Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2023/00371

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааныг танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д*******ийн Э******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******гийн Ж******* -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00374/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Э*******,

Хариуцагч Б.Ж*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б.Ж*******гийн хүсэлтээр 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус бүр гэрээ хийж, хугацаа заан зээлдүүлсэн бөгөөд нийт 3,500,000 төгрөгийг зээлдүүлсэн. Дээрх мөнгийг Ж*******гийн Хаан банкны 5******* тоот данс руу шилжүүлж өгч байсан. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлээс 400,000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 3,100,000 төгрөг үлдсэн.

Мөн дээрх хугацааны хүүгийн төлбөр 3,418,133 төгрөгийг хариуцагч Ж*******гаас авахгүйгээр зөвхөн үндсэн зээлийн үлдэгдэл 3,100,000 төгрөгийг авахаар тохиролцон гарын үсэг зуралцсан тул нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгийг гаргуулахаар 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2022/0******* тоот захирамжаар Б.Ж*******г хаяг дээрээ байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг буцааж Булган аймгийн шүүхэд өгөхийг зөвлөсөн гэв.

 

2.Хариуцагч Б.Ж******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Б.Ж*******, Д.Э******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд /хэргийн 5,7,9-р хуудас/,

-Д.Э*******гийн 5******* дугаартай депозит дансны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дансны хуулга /хэргийн 6,8,10-р хуудас/,

-Зээлдэгч Ж*******, зээлдүүлэгч Д.Э******* нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хийсэн тохиролцоо хэлэлцээр /хэргийн 11-р хуудас/,

-Зээлдэгч Б.Ж*******, зээлдүүлэгч Д.Э******* нарын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн тохиролцоо /хэргийн 12-р хуудас/,

-Б.Ж*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 13-р хуудас/,

-Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШЗ2022/0******* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 14-15-р хуудас/,

-2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3*******, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 6, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай шилжүүлэгийн баримтын хуулбар /хэргийн 29-31-р хуудас/,

-Д.Э*******гийн 5******* дугаартай дансны 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дансны хуулга /хэргийн 32-р хуудас/

 

4.Хариуцагч нь шүүхэд хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Б.Ж*******д холбогдуулан 3,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.Хариуцагч Б.Ж******* нь хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3.1.Талууд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч Д.Э******* нь зээлдэгч Б.Ж*******д 1 жилийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэйгээр 500,000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч Д.Э******* нь зээлдэгч Б.Ж*******д 1 жилийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэйгээр 2,000,000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлдүүлэгч Д.Э******* нь зээлдэгч Б.Ж*******д 1 жилийн хугацаатай, сарын 12 хувийн хүүтэйгээр 2,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн зээлийн гэрээг байгуулсан боловч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй байх тул бичгээр байгуулах хэлцлийн шаардлага хангахгүй байна.

3.2.Харин нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Д.Э*******гаас Б.Ж******* руу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийн шилжүүлэгийн баримт, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Д.Э*******гаас Б.Ж******* руу шилжүүлсэн 1,000,000 төгрөгийн шилжүүлэгийн баримт, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Д.Э*******гаас Б.Ж******* руу шилжүүлсэн 500,000 төгрөгийн шилжүүлэгийн баримтаар нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Б.Ж*******д нийт 3,500,000 төгрөгийг шилжүүлж харилцан тохиролцон 3,500,000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь дээрх шилжүүлэгийн баримтуудын хуулбар болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байгаа тул зохигчийн байгуулсан хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

3.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч Б.Ж******* нь зээлдүүлэгч Д.Э*******гаас авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд зээлдүүлэгч Д.Э******* нь зээлдэгч Б.Ж*******гаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

4.Зээлдэгч Б.Ж******* нь зээлдүүлэгч Д.Э*******д үндсэн зээлийн төлбөрт нийт 3,500,000 төгрөгийг төлөхөөс 400,000 төгрөгийг төлж үлдэгдэл 3,100,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

5.Хариуцагч Б.Ж******* нь эрх, үүрэгтэйгээ 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагч Б.Ж*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******д олгох нь зүйтэй байна.

 

6.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 /жаран дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б.Ж*******гаас 64,550 /жаран дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ж*******гаас 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 /жаран дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б.Ж*******гаас 64,550 /жаран дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ