| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2023/04002/И |
| Дугаар | 101/ШШ2023/03918 |
| Огноо | 2023-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/03918
| 2023 09 08 | 101/ШШ2023/03918 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б /рд:/,
Хариуцагч: Ц.Д /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 196,715,015 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Н.Г, Н.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Б, Ц.Д нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХХК-тай байгуулсан ,,, дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 137,871,606 /Нэг зуун гучин долоон сая найман зуун далан нэгэн мянга зургаан зуун зургаан/төгрөг, Зээлдэгч Д.Б, Ц.Д нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Т” ХХК-тай байгуулсан ,,, дугаар зээлийн гэрээний төлбөрт 58,843,409 /Тавин найман сая найман зуун дөчин мянга дөрвөн зуун есөн/төгрөг, нийт 2 зээлийн төлбөрт-196,715,015 төгрөг гаргуулах, Зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах
Зээлдэгч Дын Б, хамтран зээлдэгч Цгийн Д нар нь Тны МУИС тооцооны төвөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ,,, дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 70,000,000 /Далан сая/ төгрөгийн Хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан.
Мөн зээлдэгч Дын Б, хамтран зээлдэгч Цгийн Д нар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ,,, дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 30,000,000 /Гучин сая/ төгрөгийн Бичил бизнесийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар тус тус авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ,,, дугаартай барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд:
• УБ, ,,,,тоотод хаягтай, улсын бүртгэлийн ,,, дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ,,, дугаартай барьцааны гэрээ байгуулан дараах хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:
• Toyota camry суудлын авто машин-1ш
• Караоке машин-10ш
• Бараа материал-43 төрөл
• Буйдан сандал-60ш
• Иж бүрэн компьютер-60ш
Зээлийн гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Дын Бийн Т дахь ,,, дугаар харилцах дансанд 70,000,000 /Далан сая/ төгрөг болон 30,000,000 /Гучин сая/ төгрөг тус тус шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
1. Зээлдэгч нар нь зээлийн ,,, дугаартай гэрээний Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн, тул банкнаас зээлийн төлбөрийг төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлсэн.
2. Зээлийн ,,, дугаартай гэрээний Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас зээлийн төлбөрийг төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч тухайн хугацаанд гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, улмаар зээлийн гэрээний хугацаа 2022/09/12-ны өдөр дууссан.
Зээлдэгч нар нь ,,, дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд-2,435,402 төгрөг, хүүд-4,563,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд-934.41 төгрөг, Нийт-6,999,900 төгрөг төлсөн. Мөн ,,, дугаартай зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд-1,463,862 төгрөг, хүүд-1,948,609 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд-951.22 төгрөг, Нийт-3,413,423 төгрөг төлсөн.
Иймд талуудын хооронд байгуулсан ,,, дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд:
1. Үндсэн зээл-67,564,597 төгрөг
2. Үндсэн хүү-65,479,757төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүү -4,827,252 төгрөг нийт 137,871,606 төгрөг,
Талуудын хооронд байгуулсан ,,, дугаартай зээлийн болон барьцааны гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд:
1. Үндсэн зээл-28,536,138 төгрөг
2. Үндсэн хүү-27,675,106 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүү -2,632,165 төгрөг нийт 58,843,409 төгрөг,
Нийт 2 зээлийн төлбөрт-196,715,015 төгрөг болно.
Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнүүдэд дурдагдсан ,,,, хаягтай, улсын бүртгэлийн Ү-,,,,,,,,,,,,, дугаартай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон Караоке машин 10 ш , Бараа материал-43 төрөл, Буйдан сандал- 60 ш, Иж бүрэн компьютер- 60 ш зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
1а. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж 2 зээлийн төлбөрт нийт 196,715,015 төгрөг гаргуулна. Мөн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Зээлдэгч нь 2019.5.31-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 48 сарын хугацаатай 70 саяын зээл авсан. Мөн өдөр дахин зээл болон барьцааны гэрээ байгуулж 30 саяыг авсан. Барьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Дараагийн барьцааны гэрээгээр хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээлийг хариуцагч Бийн дансанд олгосон. Зээлдэгч нар нь 2019 оны 10 сараас эхлэн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул банкнаас удаа дараа шаардлага тавьсан. Гэвч үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нар нь эхний зээлийн гэрээнд нийт 6,999,900 төгрөг, дараагийн гэрээнд нийт 3,413,423 төгрөг төлсөн. Иймд дээрх зээлийн үүргийг нэхэмжилж байна. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
1б. Нэмж хэлэхэд хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр төлбөрийг төлүүлж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хариуцагч Д.Б гэж гараар бичсэн 70,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт /хх8/, мөн 30,000,000 төгрөгийн зээл авах тухай гараар бичсэн хүсэлт /хх9/, мемориалын баримт 2 ширхэг /хх10, 11/, 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн ,,, дугаар зээлийн гэрээний хуулбар /хх12-14/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх15-16/, 000723019 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг гэрчилгээний хуулбар /хх17/, 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн ,,, дугаар зээлийн гэрээний хуулбар /хх18-20/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх21-22/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх23/, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Д.Б гэж гараар бичсэн баримт /хх24/, Т дахь Д.Бийн зээлийн дансны хуулга /хх25-35/, зээл, хүүгийн тооцоолол /хх36-37/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ********* дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх38-42/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******** дүгээр захирамжийн хуулбар /хх43-44/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаар шийдвэрийн хуулбар /хх45-46/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ********** дугаар албан тоот /хх47/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх48/, зээлдэгчийн анкетын хуулбар 2 ширхэг /хх49, 50/, **** дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх51/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ц.Даас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Бээс 195,539,892.64 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,175,122.36 төгрөг болон хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХК нь ,,, дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 137,871,606 төгрөг, ,,, дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 58,843,409 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх хариуцагч Д.Бт 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Хариуцагч Д.Б нь хуульд заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.
Улмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч үндэслэлгүй байсан тул мөн өдөр тус шүүхийн шүүгчийн********** захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцно.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г нь хариуцагч Ц.Даас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн. /хх80/
4а. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр олгосон ***** итгэмжлэлээр төлөөлөгч Н.Гд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 зүйлд заасан эвлэрэхээс бусад эрхийг олгосон байна. /хх7/
4б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх гэдэг нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт юм.
Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г нь итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу нэг хариуцагчаас татгалзах хүсэлтдээ үндэслэлийг дурдсан байх тул хариуцагч Ц.Даас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 70,000,000 төгрөгийн үнэ бүхий ,,, дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээ, мөн өдөр 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ,,, дугаар зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх12-22/
Зээлийн гэрээний дагуу нийт 100,000,000 төгрөгийн зээл олгогдсон нь Т дахь хариуцагч Д.Бийн зээлийн дансны хуулга, түүний гараар бичиж өгсөн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Д.Б нь энэ талаар маргаагүй. /25-35, 24/
6. Зээлийн гэрээ тус бүрээр зээлдэгчид үүссэн үүргийг тооцвол:
6а. Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 70,000,000 төгрөгийн үнэ бүхий ,,, дугаар зээлийн гэрээг сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, 48 сарын хугацаатай байгуулсан.
Энэхүү зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр дуусах байсан боловч шүүхэд 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Д.Бт зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан байх бөгөөд хариуцагч мэдэгдлийг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй байна. /хх23/ Энэхүү үйл баримтын талаар хариуцагч Д.Б маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээг цуцлах эрх үүссэн.
Улмаар энэхүү зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:
Гэрээ 3 жил, 11 сар, 26 хоног үргэлжилсэн тул 1 жилд 18,480,000 /70,000,000*26.4%/ төгрөг, 3 жилд 55,440,000 төгрөг, 1 сард 1,540,000 /70,000,000*2.2%/ төгрөг, 11 сард 16,940,000 төгрөг, 1 хоногт 50,630.14 /18,480,000/365/ төгрөг, 26 хоногт 1,316,383.64 төгрөг, нийт 73,696,383.64 төгрөгийн хүү тооцогдоно.
Харин нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. Иймд зээлдэгчид нийт 143,696,383.64 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Улмаар нэхэмжлэгч нь энэхүү зээлийн хувьд хариуцагчийг нийт 6,999,900 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч Д.Б энэ талаар маргаагүй тул үлдэх үүрэг нь 136,696,483.64 төгрөг юм.
6б. Зохигчид 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий ,,, дугаар зээлийн гэрээг сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, 40 сарын хугацаатай байгуулсан.
Гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдөр дууссан бөгөөд шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээ 3 жил, 11 сар, 26 хоног үргэлжилсэн гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Үүнээс үзэхэд 1 жилд 7,920,000 /30,000,000*26.4%/ төгрөг, 3 жилд 23,760,000 төгрөг, 1 сард 660,000 /30,000,000*2.2%/ төгрөг, 11 сард 7,260,000 төгрөг, 1 хоногт 21,698.63 /7,920,000/365/ төгрөг, 26 хоногт 564,164.38 төгрөг, нийт 31,584,164.38 төгрөгийн хүү тооцогдоно.
Улмаар үндсэн хүүгийн 20 хувиар тооцвол 6,316,832.88 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох бөгөөд нийт үүссэн үүрэг нь 67,900,997.26 төгрөг байна.
Нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний хувьд хариуцагчийг нийт 3,413,423 төгрөг төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч энэ талаар маргаагүй тул үлдэх үүрэг нь 64,487,574.26 төгрөг болно. Гэвч нэхэмжлэгч нь энэ зээлийн үүрэгт нийт 58,843,409 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
7. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээ байгуулсан байна. /хх15-17, 21-22/
7а. Үл хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээний зүйл нь хариуцагч Д.Бийн өмч болох нь 000723019 дүгээр өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх17/
Энэхүү барьцааны гэрээний хувьд бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон байх тул ,,, дугаар зээлийн гэрээний дагуу гарсан шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол тухайн үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, ********************** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-,,,,,,,,,,,,, дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.
7б. Харин хөдлөх эд хөрөнгөний барьцааны гэрээний хувьд гэрээний зүйл нь зээлдэгч нарын өмч болох нь тогтоогдохгүй байх тул Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т нийцэхгүй байна. Цаашлаад, зарим барьцааны зүйл тодорхойгүй байгаа нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т нийцэхгүй байна.
Иймд хөдлөх эд хөрөнгөөр ,,, дугаар зүйлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Т” ХК нь хариуцагч Ц.Дт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Ц.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Д.Бээс 195,539,892.64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,175,122.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б нь шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаас 136,696,483.64 төгрөгт холбогдох хэсгийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 хороолол, 37б байр, 4 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-,,,,,,,,,,,,, дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үлдэх 58,843,409 төгрөгт холбогдох шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 10 ширхэг караоке машин, 43 төрөл бараа материал, 60 ширхэг буйдан сандал, 60 ширхэг иж бүрэн компьютерээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,211,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 1,205,849.46 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г