Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2025          11           24                                       2025/ШЦТ/208

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 2404002330159 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                Б.Халиунгоо

Хохирогч                                                        Т.*******

Шүүгдэгч                                                        Б.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, оператор мэргэжилтэй, ******* аймгийн ******* байрлах “*******” ХХК-нд операторчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 111 тоотод оршин суух хаягтай,

Урьд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийг торгох ялаар шийтгүүлж байсан,

овгийн ******* (РД:)

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар хохирогч Т.*******гийн нүүр хэсэгт гараараа 2-3 удаа алгадаж унаган, мөн нүүр хэсэгт 1 удаа өшиглөж түүний биед хамрын ясны шинэ хугарал, таславчны мурийлт, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “... нь баарны гадна нэг танихгүй эрэгтэй хүнээс тамхи асуугаад зогсож байтал зодоон хийж байсан хүмүүсийн нэг нь ийг цохихоор нь “хүн алчихлаа” гэж хэлээд нөгөө ахтай харилцан цохилцоод байж байтал бид хоёрын дундуур үл таних эмэгтэй орж ирээд салгах гэхээр нь би тэр эмэгтэйг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-н 72, 82-83),

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Тухайн үед миний хөлийн шагай гэмтсэн байсан учир хохирогчийг өшиглөх боломжгүй гэж бодож байна. Хохирогч хүн андуураад байх шиг байна, миний хувьд хохирогчийг цохиж, түүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн шөнө найзуудын хамт “” бааранд ороод 1 пиво уугаад бүжиглэж байгаад тамхи татахаар гарахад манай дүү хэдэн залуучуудтай маргалдаж байсан, олон залуучууд байсан болохоор очоод “та нар боль” гэж хэлтэл тэр дунд байсан нэг үл таних залуу “чиний үе дууссан шүү, бүдүүн авгай минь зайл” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм бацаан минь” гэхэд тэр залуу намайг нэг удаа цохиж унагаасан, эргээд бостол дахиж намайг цохьсон би сульдаад унахад нүүр лүү нэг удаа өшиглөөд тавлаж инээгээд байсан, би арай гэж зугтаасан. Тухайн залуугийн нэрийг ******* гэдгийг сүүлд мэдсэн. Миний биед өөр хүрсэн хүн байхгүй...(хх-ийн 30, 32),

Хохирогч Т.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “******* нь миний үснээс залгаагаад нүүр лүү гараараа цохьсон. Мөн нүүр лүү мангасдаж байгаад намайг унагаад нүүр лүү өшиглөсөн. Харин тухайн үед *******тай хамт явж байсан нэг залуу миний гарыг бариад намайг хориглож байгаад цаашаа яваад өгсөн. Сүүлд ******* нь над руу утсаар залгаад “чих гэж битгий шаагаарай” гэж хэлсэн. Хамрын хагалгааны төлбөр, баримтаар гарсан эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр эхнэр болон найзуудын хамт бааранд ород эгчтэйгээ таараад мэнд мэдсэн. Тамхилах гээд гартал хэсэг залуус хоорондоо муудалцаад байж байхаар нь очоод салгаж байтал манай эгч Т.******* намайг “муудалцаж байна” гэж бодоод салгах гэж дундуур орж ирээд нэг залууд цохиулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36),

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Т.*******гийн биед хамрын ясны шинэ хугарал, таславч мурийлт, тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой, дээрх хамрын ясны хугарал, таславч мурийлт, тархины доргилт гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 311 дугаартай дүгнэлт (хх-ийн 40-41),

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн “Төрбатын ******* (РД:)-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэсэн ЕГ0825/2304 дугаартай дүгнэлт (хх-ийн 98-100),

Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэлд “Таньж олуулах ажиллагааг Цагдаагийн хэлтэсийн 111 тоот өрөөнд цаасан дээр 1 дэх хуудсанд 1,2,3,4,5,6,7,8,9 гэсэн дугаар бүхий тэмдэглээ, 2 дахь хуудсанд 10,11,12,13,14,15 гэсэн тэмдэглэгээ хийж 08 дугаарт Б.*******ын зургыг байрлуулав. Хохирогчоос “зургыг шууд таньж байна, №08 гэсэн дугаартай хүн намайг цохьсон хүн мөн байна гэж шууд заав. Энэ залууг шууд таньж байна, өндөр шар царайтай, монхордуу хамартай, махлагдуу биерхүү биетэй, тухайн үедээ нэлээн их уртавтар үстэй байсан гэж царай төрхөөр нь таньж байна гэж тайлбарлаж байсан” гэжээ. (хх-ийн 135-139)

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “Б.******* нь 1.58 хувийн согтолттой, хохирогч Т.******* нь 1.63 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 17-19),

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/145 дугаартай албан тоотод “Т.******* (РД:) нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 130.515 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 94)

Хохирогч Т.*******гийн гаргасан хүсэлтэд “Эмчилгээний зардал болон шатахууны зардал 551.211 төгрөг болсон. Хамрын хагалгааны зардалд 3.500.000-4.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. (хх-ийн 87-94, 122)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Б.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 53, 58-64), 

Иргэний үнэмлэхний “ овгийн ******* (РД:)” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 51-52, 54-56) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр болон эмчилгээний зардлыг гаргуулж хохирогчид олгож, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 130.515 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “Хохирогч андуурч хэлээд байна гэж бодож байна. Миний хувьд түүнийг цохиж зодоогүй” гэж тус тус маргасан болно. 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2024 оны 10 дугаар сарын 13-ний шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна хохирогч Т.*******г “таны үе дууссан шүү бүдүүн авгай минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, улмаар түүний нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж унагаан, нүүр лүү нь 1 удаа өшиглөж түүний биед хамрын ясны шинэ хугарал, таславчны мурийлт, тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бид хоёрын дундуур үл таних эмэгтэй орж ирээд салгах гэхээр нь би тэр эмэгтэйг нэг удаа гараараа нүүр хэсэгт нь цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүд,

           - хохирогч Т.*******гийн “тэр залуу миний нүүр лүү цохиж, мангасдаж унагаад нүүр лүү нэг удаа өшиглөсөн” гэсэн агуулга бүхий  мэдүүлгүүд (хх-ийн 30, 32), 

           -гэрч Т.ын “манай эгч Т.******* намайг муудалцаж байна гэж бодоод салгах гэж дундуур орж ирээд нэг залууд цохиулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36), 

           -хохирогчийн биед хамрын ясны шинэ хугарал, таславч мурийлт, тархины доргилт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн №311 дугаартай дүгнэлт. (хх-ийн 40-41), 

           -шүүгдэгч, хохирогч нарын согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-19),

           -Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 135-139) болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

           Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:    

              Хэргийн үйлдлийг нотолж байгаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон тогтвортой мэдүүлгүүд байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан ба шүүгдэгч Б.*******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй байна.

 Шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь бусад эх сурвалж болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтаар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь “хохирогч намайг андуурсан байх, би түүнийг цохиж зодоогүй” гэж мэдүүлсэн нь хохирогчийн “шүүгдэгч Б.*******ыг царай төрх, онцлох шинж тэмдэгээр нь шууд заасан” таньж олуулах ажиллагаагаар няцаагдаж байна.

           Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.*******ын “хохирогчийг хэл амаар доромжилж, хэд хэдэн удаагийн үйлдлээр нүүр лүү нь цохиж, өшиглөсөн” дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Тухайн гэмт хэрэг гарахад  хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь  согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн болон шүүгдэгчийн хувьд өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй байсан зэрэг нь нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

            Гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж тусган баталгаажуулсныг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд.., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд хамрын ясны шинэ хугарал, таславч мурийлт, тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Э.*******гаас “эм тариа, үзлэг оношилгооны төлбөр 353.051 төгрөг, шатахууны төлбөр 198.161 төгрөг, нийт 551.211 төгрөг төгрөг”-ийг,

Хамрын хагалгаа, мэс заслын төлбөрт 3.500.000-4.000.000 төгрөг болон сэтгэцэд учирсан гэм хорын зардал, нийт 10.000.000 төгрөг”-ийг тус тус нэхэмжилжээ. (хх-ийн 122)

Хавтас хэргийн 87-91-р талд авагдсан хохирлын талаарх баримтуудыг судлахад хохирогч Э.*******гийн эмчилгээ, үзлэг оношилгооны төлбөрт 353.051 төгрөг, шатахууны зардалд 198.161 төгрөг, нийт 551.211 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.*******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр улсын хэмжээнд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3.293.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. (660.000х4.99=3.293.400)

Харин хохирогч Э.******* нь хамрын хагалгаа, мэс засал хийлгүүлэх талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 130.515 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар санал гаргасан бөгөөд иргэний нэхэмжлэгчийг томилсон болон хохирогчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 130.515 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.   

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал, дүгнэлт гаргаагүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч Б.*******ын хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 551.211 (таван зуун тавин нэгэн мянга хоёр зуун арван нэгэн) төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 3.293.400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун) төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.*******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

       6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 130.515 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Б.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА