| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2604 |
| Огноо | 2025-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2604
2025 11 19 2025/ШЦТ/2604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч М.Билгүүтэй,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхзул, түүний өмгөөлөгч Ц.Оргил,
шүүгдэгч *****, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн ****** тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 45 минутын орчимд **** тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 “а”-р заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ..” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч З.Эрдэнийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэгсийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт /1000 мл/, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхзул мэдүүлэхдээ: “...Манай нөхөр саяхан толгойнд нь цус хуралт өгөөд байнгын хэвтрийн дэглэмтэй байгаа, ухаан санаа нь гарч, ордог, бид хоёр 7 хүүхэдтэй, бага насны 3 хүүхэдтэй, бас нэг асаргааны хүнтэй болчихлоо, тогтвортой өөрийн гэсэн ажилгүй, хохиролд шүүгдэгчийн зүгээс оны өмнө 1 сая төгрөг, саяхан 500.000, 500.000 төгрөг нийт 2 сая төгрөгийг өгсөн. Одоо ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөр, цаашид гарах хохирол төлбөрийг нэхэмжилнэ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****:
“...З.Эрдэнэ нь миний нөхөр байгаа юм. Би зам тээврийн ослын талаар бол мэдэхгүй байна. Тухайн үед юу болсныг бол мэдэхгүй тухайн үед цуг яваагүй. 2024 оны 09 сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгаж мэдэгдэхэд нь тийм асуудал болсон талаар мэдсэн. Миний нөхөр З.Эрдэнэ нь 1983 оны 08 сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Бага насаа хөдөө аав ээж дээрээ мал маллаж өнгөрүүлсэн. Сургуульд сурч боловсрол эзэмшээгүй. 2-р ангиасаа сургуулиас гарчихсан. Бид хоёр 2005 онд Өвөрхангай аймагт амьдарч байхдаа танилцаж гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 7 хүүхэдтэй. Би нөхөр З.Эрдэнийн хамтаар Улаанбаатар хотод орж ирээд 4 жил болж байна. Манай нөхөр З.Эрдэнэ эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон ажил хийж байгаагүй хувиараа барилгын ажил олж хийдэг байсан. Манай нөхөр тархины гэмтэл авч хагалгаанд орсон, дэлүү задарч дэлүүгээ авхуулсан, давсаг хагарч давсгандаа хагалгаанд орсон, ходоод нойр булчирхайд гэмтэл авсан, хэвлийд цус хурсан гэмтэл авсан. Одоогоор биеийн байдал нь ухаан санаа нь орж гарсан байдалтай байнга хэвтэрт дүүргийнхээ эмнэлэгт хяналтад байгаа. Хүнтэй ярилцахаар өөрийгөө илэрхийлж чадахгүй болчихсон байгаа. Бид хоёр 7 хүүхэдтэй манай нөхөр ганцаараа ажил хийдэг байсан. Бид нарын амьдрал маш хэцүү болж байна. Том хүүхэд оюутан, сургуулийн насны 2 хүүхэд, цэцэрлэгийн насны 2 хүүхэд, нэгийг нь би хараад гэртээ байдаг. Эрдэнийн эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна. Мөн ослын улмаас манай нөхрийн S23 маркийн гар утас алга болсон байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Сандагсүрэнгийн гаргасан 3095 дугаартай дүгнэлтэд... цагаан өнгийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 69.84 км/цаг байна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 1000356 дугаартай дүгнэлтэд:
“...Hyundai маркийн Porter загварын 32-96 УКА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай тоормосны системтэй. 2-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12973 дугаартай:
“...З.Эрдэнийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэгсийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт /1000 мл/,баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.15, -т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2054 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1900 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 53-60 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 46 дугаартай З.Эрдэнэ нь Тархи доргилтын дараах хам шинж, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. Эрдэнэ нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Эрдэнийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 93-97 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн:
“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч З.Эрдэнэ нь нийт 7.042.240 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7.042.240 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг Г.Цогтгэрэлээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 118 дахь тал/,
ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08/231 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 214-215 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0825/2158 дугаартай:
“...Золбингийн Эрдэнэ /РД:ЙГ83080919/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас тархины доргилтын дараах хам шинж /F07.2/ оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 229-231 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0225/1025 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн DVD дискийг компьютерт уншуулахад секундэд 15 кадр /frame/ дүрслэгдэх, 1920x1080 pixel, 57,8мб хэмжээтэй, 2024,09.28 20:21:32-ээс 2024.09.28 20:27:02 секунд хүртэл 5 минут 29 секундийн хугацаатай дүрс бичлэг, Хөсөг трейд тр4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн файл байна. Уг дүрс бичлэгийн файлын бүтцийг харахад хяналтын камерын төхөөрөмжөөс хөрвүүлэн авсан байна. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тогтоолд хавсаргасан тээврийн хэрэгслийн камерын бичлэг Осол болсон гэх БГД-ийн 29 дугаар хороо "Хөсөг трейд"-ийн замд 2025 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 13:45:00 цагт тусгай зориулалт багаж ашиглан замын хэмжилт болон скайн хийж зам орчны байдлыг 3 хэмжээст загварчлалыг гаргав. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг, хавтаст хэрэгт авагдсан материал дээр үндэслэн явган зорчигч алхам хоорондын зайг тодорхойлох боломжгүй байх тул ердийн алхаагаар 1.4м/с болон 1.2м/с гэж үзвэл Эметрийн өргөнтэй замыг 6.43с - 7.50 секунд хугацаанд туулах боломжтой ба тээврийн хэрэгсэл хүн хоорондын зай 98м байх ба уг зайг тээврийн хэрэгсэл 69.84 км/цагийн хурдтайгаар жигд явахад 69.84км/цаг = 19.40 м/с, 98м/19.40м/с = 5.05 секунд хугацаа зарцуулна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг болон хэмжилт хийсэн 3D загварчлал дээр үндэслэн тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн боломжит байршлыг дүрс давхарлалтын аргаар боловсруулан дотор талаас харуулсан бичлэгийг сд дискт хуулбарлан хүргүүлэв. Шинжилгээний үр дүнд гарсан тээврийн хэрэгслийн 69.84км/цаг хурд, явган зорчигч хоорондын зай 98м, туулсан хугацаа 5.05 секунд, явган зорчигчийг мөргөсөн байх боломжтой урд салхины шилэн дээр үүсэн мөр зэргийг үзэхэд 5.05 секундээс их хугацаанд 98м зайг туулсан гэж үзэхэд мөргөхгүй байх боломжтой хурдыг хүснэгтээр гаргав гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 10-26 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ***** нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч З.Эрдэнийн эрүүл мэндэд хүнд учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалинд 30.000.000 төгрөг, гар утасны эвдрэлд 1.100.000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 46.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил “...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогчид учирч байгаа хохирол хор уршиг маш өндөр шүүдэгчийн зүгээс хохирол төлөх талаар санаачилга муутай, өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч рүү залгаж гуйсны үндсэн дээр 1 сая төгрөгийг 2 хувааж хийсэн. Хохирогч ажлаа хийгээд явж байсан бол гэр бүлээ тэжээгээд явж байх боломжтой байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, хохирол төлбөрийг үүнийг буруутай этгээд төлөх үүрэгтэй, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг 14 сараар буюу 30.500.000 төгрөгийг нэхэмжилнэ, гар утасны эвдрэлийн мөнгийг төлсөнтэй холбоотой хасагдах байх, сэтгэцэд учирсан хохирлыг 4 дүгээр зэрэглэлээр тооцсон 18 настай, бусад нь бага насны хүүхдүүдтэй, шүүгдэгчээс санаачилга гаргаж төлөөгүй байж болно, сэтгэл санааны хохирлыг өндрөөр төлөх нь зүйтэй тул 70 хувиар буюу 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү. Мөн хохирол төлөх график гаргах нь зүйтэй. Хохирол төлбөрийг төлөх чадвартай байх ёстой, шүүгдэгч өндөр насны тэтгэврийн насны хүн гэж үзэхгүй байна. Тэгэхээр хуримтлуулсан хөрөнгө, цаашид ажиллах боломжтой байдал харагдаж байна. Иймд хохирлыг графикийн дагуу төлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “...Хохирол хор уршгийн хувьд прокурор өмгөөлөгч нарын гаргаж байгаа тооцоотой холбоотой гар утасны асуудал дээр хэргийн газрын үзлэг хийхэд дурдаагүй, 79-85 дахь талд авагдсан баримтад огт шинжилгээ хийгээгүй, мөрдөгч самсунг ямар үнэ ханштай вэ гэдгээр үнэлгээ гаргасан нь шинжлэх ухааны үндэслэлтэй гараагүй, үүнийг нэхэмжлэлээс хасаж өгнө үү. Харин 35 сая төгрөгийн цалинг үгүйсгэх зүйл байхгүй, нийгмийн даатгал төлж байсан бол энэ хугацаанд акт авах ёстой, цалингийн зөрүүг халамжаас авах ёстой, нийт хохирлоос 2.341.000 төгрөгийг хасаж үлдэгдэл хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Хохирогчийн өмгөөлөгч хариуцлагагүй зүйл ярьж байна. Хүний хувийн амьдрал бол янз бүр энэ байдлаар дүгнэлт хийж болохгүй, өмнө нь өртэй байсан, тэтгэвэрт гараад тэтгэврээсээ хохирол төлж б арагдуулж байгаа цаашид бас төлнө гэж байгаа, осол гарсан үеэс төлнө гэдгээ илэрхийлж байгаа, хохирлыг боломжоороо төлсөн...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***** нь:
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 29-р хороо, “Хөсөг трейд”-ийн замд Hyundai Porter маркийн 3296 УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 3.4 "а"-р заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах... үүргийг хүлээнэ.. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч З.Эрдэнийн биед гавлын баруун зулайн яснаас чамархай ясыг дайран суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэгсийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун хацар ясны нум, нүдний ухархай ясны хугарал, дэлүүний няцрал, язрал, урагдал, ходоодны их махиа, нойр булчирхайн сүүл хэсгийн эдийн няцрал, хэвлийн хөндийн шингэн сул цус хуралдалт /1000 мл/, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын цус хуралт, зулгаралт, зүүн хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
- 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Сандагсүрэнгийн гаргасан 3095 дугаартай дүгнэлт, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 1000356 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12973 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2054 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1900 дугаартай магадалгаа, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 46 дугаартай дүгнэлт, ШУТИС-ийн Механик Инженер, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08/231 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0825/2158 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0225/1025 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар 359.965 төгрөг, гар утасны хохиролд 1.100.000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2.300.000 төгрөгийн хохирол төлсөн байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 7.042.210 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *****ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зөв байна.
Түүнчлэн хохирогч З.Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Энхзул нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил “... Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ гэмшсэн байдал харагдахгүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “...Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, урьд ял шийтгэлгүй болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа боловч хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн нь дүгнэлтээр тогтогдсон, үүнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын гаргаж байгаа жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах санал дээр хэлэх зүйлгүй, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөн үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүгдэгч *****ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хохирогчид хүнд гэмтэл учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 35.000.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 30.353.400 төгрөг, нийт 65.353.400 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Энхзулд нарт олгож, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *****ээс хохирогч З.Эрдэнийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 7.042.210 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ