2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2632

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч Н.Ж, түүний өмгөөлөгч С.Гүлдарь,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ж, Ж.Т нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408017500307 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

            Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын *** байрны гадна байсан хохирогч ***н 1,560,000 төгрөгийн үнэ бүхий Чезарь загварын  *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ж шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдаанд: “гэм буруугаа зөвшөөрөхгүй байна. Н.Жын машин гэж бодсон...” гэв.

Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайн эцсээс нэг залуугаас *** улсын дугаартай хар саарал өнгийн тоёота Чазер маркийн 4 дугуй байхгүй автомашиныг 900.000 төгрөгөөр сэлбэгт худалдаж аваад өөрөөсөө 4 дугуй, аккумляторыг авч очиж тавьж асаагаад таньдаг дүү Б-ийн хашаанд түр тавьж байгаад маргааш нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б-ийн найз Н.Ж гэх нэртэй жолооны үнэмлэхтэй хүүхдээр бариулаад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 46 байрны ард талд авч ирж өөрийн ***улсын дугаартай цагаан өнгийн 90 марк 2 загварын машины хажууд тавиад аккумляторыг салгаад тогийг нь салгаад үлдээсэн. Тэгээд тэрнээс хойш эргэж тойрохгүй байж байгаад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байхгүй болсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.. Би тухайн тээврийн хэрэгслийг Т гэх нэртэй 20 орчим насны залуугаас худалдаж авч байсан. Тус тээврийн хэрэгслийн багажийн доод хэсгийг тайрсан, урд гупер байхгүй, зүүн талын крило цагаан өнгөтэй, Мотисс гэх хуулгатай, 1 обуд нь Жи Ти Ар 32-ын обуд 1ш, Хайпер Зэрогийн обуд 1 ширхэг, Тойрэр Сток обуд 1 ширхэг, нэг нь саарал өнгийн хайлшин обудтай байсан, бүдүүн яндантай. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй… Түлхүүр байдаг кондукторын гол нь элэгдээд ямар ч хамаагүй түлхүүр хийхээр таардаг, тухайн үед би машинаа түгжсэн байсан… Би тухайн тээврийн хэрэгслийг сэлбэгийн зориулалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастай эцсээс 4 дугуйгүйгээр 900.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тухайн үед алдагдахдаа 4 обуд дугуй тавьчихсан байсан тул тухайн обуд дугуйнууд нь нийлээд 600.000 төгрөгөөр үнэлнэ, Би алдагдсан эд зүйлсийг нийтэд нь 1.500.000 үнэлнэ… Би тухайн машиныг унаж ирж тавьсан Н.Ж гэх хүүхдийг сэжиглэж байна… Н.Ж нь миний ажиллуулдаг засварын газарт миний ажилд тусалдаг дүү Б гэх залуугийн найз нь гэсэн би тухайн машин авч ирсэн өдөр л харсан одоо дахиж харвал танина...” гэсэн мэдүүлэг /хх-н 121-127/,

Гэрч Р.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны хавар буюу 4 сарын сарын сүүлээр яг /өдрийн бол санахгүй байна/ үл таних 20 орчим насны 2 залуу хар саарал өнгийн тоёота Чезарь маркийн ард талын багажийг нь тайрсан, яндан нь унжиж чирэгдсэн машинтай ирээд сэлбэгт авах талаар асуухаар нь би зөвшөөрч тухайн машиныг 380.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд би тухайн хоёр залуугийн нэгнийх нь данс руу өөрийн хаан банкны *** дугаарын данснаас 380.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр “гүйлгээний утга дээр нь 80*** Chaser" гэх утгатайгаар шилжүүлэн өгч худалдаж авсан… Тус хар саарал өнгийн тоёота Чезарь маркийн машин нь улсын дугааргүй байсан. Тухайн машин одоо байхгүй, тус машиныг задалж жижиглэхэд хэрэгтэй эд анги ховор байсан тул жижиглээд төмөр түүхий эд авдаг газарт тушаасан… Тухайн хоёр залуугийн нэг нь миний машин байгаа юм, мөнгөний хэрэг болоод задаргаанд өгөх гэж байгаа юм та авчхаач гэж хэлээд гуйгаад байхаар нь би худалдаж авсан… Би тухайн хоёр залууг тус машиныг хулгайлж авсан гэх талаар мэдээгүй… Нэг нь өндөр туранхай биетэй, нэг нь намхан нуруутай залуу байсан энэ талаар сайн санахгүй байна, дахиж харвал танихгүй гэж бодож байна…” гэх мэдүүлэг /хх-н 67-68/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Сэжигтэй ...2 этгээд нь 2024.04.30-ны өдрийн 16 цаг 27 минутад алдагдсан машины хамрыг сөхсөн ...2024.04.30-ны өдрийн 16 цаг 30 минут 22 секунтэд сэжигтэй 2 этгээд нь алдагдсан машиныг аккумлятор холбож асаагаад өндөр хар цамцтай нь машинд суугаад, улаан шоотой цамцтай нь аккумлятор аваад явж байгааг ...2024.04.30-ны өдрийн 16 цаг 33 минут 16 цаг секундэд сэжигтэй 2 этгээдийн хар цамцтай нь алдагдсан машиныг жолоодоод улаан шоотой, цагаан малгайтай нь цаанаас ирээд машинд суугаад хөдлөөд явж байгааг харуулав...” гэжээ. /хх-н 37-39/,

Яллагдагчаар Н.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн машиныг Бийн машин гэж бодсон, Б өөрөө надад хэлэхдээ миний машин гэж хэлсэн юм аа. Тухайн үед би найз Бид туслаад машиныг нь бариад явж байхад Б намайг шоглоод элдэв үгээр хэлээд байхаар нь миний уур хүрээд тухайн машиныг авах санаа төрөөд Ж.Тд, Бийн машиныг авъя, асааж үзье гэж хэлэхэд Ж.Т зөвшөөрч надтай хамт 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бийн машин дээр очиж машиныг асаахад Ж.Т тусалсан, би Ж.Тд машиныг авахаас өмнө л тухайн машиныг Бийн машин гэдгээ ч хэлсэн. Ж.Т бид хоёр анхнаасаа л ярилцсан байсан. Тухайн машиныг анх Ж.Т зарчих уу гэж хэлээд бид хоёр ярилцаад уг машиныг зарахаар болсон юм. Ж.Т бид хоёр уг машиныг эвдэрхий болохоор нь хүнийх биш ашигладаггүй гэж бодсон мөн Б уг машины бичиг баримт байхгүй гэж өмнө хэлж байсан болохоор нээх юм бодолгүй хүнд зарчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 93/,

Яллагдагчаар Ж.Тий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Ж уг машин миний машин бишээ Бийн /Б нь манай ангийн хүүхэд байгаа юм/ машин гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээх их юм бодолгүй машиныг асаахад тусалчхаад буцаж аккумляторыг байсан байранд нь тавьсан. ...Н.Ж уг машиныг зарчих уу, яах уу гээд асуухаар нь би зарж болох юм уу гэхэд Н.Ж болно, болно гэхээр нь би Н.Жт итгээд өмнө машин зарж байсан Баянхошуунд байх сэлбэгийн газарт уг Чезер маркийн машиныг 380.000 төгрөгөөр зарсан ба тухайн үед Н.Жын утас болохгүй байна, намайг дансаараа төлбөрийг авчих гэхээр нь би өөрийн дансаар 380.000 төгрөгийг авсан. ...уг мөнгөөр Н.Ж бид хоёр хоол авч идээд үлдсэн мөнгийг нь Н.Ж аваад 20.000 төгрөг үлдэхээр нь би тэр мөнгийг такси бариад гэртээ харьсан” /хх-н 99-100/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 13/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 14/, гэрч Р.Г-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-22/, шүүгдэгч Ж.Тгийн дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-29/, шүүгдэгч Н.Жын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 32-36/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 78-81/, шүүгдэгч Н.Жын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 105, 108, 110-111, 129/, шүүгдэгч Ж.Тий хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 106-107, 130/, хохирогчийн хүсэлт /хх-н 120/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Н.Ж нь Ж.Т нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын *** байрны гадна байсан хохирогч ***н 1,560,000 төгрөгийн үнэ бүхий Чезарь загварын  *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Р.Г нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, тэдгээр үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Тий өмгөөлөгч С.Дэлгэрмаагийн “Ж.Тий үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нь өөрийн гэм буруу нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч Ж.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Н.Ж уг машин миний машин бишээ Бийн /Б нь манай ангийн хүүхэд байгаа юм/ машин гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь хохирогчийн тээврийн хэрэгслийг бусдад зарж борлуулахаас өмнө шүүгдэгч Н.Жын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш гэдгийг шүүгдэгч Ж.Т мэдэж байсан, улмаар бусдын эзэмшил, өмчлөлийн гэдгийг мэдсээр байж зарсан нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъктив талын “гэм буруугийн санаатай” шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Ж.Т урьд тээврийн хэрэгслээ зарж байсан гэх шүүгдэгч Н.Жын таньдаггүй, өөрийн урьд таньдаг хүнд хохирогчийн тээврийн хэрэгслийг зарсан, өөрийн банкны дансаар худалдан борлуулсан мөнгийг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Ж.Тгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа болно.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нар нь хохирогч ***н улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хулгайлан авч хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Н.Ж болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарын гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “бүлэглэж” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл заалтуудыг журамласан нь үндэслэл бүхий ба Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 120/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ж.Тий өмгөөлөгч С.Дэлгэрмаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан заалтыг хэрэглэх боломж байна. Иймд тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн, шүүгдэгч Н.Жын өмгөөлөгч С.Гүльдарь шүүгдэгч Н.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 240 цаг болгон хөнгөрүүлж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.41, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж, Ж.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж, Ж.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай. 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР