| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2022/00160/И |
| Дугаар | 157/ШШ2023/00052 |
| Огноо | 2022-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2023/00052
2023 04 ... 157/ШШ2023/00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 47 дугаар байрны ... тоотод оршин суух, Өөлд овогтой Цэрэндашийн Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сумын 1 дүгээр баг, 38 дугаар байрны ... тоотод оршин суух, Хайсан овогт Яын Бт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 8,520,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Яын Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй, эхний 9 сарын хүү 1,800,000 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,700,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 20%-ийн хүүтэй зээлж, 5 сарын хүү 1,700,000 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд зээлийн гэрээнүүдэд заасан хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгээ бүрэн төлж барагдуулаагүй тул Я.Баас 2020-06-10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1,000,000 төгрөг, үлдэгдэл 3 сарын хүү 600,000 төгрөг, 2020-10-11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1,700,000 төгрөг, үлдэгдэл 7 сарын хүү 2,380,000 төгрөг нийт 5,680,000 төгрөгийг, мөн гэрээний 3.7 дугаар зүйлд "Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө." гэж заасны дагуу алданги 2,980,000 төгрөг, /2020-06-10-ны өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн ниит дүн 1,600,000 төгрөг бөгөөд 0,5% нь 8000 төгрөг, үүрэг гүйцэтгээгүй хоног нь 2021-06-10-ны өдрөөс 2022-02-10-ны өдрийг хүртэл 245 хоног болно. 245*8000=1,960,000 төгрөгт алданги, 2020-10-11-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 4,080,000 төгрөг бөгөөд 0,5% нь 20,040 төгрөг, үүрэг гүйцэтгээгүй хоног нь 2021-10-11-ний өдрөөс 2022-02-10-ны өдрийг хүртэл 122 хоног болно. 122*20,040=2,444,880 төгрөгийн алданги, нийт алданги нь 4,404,880 болох боловч Иргэний хуулийн 232.4-т "анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан байх тул алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я.Б нь 2020 оны 06 дугаар 10-ны өдөр Ц.Баас 1,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 20%-ийн хүүтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж эхний зээлээ авсан байдаг. Энэхүү зээлээсээ 9 сарын хүү 1,800,000 төгрөг төлсөн. Үүнийг манайхаас хүлээн зөвшөөрч байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1,700,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 20%-ийн хүүтэй зээлж авсан. Энэ зээлийн 5 сарын хүүг төлж барагдуулсан. Я.Б, Ц.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээн дээр хүүг эхэлж төлнө үндсэн мөнгийг хугацааны эцэст төлнө гэж гэрээгээр тохиролцсон байдаг. Я.Б хүүгээ төлж явж байгаад зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй болсон. Ийм учраас Я.Баас 2020 оны 06 дугаар 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 1,000,000 төгрөг, үлдэгдэл 3 сарын хүү 600,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,700,000 төгрөг, үлдэгдэл 7 сарын хүү 2,380,000 төгрөг, гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног дутамд 0.5 хувийн алданги тооцно гэдгийг тохиролцоод гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Энэ алданги тооцох юм бол эхний гэрээний гүйцэтгээгүй үндсэн үүрэг 1,000,000 төгрөгний нэг хоногийн алданги 5000 төгрөг болж байгаа. Гэрээний дагуу зээл төлж дуусах хугацаа 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дуусч байгаа. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болтол хоногоо тооцож алданги авахаар шаардаж байна. Энэхүү хоног нь 245 хоног болж байгаа. Ингээд 245х5000=1,225,000 төгрөгийн алданги төлнө гэсэн дүн гарч байгаа. Дараагийн зээлийн гэрээний алданги нь 2021 оны 10 дугаар сарын 11-ээс 2022 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл 122 хоног алданги тооцож байна. Ингээд 1,700,000 төгрөгийн алданги 8,500 төгрөг 122х8500=1,037,000 төгрөг, 1,225,000+1,037,000=2,262,000 төгрөг, алданги маань гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хуваас хэтэрч болохгүй. Гүйцэтгээгүй үүргийн дүн хүү болон үндсэн зээл 5,680,000 төгрөг учраас үндсэн үүргээс хэтрээгүй. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 3.922.000 төгрөгийг Я.Баас хүлээж авсан. Тийм учраас 5,680,000+2,262,000=7,942,000 төгрөгийг Я.Баас гаргаж өгнө үү” гэв.
2.Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Я.Б нь Ц.Баас 2020 оны 06 дугаар сарын 10-нд 1 сая төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй, мөн ...00,000 төгрөгийг 1 жилийн 20%-ийн хүүтэй нэмж зээлсэн. Ингээд Б миний бие Ц.Бт нийтдээ 3,500,000 төгрөг буцаан төлсөн. Миний цалин эрс багассан, банкны зээл төлөлт, бусад урсгал зардал гээд Ц.Бын нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй болсон. Миний бие Ц.Баас авсан үндсэн мөнгөнөөсөө 800,000 төгрөг илүү төлсөн тул миний хувьд энэ хүнийг хохироогоогүй гэж үзэж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх анх 2,700,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч тал 3,500,000 төгрөг төлсөн гэж байна. Би нөхрийнхөө дансыг шүүж үзэхэд 5,204,000 төгрөг төлсөн гэсэн тооцоо гараад байгаа. Алдангиас алданги тооцно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хүүг багасгуулах хүсэлттэй байна. Ц.Б виза карт захиран зарцуулж байсан учраас алдангиас алданги тооцож байгаад санал нийлэхгүй байна. Ц.Б эхлээд 3,500,000 төгрөг авсан гэж байснаа сүүлдээ 3,922,000 төгрөг төлсөн гэж байна. Энэ ч гэсэн нотлогдохгүй байна.”гэв.
3.Нотлох баримт: Нэхэмжлэгч талаас 2020 оны 06 дугаар сарын 10, 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зээлийн гэрээ” 3 хуудас, ХААН банкны депозит дансны далгэрэнгүй хуулга 2 хуудас, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл 1 хуудас, нийт 6 хуудас баримт гаргасан байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Ц.Б нь “Я.Бт 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 1 сая төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зээлсэн 1,700,000 төгрөг, нийт үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулсан тул хүү 2,980,000 төгрөг, зээлийн гэрээний 3.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 2,840,000 төгрөг, нийт 8,520,000 гаргуулж өгнө үү” гэж шаардах эрхээ тодорхойлсон байна.
3.Хариуцагч Я.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар нь “3 удаагийн зээлийн гэрээгээр 2,700,000 төгрөг зээлж авсан, зээл, зээлийн хүүнд 5,204,000 төгрөг төлж Ц.Быг хохироогоогүй тул хүү, алдангийг төлөхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:
4.1.Ц.Б, Я.Б нар нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулан 1,000,000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн гэрээ”-г мөн бичгээр байгуулан 1,700,000 төгрөгийг тус бүр 1 жилийн хугацаатай, 1 сарын 20%-ийн хүүтэйгээр, зээлийг хугацааны эцэст эргэн төлөх, хүүг сар бүр тогтмол төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
4.2.Зээлдүүлэгч Ц.Б нь зээлийн гэрээнүүдэд заасны дагуу өөрийн ХААН банкин дахь 5946100378 тоот данснаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5946181326 тоот дансанд 1,000,000 төгрөг, 5006619031 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14:47 цагт 1,000,000 төгрөг, мөн өдрийн 15:25 цагт 700,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
4.3.Зээлдэгч Я.Б нь зээлдүүлэгч Ц.Бт 3,922,000 төгрөг төлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номин-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь хүү, алданги байх бөгөөд зээлийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулсан болон нийт 2,700,000 төгрөг зээлж авсан, зээлдэгч Я.Б нь зээлдүүлэгч Ц.Бт 3,922,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.
6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Я.Б нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
6.1.Зээлдүүлэгч Ц.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 20%-ийн хүүтэй, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар, мөн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 гэрээ байгуулан 1,700,000 төгрөгийг сарын 20%-ийн хүүтэй, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Я.Б нь зээл 2,700,000 төгрөгийг зээлийн хугацааны эцэст харин зээлийн хүүг сар бүр тогтмол төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн гэрээнүүдийг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 3-5 дугаар хуудас/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга, зорилго нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний зохицуулалтад нийцсэн, гэрээ нь хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 1.5-д 1,000,000 төгрөгийн зээлийг “2020.6.10-ны өдөр 5946181326 тоот дансаар” олгохоор, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-нүүдийн 1.5-д 1,700,000 төгрөгийн зээлийг “2020.10.11-ний өдөр 5006619031 тоот дансаар” олгохоор тус тус тохиролцсон байна.
Зээлдүүлэгч Ц.Б нь өөрийн ХААН банкин дахь 5946100378 тоот данснаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5946181326 тоот дансанд 1,000,000 төгрөг, 5006619031 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14:47 цагт 1,000,000 төгрөг, мөн өдрийн 15:25 цагт 700,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь зээлдүүлэгч Ц.Бын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-7 ху/ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
Зээлдүүлэгч Ц.Б нь зээлийн гэрээний дагуу 2,700,000 төгрөгийг зээлдэгч Я.Бын өмчлөлд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлжээ.
Харин зээлдэгч Я.Б нь 2020 оны 06 дугаар сарын 10 болон 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд байгуулсан “Зээлийн гэрээ”-нүүдийг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээнүүдийн 1.6-д “Эргэн төлөх нөхцөл: Зээлийн хугацааны эцэст,...” гэж заасан байх ба гэрээгээр тохирсон хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 10, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд зээлж авсан 2,700,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Үүрэг гүйцэтгэх зарчим нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Я.Баас гурван удаагийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг шаардах эрхтэй.
6.2.Зээлдүүлэгч Ц.Б, зээлдэгч Я.Б нар нь 2020 оны 06 дугаар сарын 10, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нийт 3 удаагийн “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж заасантай нийцэж байна.
Мөн зээлийн гэрээнүүдийн 1.4-т “...нэг сарын хүү нийт зээлийн үнийн дүнгийн 20% байхаар бид харилцан тохиролцов.” гэжээ.
Зээлийн гэрээний талууд гэрээг харилцан тохиролцож байгуулсан талаар маргаагүй бөгөөд зээлдүүлэгч Ц.Бт 3,922,000 төгрөг төлсөн, түүнийг хохироогоогүй тул зээлийн хүү төлөх боломжгүй гэж хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэтгэлцэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан байх ба өргөдөл гаргагч, уригдагч талуудын уулзалтын үеэр сарын 20%-ийн хүүг 10% болгон багасгах, зээл төлөх хугацааг урт хугацаагаар тавьж өгөх талаар ярилцсан боловч тохиролцоонд хүрэлгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүг багасгасан ч хүлээн зөвшөөрөхгүй, хүү төлөхгүй гэж тайлбарлав.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд зээлийн хүүг 10 хувиар тооцоход татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд зээлийн хүү өндөр байгаа тул багасгаж өгнө үү гэх тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эийн хүсэлтийн дагуу зээлийн хүүг 10 хувь багасгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
6.3.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан ба зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл 2,700,000 төгрөг болон төлөгдөөгүй зээлийн хүү 3,240,000 төгрөгийн нийлбэр дүн буюу 5,940,000 төгрөг юм.
Хариуцагч Я.Б нь үндсэн зээл 2,700,000 төгрөг болон зээлийн хүү 3,240,000 төгрөгийг төлөөгүй, шилжүүлэн авсан мөнгийг хугацааны эцэст буцаан төлөх, зээлийн хүүг сар бүр тогтмол төлөх зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, “Зээлийн гэрээ”-ний 1.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээнэ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 3,922,000 төгрөг төлсөн. Үүн дээр маргах зүйлгүй. Хариуцагч нь 3,922,000 төгрөг төлж, нийт зээл дууссан гэх боловч үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нь төлөгдсөн болох нь нотлогдохгүй байна.
Иймд үндсэн зээл 2,700,000 төгрөг, зээлийн хүү 3,240,000 төгрөг, алданги 2,970,000 төгрөг нийт 8,910,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,922,000 төгрөгийг хасаж, 4,988,000 төгрөгийг хариуцагч Я.Баас гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь хангагдаж байгаа тул нэхэмжлэгч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Баас улсын тэмдэгтийн хураамжид 94,758 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Баас 4,988,000 (дөрвөн сая есэн зуун наян найман мянган) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151,270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Я.Баас улсын тэмдэгтийн хураамжид 94,758 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ