2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2677

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          12          01                                    2025/ШЦТ/2677

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, 

улсын яллагч Н.Халиунаа, 

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн ***** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***********

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр *** нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энх-Амгаланг тодорхой шалтгаангүйгээр чулуугаар толгой тус газарт нэг удаа цохиж газар унаган хөлөөрөө дэвссэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, баруун дал, хоёр чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Энх-Амгалангийн:

“... Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08 цагийн үед УБ каб-ын үйлчилгээнд явж байгаад зам дагуу буюу Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Хавдар судлалын үндэсний төвийн автобусны буудалд зогсож байтал удалгүй нэгэн үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн таксинд явмаар байна гэж хэлсэн, хаа хүрэх юм бэ гэхэд төмөр замын Богд Ар хороолол оруултал үл таних эмэгтэй хүн буугаад, энэ залуу цаашаа Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, Очир 2 хотхоны ойролцоо очоод хаана буух талаар эхлээд нэг асуутал үл таних эрэгтэй хүн унтсан байхаар нь сэрээх гээд хэлээд сэрэхгүй байхаар нь хувцаснаас нь дугтартал тухайн эрэгтэй хүн уурлаад над руу агсарч эхэлсэн юм. Удалгүй арын суудлаас буугаад намайг шууд заамдаж аваад автомашинаас чирээд буулгах гээд байхаар нь би өөрөө буутал зам дээрээс тоосго аваад над руу шидэхэд би булттал миний автомашины ус борооны хаалтыг чулуугаар цохиж гэмтээсэн. Удалгүй тухайн газраас авсан чулуугаар миний толгой тус газар нэг удаа цохиод газар унахад хөлөөрөө миний дээрээс дэвсэж эхэлсэн юм. Тэр үед намайг зодчихоод миний эзэмшлийн автомашин унаж явах гээд хөдлөх гээд байхаар нь би ноцолдож байгаад унтраасан юм. Тэр үед жолооч талын хаалга бага зэрэг сэвтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Шүүгдэгч *******ын сэжигтнээр өгсөн:

“... Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах IDX нэртэй баарнаас үл таних бааранд танилцсан эмэгтэй хүний хамт такси барьсан юм. Тухайн үед би дээрх эмэгтэй хаана буулгасан талаар санахгүй байна. Эмэгтэй хүнийг буулгачхаад нэг мэдэхэд Сонгинохайрхан дүүргийн Натур эмнэлгийн гадаа таксины жолооч маргалдаж орилж байсан бөгөөд тэр үед эргүүлийн цагдаа ирсэн байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЕГО725/10202 дугаартай шинжээчийн:

“...Б.Энх-Амгалангийн биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, баруун дал, хоёр чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энх-Амгалан нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 124,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл /хавтаст хэргийн 89 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч Б.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь:

2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автобус баазын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энх-Амгаланг тодорхой шалтгаангүйгээр чулуугаар толгой тус газарт нэг удаа цохиж газар унаган хөлөөрөө дэвссэний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, баруун дал, хоёр чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Энх-Амгалан, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ЕГО725/10202 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энх-Амгалангийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой хохирогчоос баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 124.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч ******* төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

 

Иймд шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **** тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ