Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/606

 

 

П.Ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч П.И,

хохирогч А.Оюунтөгсийн өмгөөлөгч Б.Билгүүн,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1166 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр П.Ид холбогдох эрүүгийн 2106005500369 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...................., 19........................... оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хотхоны 3а байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Шүүгдэгч П.И нь 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн хоолны газарт А.Оюунтөгстэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэсэн, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй гэж үзэхээр байна. Учир нь, прокурорын яллах дүгнэлтэд “П.И нь 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн хоолны газарт А.Оюунсувдтай таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн” гэж тусгасан байх бөгөөд шүүгдэгч хэргийн нөхцөл байдал болон гэм буруугийн талаар маргасаар байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Оюунтөгсийн өгсөн “...Тэгэхэд Ука нь гараа атгаж байгаад миний баруун хацар руу гараа далайж байгаад хүчтэй цохиход би унасан. Тэгээд Цэрэнбаатар намайг бариад гарсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/, гэрч С.Нинжбадгарын өгсөн “...бид хоёр дотор ороод П.И нь сандал дээр суусан ба тэр үед Цэрэнбаатар нь Оюунтөгсийг барьж байгаад тавьсан чинь гүйж ирээд нөгөө төмрөөрөө гар руу цохисон. Тэгсэн чинь эргэж хараад манай нөхөр Ихмөрөний толгойн хэсэгт 2-3 удаа цохисон. Манай нөхөр Ихмөрөн нь цохиулахгүй гэж тухайн төмрийг нь гараараа /ард талаар нь/ хааж өөрөөсөө холдуулсан...” гэх мэдүүлэг /хх 13-15/, гэрч Р.Цэрэнбаатарын өгсөн “...П.И, А.Оюунтөгс нар нь маргалдаж, шүүрийн ишээр нь Ихмөрөнийг цохихоор нь би эхнэр Оюунтөгсийг барьж аваад салгасан бөгөөд хэсэг хугацааны дараа тавьсан чинь дахин очоод цохисон ба тэр үед нь П.И баруун гараараа төмрийг нь хаах гэж савж цохих үед нүүр рүү нь оносон юм...” гэх мэдүүлэг /хх 17-18/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1340 дугаартай: “1. А.Оюунтөгсийн биед баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун тохой, баруун ташааны дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх 24-25/, шинжээч Ц.Нандинцэцэгийн өгсөн “...баруун тохой, баруун ташааны дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй... баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 29/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч өөрийг нь гараар цохисон гэх хохирогчийн мэдүүлэг нь хохирогчийн далайсан төмрийг нь шүүгдэгч хаахад цохигдсон гэх гэрч нарын мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байна. Гэтэл хохирогчийн болон гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор мөрдөн байцаалтад зайлшгүй шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй байна гэж дүгнэв. Шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах тухай санал, хүсэлтийг мэтгэлцэгч талууд гаргаагүй бөгөөд ер нь шүүгдэгчээс бусад хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд шүүхийн санаачилгаар дуудан оролцуулах нь зохисгүй юм. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр П.Ид холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, П.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, хохирогч А.Оюунтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тэгэхэд Ука нь гараа атгаж байгаад миний баруун хацар руу гараа далайж байгаад хүчтэй цохиход би унасан”, шүүхийн шатанд өгсөн “орж ирээд л суугаад би очиж зодоод байсан мэтээр ярьж байна. ...төмөр гэж яриад байна, би нөхөртэй хэрэлдэж байхдаа шүүр савчаад ярьж байсан. ...шүүгдэгч шууд босож ирээд нүүр рүү эгц цохисон...” гэх, гэрч Р.Цэрэнбаатарын “шүүрний ишээр нь Ихмөрөнг цохихоор нь би эхнэр Оюунтөгсийг барьж аваад салгасан бөгөөд тэгээд хэсэг хугацааны дараа тавьсан чинь дахин очоод цохисон бөгөөд тэр үед нь П.И баруун гараараа төмрийг нь хаах гэж савж цохих үед нүүр рүү нь оносон. ...Сүүлд нь би Ихмөрөнд эмэгтэй хүнд гар хүрээд гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч С.Нинжбадгарын “Манай нөхөр Ихмөрөн нь цохиулахгүй гэж тухайн төмрийг нь гараараа /ард талаар нь/ хааж өөрөөсөө холдуулсан” гэх мэдүүлэг, яллагдагч П.Игийн “...тухайн төмөр нь яг ямар, юунд ашигладаг төмөр байсныг анзаараагүй. ...тухайн төмрөөрөө толгой, мөрний хэсэг рүү 7-8 удаа цохихоор нь би баруун гарынхаа шууны ард /гадна/ төмрийг нь хаах гээд гарын сарвууны 4 хуруугаар цохисон байх магадлалтай...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаас дүгнэхэд П.И, А.Оюунтөгс нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн, тухайн төмөр гэх зүйл нь ахуйн зориулалттай шүүр байсан нь тогтоогдсон, гараар цохих, далайсан төмөрт /шүүр/ цохигдсон эсэхээс үл хамаарч П.Игийн шууд санаатай цохих үйлдлийн улмаас хохирогчид баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах зорилгоор мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан, хохирогч шүүх хуралдаанд оролцон хэргийн болсон үйл явдлын талаар, өөрт учирсан хохирлыг хэн, хэрхэн учруулсан талаар мэдүүлэг өгсөн байхад түүний мэдүүлэг болон хэрэгт цугларсан үйл баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлийг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.И тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.И би 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр өөрийн ажлын байранд эхнэрийнхээ хамт ирэхэд Оюунтөгс найз залуутайгаа хэрэлдэж байсан. Эхнэр бид хоёрыг ажил руугаа ороход барьж байсан төмрөөрөө хэд хэд цохисон. Тэр үед найз залуу нь болиулсан. Дараа нь би ажил руугаа орж сандал дээр суусан. Цэрэнбаатар Оюунтөгсийг тавьсан чинь дахин миний толгой руу барьж байсан төмрөөрөө 7-8 удаа цохисон. Би сууж байсан болохоор энэ дайралтыг аргагүй эрхэнд гараараа хааж өөрийгөө хамгаалсан. Хэрвээ би энэ дайралтыг зогсоогоогүй бол миний нүдийг сохлох, толгойг хагалах боломж байсан учраас аргагүй эрхэнд өөрийгөө хамгаалсан. Оюунтөгс нь бусдын ажлын байранд орж ирж агсам тавьж хэрүүл зодоон хийсэн. Би тухайн өдөр ажлаа хийхээр очсон болохоос Оюунтөгстэй хэрэлдэх гэж ирээгүй. Энэ хүнийг би санаатай цохисон үйлдэл байхгүй. Тухайн үед хамт байсан гэрчүүд бүгд мэдүүлгээ өгсөн. Миний энэхүү байдлыг ойлгон шийдэж өгнө гэдэгт итгэж байна. ...” гэв.

Хохирогч А.Оюунтөгсийн өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж, шүүх хэрэгт цугларсан баримтуудаар хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь, П.Игийн тухайн үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр “мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэж тодорхой заасан учраас шүүрний иш, төмөр аль байх нь хэрэгт ач холбогдолгүй. Иймд хохирогчийн зүгээс хэргийг анхан шатны шүүхээр яаралтай шийдвэрлүүлэх саналтай байна. ....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч П.Ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, П.Ид холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.

Шүүгчийн захирамжид “...нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч өөрийг нь гараар цохисон гэх хохирогчийн мэдүүлэг нь хохирогчийн далайсан төмрийг нь шүүгдэгч хаахад цохигдсон гэх гэрч нарын мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байна. Гэтэл хохирогчийн болон гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор мөрдөн байцаалтад зайлшгүй шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй байна. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч А.Оюунтөгсийн “...Би Цэрэнбаатарт “та нар нийлж архи уулаа” гэж хэлээд байж байхад гаднаас Ука гээд залуу орж ирсэн. Би Укад хандаж “та нар нийлж ажил эхлүүлж байж яах гэж архи уудаг юм бэ” гэсэн. Тэгэхэд Ука нь гараа атгаж байгаад миний баруун хацар руу гараа далайж байгаад хүчтэй цохиод би уначихсан. Тэгээд Цэрэнбаатар намайг бариад гарсан. ...” /хх 4-8/,

гэрч С.Нинжбадгарын “...манай нөхөр П.И нь цохиулахгүй гэж тухайн төмрийг гараараа хааж өөрөөсөө холдуулсан. Тэр үед П.И нь баруун гарынхаа ард талын хэсгээр л хаасан. ...” /хх 12-15/,

гэрч Р.Цэрэнбаатарын “...удалгүй П.И нь эхнэрийн хамт орж ирсэн. Тэгээд П.И, А.Оюунтөгс нар нь маргалдаж шүүрний ишээр П.Иг цохихоор нь би эхнэр А.Оюунтөгсийг барьж аваад салгасан бөгөөд хэсэг хугацааны дараа тавьсан чинь дахин очоод цохьсон бөгөөд тэр үед П.И нь баруун гараараа төмрийг нь хаах гэж савж цохих үед нүүр рүү нь оносон юм. ...” /хх 16-18/ гэсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, П.Игийн шууд санаатай цохих үйлдлийн улмаас хохирогчид “баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан” байх боломжтой байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, П.Ид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл П.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1166 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Ид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ