Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-д холбогдох 17160002900013 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ***** сумын харьяат, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ****** сумын **** багийн **** тоотод оршин суудаг, ****** регистрийн дугаартай, Ж овогт Б-н Д гэв.

Холбогдсон хэргийн талаар: Б.Д нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн ***** тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн О.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүдэн тус газар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн:  “...Би **** оны **** дугаар сарын ***-нд төрсөн. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр талоны бараа аваад Г халамжаа аваад манайд очсон. Манайд очихдоо архи, пиво авсан байсан. Тэрийгээ ууж сууж байгаад Г намайг чи эр нөхрөө шоронд хийчихээд биеэ үнэлэгч гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би 2 удаа алгадсан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Э.Г-н “...2017 оны 07 сарын 26-ны өдөр халамжийн мөнгө болох 140.000 төгрөг аваад тэр мөнгөөрөө дарс, пиво, архи ундаа аваад ***** баг ***** тоот хашаанд Б.Д-д очиж Б.Д, М.Т, О.Н бид 4 хувааж уугаад дууссан. Тэгээд Б.Д-тай маргалдсан Б.Д миний зүүн нүдрүү гараа зангидаад цохисон. Би уйлаад хашааны гадаа гараад дэлгүүрийн гадаа уйлаад орилоод байж байхад Ц.Н эгч ирсэн. Тэгээд манай ээж Д.О-г утсаар дуудсан. Манай ээж ирээд намайг аваад явсан. Тэгээд цагдаа дуудсан. М.Т-г цагдаа авч яваад О.Н, Б.Должмаа нар тэнд үлдсэн...” гэх мэдүүлэг/хх 22-рт/,

Гэрч О.Н-н мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...***** багийн ****1 тоотод Э.Г-г Б.Д гараа зангидаж байгаад нүүрлүү нь цохисон. Э.Г-г Б.Д янхан гээд байсан юм. Би Б.Д-н байшинд орон дээр нь сууж байсан. Б.Д миний хажууд сууж байсан юм. Тэгээд тэр хоёр маргалдаад зодолдохоор нь салгасан юм. Б.Д хутга гаргаагүй. Тухайн үед М.Т бас байсан юм...” гэх мэдүүлэг /хх 26-27-рт/,

Гэрч М.Т-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн өдөр Б.Д-нд О.Н, Б.Д, Э.Г бид дөрөв байсан. Э.Г халамжийн мөнгөөрөө дэлгүүрээс 2 шил архи, 1 шил дарс, 2.5 литрийн пиво авч ирээд бид дөрөв уусан. Э.Г Б.Д нар хоорондоо маргалдсан. Тухайн үед тэр хоёр архи уусан байсан. Нэг нэгнийгээ өшиглөж, цохилцсон. О.Н бид хоёр салгасан юм. Э.Г гараад яваад өгсөн чинь гаднаас хоёр эмэгтэй орж ирээд та нар нийлээд хүүхэд зодлоо гэж хэлсэн тэгээд цагдаа дуудсан байсан. Б.Д гараараа хоёр удаа Э.Г-н нүүрлүү нь цохисон юм. Өөр цохиж зодсон хүн байхгүй. Э.Г Б.Д-г хэл амаар доромжлоод байсан юм...” гэх мэдүүлэг/хх 28-29-рт/,

Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 07 сарын 26-ны өдөр Э.Г-тэй ***** багийн**** тоот хашааны ойролцоо тааралдсан. Гэтэл Э.Г миний нүдийг сохолчихлоо гээд орилоод байсан. Тэгээд би хаана хэнд нүдээ сохлуулсан талаар асуухад ****** тоот хашааг заагаад хамт яваад очтол тэнд 1 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Тэгээд дуудаж босгоод асуухад бүгд согтуу байхаар нь Э.Г-н ээжийг нь дуудсан. Зүүн нүдний доод талд хэгз цохисон байсан ба сохроогүй байсан. Зүүн нүд нь хавдсан байсан. Э.Г-н ээж нь ирээд эмнэлэг ирээд авч яваад нэг эрэгтэйг нь цагдаа аваад явсан...” гэх мэдүүлэг/хх 31-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 сарын 30-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №234 дугаарт “... 1.Иргэн Э.Г-н биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 42-рт хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх 47-рт/, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирол төлөгдсөн талаарх Д.О-н хүсэлт/хх 74-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Д-н 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн **** тоот хашаанд байрлах өөрийн гэртээ иргэн О.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүдэн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Г-н мэдүүлэг/хх 22-рт/, гэрч Н-н мэдүүлэг, гэрч Т-н мэдүүлэг, гэрч Н-н мэдүүлэг/хх 31-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 42-рт/, гэрч Д-н мэдүүлэг/хх 32-33-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 36-37-рт/, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа/хх 47-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлсэн, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 78-рт/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07 дугаартай тогтоол/хх 85-рт/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч О.Г-н хууль ёсны төлөөлөгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол санал байхгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн хүсэлт гаргасан боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс Эрүүгийн хуулийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэн прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн /Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт/ хх 78-рт/, хохирогч Э.Г-н хууль ёсны төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ “...Э.Г нь Б.Д-д зодуулж хөнгөн зэргийн гэмтэл авсан байсан. Миний охины хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэснийг, мөн хохирогч Э.Г нь шүүгдэгчийн зүй бус үг, хэл амаар доромжилсон байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийнь1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Б-н Д-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Д-н иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА