Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 145/шш2023/00350

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 145/ШШ2023/00350

Өвөрхангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч А.Үүрийнтуяа, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дүгээр баг, 1... тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 32 настай, ... овгийн А.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дүгээр баг, ... тоотод оршин суух, 1992 онд төрсөн, 31 настай, ..... овгийн Д.Г-т холбогдох

 

Гэм хорын хохирол болох 305000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Гэм хорын хохирол болох 305000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын болон хариуцагч татгалзлын үндэслэлүүдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний утсан дээр дэвсээд дэлгэцийг нь хагалсан. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ булаацалдаж байгаад, надад авч өгсөн утсаа булааж аваад сим карт салгаж өгөөд, өмнө нь эвдэлсэн утсаа гэрийнхээ шат руу шидчихсэн. Тэгээд ямар ч ашиглах боломжгүй болгосон. Нийт хоёр удаагийн үйлдлээр ашиглах боломжгүй болгосон. Гар утсаа Улаанбаатар хот руу засварт явуулж Doogee S86 pro дэлгэц 140000 төгрөг, speaker 40000 төгрөг, charger 40000 төгрөг, main mic 40000 төгрөг нийт 260000 төгрөгийн засвар орсон. Мөн дэлгэцний шингэн наалт 25000 төгрөг, Улаанбаатар хотоос авчируулсан дайварт 25000 төгрөгийг төлж 305000 төгрөгийн зардал гарсан. Иймд *******аас 305000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая өгсөн баримтаар энэ утсыг 2023 оны 04 дүгээр сарын эхээр эвдэрчихсэн байсан гэж надад хэлсэн. Хүүхдүүдтэйгээ холбоо барьж чадахгүй байна гээд би Redmi-A9 маркийн гар утсыг Өвөрхангай аймгийн Бумбат төвийн гар утасны лангуунаас авч өгсөн. Тэрнээс хойш наад хүн чинь өөрөө хөдөө ажлаар яваад ирэхдээ утасны дэлгэц хагарсан, шилэн наалт байхгүй, гар руу шилэн дэлгэцийн үртэс ороод байна гэхээр нь би наад утасны чинь наалт нь байхгүй юм чинь гээд скоч наачихъя гэж хэлээд нааж өгч байсан. 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд цэцэрлэгээс нь аваад ирэхэд маргаан болсон. Манайд ирэхдээ миний авч өгсөн Redmi-A9 маркийн гар утастай л ирсэн. Тэр утсаа би өөрөө буцаагаад авсан. Өөр утас эвдэж, хэмхэлсэн зүйл байхгүй. Өмнө нь энэ хэрэгт шүүгдээд хуулийн хариуцлага хүлээж, нөхөн төлбөрөөр 130000 төгрөг төлөхөөр болсон. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлдээ дурдсан асуудлууд хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хүний эд хөрөнгийг эвдэлснийхээ төлөө ямар нэгэн төлбөр төлөх ёстой гэж бодож байна гэв.

 

Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Смарт Ай Ди Би Эм группын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэл, *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 20000 төгрөг шилжүүлсэн талаархи зураг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ЗШ/619 дугаартай шийтгэвэр, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 19 дугаартай, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, *******тэй фэйсбүүк чатаар харилцсан зурвас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохирол болох 305000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхдээ булаацалдаж байгаад , надад авч өгсөн утсаа булааж аваад сим карт салгаж өгөөд, өмнө нь эвдэлсэн утсаа гэрийнхээ шат руу шидчихсэн... гэж тодорхойлсон.

4. Хариуцагч ******* нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ ... Манайд ирэхдээ миний авч өгсөн Redmi-A9 маркийн гар утастай л ирсэн. Тэр утсаа би өөрөө буцаагаад авсан. Өөр утас эвдэж, хэмхэлсэн зүйл байхгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шийтгэвэр зэргээр 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* нь DOOGEE S86 маркийн гар утсыг эвдэж нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зохицуулсан.

Дээр дурдсанчлан хариуцагч DOOGEE S86 маркийн гар утас засварын төлбөрийг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шийтгэвэрээр шийдвэрлэсэн гэх тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдааны үед ... миний авч өгсөн Redmi-A9 маркийн гар утастай л ирсэн. Тэр утсаа би өөрөө буцаагаад авсан. Өөр утас эвдэж, хэмхэлсэн зүйл байхгүй гэж тайлбар гаргасан боловч үүнийг нотлосон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч ******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* нь Doogee s86 pro гар утасны микрофон өмнө нь эвдэрсэн байсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч А.Эрдэнэцэцэг үгүйсгээгүй байна.

Шүүх гэм хорын хохирлыг тодорхойлохдоо хариуцагч гэм буруутай эсэх хариуцагчийн уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх буюу гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай тул нэхэмжлэгчийн эзэмшлийн Doogee s86 pro гар утасны микрофон эвдэрсэн нь хариуцагч *******ын буруутай үйлдэлтэй холбоотой гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дэлгэцний шилэн наалтны төлбөрт 25000 төгрөг төлсөн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлож чадаагүй байна.

Нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирол 305000 төгрөг гэж тодорхойлон боловч Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 619 дугаартай шийтгэвэрээр *******аас гаргуулсан 130000 төгрөг /гар утас засуулсны зардалд/ нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнд орсон гэж тайлбарласан тул хариуцагч *******аас нэхэмжлэгчид учирсан хохирол /220000 төгрөг+20000 төгрөг/ 240000 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******аас 110000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 195000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэдийн төлөөлөгч Г.Одонтуяа Хүний эд хөрөнгийг эвдэлснийхээ төлөө ямар нэгэн төлбөр төлөх ёстой гэж дүгнэснийг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч *******аас шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй 04 дүгээр сарын 01-ний өдөр харилцсан зурвасаа нотлох баримтаар гаргаж өгчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр хуульчилсан ба хариуцагчийн гаргаж өгсөн дээрхи баримт нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч *******аас 110000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 195000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******аас 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 9800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД А.ҮҮРИЙНТУЯА

Б.ЦЭРЭНПҮРЭВ