа тэр сейфний доод хаалгатай хэсэгт байдаг учраас дээд хаалгыг ашиглаж, онгойлгож үздэггүй. Тэр сейфний дээд талын хаалганд Ср хувцсаа хийдэг, Манайд аливаа нэгэн тоглолт, үйл ажиллагаа болсны дараа болон болох дундуур гадны хүмүүс болон дуучид, архи согтууруулах ундаа ихэнхдээ хэрэглэсэн байдаг ба тоглолтод орох уран бүтээлчдийн өрөө, хувцас солих өрөө, жижүүрийн өрөө, ачааны өрөө, оёдлын өрөө, хөгжмийн багшийн өрөө тэр ч бүү хэл үзэгчдийн суудлын дундаас хүртэл архи пивоны шил, лааз гарч байсан. Ер нь архи пивоны шил манай байгууллагын аль ч өрөөнөөс гарч магадгүй хүмүүс хаашаа ч хаяж, шидсэн магадгүй. Тэр өдөр намайг согтуу байна гэж үзээд иргэдийн хурлын даргатай нийлж шалгуулсан байх. Долоогонын хандыг хэрэглэх болсон шалтгаан би 2015 оноос хойш хоолой сөөх, бачуурах, нүд улайж явж байгаад 2021 оноос амьсгал давчдах, чичрээд байдаг болсон. 2022 оны 09 сараас зүрх дэлсэх, зүрх чичрэх, амьсгал давчдах, даралт ихдэх, зүрхний пүүлс ихдэх болсон ба зүрхний асуудалтай гэдгээ мэдэхгүй удаасан байсан. Ингээд 9 сараас хойш эмчийн зааврын дагуу зүрхний панген, пүүлс ихсэхэд уудаг долоолгын ханд, даралтад Амлодинк, цус шингэлэх Зилт 75 гэсэн эмнүүдийг хэрэглэж ирсэн. Долоогонын хандыг өдөрт 3-4 удаа буюу гайгүй байвал 3 удаа, ойр ойрхон зүрх дэлсээд байвал 4 удаа уух ба нэг удаа уухдаа 30 дуслаар хэрэглэж бай гэсэн. Тухайн долоогонын хандыг тогтмол цагт хэрэглэж байсан. Намайг архи дарс уугаагүй байхад ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ... даргын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа буюу ... ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна...” гэжээ.

            2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хууль зүйн дүгнэлтдээ: “...... 09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд хариуцагч уг тушаалын агуулга дээрээ нэхэмжлэгчид ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй бөгөөд тухайн тушаал нь энгийн хүн уншихад ойлгогдохоор хэмжээний байх ёстой хэдий ч ойлгох боломжгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийн таван төрлийг хуульчилсан, тухайн сахилгын шийтгэлүүд нь таван өөр үр дагавар үүсгэдэг бөгөөд уг тушаалд нэхэмжлэгчид ямар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй бөгөөд ямар төрлийн сахилгын шийтгэл оногдуулснаас хамаарч үр дагавар үүснэ. Хариуцагч хөдөлмөрийн гэрээний 6.5.14 дэх заалтын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад огт дурдаагүй атлаа шүүх хуралдаанд уг заалтыг тайлбарлаж яриад байна. Үүнтэй адил сахилгын шийтгэлийг тодорхой оногдуулаагүй байж одоо шүүх хуралдаанд нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл оногдуулсан гэж яриад байх боломжтой. Мөн уг тушаалд  хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэсэн боловч тухайн дотоод журам хэрэгт авагдаагүй, хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлаагүй, зөвхөн Соёлын тухай хуулийн заалтыг баримталсан байдаг. Соёлын тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д соёлын ажилтан нь мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх хүлээнэ гэж заасан бөгөөд уг хуулийн заалт нь соёлын ажилтан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах заалт байна. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь соёлын ажилтан биш юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийг нь хэл амаар доромжилж, зүй бус үг хэллэг хэлдэг гэж байгаа хэдий ч энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байгааг анхаарах шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд оногдуулах хариуцлагыг заасан тохиолдолд тухайн зөрчилд хариуцлага хүлээлгэх боломжтой. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж уг хорооны шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн маргаанд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахыг шаардаж байгаа бөгөөд суманд маргааныг урьдчилан шийдвэрлэх комисс байхгүй, энэ талаар холбогдох яамнаас нь лавлахад суманд комиссыг байгуулах боломжгүй аймгийн төвд байгуулагдсан комисст ханд гэсэн хариу өгсний дагуу аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. Уг маргаанд нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа оролцож шийдвэрлүүлсэн. ... даргын сахилгын шийтгэл ногдуулсан 05 дугаартай тушаалын тухайд нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ огнооны хувьд зөрүүтэй, хэзээ байгуулсан болох нь тодорхойгүй байсан. Хэрэгт авагдсан үйл баримт болон гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Тэр үед нэхэмжлэгчийг архидан согтуурч, архи, согтууруулах ундаа хэрэглэж байхыг хэн нэгэн хараагүй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч архи уугаагүй, зүрхний хэм алдагдаж, зүрх дэлсдэг оноштой эмчлэгдэж байсан гэж нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Тухайн оношийг бичсэн эмчээс хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгт нэхэмжлэгчид хоёр удаа эмчилгээ бичиж өгсөн гэж ярьдаг. Нэхэмжлэгч нь долоогонын хандыг байнга хэрэглэдэг байсан ч түүнийг тэр үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үздэг. Цагдаагийн алба хаагч нар нэхэмжлэгчийг тухайн үед долоогонын ханд хэрэглэдэг гэж тайлбарлаж байсан талаар ярьдаг. Харин нэхэмжлэгч нь тэр үед долоогонын ханд хэрэглэдэг гэж огт яриагүй байж байгаад одоо энэ талаар яриад байвал өөр хэрэг юм. Хариуцагч долоогонын ханд хэрэглэсэн хүнээс согтуурлын зэрэг гарах боломжгүй гэж үзэж шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд шинжээч долоогонын хандыг заавал хүнд уулгаж байж дүгнэлт гаргах боломжтой тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Ийм учраас хэргийн оролцогч хүсэлт гаргасны дагуу туршилт хийсэн. Туршилтын явцад явцад долоогонын ханд хэрэглэсэн хүнээс согтуурлын зэрэг тогтоогдож хамгийн дээд хэмжээ нь таван бүхэл гарч байна. Тийм учраас нэхэмжлэгч нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэрэв түүнийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзвэл энэ талаар харсан хүн байхгүй. Гэрч О.Ср тэр өдөр 10 цагт ажлаа хүлээлгэж өгөөд 13 цагийн үед сейфээс хувцсаа авсан бөгөөд тэр үед архины шилийг хараагүй гэдэг. Тэгвэл тухайн хугацаа буюу 13 цагаас 19 цагийн хооронд нэхэмжлэгч нь ганцаараа хоёр шил архи ууж чадах уу.  Гэрчүүд мэдэхгүй гэж байгаа нь үүнийг гэрчилж байна. Иймд нэхэмжлэгчийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоох ямар ч боломжгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо асар их зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагч нарыг хэний даалгавраар тухайн үед ирсэн.  Цагдаагийн алба хаагчид ямар ч удирдамж, зөвшөөрөлгүйгээр шалгалт явуулж, үзлэг хийсэн. Гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэх ямар ч боломжгүй байна. Нэхэмжлэгчийг архи, согтууруулах ундаа хэрэглэснийг баримтаар нотлогдсон гэж байгаа ч энэ нь шүүх үнэлэх хэмжээний баримт мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

            3. Хариуцагч ... дарга ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...... төвд холбогдуулан ******* нь “Тус төвийн даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ...ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зохих санд нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

            3.1. Манай байгууллага Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоог зохион байгуулах журам”-ын дагуу ажилтан албан хаагчдаа үзлэг оношилгоонд нэгдсэн журмаар хамруулах ажлыг дотооддоо зохион байгуулж жижүүр *******, үйлчлэгч П.Н, хөгжмийн багш С.О нар байгууллага дээрээ үлдэж бусад албан хаагчид үзлэгт хамрагдахаар явах болсон. Бид үзлэг оношилгоондоо яваад ирсэн. Гэтэл биднийг явсан өдөр ******* нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Энэ талаар би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдээд 2020  оны 12 дугаар сарын 08-ны өдөр *******т утсаар хэлж дуудахад ажил дээр ирээд “Миний бие өвдөөд долоогоны ханд уучихсан байхад гэнэт цагдаа нар орж ирээд шалгасан, намайг үлээлгэнэ гэхээр нь би үлээхгүй гэсэн чинь үлээ гээд үлээхэд 1,14 бүхэл гарсан. Жижүүрийн өрөөнд байдаг саарал сэйфэн дотор 2 архины шил, ундааны саванд шээс байсныг гаргаж ирээд зургийг нь авсан гэж хэлсэн. Ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас чөлөөлсөн. Тухайн өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г манай байгууллагад бүжгийн дугуйланд хүүхдээ авчирч өгөөд ороод гарахдаа *******ыг энэ хүн чинь хэвийн биш байна шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнд зүгээрээ, угаасаа нүүр, нүд нь улаан байдаг юм гэж хэлсэн. Би хот явахдаа *******т гурван газар бичиг хүргэж өгөөрэй гээд үлдээгээд явсан. Тэгээд бичиг хүргэж явахдаа таксины жолоочтой архи уусан юм шиг байгаа юм. ******* тухайн оройноос хойш намайг янз бүрээр доромжлох болсон. Би ажлаас халах тушаал гаргахаасаа өмнө Ч.Быг дуудаж уулзаж *******ыг тэр өдөр ямар байсан талаар асуухад би түүнийг архи ууж байхыг яг хараагүй, гэхдээ архи нилээн үнэртэж байсан гэж хэлсэн. Мөн н.Эрдэнэцэцэг, н.Энхжаргал нараас та нар үнэнээр нь хэлж өгөөч та нарыг ...д зураг авхуулж байхад ******* ямар байсан бэ гэхэд тэр хоёр бид нар түүнтэй төрөл, хэлж чадахгүй, гэхдээ архи үнэртэж л байсан гэж хэлсэн. Би хүний ажил амьдрал шийдэх гэж байгаа учраас гурван хүнээс асууж тодруулж нягталж байж энэ тушаалыг гаргасан. Биднийг хот явж байх замд ******* байгууллага дээр цагдаагийн байгууллагаас шалгалт орж ирлээ гээд надтай хамт явсан жижүүр рүү яриад байсан. Таньдаг цагдаа байна уу яриад өгөөч гэж ярьж байсан. Үүнийг бид нартай хамт явж байсан дуучин н.О ах мэдэж байгаа. Би тэр хүмүүсээс *******ыг үнэхээр архи уусан байна уу гэж тодруулсан нь үнэн. Би гурвын гурван хүнээс энэ талаар асууж байж тушаал гаргасан. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад мэдэгдэх хуудас ирсэн байгаа. ******* нь нэг бус удаа ажлын байр дээр архи уусан. Би энэ талаар нь түүний найз болон ахад нь ч хэлж, түүнийг битгий архи уулгаач гуйж байсан. Түүний байгууллага дээр дөрөв дэх удаагаа архи, согтууруулах ундаа уусан үед нь би энэхүү ажлаас халах арга хэмжээг авсан. ******* нь эрүүлдээ зүгээр байдаг бөгөөд архи уухаараа ажлын групп дээр миний талаар янз бүрийн зүйл бичдэг. Намайг 100 жилийн бэлэвсэн авгай гэдэг. Хуучин даргыг энэ хүнийг чи авчирсан гэж түүнийг зодох дээрээ тулсан. Цагдаа дээр гомдол гаргасан байхзад гуйж байгаад болиулсан. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.2. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын хурал болж 06 дугаар сарын 02-ны өдөр хамт олноороо салхинд гарахаар ярилцаад 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс н.Н, н.Б зэрэг гурван хүний ээлжийн амралтыг олгохоор шийдвэрлэхэд ******* би 7 дугаар сард ээлжийн амралтаа авна гэж хэлсэн. Манай ажилчид өмнө надад *******ыг жил бүр 7 дугаар сард ээлжийн амралтаа авдаг гэж ярьж байсан. Би түүнд чиний ээлжийн амралтыг байдлыг харж байж болно гэж хэлсэн. Энэ дундуур н.Лхамсүрэн би хүүхдийнхээ хуримыг хийх тул 06 дугаар сарын 15-ны өдрөөс миний элжийн амралтыг олгож өгөөч гэсний дагуу түүнд тухайн хугацаанд нь ээлжийн амралтыг нь олгосон. Харин би *******т ээлжийн амралт олгох талаар ямар ч шийдвэр гаргаагүй байхад хамгийн сүүлд ажилд гарчхаад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирэхгүй алга болсон. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сумын засаг даргын орлогч над руу утсаар яриад эрэгтэй жижүүрүүдээрээ ажил хийлгээд өгөөч гэхээр нь би О.Сөөр *******ыг дуудуулсан. Тэгээд намайг ажлын гадна юм хийж байхад О.Ср чи өөрөө хэлээч гээд хүнтэй утсаар яриад байхаар нь би түүнээс чи хэнтэй юу яриад байгаа юм бэ гэж асуухад таныг намайг *******ыг дууд гэхээр нь түүнийг дуудсан чинь өдөржин над руу янз бүрийн юм ярилаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Сийг утасныхаа яриаг чанга яригч дээр нь тавь гээд чанга яригч дээр нь тавиулахад ******* “чи *******д долигоноод” гэж ярьсан. *******т 2022 оны 07 дугаар сард цалин олгоогүй, 08 дугаар сард ээлжийн амралт дутуу олгосон гэдэг. Мөн тэр өдөр болсон маргаан дээр ******* миний гарыг гэмтээж зөрчлийн хэрэгт холбогдон шүүхээр шийтгүүлсэн. ******* 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр амарна гээд дахин ажилдаа ирээгүй, 08 дугаар сард 18 хоног амарсан, үүнийхээ 11 хоногийг 07 дугаар сард эдэлсэн. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа орох байтал 08 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа орсон. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдөр хүртэл 8 хоногийн ажил тасалсан. ******* 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтуу ирж хагас өдөр ажилласан. ******* нь 7-8 хоног ажил тасалж, ажлын байран дээр согтуу ирж намайг хэл амаар доромжилсон тул би түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэгээд түүнийг амралттай байхад нь сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гээд ажилд ороход нь түүнд сахилгын шийтгэл ногдуулж хамт олонд танилцуулсан тэмдэглэл нь хэрэгт байгаа. Тухайн үед бичиг хэргийн ажилтан маань тэмдэглэлдээ сануулах гэдэг үгийг нь анзаараагүй хаясан байсан. Энэ арга хэмжээг авсныг ажилчдын хурал дээр хэлсэн. Би өөрт нь сануулах арга хэмжээ авч байна гэж хэлсэн, ах, дүү нарт нь ч хэлсэн. Би ******* гурав дахь удаагийн үйлдэлд нь сануулах арга хэмжээ авсан...” гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: ... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/01 тоот тушаал, ...даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаал, Завхан аймгийн Улиастай сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тэмдэглэл, ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот тушаал, “Сондра” нүдний эмнэлгийн үзлэгийн карт, багийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт, цээжний рентгений зураг, Завхан аймаг Одчим Н эмнэлэгт үзлэг хамрагдсан талаарх шинжилгээний хариу, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр утасны бичлэг гэсэн бичилттэй сиди 1 ширхэг,

Хариуцагч талаас шүүхэд: 7 дугаар сарын цагийн бүртгэл, ажил хүлээлцсэн гэх тэмдэглэл, байгууллагын групп чат дахь мэдээлэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаартай шийтгэвэр, хөдөлмөрийн гэрээ, Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 41/445 тоот мэдэгдэл, цалингийн карт, ...даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаал, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/16 тоот  мэдэгдэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр ... баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчээр Д.Б, Д.Т, Д.Ш, С.Э,

Хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Э, Ч.Б, Д.Ш, О.С, Д.Т, П.Н, Г.Б, Д.У, Ц.П, С.Д нараас мэдүүлэг авч, туршилт хийх ажиллагааны баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ... даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, ...2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд

2.1. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажилчдын хурал дээр сахилгын шийтгэл оногдуулж байгаа талаар хэлсэн. Гэхдээ ямар сахилгын шийтгэл оногдуулсан талаар хэлээгүй. Иймд ямар сахилгын шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй тул ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2.2. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглээгүй, Долоогонын ханд эмийн бэлдмэл хэрэглэсэн байхад намайг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэжээ. 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь ажлын байран дээр согтуу ирж, хэрүүл маргаан үүсгэж танхайрсан үйлдэл гаргасан учраас түүнийг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Түүний танхайрсан үйлдлийг шүүхээр шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. 

4. Хэрэгт авагдаж шүүхийн хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. ... даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

...даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот “...Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 дахь заалт, ... дотоод журам-дотоод хэм хэмжээ 10.2.8, 10.2.1, 10.2.2 дахь заалт, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь: ...жижүүр ******* нь байгууллагын удирдлага болон ажилтныг хэл амаар доромжилж ёс зүйгүй үг хэллэг хэлсэн тул сахилгын шийтгэл ногдуулсугай. Илэрсэн зөрчил дутагдалдаа дүгнэлт хийж төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг баримталж ажиллахыг *******т үүрэг болгосугай...” гэсэн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар *******т сахилгын шийтгэл оногдуулжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор ...гомдол гаргах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч *******т сахилгын шийтгэл оногдуулсан талаар хариуцагч З...дарга ******* нь ... хурал дээр танилцуулсан болох нь нэхэмжлэгчийн “...ажилчдын хурал дээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар хэлсэн. Гэхдээ ямар сахилгын шийтгэл оногдуулсан болохоо хэлээгүй...” гэсэн тайлбар, ...төвийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “...Дарга: ...*******т сахилгын шийтгэл авсан...” гэсэн хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Иймд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг нэхэмжлэгч *******ыг сахилгын шийтгэл оногдуулсныг мэдсэн буюу эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн өдөр гэж үзнэ.

7. Нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор гомдол гаргах байтал Завхан аймгийн Улиастай сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын эхээр гаргаж, шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй эсхүл уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг баримтаар нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

9. Иймд нэхэмжлэгчийн ...даргын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

10. ... даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ... жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

...эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/01 дугаартай “...Шинээр ашиглалтад орсон ... жижүүрээр Г.Дыг 2016 оны 10-р сарын 01-ээс томилон ажиллуулсугай...” гэсэн тушаалаар *******ыг ажилд томилжээ.

... дарга ******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Байгууллагын дотоод журам дотоод хэм хэмжээний 7.4.11, 7.4.12, 10.2.12 дахь заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.8, 6.5.14 дэх зааснаар байгууллагын ээлжийн жижүүрт гарч байх хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр *******ыг жижүүрийн ажлаас нь чөлөөлжээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Г.Д нь ... *******гийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг эс зөвшөөрч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн хугацаанд гаргажээ.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй байна.

13. Нэхэмжлэгч ******* “...9 сараас хойш эмчийн зааврын дагуу “Долоогонын ханд” эмийг өдөрт 30 дуслаар 3-4 удаа гайгүй байвал 3 удаа хэрэглэж бай гэсний дагуу хэрэглэдэг...” гэсэн тайлбар нь түүнд үзлэг хийсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн эмч Д.Б нь 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Долоогонын ханд” эмийг 20-30 дуслаар өдөрт 3 удаа уухаар эмчилгээнд бичиж өгсөн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдох боловч дахин 10 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийхдээ түүнд “Долоогонын ханд” эмийг хэрэглэх талаар эмчилгээ бичиж өгөөгүй эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. /хх 112-113/

14. Хариуцагчийн хүсэлтээр “Долоогонын ханд” эмийг хэрэглэхэд амьсгал дахь спиртийн агууламжаар согтолтын зэрэг гардаг эсэх талаар туршилт хийхэд “Долоогонын ханд” эмийг 30 дуслаар уусан даруй согтолтын зэрэг гарах боловч тодорхой хугацааны буюу 10-15 минутын дараа согтолтын зэрэг 0 хувьтай гарсан болох нь тогтоогдсон байна. /хх 162/

Нэхэмжлэгч ******* “....“Долоогонын ханд” эмийг хэрэглэчхээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нарт энэ эмийг хэрэглэсэн гэж харуулсан...” гэх тайлбар нь гэрч *******гийн “...Д гэртээ Долоогонын ханд эмийг хэрэглэсэн гэж тайлбарлаж байсан.. Ажлын байранд Долоогонын ханд эм харагдаагүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь тухайн цаг хугацаанд “Долоогонын ханд” эмийг хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

15. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтогдож байна гэж үзлээ. Тухайлбал:

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...... ******* танаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай. ...2. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танай ...жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ******* нь ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байх үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн. Иймд дээрх зөрчлүүдийг арилгах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг мэдэгдье...” гэсэн мэдэгдэл. Мэдэгдлийн хавсралт дахь “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цаг 40 минутын орчимд танай ... жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. ******* нь ажлын байран дээр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан зөрчлийн нотломж. Согтолтын зэрэг 1.14 хувьтай байсан болно...” гэсэн хэв журмын ажил хариуцсан байцаагч цагдаагийн ахмад *******гийн мэдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-43/,

- Гэрч Г.Эрдэнэцэцэгийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн үед манай байгууллагынхан 100 жилийн ойтой холбоотой хамт олны зураг авхуулсан. Тэр үед жижүүр *******аас бага зэрэг согтууруулах ундаа үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч *******гийн “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагдаа П, Д нарын хамт эрүүгийн үүрэг гүйцэтгэж яваад ... очиход жижүүр ******* нь нэлээд хаалгаа цохиулж байж онголохоор нь та яагаад удаж хаалга онгойлгов гэж асуугаад дотогш орсон. Жижүүрийн өрөөнд нь ороход дотор тамхи татсан байдалтай, архи үнэртэж байсан. Өрөөнд байсан хоёр хаалгатай ногоон өнгөтэй төмөр сейф хаалга нь цоожгүй байсан бөгөөд хаалгыг нь нээхэд дотор нь “Ауруг” нэртэй хоёр ширхэг архины шил байсан. Түүнээс та архи уусан уу гэж асуухад үгүй, долоогонын ханд хэрэглэсэн гэж хэлсэн. Түүнийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар шалгая гэхэд шалгуулахгүй одоо багажийг үлээгээд янз бүрийн юм болбол ах нь ажилгүй болно гэж хэлсэн. Бид нар хэн хэн нь түүнд хэлж нилээд юм болж байж багажийг үлээж, 1,14 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон. Бид нарыг очиход ******* нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай амнаас нь архи үнэртэж, нүд нь улайсан байсан. Мөн биеийн байдлаас нь архи уусан байгаа нь илэрхий харагдаж байсан. Би цагдаагийн байгууллагад 16 жил ажиллаж байгаа учраас иймэрхүү нөхцөл байдалд зөндөө ажиллаж байсан. Тэр үед Дарханбаатар гэртээ Долоогонын ханд эмийг хэрэглэсэн гэж тайлбарлаж байсан. Согтолтын зэргийн зургийг дарж баталгаажуулсан...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Дгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний орой жижүүрт гарч байсан. Тэгээд ахмад *******, ахлах ахлагч Ц.П нартай хамт гадуур хяналт шалгалт хийхээр яваад ... дээр очсон бөгөөд ******* архи үнэртүүлсэн байдалтай дотроос нь гарч ирсэн. Түүний согтуурлыг багаж үлээлгэн шалгахад 1,14 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон санагдаж байна. Тухайн үйл явдал орой 20 цагаас 22 цагийн хооронд болсон байх гэж бодож байна. Мөн хоёр ширхэг архины шил, нэг ундааны савтай шар өнгөтэй зүйл байсан бөгөөд нэхэмжлэгч түүнийг хар цай гэж тайлбарлаж байсан. Тэгээд ******* ахмад зургийг нь авсан, би буцаад гарсан. Дарханбаатараас архи үнэртэж байсан, нүд нь дуниартсан байсан. Одоогийн байгаа байдлаас өөр байсан. Жижүүрийн өрөө болон Дарханбаатараас архи үнэртэж байсан....” гэсэн мэдүүлэг,

            - Гэрч Ц.Пын “...Тэр өдөр ... дээр ******* С.Д нарын хамт очиход ******* ... хаалгыг онгойлгож өгсөн. Бид нарыг түүний өрөөнд ороход тамхи татсан бололтой битүү утаа болсон байсан. Бид нар тэнд шалгалт хийхэд сейфнээс нь хоёр архины шил гарч ирсэн. Тэгээд түүнийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар шалгах гэхэд ба архи уугаагүй, зүрхний эм уусан гэж хэлсэн. Нилээд юм болж ******* согтуурал шалгах багажийг үлээхэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би харшилтай, хамар бөглөрдөг тул тухайн үед миний үнэрлэх мэдрэмж тааруу байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.Сийн шүүх хуралдаанд өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас бууж *******т ажил хүлээлгэн өгөхдөө сейф дотроос хувцсаа авсан. Тэгэхэд сейфт архины шил болон ундааны савтай шээс байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

            -Гэрч ******* “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон хандивын тогтолтоос хойш 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд сейф дотор архины шил, шээстэй сав байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.Шын “...2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болсон хандивын тогтолтоос хойш 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд сейф дотор байсан архины шил, шээстэй савыг харахгүй байх боломжгүй. Би ажилд гарч үедээ сейфийг нээж үздэг. Архины шил байхыг хараагүй. Ч.Быг манай байгууллагын үүдээр явж байхад дарга надаар дуудуулсан. Тэгээд дарга Баас тухайн үед ******* архи уусан байсан уу? гэж асуухад Ч.Б түүнээс архи үнэртэж байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

16. Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/138, А/131 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5.-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч ******* 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амьсгал дахь спиртийн агууламж 1.14 хувьтай байсныг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

17. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заажээ.

Ажил олгогч ... дарга *******, жижүүр сантехникч ******* нар 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байна.

Уг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.8-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд холбогдох хөндлөнгийн гэрч болон бусад нөхцөлүүдээр нотлогдсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар заажээ.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал /тогтоол, захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.

Иймд нэхэмжлэгч *******ыг хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.8-д зааснаар ажлын байранд ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ... даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Тиймээс нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ******* нь тухайн үед утсаараа хийсэн бичлэгийг сидийн дээр хуулсан гэх 1 ширхэг сидийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь уг бичлэгийг хэзээ хийсэн болох нь цаг хугацааны хувьд тодорхойгүй байна.

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ...” гэж заасан байхад хариуцагч талаас хавтаст хэрэгт 7 дугаар сарын цагийн бүртгэл, ажил хүлээлцсэн гэх тэмдэглэл, байгууллагын групп чат дахь мэдээлэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаартай шийтгэвэр, цалингийн картыг нотлох баримтаар гаргаж өгөхдөө нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбар хувь байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

20. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д, 158 дугаар зүйлийн 158.1.5-д, 158.2.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ... төвд холбогдуулан гаргасан “...даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан .... ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх, ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан   шийдвэрлэх   тухай  хуулийн   120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ӨЛЗИЙХИШИГ