| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2622 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2622
2025 11 24 2025/ШЦТ/2622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч/ хохирогч *****, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
шүүгдэгч/ хохирогч *****, хохирогч Б.Гансүх, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
2. Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 8 давхарт хохирогч *****тай “гэрт орж нөхөр болох Б.Гансүхийн биед халдсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнтэй зууралдаж, түүний хөхний товчийг хазаж, гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч ***** нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 8 давхарт хохирогч Б.Гансүх, ***** нартай “та яахаараа миний гэрт орж эхнэр хүүхэд айлгадаг юм бэ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Гансүхийн нүүрэн тус газарт нь гараараа түлхсэний улмаас хана мөргүүлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн дээрх цаг хугацаанд хохирогч *****г газарт унагааж, түүний аарцагны умдаг яс руу хөлөөрөө өшиглөж, гараараа баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнгөндалай мэдүүлэхдээ: “.. Тухайн өдөр хаалга цохихоор нь онгойлготол өндөр залуу шууд дайраад орж ирсэн. Юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ гээд асууж байхад манай нөхөр том өрөөнөөс гарч ирсэн. Энэ залуу манай нөхрийг коридорт шууд боож унагаасан. Би өөрөө хүнд өвчтэй хүн. Тэгж хүн хазах тэнхэлтэй хүн биш. Би амьсгаа авч чадахгүй астамтай гэдгээ хэлээгүй. Намайг татаад боогоод амьсгаа авч чадахгүй байхад аргагүй эрхэнд тавиулах гэж хазсан нь үнэн. Муугаар бодоход манай нөхөр ухаан орохгүй үхсэн бол яах юм бэ. Үнэхээр их гомдолтой байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн хувьд камерын бичлэг, хөндлөнгийн гэрч байхгүй. Мөнгөндалай, Гансүх бид гурваас өөр хүн байгаагүй учир үйл явц, дараалал, нөхцөл байдлыг маш сайн ойлгуулах нь чухал гэж бодож байгаа. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн зургийг харьцуулан орон зайн байрлалаар ойлгож авна уу гэж хүсэж байна. Тухайн үед би барилгын компанид санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажил дээр байхад манай эхнэр залгасан байсан. Би завгүй байсан болохоор утсаа авч чадаагүй. Тэгээд манай эхнэр дээд айлын ах согтуу орж ирээд ингээд загналаа гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Би ажлаа зохицуулаад буцаагаад эхнэр рүүгээ залгахад манай гэрт гуталтайгаа орж ирээд та нар юу хийгээд байгаа юм, гэр хороололдоо очиж амьдраач, та хэд наад ажлаа болиоч, танай хүүхэд надад ямар хамаатай юм гэсэн байдлаар загнаад цагдаа дууд гээд гараад явсан гэж ярихаар нь одоо очлоо гэж хэлээд ажлаасаа гарсан. Тэгээд гэртээ орохгүйгээр энэ айл руу орсон. Гуталтайгаа манай гэрт орсон гэж сонссон учраас гэрийнх нь гүн рүү гуталтайгаа орохыг хүссэн. Хаалгыг нь тогшсон чинь Мөнгөндалай эгч хаалгаа онгойлгосон. Тэгээд би хажуугаар нь зөрж ороод наад талын тэмдэглэгээний хэсэг дээр очтол том өрөө болон гал тогооны өргөн хэсгээс Мөнгөндалай эгчийн нөхөр Гансүх гарч ирсэн. Мөнгөндалай эгч намайг хаасан байдалтай миний урд зогсож байсан. Гансүх ахыг гараад ирэхээр нь та яахаараа айл руу дураараа орж эхнэр, 2 настай хүүхдийг минь айлгадаг юм бэ гэж уурлаад хэрэлдсэн. Тэгээд мухар хэсэг рүү гараараа түлхэхэд Гансүх ах ямар нэг байдлаар унаагүй, хана мөргөөгүй. Тэр үед ямар ч гэмтэл учруулаагүй. Нөхрийг нь зодож байна гэж бодсон уу Мөнгөндалай эгч намайг 2 гараараа маш их цохиж маажиж байсан. Мэдээж нөхрийгөө хамгаалж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр нь би шууд зогсож байсан байдлаасаа хойшоо буюу үүдний хэсэг рүү зугтах байдалтай алхаж байгаад хаалганд тулаад хаалгыг онгойлгох гэсэн чинь дотроосоо онгойхгүй байсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгож чадахгүй хаалган дээр очоод гацсан. Мөнгөндалай эгч намайг цохисон, самардсан хэвээрээ байсан. Энэ нь тухайн үед авсан биеийн зургаар нотлогдож байгаа. Мөнгөндалай эгч над руу дайрсан чигээрээ намайг хойшоо ухраад явж байх хооронд Гансүх ах араас нь явж байсан. Мөнгөндалай эгч намайг цохиод байсан учраас 2 гарыг нь бариад дээш нь өргөж бариад өөрийгөө хамгаалсан. Үүнээс болоод гарын шуунд нь гэмтэл учирсан гэж бодож байна. Намайг цохиод байсан 2 гарыг нь барьсан болохоор 2 хөлөөрөө миний 2 хөл дээр гишгээд амаараа цээжнээс хазсан. Миний хөлөн дээр гишгээд газраас хөндийрөөд баруун хөл дээрээ тулаад зүүн хөлөөрөө миний баруун хөлөн дээр маш олон удаагийн дэвсээд миний цээжнээс хазаад байсан. Өөр цохих гэмтээх үйлдэл хийх боломжгүй байсан учраас хөл дэвсэж, цээжнээс хазсан байх гэж бодож байна. Цээжнээс хазахад маш их өвдөж байсан учраас гараас нь барьсан чигээрээ түлхсэн. Тэгэхэд тэнцвэр алдаад Мөнгөндалай эгч хойшоо унасан. Мөнгөндалай эгч миний 2 хөлөн дээр гишгэсэн байсан учраас би тэнцвэрээ олохгүй араас нь дагаад унасан. Би унахдаа тодорхой хэмжээнд өвдгөөрөө тулсан учраас өвдөгний гэмтэл учирсан байгаа. Мөнгөндалай эгчтэй давхралдаж унах үед бид хоёрыг дагаад үүд рүү ирж явсан Гансүх ах над руу дайрч татах, гаргаараа сарвайх үйлдэл хийсэн. Тэгэхэд нь би шууд цохих, өшиглөх үйлдэл хийгээгүй. Гансүх ахыг тэвэрч авч цааш нь түлхээд хоёулаа хана налаад унацгаасан. Манай үүдэнд байдагтай адил сандал тэдний үүдэнд байсан. Тэр сандал дээр хөл нь тээглээд ташуулдан хана налж унасан. Унаж байхдаа Гансүх ахын толгойг цааш нь түлхэж хана мөргүүлсэн ийм үйл явдал болсон. Мөнгөндалай эгчтэй давхардаж унаад Гансүх ах над руу дайрч байхад Мөнгөндалай эгчийг өшиглөх завдал ч байгаагүй, өшиглөх шаардлага ч байхгүй. Өөрийнхөө хамгаалах л миний зорилго байсан. Мөнгөндалай эгч миний урд, Гансүх ах миний баруун талд байсан. Мөнгөндалай эгчийн мэдүүлэг дээр манай нөхрийг өшиглөх гэж байсан юм уу мэдэхгүй, санаа зорилгыг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан намайг өшиглөсөн гэсэн байсан. Намайг Гансүх ахыг өшиглөх үйлдэл хийх гэж байсан байж магадгүй гэж таамаглан мэдүүлэг өгсөн байгаа юм. Хэрвээ би Гансүх ахыг өшиглөх гэж байсан гэж бодоход замд нь Мөнгөндалай эгч тааралдах ямар ч боломжгүй. Бид нар өөр өөр байрлалд байсан. Мөнгөндалай эгч над руу өшиглөсөн гэж мэдүүлсэн байгаа. Хэрвээ би өөдөөс нь харж зогсож байгаад салтаа руу нь өшиглөсөн бол энэ хүн мэдүүлэг дээрээ над руу харж байгаад өшиглөсөн гэж мэдүүлэх байсан гэж бодож байгаа. Намайг нөхрийг нь өшиглөх санаа зорилготой байсан гэдгийг мэдрээгүй эргэлзсэн байдалтай ийм мэдүүлэг өгсөн гэдгийг анхаарч үзнэ үү. Гансүх ахыг хана мөргөсний дараа би хаалганы бөөрөнхий хэсгийг эргүүлж онгойлгоод орцонд гарсан. Мөнгөндалай эгч араас босож таавчиг барьж гарч ирээд намайг маш олон удаа цохисон. Тэгэхэд надад ямар нэгэн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Гэхдээ маш олон удаа би бие муутай хүн гэж орилж хашхираад намайг цохиод байсан. Энэ үйл явдал орцонд болж байсан учир хажуу айлын хүн гарч ирээд бид хоёрыг салгасан. Үүдний сандал дээр ухаан алдаад хэвтэж байсан Гансүх ах ухаан ороод орцонд гарч ирсэн. Хажуу айлын залуу Гансүх ахын урдуур бас орж байсан. Ямар ч байсан Гансүх ах бид 2 дахиж ойртоогүй холоос хэрэлдсэн байдалтай байсан. Мөнгөндалай эгчээс түрүүлж орцноос гарч ирсэн. Энэ 2 хүн над руу дайрсан хэвээрээ байна гэж бодсон учраас гарч ирээд шууд цагдаа дуудсан. Би хажуу айлын залуутай ярилцаж тайвширсан. Тэр хоёр ч бас тайвшраад гэртээ орцгоосон. Тэгээд цагдаагийн хэлтэст очоод тайлбар мэдүүлгийг өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гансүх мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр зуслан явах гээд бага хүүхдээ хүлээгээд эхнэр бид хоёр байж байсан. Гэтэл доод тал хана өрөмдөөд байсан. Өмнө нь даацын хана нурааж байсан гэдгийг манай байрны хүмүүс мэдэж байсан. Тэгээд би дахиад даацын хана нураах юм биш байгаа гээд тэр айл руу орсон. Содбаяр намайг гуталтай орж ирсэн гэж хэлж байна. Би гэрээсээ гарч доод айлдаа орж байгаа юм чинь таавчигтай орно. Содбаярын эхнэр хаалгаа онгойлгосон. Тэгээд би танай дээд айлын хүн байна, танайх юу өрөмдөөд байгаа юм бэ, өмөн нь даацын хана нурааснаас болоод энд байсан айлууд ихэнх нь нүүгээд явчихлаа, та нар яасан айдаггүй юм бэ гэж хэлэхэд эхнэр нь та ороод хар, даацын ханыг чинь бөглөсөн гэж хэлэхээр нь явж ороход үнэхээр бөглөсөн байсан. 2 залуу өрөм барьсан зогсож байсан. Тэгээд та нар болилдоо гэж хэлэхэд таны нүд улаан байна, та согтуу байна, цагдаа дуудлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон. Доод айл ханаа өрөмдөж байх шиг байна гэж эхнэртээ хэлээд тэрэндээ стресстээд хөргөгч онгойлгоод 2 пиво уусан. Том өрөөнд зурагт үзээд сууж байхад хаалга тогшихоор нь цагдаа нь ирж байгаа юм байлгүй гэж бодоод том өрөөндөө зурагтаа үзээд сууж байсан. Тэгтэл манай эхнэр юун хүн бэ, яах гэж байгаа юм бэ гэхээр нь намайг том өрөөнөөс гарч ирэхэд энэ залуу та яахаараа айлд дайрч ордог юм гээд үг хэлэхийн завдалгүй боогоод хана мөргүүлсэн. Тэгээд ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд үүдний тэнд хэвтэж байсан. Юу болоод байгаа билээ унтаад сэрж байгаа билүү гэж бодтол манай эхнэр тэр цаана атийгаад хэвтсэн орилж байсан. Манай эхнэр энэ залууг гэрээс гаргасан. Би юу болсныг мэдэхгүй жаахан хэвтэж байгаад босоод араас нь гарсан. Хажуу айлын залуу гарч ирсэн байсан. Манай эхнэр яах гээд байгаа юм, цаашаа ор гээд намайг түлхсэн. Тэгээд би гэртээ буцаад орсон. Айлд дайрч орж ирээд эхнэр, нөхөр хоёрыг зодоод гарах зоригтой байсан байж одоо яагаад үнэнээ хэлэхгүй байгааг гайхаж байна. Манай коридорт сандал байхгүй. Сандал тавих зай ч байхгүй. Харин үүдэнд дэр нь сууж гутал өмсдөг гутал хийдэг юм байсан. Хаанаас сандал гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Ямар ч байсан гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ баримтаар 370,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч *****ын:
“...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад манай эхнэр над руу залгахад би завгүй байсан тул тасалсан ба над руу “Дээд айлын ах согтуу орж ирчхээд загнаад байна” гэх утга бүхий мессеж бичихээр нь би эргүүлээд залгаж юу болсон талаар асуухад “дээд айлын ах согтуу орж ирээд загнаад, та нар өмнөх жил хана нураасан гэж гэртээ гутлаа тайлахгүй орж ирсэн” гэхээр би ажлаа зохицуулаад гэрүүгээ очсон. Би харих замдаа өөрийнхөө гэрт орохгүйгээр дээд айлын гэрт зөвшөөрөлгүйгээр шууд гуталтайгаа орох санаа зорилготой байсан. Тэгээд би шууд дээд айлын хаалгыг тогшиход эхнэр нь хаалгаа онгойлгохоор нь шууд зөвшөөрөлгүйгээр гэрт нь орсон үед эхнэр нь над руу уурласан ба нөхөр нь цаад өрөөнөөс гарч ир ирээд “юун хүн бэ” гэхэд би та яахаараа миний гэрт орж эхнэр хүүхэд айлгадаг юм бэ? гэж үурлаад нөхрийн толгой руу нь мангастах үед эхнэр болон нөхөр нь над руу хоёулаа зэрэг дайрсан. Би тухайн үед одоо явъя гэж бодоод тухайн гэрээс гарахаар хойшоогоо алхсан тухайн үед эхнэр нь зуурсан байсан. Би үүдний хэсэгт гарах гэсэн боловч эхнэр нь надад зүүгдсэн байдалтай байсан ба миний гар болон цээж хэсгийг маажаад бас хөхний товчийг хазаж авсан. Эхнэр нь надад зүүгдсэн болохоор би тэнцвэрээ алдаад урагшаагаа унаж эхнэртэй нь хамт давхарлаад газарт унасан, тухайн үед нөхөр нь над руу дайрахаар нь би нөхрийг нь дахиад түлхсэн үед нөхөр нь сандалд тээглээд хана мөргөж хойшоогоо унасан. Тэгээд би хаалгаа онгойлгоод гарсан үед эхнэр нь дагаж гарч ирээд тавчикаараа цохисон. Тухайн үед хажуу айлын залуу гарч ирээд дээд айлын эхнэр бид хоёрыг салгасан..., ...Би нөхөр нь буюу Гансүхийн дух руу нь гараараа эхлээд нэг удаа түлхсэн, тухайн үед хана мөргөөгүй, харин хаалганы үүд хэсэгт цээж хэсэгт нь хүчтэй түлхэхэд сандалд тээглэж хана мөргөж унасан өөр нөхрийн биед нь халдсан асуудал байхгүй. Харин би эхнэрийн буюу Мөнгөндалайн биед халдсан асуудал байхгүй өөрөө над руу дайраад байхаар нь би гарыг нь базсан, түлхсэн, өөрөө надад зүүгдсэн байхаар нь тэнцвэрээ алдаад дээр нь унасан өөр биед нь халдаагүй..., ...Миний биед Гансүхэд халдаагүй..., ...Мөнгөндалай миний биеийг олон удаа маажсан, зүүн талын хөхний толгойноос хазсан, тавчикаараа цохисон..., ...Миний ярьсан хэлсэн зүйлс үнэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
Хохирогч Б.Гансүхийн:
“...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр эхнэр бид хоёр байсан ба зуслан руугаа явах гэж бага хүүхдээ хүлээгээд байж байсан чинь доод айл нэг юм өрөмдөөд эхэлсэн ба өмнө тухайн айл бас хана өрөмдөөд манай байрын оршин суугчид эсэргүүцэж байсан ба дахиад юу өрөмдөөд байгаа бол гэж бодоод би очоод ирье гэж эхнэртээ хэлээд очсон. Тэгээд би гэрт нь очсон чинь тухайн айлын эхнэр нь хаалгаа онгойлгосон ба эхнэр нь над руу “та юун хүн бэ?, манайх нялх нойтон хүүхэдтэй та гутлаа тайлахгүй юм уу гэсэн” тухайн үед би тавчиктай байсан ба би тавчикаа тайлаад том өрөө лүү нь орсон ба уг өрөөнд засвар хийж байсан 2 залуу байсан. Тэгэхээр нь би танайх ямар сонин юм бэ? урьд нь бас даацын хана нураагаад баахан юм болсон одоо та нар бас юу өрөмдөөд байгаа юм вэ? гэж хэлсэн чинь эхнэр нь “та нүд чинь улаан болоод согтуу байгаа юм биш үү гэж хэлсэн” тухайн үед би толгойгоо угаасан болохоор нүд маань улаан байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд эхнэр нь цагдаа дуудна гэхээр нь тэг дууд гэж хэлээд би явсан. Би гэртээ орсон ба эхнэртээ цагдаа дуудна гэж байна гэхээр манай эхнэр дуудвал дуудна биз гэсэн, гэртээ орж ирээд хөргөгчид байсан 2 пивог уусан. Том өрөөнд зурагт үзэж байсан чинь хаалга тогшихоор нь эхнэр цагдаа нар ирсэн байх гээд хаалгаа онгойлгохоор явсан ба эхнэр “хүүе хаая” болоод орилоод явахаар нь том өрөөнөөс гараад очтол нэг залуу орж ирээд над руу дайрч мангастаад хана мөргүүлсэн, тухайн үед би ухаан алдаад унасан байсан ба нэг сэрэхэд эхнэр хаалганы үүдэнд хэвтсэн байдалтай байсан ба манай хажуу талын айлын залуу нөгөө манай гэрт орж ирсэн залууг барьж авсан салгасан яваад байсан. Би ухаан алдсан байсан мэдэх юм тэр л байна харин нөгөө залуу доод айлын залуу гэдгийг асуудал болсны дараа мэдсэн..., ...Гэрт орж ирээд мангастаад хана мөргүүлснийг санаж байна, хана мөргөсний дараа түр ухаан алдсан байсан ба тэрнээс хойш биед минь яаж халдсан талаараа мэдэхгүй байна..., ...Би тухайн залуугийн биед халдаагүй..., ...Би ухаан алдсан байсан учраас эхнэр тухайн залуугийн биед халдсан талаараа мэдэхгүй байна..., ... Надад мэдэх зүйл алга байна ухаан алдсан байсан учраас, сэрэхэд эхнэр хаалганы үүдний хэсэгт атийгаад хэвтэж байсан, ба нөгөө залууд “би бие муутай гэж хэлсэн биз дээ гээд орилоод байсан.,., ...Би эхнэртэйгээ хамт MED TRAUMA гэдэг нэртэй эмнэлэгт үзүүлээд би өөрөө, тархины зураг авхуулсан..., ...Хэрэгт тусгуулах баримт байгаа, 370,000 төгрөгийн төлбөр төлсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
Хохирогч *****н:
“...2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр доод айл буюу доод айл юм өрөмдөөд байсан урьд нь буюу одоогоос 2 жилийн өмнө байх хэдэн он гэдгийг нь сайн санахгүй байна даацын хана нураасан байсан. Тухайн үед уг байрны оршин суугчид тухайн айлд шаардлага тавьж байсан даацын хана нурааж болохгүй талаар..., ...Тухайн өдөр бас юм өрөмдөөд байгаа болохоор манай нөхөр уг айлд ороод юу өрөмдөөд байгаа талаар мэдээд асуугаад ирье гэж явсан. Тэгээд манай нөхөр орж ирээд “ханыг өрөмдөж байгаа юм байна тэгэхээр нь би одоо юу өрөмдөөд байгаа юм вэ одоо болиоч ээ гэж хэлсэн” гэж ороод ирсэн ба тухайн айлын эхнэр нь цагдаа дуудна гэж уурлаж байна” гэсэн. Удалгүй хаалга тогшихоор нь цагдаа нь ирсэн байх гэж бодоод хаалгаа тайлсан чинь танихгүй өндөр nypyyтай залуу шууд дайраад ороод ирсэн, тэгэхээр нь би юун хүн бэ? Яах гэж байгаа юм бэ? Гэхэд тухайн үед манай нөхөр том өрөөнд сууж байсан ба нөхөр гараад ирэхэд нөхөр лүү шууд дайраад нүүр лүү нь түлхээд унагаасан. Тэгэхээр нь би нөгөө гэрт орж ирсэн залуутай зууралдсан, Тэгээд манай нөхрийн барьж аваад толгойг нь хана руу мөргүүлэхэд манай нөхөр ухаан алдаж унасан. Уг залуу намайг өргөөд унагаасан, би ч зууралдаж хөхийг нь хазсан, тавчикаар цохисон. Ийм асуудал болсон..., ...Уг залуу намайг өргөөд газарт унагаасан, аль хөлөөрөө гэдгийг санахгүйбайна, уг залуу манай нөхрийг өшиглөх гэж байгаад намайг өшиглөсөн юм уу, санаа зорилгыг нь мэдэхгүй байна, ямар ч байсан намайг нэг удаа арцагны умдаг яс руу өшиглөсөн, гараараа базсан..., ...Халдсан, дагзаар нь хана мөргүүлсний улсаас манай нөхөр ухаан алдаж унасан байсан..., ...Манай нөхөр уг залуугийн биед халдаагүй..., ...Би халдсан, намайг өөр лүүгээ гараараа татахад амьсгаа авч чадахгүй болохоор би хөхний зүүн талын хөхний толгойг нь хазсан, тавчикаараа гар луу нь цохисон өөр халдсан асуудал байхгүй..., ...Би уг дүгнэлттэй танилцсан, би Содбаяр гэх уг залуугийн хөхний товчийг хазсаныг хүлээн зөвшөөрч байна..., ...Би MED TRAUMA гэдэг нэртэй эмнэлэгт болон гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлсэн..., ...Хэрэгт тусгуулах баримт байгаа, Med TRAUMA эмнэлэгт 150,000 төгрөгийн төлбөр төлсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 50-59 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн №9235 дугаартай:
“...*****ын биед зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., ...Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.., ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1 1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9141 дугаартай:
“...*****н биед баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой..., ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9143 дугаартай:
“...Б.Гансүхийн биед тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..., ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ***** нь хохирогч *****тай “гэрт орж нөхөр болох Б.Гансүхийн биед халдсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнтэй зууралдаж, түүний хөхний товчийг хазаж, гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- шүүгдэгч ***** нь хохирогч Б.Гансүх, ***** нартай “та яахаараа миний гэрт орж эхнэр хүүхэд айлгадаг юм бэ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Гансүхийн нүүрэн тус газарт нь гараараа түлхсэний улмаас хана мөргүүлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн дээрх цаг хугацаанд хохирогч *****г газарт унагааж, түүний аарцагны умдаг яс руу хөлөөрөө өшиглөж, гараараа баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- шүүгдэгч Э.Сод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” шүүгдэгч *****н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Содбаяр нь хохирогч Гансүхэд 370.000 төгрөг, хохирогч Мөнгөндалайд 150,000 төгрөгийн төлөх төлбөртэй” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Гансүх, хохирогч/ шүүгдэгч ***** нарын өмгөөлөгч Д.Баттөмөр “...*****т учруулсан гэмтлийг аргагүй хамгаалалтын нөхцөл байдлын улмаас учруулсан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч нарын зүгээс 375.000 төгрөг, 150.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн. Өмнө нь цагдаа, шүүхийн байгууллагаар явж байгаагүй учраас бусад зүйлийг мэдэхгүй гэдгээ сая мэдүүлж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 7 сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг төлүүлэх талаар заасан. Энэ хэргийн хувьд шинжээч томилж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол 2 дугаар зэрэглэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол учирсан байх магадлалтай. Улсын яллагчийн зүгээс *****ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Өмгөөлөгчийн зүгээс нэмээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан биеэ хамгаалах чадваргүй гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байсан гэж үзэж байна. Хохирогч Мөнгөндалайг харахад өвчтэй эсэх нь мэдэгдэхгүй. Хохирогч бие муутай хүн шүү, чи битгий ингээд бай гэж тухайн үед хэлж байсан талаараа мэдүүлж байна. Хохирогч Мөнгөндалай нь сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байгаа нь харагдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****ын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн “...Миний үйлчлүүлэгч Содбаяр нь хохирогч Мөнгөндалайг санаатайгаар зодож, биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч Мөнгөндалай нь нөхрийн биед халдсан гэх шалтгаанаар миний үйлчлүүлэгчийг самардаж, маажсан байдаг. Содбаярыг зугтаж хаалганд тулаад Мөнгөндалайн 2 гарыг барьсан учраас өөр үйлдэл хийх боломжгүй болсон учраас 2 хөлөн дээр нь гишгэж, зүүн хөлөөрөө баруун хөлийг нь дэвсэж гэмтээсэн байдаг. Мөн хөхний толгойг хазаж гэмтэл учруулсан байдаг. Содбаярын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Хохирогчийн биед санаатай учруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байгаа. Давхралдан унах явцдаа өвдгөөрөө хохирогч Мөнгөндалайн умдгийн яс орчимд дарж гэмтэл учруулсан байх боломжтой гэж үзэж байна. Тиймээс хохирогч Мөнгөндалайд санаатай гэмтэл учруулаагүй. Хохирогч Гансүхийг мангасдсан, хохирогч ухаан алдсан гэж ярьж байна. Ухаан алдсан хүн үүдэнд ирсэн асуудал яригдаж байна. Гансүхийг эхнэрээ хамгаалж үйлдэл хийхэд нь өөрийгөө хамгаалж, аргагүй хамгаалалт хэрэглэж Гансүхийг хана руу түлхсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Содбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэмт хэрэг тооцохгүй байж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг заасан. Дээрх зохицуулалтыг үндэслэн миний үйлчлүүлэгч Содбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****, ***** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ***** нь:
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 8 давхарт хохирогч *****тай “гэрт орж нөхөр болох Б.Гансүхийн биед халдсан” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүнтэй зууралдаж, түүний хөхний товчийг хазаж, гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөхний толгойн зулгаралт, баруун тавхайн ар хэсэг, шагайн үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч ***** нь:
2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны 8 давхарт хохирогч Б.Гансүх, ***** нартай “та яахаараа миний гэрт орж эхнэр хүүхэд айлгадаг юм бэ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Гансүхийн нүүрэн тус газарт нь гараараа түлхсэний улмаас хана мөргүүлж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйх, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн дээрх цаг хугацаанд хохирогч *****г газарт унагааж, түүний аарцагны умдаг яс руу хөлөөрөө өшиглөж, гараараа баруун бугалга, баруун шуу хэсгээс базсаны улмаас эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, баруун, зүүн өвдөг, умдаг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч *****, Б.Гансүх, ***** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн №9235 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9141 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9143 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн хохирогч *****, Б.Гансүх нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай хүмүүс бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой хохирогч Б.Гансүхийн зүгээс 370.000 төгрөг, хохирогч *****н зүгээс 150.000 төгрөг, нийт 520.000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас нийт 520.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гансүхэд 370.000 төгрөг, хохирогч *****д 150.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч *****, Б.Гансүх, ***** нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Гансүх, хохирогч/ шүүгдэгч ***** нарын өмгөөлөгч Д.Баттөмөр “...Улсын яллагчийн саналыг дэмжихгүй байна. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйл ангиар 2 хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *****ын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн “...Эрүүгийн хариуцлагын тал дээр улсын яллагчтай санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч *****, ***** нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *****д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
- Харин шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч *****т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2405029811446 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****, ***** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас нийт 520.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гансүхэд 370.000 төгрөг, хохирогч *****д 150.000 төгрөг тус тус олгож, хохирогч *****, Б.Гансүх, ***** нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *****, ***** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***** нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****, ***** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ