2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2676

 


 

 

 

 

 

 

 

 2025         12           01                                      2025/ШЦТ/2676

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ***** нь 2023 оны 05 дугаар 15-ны өдрөөс 2023 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ***** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мандах зууч” ХХК-ийн борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тахианы махыг худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс нийт 8.735.900 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 2 сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад гараад Мандах зууч  компанид түгээгч, борлуулагч ажилтнаар ажиллаж байсан. Би дуудлагаар явж байгаад осолд орсон. Компанийн мөнгийг эмчилгээний зардалд хэрэглэсэн. Тухайн ослоос манай эхнэрийн баруун гар ажиллагаагүй болсон тул төлбөрийг төлөх боломж гарахгүй байсан. Үлдэгдэл хохирол төлбөрийг төлнө. Захиралтай утсаар ярьж төлнө гэдгээ хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэдрэгзэн:

“...Б.Анхбаяр нь манай байгууллагад ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2024 оны эхээр ажлаасаа гарсан юм. Ингээд уг хэрэг болсон үед болон одоо миний бие нягтлангаар ажиллаж байгаа тул хууль ёсны төлөөлөгчөө өөрчлүүлэх хүсэлттэй  байна.. тухайн хүн авто осолд орсны дараа болон ослын өмнө зээлээр өгсөн газpaacaa мөнгө авсан байсан. Тухайн хүн байгууллагын мөнгийг осолд орсны өөрийн дансаараа авсан байсан. тухайн хүнээс хохирол мөнгө барагдуулмаар байна....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

 

Гэрч П. Даваадоржийн:

“...Би “Мандах зууч” ХХК-д 2022 оны хавар нярваар ажилд орж одоо хүртэл ажиллаж байна. Манай байгууллагад борлуулагч, жолоочоор 2023 оны 05 сард ажилд ороод 2023 оны 06 сард гарсан. Удаан ажиллаагүй. Миний үүрэг бол өглөөдөө түгээгч нарт падаанаар мах хүлээлгэж өгөх, оройдоо үлдсэн махыг мөн падаанаар хүлээж авах ажлыг хийдэг. Тоо ширхэгтэй, хайрцагаараа байдаг хөлдүү мөх учир элэгдэл, хорогдол гарахгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,

Гэрч Б. Чимэдрэгзэний:

“...Би “Мандах зууч” ХХК-д 2021 оны 09 сараас сараас хойш ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манайхаас 5 саяас дээш дүнгээр худалдан авсан тохиолдолд гэрээ байгуулдаг. Манай байгууллагаас хүргэлтийн ажилтан тахианы мах захиалсан байгууллагад хүргэлт хийж өгдөг. ...Манайх 3 жолоочтой, 2 жолооч нь захиалгын дагуу түгээлт хийдэг. Нэг нь борлуулалт түгээлтээ хамтад нь хариуцаж явдаг. Түгээлт хийнэ гэдэг нь захиалгын дагуу, борлуулалт түгээлт хамт хариуцна гэдэг нь машиндаа тахианы махаа авч гарч байгууллагад нь зардаг гэсэн үг, ...Зулбаяр манай байгууллагад борлуулалт, түгээлт давхар хариуцахаар ажилд орсон. ...Зулбаярт өөрийн дансаар авах эрх олгосон байсан. Жижиглэн борлуулалт дээр түгээгчдээ хариуцуулж өгөөд томоохон газруудад бол гэрээ дээрээ тусгаад өгсөн байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/,

 

Гэрч Б. Энхзаяагийн:

“...Ч. Зулбаяр нь манай нөхөр болох хүн юмаа. Дээрх 5023373811 тоот данс нь миний эзэмшлийн 10 гаруй жил ашигласан миний өөрийн данс. Манай нөхөр “Мандах зууч” ХХК-д борлуулагч хийдэг ба орлогын мөнгийг миний дансаар авч цааш нь байгууллагын данс руу шилжүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 123-134 дэх тал/,

 

2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Корона дөл аудит” ХХК-ийн дүгнэлт /хавтаст хэргийн 109-111 дэх тал болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч ***** нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 8.235.900 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *****ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ***** нь:

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ***** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Мандах зууч” ХХК-ийн борлуулагч, жолоочоор ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тахианы махыг худалдан борлуулсан орлогын мөнгөнөөс нийт 8.735.900 төгрөгийг хувьдаа завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чимэдрэгзэн, гэрч П. Даваадорж, Б. Энхзаяаг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Корона дөл аудит” ХХК-ийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *****ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас “Мандах зууч” ХХК-д 8.735.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс шүүхийн шатанд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэгдэл 8.235.000 шүүгдэгч *****аас гаргуулж хохирогч “Мандах зууч” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *****ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

- нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305028920944 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ыг 550 /таван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****аас нийт 8.235.900 төгрөгийг гаргуулж хохирогч “Мандах зууч” ХХК-д олгосугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ