Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2023/02668

 

 

 

 

 

2023 09 04

181/ШШ2023/02668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ДЦ...дугаар анги-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.О-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,812,284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, түүний өмгөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ДЦ...дугаар анги нь хариуцагч Д.О -д холбогдуулан эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэ болон нотариатын зардалд нийт 1,812,284 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Д овогтой О нь Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 түшаалаар тус ангид харуулчин албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5/92 тушаалаар албанаас чөлөөлөгдсөн. Түүнд тооцоог хийж дуусгах шаардлагыг удаа дараа тавьсан боловч тооцоог одоог хүртэл хийж, дуусаагүй байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 917/-ийн дагуу: албаны зангиа 2,994 төгрөг, албаны китель өмд ногоон/ 139,667 төгрөг, ЦҮЗ-тай нэхий өвлийн х/өмд 221,204 төгрөг, өвлийн гутал /хагас түрийтэй/ 100,056 төгрөг, албаны сар малгай /ногоон/ 24,090 төгрөг, өвлийн богино түрийтэй гутал /эр/ 104,142 төгрөг, ноосон цамц /ДЦ/ 40,054 төгрөг, борооны цув /ДЦ/ 62,198 төгрөг, ёслолын зангиа /эр/ 6,306 төгрөг, ёслолын мөрдөс 6,306 төгрөг, ёслолын цагаан цамц богино /ДЦ/ эр 31,735 төгрөг, ёслолын саан бүс 25,796 төгрөг, ёслолын саан зүүлт 25,318 төгрөг, албаны хүрэм /ногоон/ эр 75,749 төгрөг, ёслолын сар малгай /саарал/ 29,429 төгрөг, малгайн сагалдарга 6,132 төгрөг, малгайн тэмдэг /ДЦ/ 2,252 төгрөг, хагас түрийтэй гутал 84,867 төгрөг, хүзүүний ороолт /саарал/ 14,356 төгрөг, хээрийн урт ханцуйтай цамц /эр/ 34,575 төгрөг, хээрийн хүрэм өмд /ДЦ эр/ 204,884 төгрөг, цолны тэмдэг ахлагч /цагаан/ 1,008 төгрөг, ЦҮЗ-тэй савхин дээл эр 216,093 төгрөг, ангийн ялгаа /хээр/ 1,402 төгрөг, ёслолын цагаан бээлий 2,693 төгрөг, ёслолын цагаан цамц /урт эр ДЦ/ 37,659 төгрөг, зуны гутал ботинк /ДЦ эр/ 64,246 төгрөг, өвлийн цегейк малгай 33,182 төгрөг, дугуй малгай 19,663 төгрөг, зангианы хавчаар 5,551 төгрөг, өмдний тэлээ /ДЦ/ 14,636 төгрөг, хээрийн мөрдөс дэд ахлагч 876 төгрөг, ЦҮЗ-тай нэхий өвлийн хүрэм /эр/ 221,204 төгрөг, нотариатын зардал 5600 төгрөг, нийт 1,812,284 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...Төрийн албан хаагч нь албан үүргээ биелүүлэхдээ хөдөлмөрийн аятай нөхцөл, зохих хувцас хэрэглэлээр хангагдах эрхтэй байдаг. Тэр эрхийнхээ дагуу 2021 оны 4 дүгээр сарын 09-нөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд ДЦ...дугаар анги д ажиллах хугацаандаа шаардлагатай хувцас, хэрэгслээр хангагдаж ажилласан.

Албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа өмсөж, хэрэглэсэн хувцасны мөнгийг хувьдаа ашигласан мэтээр буцааж төлнө гэдэг нь төрийн албаны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна. Мөн дээрх хугацаанд өмсөж, хэрэглэсэн хувцас хэрэгслийг тоо ёсоор, бүрэн бүтнээр нь, зарим төрлийн хувцас, хэрэгслийг огт хэрэглээгүй буцааж өгсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: ДЦ...дугаар анги йн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №257 дугаартай нэхэмжлэх, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Халагдаж чөлөөлөгдсөн албан хаагчдын эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны баримт, Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/92 дугаартай Алба хаагчдыг албанаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай Ажилд томилж, цол олгох тухай тушаал, хавсралтын хуулбар, Д.О ийн гаргасан 2021 оны 1 дүгээр сарын 29, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өргөдлийн хуулбар, Д.О той байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Ахлагчийн алба хаах гэрээний хуулбар, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар, Д.О ийн томилолтын байдлын хуулбар /хх 3-7, 22-32, 40-42/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 Хариуцагчаас нотлох баримт шүүхэд гаргаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч ДЦ...дугаар анги нь хариуцагч Д.О ид холбогдуулан эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэ болон нотариатын зардалд нийт 1,812,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.1. Хариуцагч нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ДЦ...дугаар анги йн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ бичгээр илэрхийлснийг үндэслэн Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар түүнийг тус ангийн Харуулчны албан тушаалын сул орон тоонд томилж, дэд ахлагч цол олгосон байх бөгөөд түүнтэй 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ахлагчийн алба хаах гэрээг байгуулжээ. /хх 24-26, 28-29, 40-42/

 5.2. Хариуцагч нь алба хаах явцдаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сувгийн фара өвчний улмаас мэс ажилбарт орсноор цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага үүссэн гэх бөгөөд уг шалтгаанаар албанаас чөлөөгдөгдөх хүсэлтээ 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бичгээр илэрхийлсний дагуу Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар авч хэлэлцээд, штабын даргын мөн өдрийн Б/92 дугаартай тушаалаар түүнийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил хүлээлцэн холбогдох тооцоог хийж дуусгахыг тус анги, тусгай салбарын захирагч нарт үүрэг болгосон байна. /хх 23, 27, 30-32/

 6. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсч, дуусгавар болсон дээрх үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч албаны дүрэмт хувцас, хэрэглэлийг буцааж өгсөн эсэх, эдэлгээний хугацаа дуусаагүй хувцас, хэрэглэлийн үнийг нөхөн төлөх үндэслэлтэй эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.

 7. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж,

 Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т цэргийн алба хаагч нь албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах; эрхтэй гэж,

 Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/167 дугаар тушаалын хавсралтаар баталсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм-ийн 3.1.2-т цэргийн алба хаагч нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль, Засгийн газраас тогтоосон эдэлгээний хугацааны дагуу цэргийн дүрэмт хувцсаар хангагдах эрхтэй гэж,

-8.1-д Цэргийн алба хаагчийн эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны үнийг төлүүлэхдээ Засгийн газраас тогтоосон хувцас хэрэглэлийн норм, дансны үнэлгээний дагуу тооцно. гэж,

-8.2-т Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн, нас барсан офицер, ахлагч болон дүрэмт хувцасны нормт хангалтын хугацаа дууссан тохиолдолд эдэлгээний хугацаа дуусаагүй хувцасны үнийн төлбөрөөс чөлөөгдөнө. гэж,

-8.3-т Энэ зүйлийн 8.2-т зааснаас бусад үндэслэлээр цэргийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан офицер, ахлагчид цэргийн дүрэмт хувцасны нөхөн төлбөрийг тогтоохдоо нормоор тогтоосон хугацаанаас дүрэмт хувцас эдэлсэн хугацааг хасч, тухайн хувцас хэрэглэлийг орлогод авсан дансны үнийн хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг төлнө. гэж,

-8.5-д Цэргийн дүрэмт хувцасны төлбөр, тооцоог хийж дууссаны дараа холбогдох баримт бичиг, материал, тэтгэмж зэргийг олгох бөгөөд сайн дурын үндсэн дээр биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 228, 510 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, цэргийн эд хөрөнгийн хохирлыг барагдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. гэж тус тус заажээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн норм-д хувцас, хэрэглэл тус бүрийн эдэлгээний хугацааг шинэчлэн тогтоосон байна.

 Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлаас чөлөөлөгдөх үедээ эдэлгээний хугацаа дуусаагүй хувцас, хэрэглэлийн төлбөр тооцоог хийж дуусгаагүй хэмээн Халагдаж, чөлөөлөгдсөн алба хаагчдын эдэлгээний хугацааны дуусаагүй баримт /хх 6-7/ гэх жагсаалтыг үндэслэн 1,807,284 төгрөгийг шаардах боловч уг баримтаас үзвэл ...Д овогтой О надад зөрүү тооцож хувцас олгоно уу... гэсэн утгатай байх бөгөөд тулгалт хийсэн мэргэжилтний овог нэр, гарын үсэг тусгагдаагүй, хувцас хэрэглэлийн нормоор тогтоосон хугацаа, үнэлгээ, хариуцагчийн эдэлсэн хугацаа тодорхойгүй, ямар аргачлал, хувь хэмжээгээр үнийн дүнг тооцоолсон нь ойлгомжгүй байна.

 Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан хувцас, хэрэглэлийг хариуцагчид хэзээ хүлээлгэж өгсөн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүйгээс нөхөн төлөх үнэ бүхий хувцас, хэрэглэлийн тоо хэмжээ, иж бүрдэл, эдэлгээний хугацаа зэргийг тооцоолох боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, мөн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн гэх 5,600 төгрөгийн зардлыг тодорхойлох, хариуцагчийн хувцас хэрэглэлийг буцаан өгсөн гэх тайлбарыг няцаан үгүйсгэх зохих баримт нотолгоог шүүхэд гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ийнхүү нотлохыг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.

 Иймд хариуцагч Д.О оос эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэ болон нотариатын зардалд нийт 1,812,284 төгрөг гаргуулахыг хүссэн ДЦ...дугаар анги йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.О оос эдэлгээний хугацаа дуусаагүй албаны дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэ болон нотариатын зардалд нийт 1,812,284 төгрөг гаргуулахыг хүссэн ДЦ...дугаар анги йн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.БИЛГҮҮН