| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/00611/И |
| Дугаар | 101/ШШ2023/03270 |
| Огноо | 2023-06-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2023/03270
2023 06 28 101/ШШ2023/03270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..........................., 30 тоот хаягт оршин суух, Гонгорын Гын /РД: .........................../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б..................тоот, Г.Т ББСБ ХХК-д /РД: ................/ холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Баяраагийн зуучилснаар 2022 оны 04 сарын сүүлчээр Г.Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гэрэлтуяа 3 зээлийн материал ажлын байранд маань авчирч танилцуулан, тус компанийг төлөөлөн өр авлагыг барагдуулан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан.
Би авчирсан баримтуудыг хуулбарлан авч үлдсэн. Т.Болор-Эрдэнэд холбогдох 2 дах зээлтэй холбоотой Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарга, үүнийг би хөөцөлдье, хурдан шийдвэр гаргуулан одоо шийдвэр гүйцэтгэх газарт материалтай хамт хөөцөлдвөл зүгээр гэхэд Ц.Гэрэлтуяа би энэ асуудлаар мэргэшиж байгаа, өөрөө хөөцөлдөнө, та шийдвэр гүйцэтгэх газарт байгаа Т.Болор-Эрдэнийн эхний зээлийн асуудлыг болон манайхаас ямар ч барьцаагүй 80,000,000 төгрөг зээлэн авсан Д.Баяраа, Л.Нарантуяа нарын гэр бүлээс 120,000,000 төгрөг гаргуулах бүхий л ажлыг биечлэн хийж өгөөч гэсэн.
Үүний дагуу 2022 оны 05 сарын 12-ны өдөр Т.Болор-Эрдэнэд холбогдох асуудлаар 5,000,000 төгрөгийн хөлс бүхий 01 тоот гэрээ байгуулагдсан ба 02 тоот гэрээг байгуулахыг түр хүлээн төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагатай ярилцан зөвшөөрөл авч шийдье гэсэн.
Т.Болор-Эрдэнэд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт тус компанийг төлөөлөн оролцох итгэмжлэлийг надад өгсөн. Би шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Нямдаваатай 307 тоот ажлын өрөөнд нь уулзан албан бичгийн 1 хувийг гардуулан хэрхэн хамтарч ажиллах, юу хийх талаар санал бодлоо солилцсон.
Д.Баяраа, Л.Нарантуяа нарын зээлийн асуудлаар Булган аймгийн засаг даргын тамгын газар, бүртгэл, хуулийн байгууллагатай холбоо барьж судалгаа явуулж мэдээлэл цуглуулсан.
Ажиллаж байтал Ц.Гэрэлтуяа таны ажлын хөлс өндөр байна, гэрээгээ цуцлая гэхэд нь би 2,500,000 төгрөг болгосон ба 1,000,000 төгрөг өгье гэхэд би зөвшөөрөөгүй.
Би гэрээг цуцлах тэмдэглэл үйлдчихээд хүлээсэн боловч надтай эргэж харьцаагүй. Иймд би 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулагдсан 01 тоот гэрээнд тусгасан ажлын хөлс 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Баяраагийн зуучлалаар 2022 оны 05 сарын 09-ний өдөр өмгөөлөгч, хуульч Г.Гтой тус байгууллагыг төлөөлөн гүйцэтгэх захирал Ц.Гэрэлтуяа уулзсан. Уулзалтаар манай байгууллага зээлдэгч Т.Болор-Эрдэнэ болон Орхон мандал ХХК-ийн зээлийн өр барагдуулах талаар танилцуулсан.
Өмгөөлөгч Г.Г тус зээлийн материалуудтай танилцан судалж байгаад ажлын хөлсний дүнгээ хэлнэ гээд зээлийн материалуудын хуулбарыг аваад үлдсэн.
Уулзах гээд утас руу нь залгатал шийдвэр гүйцэтгэх газар байна гэсэн бөгөөд очиход 2 гэрээ бэлдсэн байсан ба бидэнд ажлын хөлсний дүнгээ хэлж танилцуулаагүй байж дур мэдэн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүстэй уулзсан байсан.
Тухайн үед Ц.Гэрэлтуяа Т.Болор-Эрдэнэд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлүүлэх гэрээнд тулган шахалтанд орж гарын үсэг зурсан. Үнэ өндөр байна, буулгах боломж байна уу гэхэд үгүй, би энэ даргад хувь өгдөг, өөрийгөө багаар үнэлэхгүй гэсэн.
Ингээд буцаж ажил дээрээ очоод бодож үзэж байгаад гэрээгээ цуцлая гэсэн боловч чиний дураар цуцлахгүй гэсэн. Тухайн үед Ц.Гэрэлтуяа захирал өөрийн утаснаас 99190657 дугаарт 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 17 цаг 54 минутанд уучлаарай ахаа, хийсэн гэрээгээ цуцлах хүсэлтэй байна аа гэсэн зурвас илгээсэн.
Бид Г.Г манайхыг төлөөлөхгүй болохыг шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн. Г.Гын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Г.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 01 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт,
Г.Т ББСБ ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн итгэмжлэл, өмгөөлөгч Г.Гын шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 22/02 тоот хүсэлт,
Г.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Болор-Эрдэнэд холбогдох 38,084,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 1577 дугаартай зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 10672 дугаар шүүгчийн захирамж,
Г.Т ББСБ ХХК-тай Т.Болор-Эрдэнийн байгуулсан 2018 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн болон фидуцийн гэрээ, Г.Т ББСБ ХХК-ийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 02 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрээний хавсралт,
Г.Т ББСБ ХХК-ийн зээлийн өргөдлийн маягт, Л.Нарантуяа, Д.Баяраа нарын иргэний үнэмлэхний хуулбар, Булган аймгийн Орхон мандал ХХК-иас 2018 оны 01 сарын 05-ны өдөр Г.Т ББСБ ХХК-д хүргүүлсэн хүсэлт, мөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2018 оны 07 сарын 25-ны өдөр Орхон мандал ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, 2019 оны 04 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээ,
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах тухай тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 04 сарын 14-ний өдөр хүргүүлсэн хүсэлт, Т.Болор-Эрдэнэд холбогдох 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 1577 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 23-5/409 тоот тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Г.Т ББСБ ХХК нь итгэмжлэл, хариу тайлбар, гэрээ цуцлах талаар хүргүүлж байсан гэх мессэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Гурваг титэм ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Болор-Эрдэнэд холбогдох 49,952,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 076 дугаар бүхий зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
2023 оны 05 сарын 22-ны өдрийн 12949 дугаар шүүгчийн захирамжаар 1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас:
-Г.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Болор-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38,084,000 төгрөг гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 1577 дугаар бүхий Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн хуулбар,
Хариуцагч Г.Т ББСБ ХХК-иас Г.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Болор-Эрдэнэд холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг гаргуулахаар,
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Г.Т ББСБ ХХК-д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Өмгөөлөгч Г.Г нь Г.Т ББСБ ХХК-тай 2022 оны 05 сарын 12-ны өдөр 01 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулан Г.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Болор-Эрдэнээс 38,084,000 төгрөг гаргуулах тухай 1577 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн 10672 дугаар шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хэрэгжүүлэхэд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр,
хариуцагч Г.Т ББСБ ХХК нь гэрээний хавсралт 1-т заасны дагуу төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохирсон байна.
Эрх зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 01 тоот гэрээний хавсралт 1-ийн 1-т Үйлчлүүлэгч нь өмгөөлөгчтэй чөлөөтэй харьцаж, тохиролцсоноор хэргийн ... байдал, цаг, хугацаа, өмгөөлөгч, хуульчийн оюуны чадавхи, мэргэжил, мэргэшил, хууль хэрэглэх ур чадвар, ... хүлээн зөвшөөрөгдөх байдал зэргийг харгалзан 5,000,0000 төгрөгийг төгрөгийг төлөхөөр тохиролцов,
Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зарцуулагдах зардлыг 3,000,000 төгрөгөөр тохиролцов,
2-т Гэрээ байгуулагдсанаар гэрээнд заасан өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг данс болон бэлнээр 5,000,000 төгрөгийг .... 2 хувааж 05 сарын 20 төлж дуусгана,
3-т Талуудын хооронд маргаан гарвал харилцан ойлголцож бие биенээ хүндэтгэх зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба зайлшгүй тохиолдолд хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ,
Мөн 2022 оны 05 сарын 22-ны өдрийн 01 тоот гэрээний 2-т үйлчлүүлэгчийн эрх, үүргийн талаар заасан ба 2.7-д Гэрээгээр тохирсон төлбөрөө үйл ажиллагаа эхлэхээс өмнө тохиролцсон журмаар төлнө гэж тус тус заажээ.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардана.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба уг гэрээнд тэдгээр нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Л.Баяраа 2023 оны 05 сарын 22-ны өдрийн хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Би Г.Т ББСБ ХХК-ийн захирлыг Г.Гын гэрт аваачиж уулзуулсан. ... Энэ үйл явдал 2022 оны 04 сард болсон. Мөнгөний асуудлыг хуулийн дагуу шийднэ гэсэн. Г.Г хариуцагч байгууллагын захирлыг чи захирал нь мөн биз, өөр хүн гарч ирээд гэрээгээ больё гэх хүн байхгүй биз дээ гэж асуусан. Маргааш, нөгөөдөр нь гэрээ байгуулсан байх, би гэрээ байгуулж гарын үсэг зураг үед нь байгаагүй.
Зээлийн эх материал аваачиж өгөхөд өмгөөлөгч ажиллагаа эхэллээ, хууль ёсны өмгөөлөгч чинь боллоо гэж хэлж байсан. Хуулбар баримт аваад эх хувийг нь буцааж байсан. ... гэжээ.
Г.Т ББСБ ХХК нь Т.Болор-Эрдэнэд холбогдуулан 38,084,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 сарын 18-ны өдөр гаргахад 2021 оны 06 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Хариуцагч Т.Болор-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүрэгт 38,084,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгч Г.Т ББСБ ХХК-тэй эвлэрсэн тул 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 577 дугаар бүхий захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Г.Т ББСБ ХХК-ийн хүсэлтийн дагуу мөн шүүхийн 2021 оны 09 сарын 15-ны өдрийн 10672 дугаар шүүгчийн захирамжаар 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 1577 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 69-70 дугаар тал/
Өмгөөлөгч Г.Г нь Г.Т ББСБ ХХК-тай 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулсан 001 тоот эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 05 сарын 12-ны өдөр 22/02 тоот хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа н.Оюунболдод хүргүүлжээ.
Уг хүсэлтэд ... Т.Болор-Эрдэнээс 38,084,000 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн төлөөлөгчөөр ажиллаж байна. ...
Т.Болор-Эрдэнэ нь 2018 оны 12 сарын 25-ны өдөр тус ББСБ-аас 20,000,000 төгрөг зээлэхдээ ниссан х трайл маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгөтэй 81-67 УБМ улсын дугаартай авто машиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулж өмчлөгчөөр нь Г.Т ББСБ ХХК-ийг бүртгэсэн байхад шийдвэр гүйцэтгэгч ... тус машинд үнэлгээ хийж, өмчлөгч байгууллагын мэдэлд шилжүүлэх ажиллагаа огт хийсэнгүй.
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтуудыг гаргаж, уг жагсаалтанд дээрх машиныг оруулж битүүмжлэх ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй байна. .... Иймд уг машины элэгдэл, хорогдлыг тооцож холбогдох үнэлгээний байгууллагаар зах зээлийн ханшаар үнэлүүлэн төлбөр авагчид хүлээлгэн өгч үлдэгдэл хохирол төлбөрийг яаралтай төлүүлэх боломжийг бий болгож өгөхийг хүсч байна гэжээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Г.Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гэрэлтуяагийн 99991356 дугаарын утаснаас нэхэмжлэгч Г.Гын 99190657 дугаарын утас руу 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 17 цаг 54 минутанд Уучлаарай ахаа, хийсэн гэрээгээ цуцлах хүсэлтэй байна аа гэж илгээсэн гэх захидалд 2023 оны 06 сарын 26-ны өдөр үзлэг хийсэн байна.
Үзлэгээр дараах нөхцөл байдал тогтоогдсон ба Г.Т ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гэрэлтуяа нь эрх зүйн туслалцаа авах асуудлаар 2022 оны 05 сарын 11-ний өдрөөс эхлэн мессэжээр харилцсан бөгөөд 2022 оны 05 сарын 18-ны өдрийн 17:54 минутанд уучлаарай ах аа хийсэн гэрээгээ цуцлах хүсэлттэй байна гэх мессэж илгээсэн байна.
/ХХ-ийн 172-176 дугаар тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу Г.Т ББСБ ХХК нь талуудын хооронд 2022 оны 05 сарын 12-ны өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах тухайгаа өмгөөлөгч Г.Год мэдэгдсэн байх тул уг гэрээний хэрэгжилтийг талууд дүгнэн үүргийн харилцааг цаашид дуусгавар болгоно.
Г.Т ББСБ ХХК нь өмгөөлөгч Г.Гтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсаны үндсэн дээр 2022 оны 05 сарын 12-ны өдөр А22/062 тоот итгэмжлэл үйлдэн Т.Болор-Эрдэнэд холбогдох ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г.Гыг төлбөр авагчийн төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэн тэрээр ажиллагаанд оролцон гэрээг цуцлах тухай мэдэгдэх хүртэл тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь түүний Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн уг ажиллагаатай холбоотой хүсэлт, уг ажиллагааны хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 5-9, 93-171 дүгээр тал/
Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй бөгөөд Г.Т ББСБ ХХК-ийн гэрээ цуцлах хүсэлтийн дагуу өмгөөлөгч Г.Г гэрээ цуцлах тэмдэглэл үйлдэн үйлчлүүлэгч талын хүсэлтийн дагуу өөрийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 1,500,000 төгрөг гэж тусгасан баримт үйлдсэн талаараа тайлбарласан бөгөөд хариуцагч тал эвлэрэн хэлэлцэхтэй холбоотой өмнөх шүүх хуралдаанд уг мөнгийг төлөхөөр тайлбар гаргаж байсан тул гүйцэтгэсэн ажлын хөлсийг 1,500,000 төгрөгийн хэмжээнд дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Т ББСБ ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэ заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Т ББСБ ХХК-иас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т ББСБ ХХК-иас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН