Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/03027

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14 101/ШШ2023/03027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххх тоот хаягт оршин суух, Д.Ггийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххх тоот хаягт оршин суух, Ж.Тэд /РД: хххххххх/ холбогдох,

1,613,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г,

Хариуцагч Ж.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Г миний бие өөрийн өмчлөлийн ххххххххххххх орон сууцны том өрөөг комиссын дэлгүүр ажиллуулах зориулалтаар 1 жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр түрээслэх гэрээг Ж.Ттэй байгуулсан.

Хариуцагч Ж.Т уг том өрөөг маань гэрээ байгуулсан өдрөөс хойш 2018 оны 09 сарын 17-ны өдөр дуустал ашигласан. Байрнаас маань нүүхдээ надад хэлээгүй, шөнө хулгайгаар юмаа ачаад явсан байсан.

2018 оны 01-05 сар дуустал сар бүрийн 350,000 төгрөгөө төлсөн ба 2018 оны 06 сарын түрээсээс 85,000 төгрөг өгсөн. Нийт 1,835,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр мөнгө төлөөгүй.

Түрээсийн төлбөрөө Ж.Тээс нэхэмжлэн орон нутгийнхаа шүүхэд нэхэмжлэл гаргатал хаягтаа байхгүй тул дахин түүнийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэр гарч Дорнод аймгийн цагдаагийн газар хаягийг нь олж өгч танай шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ж.Т 2018 оны 06 сарын түрээсийн үлдэгдэл 265,000 төгрөг, 2018 оны 07, 08 сарын түрээс 700,000 төгрөг, 09 сарын 06-17 хүртэл 11 хоногийн түрээс 128,300 төгрөг, түрээслэж байсан үеийнх нь цахилгаан, дулааны төлбөр 35,000 төгрөг, нийт 1,128,300 төгрөг төлөгдөөгүй байснаас дүүгээрээ дамжуулж өгсөн 400,000 төгрөгийг нь хасаад 1,052,450 төгрөг анх нэхэмжилсэн.

Түрээсийн төлбөрийг 2018 оны 06 сараас 330,000 төгрөг болгоно гэж ярьсан болохоос гэрээгээр тохирсон зүйлгүй.

Ж.Т гэрээнд заасны дагуу түрээсийн байраа хүлээлгэн өгч төлбөр тооцоогоо төлөөгүйгээс болж шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжлуулсан, мөн түүний хаягаар нь дахин танай шүүхэд нэхэмжлэл гарган Дорнод Улаанбаатар хоёрын хооронд маш олон удаа зорчиж надаас маш их зардал гарсан тул эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг, замын зардал 490,800 төгрөг, нийт 1,613,450 төгрөгийг хариуцагч Ж.Тээс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ж.Т шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Д.Гтай түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн орон сууцны том өрөөг комиссын дэлгүүр ажиллуулах зорилгоор түрээслэсэн. 2018 оны 09 сарын 17-ны өдөр түрээсийн байрнаас нүүсэн юм байна.

Би 2018 оны 06 сарыг дуустал түрээсийн төлбөрөө төлсөн. Эхний 5 сарын түрээсийг тогтмол төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 06 сарын 17-ны өдөр 330,000 төгрөг төлсөн, гэхдээ гарын үсэг зуруулаагүй.

Би түрээслэсэн хугацааны ашиглалтын зардлыг бүгдийг нь төлсөн. Намайг эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй байсан, Дорнодод байсан охиноос маань мөнгө авч болсон байсан, би Нар сун компанийн захирлаар 32 жил ажиллаж байна.

Би 2018 оны 09 сарын 20-ны өдөр тэтгэврийн зээл авч 400,000 төгрөг өгсөн.

Д.Г 2018 оны 06 сараас түрээсийн төлбөрийг 330,000 төгрөг болгоно гэж хэлсэн. Би Д.Гд 2,480,000 төгрөг төлсөн, одоо түрээсийн үлдэгдэл 304,000 төгрөг, хураамж 77,000 төгрөг, нийт 381,000 төгрөг төлнө. Замын зардлыг би хариуцах үндэслэл байхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Д.Г нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Э.Төгсбаярт олгосон итгэмжлэл, Э.Төгсбаярын иргэний үнэмлэхний лавлагаа,

Д.Ггийн нэхэмжлэлтэй Ж.Тэд холбогдох 1,052,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ж.Тийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 4094 дугаар захирамж,

Ж.Тийг эрэн сурвалжлан, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 522 дугаар шийдвэр, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ж.Тийн хаягийг тогтоосон тухай цагдаагийн байгууллагын 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 36-3/424 тоот албан бичиг,

Д.Г, Ж.Т нарын хооронд байгуулсан 2018 оны 01 сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн тооцоолол,

цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,

Дорнод аймаг, Хэрлэн сум, 9-р баг, 17-р байр, 66 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, замын зардал төлсөн баримтууд зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагч Ж.Т нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбарууд, дэлгүүрийн орлого, зарлагын тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.Тэд холбогдуулан 1,613,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Д.Г нь хариуцагч буюу түрээслэгч Ж.Ттэй 2018 оны 01 сарын 06-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Ж.Тэд хххххххххххххх бүхий 3 өрөө орон сууцны том өрөөг комиссын дэлгүүр ажиллуулах зориулалтаар 1 жилийн хугацаатай, сарын 350,000 төгрөгөөр түрээслэх гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээнд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Ж.Т нар хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 10-12 дугаар тал/

 

Дээр дурдсан түрээсийн байрны өмчлөлтэй холбоотой талууд маргаагүй бөгөөд хххххххххххх орон сууц нэхэмжлэгч Д.Ггийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 40 дүгээр тал/

 

Хариуцагч Ж.Т уг хххххххххххххх талбай бүхий орон сууцны том өрөөг түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 2018 оны 09 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд түрээслэн комиссын дэлгүүр ажиллуулсан талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.

 

Гэрч З.Солонгын 2023 оны 05 сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгт:

Д.Г, Ж.Т нарыг танина. Д.Г миний түрээслэж байсан байрны эзэн, Ж.Т нь хажуу том өрөөг комиссын дэлгүүр болгон түрээслэж байсан. Би 2018 оны 08 сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл түрээслэсэн.

Ж.Т том өрөөг яг хэзээнээс түрээслэснийг мэдэхгүй. 2018 оны 09 сарын 17-ны шөнө хэлэхгүй, юмнуудаа ачаад явсан. Би Д.Г эгчид хэлсэн, эдний хооронд тооцоо байгаа гэдгийг би мэдэж байсан.

... Би та нүүж байгаа юм уу гэхэд тийм гэсэн. ... Анх түрээслэхээр орж ирж байхдаа тэр хоёрын яриаг сонссон. Миний хажууд Д.Г нь түрээсээ нэхэж байсан. Ж.Т нь нэг ажил бүтэнгүүт өгнө гэж байсан.

Ж.Т гэрээтэй байж цахилгаан, усныхаа мөнгийг өгөөгүй явсан. Намайг хажуу өрөө түрээслэдэг гэдгийг мэднэ. Би бараануудаас нь сонирхож байсан ... гэжээ.

/ХХ-ийн 45-47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.Тийг 2018 оны 01, 02, 03, 04, 05 сарыг дуустал хугацаанд түрээсийн төлбөрийн тооцоогүй, 2018 оны 06 сарын түрээсийн төлбөрөөс 85,000 төгрөг төлсөн бөгөөд түрээсийн төлбөрт нийт 1,835,000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч Ж.Т эсэргүүцээгүй.

350,000 төгрөг*5=1,750,000 төгрөг+85,000 төгрөг=1,835,000 төгрөг

/ ХХ-ийн 43-44 дүгээр тал /

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч буюу түрээслэгч Ж.Тээс 2018 оны 01 сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгт:

-2018 оны 06 сарын түрээсийн үлдэгдэл 265,000 төгрөг,

-2018 оны 07, 08 сарын түрээсийн төлбөр 700,000 төгрөг,

-2018.09.06-2018.09.17 хүртэл түрээсийн төлбөр 128,300 төгрөг,

-Ажиллаж байх үеийнх нь цахилгаан, дулааны төлбөр 35,000 төгрөг,

Нийт 1,128,300 төгрөг-400,000 төгрөг=728,300 төгрөг /Ж.Т түүнд дүүгээрээ дамжуулан 400,000 төгрөг өгсөн/

728,300 төгрөг+алданги 364,150 төгрөг=1,052,450 төгрөг,

-Эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөг,

-Замын зардал 490,800 төгрөг,

Нийт 1,052,450+70,200+490,800 =1,613,450 төгрөг нэхэмжилж байна.

 

Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.2-т Түрээслэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр эзэмшсэний төлбөрт 350,000 төгрөг төлнө,

1.3-т Түрээсийн төлбөрийг сар бүрийн эхэнд хийнэ,

5.1.2-т Гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй,

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ,

289 дүгээр зүйлийн 289.1.2-т Эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх гэж заасны дагуу түрээслүүлэгч Д.Г нь түрээслэгч Ж.Тээс гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Т ашиглалтын зардлыг төлсөн, түрээсийн төлбөрт 2,480,000 төгрөг төлсөн, одоо 381,000 төгрөг төлнө гэх маргаж байх боловч энэ талаархи баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.

 

Мөн хариуцагч Ж.Т нь дэлгүүрийн орлого, зарлага хөтөлсөн 4 хуудас баримт ирүүлсэн ба тэрээр 2018.06.17-ны өдөр түрээс 330,000 төгрөг гэж тэмдэглэсэн хэдий ч уг мөнгийг хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Ггийн авсан хэмээн хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан 85,000 төгрөгийн хэмжээнд 2018 оны 06 сарын түрээсийн төлбөрийг төлсөн гэж тооцлоо.

 

Түрээслэгч Ж.Т барьцаа 150,000 төгрөг төлөөгүй ба түрээслүүлэгч Д.Г нь 2018 оны 06 сараас түрээсийн төлбөрийг 330,000 төгрөг болгоно гэж хэлсэн хэмээн хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч Д.Г үгүйсгээгүй тул 2018 оны 06 сараас эхлэн түрээсийн төлбөрийг сарын 3500,000 төгрөгөөр бус 330,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

2018.06.06-2018.07.06-ны өдөр хүртэл 245,000 төгрөг /330,000-85,000/

2018.07.06-2018.09.06-ны өдөр хүртэл 330,000+330,000 төгрөг,

2018.09.06-2018.09.17-ны өдөр хүртэл 121,000 төгрөг /330,000 төгрөг /30 хоног=11,000 төгрөг 1 хоногийн түрээс/,

245,000+330,000+330,000+121,000=1,026,000 төгрөг

1,026,000 төгрөг-400,000 төгрөг=626,000 төгрөг .

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т Түрээсийн төлбөр нь хуанлийн сар бүрийн 06-ны өдөр төлөгдсөн байх бөгөөд төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу түрээслүүлэгчид алданги төлнө гэж тус тус заасан ба түрээсийн төлбөрийг сар бүрийн 06-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй түрээслэгч Ж.Тээс түрээслүүлэгч Д.Г нь алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Түрээслэгч Ж.Т түрээсийн төлбөрт 626,000 төгрөг төлөх үүрэгтэй ба алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангийг 313,000 төгрөгийн хэмжээнд тооцлоо.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т Түрээслэгч нь уг байрыг цаашид түрээслэхээ боливол сарын өмнө түрээслүүлэгч талд мэдэгдэнэ гэж заасан бөгөөд түрээслэгч Ж.Т нь уг үүргээ биелүүлээгүй, байрыг түрээслэхээ болих талаар түрээслүүлэгч Д.Гд мэдэгдэлгүйгээр түрээсийн байрыг орхин явсан нь талуудын тайлбар, гэрч З.Солонгийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

 

Д.Г нь Ж.Тэд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,052,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Ж.Т нь Дорнод аймаг, Хэрлэн сум, 2-р баг, Төвийн 1-7 тоот хаягт оршин суудаггүй, түүний хаяг тодорхой бус тул 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 4094 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Д.Г нь Ж.Тийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг мөн шүүхэд гаргаснаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 522 дугаар шийдвэрээр Ж.Тийг эрэн сурвалжлан, хаягийг нь тогтоох ажиллагааг биелүүлэхийг цагдаагийн байгууллагад даалган, Д.Ггийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Дорнод аймаг дахь цагдаагийн газар 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 3в3-/424 тоот албан бичгээр ...Ж.Тийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлгий 11-153-14 тоотод оршин суудаг болохыг Д.Гд мэдэгдсэн байна.

/ХХ-ийн 6-9, 13, 48-50 дугаар тал

 

Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан нэхэмжлэгч Д.Ггийн талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 сарын 06-ны өдрийн түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Д.Г нь хариуцагч буюу түрээслэгч Ж.Тээс түрээсийн гэрээний үүрэг шаардан нэхэмжлэл гаргасантай холбоотой Дорнод-Улаанбаатар, Улаанбаатар-Дорнод зорчих замын зардалд /автобусны билет ирэх, буцах, шатахууны төлбөр/ 490,800 төгрөг зарцуулсан болох нь төлбөрийн баримтууд, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 51-58, 70, 72 дугаар тал /

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба түрээслэгч Ж.Т нь гэрээнд заасан дээр дурдсан үүргүүдээ зөрчсөн тул нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Д.Г өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй тул тэрээр түрээслэгч Ж.Тээс замын зардал, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэгч Д.Г нь гэрээний 3.10-т Түрээслэгч тухайн байрыг авсан өдрөөс эхлэн ашиглаж байгаа дулаан цахилгаан, цэвэр, бохир ус, кабелийн телевиз, суурин утас СӨХ, орцны жижүүрийн цэвэрлэгээний хөлсийг сар бүр төлж гарах үедээ үлдэгдэлгүй хүлээлгэн өгнө гэж заасны дагуу 2018 оны 07 сарын цахилгааны төлбөр 6,200 төгрөг, 08 сарын цахилгааны төлбөр 6,300 төгрөг, 09 сарын 17-ны өдөр хүртэл цахилгааны төлбөр 5,500 төгрөг, 2018.09.01-2018.09.15-ны өдөр хүртэл дулааны төлбөр 17,000 төгрөг, нийт 35,000 төгрөг нэхэмжилж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй тул уг төлбөрийг хариуцагч Ж.Тээс гаргуулах үндэслэлгүй.

 

Д.Г нь 2018.07.01-2018.08.31-ний өдрийг хүртэл хугацаан дахь Хэрлэн сум, 9-р баг, Б 17-66 тоотын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримт ирүүлсэн боловч үүгээр тухай орон сууцны 1 өрөөг хөлслөн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан Ж.Т уг төлбөрийг хариуцах үндэслэлтэй гэж үзэх боломжгүй ба мөн уг баримтад Цэлмэг салон гэж тусгасан байгааг дурдлаа.

 

Түрээслэгч Ж.Тийн гүйцэтгэх үүрэг:

-2018.06.06-2017.09.17 хүртэл түрээсийн төлбөр 626,000 төгрөг,

-Алданги 313,000 төгрөг,

-Эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, замын зардал 490,800 төгрөг,

Нийт 1,500,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Тээс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,450 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Тээс 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 113,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Тээс 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН