| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/07623/И |
| Дугаар | 101/ШШ2023/03411 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/03411
2023 07 06 101/ШШ2023/03411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххх тоот, Ц консалтинг ХХК /РД: хххххххх/,
Хариуцагч: ххххххххххххх тоотод оршин суух, Л.От /РД: ххххххххх/ холбогдох
38,270,363 төгрөг гаргуулах, Бхххххххххххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн,
Хариуцагч Л.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Индра, Б.Мөнхбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц консалтинг ХХК нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 90А байрыг барьж ашиглалтанд оруулсан. Ийнхүү Л.Отай 2019 оны 05 сарын 27-ны өдөр 2019/056 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Тус гэрээгээр ххххххххх м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,000,000 төгрөгөөр, нийт 108,420,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Төлбөр төлөх нөхцлийн талаар үнийн дүнгийн 16 хувь буюу 17,347,200 төгрөгийг 18 сарын хугацаанд 1 сарын 1 хувийн хүүтэй төлөхөөр, үлдэгдэл 84 хувийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон.
Ийнхүү уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Л.Оын нэр дээр гарч тэрээр 2019 оны 05 сарын 27-ны өдрөөс орон сууцандаа амьдарч байна.
Л.О нь урьдчилгаанд төлөх ёстой төлбөрийг гэрээний хуваарьт заасны дагуу төлөх ёстой ба 2019 оны 09 сараас хойш огт төлөлт хийлгүй, 3 жил гаруй хугацаа өнгөрч, компанийг хохироож байна.
Л.Отай хамгийн сүүлд 2021 оны 08 сард тооцоо нийлсэн акт үйлдэн гэрээний үлдэгдэл төлбөрт хэдэн төгрөгийн төлөлт дутуу байгаа болон алданги, зардлыг хэд болсон талаар тооцоо нийлэн харилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулсан.
Гэтэл хариуцагч Л.О өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоон өгсөн ч төлөхгүй байсан тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 4.2.4, 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь заалтуудыг үндэслэн гэрээг цуцалсан.
Ийнхүү гэрээ цуцлагдсанаар Л.О нь гэрээний 6.3-т зааснаар Ц консалтинг ХХК-д алдангид 32,168,658 төгрөг төлөх үүрэг гэрээний дагуу үүсч байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул түүнээс гэрээ цуцлагдсаны алдангид 8,667,198 төгрөг тооцогдсон.
Мөн зайлшгүй гарах зардал буюу эзэмшил, ашиглалтанд орж хуучирч элэгдсэн байрыг бусдад дахин худалдан борлуулахад зайлшгүй засвар хийх шаардлагатай бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.10, 6.8.2-т гэрээ цуцлагдсан тохиолдолд 6,000,000 төгрөгийг засварын зардалд төлөхөөр тохиролцсон байсан.
Гэрээ цуцлагдсанаар гэрээний 6.8.4, 6.8.5-д зааснаар түрээсийн зардал болон менежментийн зардалд 23,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба мөн ашиглалтын зардалд 603,165 төгрөгийг төлөөгүй.
Гэрээ цуцлагдсаны зардал хохиролд 29,603,165 төгрөг, алданги 8,667,198 төгрөг, нийт 38,270,363 төгрөгийг нэхэмжлэн, нэгэнт гэрээ цуцлагдсан тул тэрээр тухайн байрыг өмчлөх эрхгүй тул Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Консулын гудамж, 90А байр, 56 тоотын 54,21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц консалтинг ХХК-ийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байсан.
Манай компани нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилсөн бөгөөд хариуцагч Л.Оаас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,934,396 төгрөг, алданги 8,667,198 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 603,165 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 426,602 төгрөг, нийт 26,631,361 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Л.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Л.О миний бие Ц консалтинг ХХК-иас 2019 оны 05 сард 54,21 м.кв байрыг Голомт банкны зээлээр худалдан авсан.
90,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөөд үлдэгдэл мөнгөн дээр гэрээ хийж сар болгон төлөхөөр тохирсон.
Гэрээ байгуулан төлөхөөр тохирсон мөнгөө графикийн дагуу эхний 3-4 сар төлсөн. Тэгээд төлж чадаагүй, шалтгаан нь цар тахал, хөл хорио гээд 2 жил гаран ажилгүй гэрт байсан. Энэ байдлаа байнга орж хэлж ойлгуулж байсан.
Гэрээ хийсэн мөнгөө би төлөх ёстой, гол шалтгаан хүү, алданги тооцож намайг хүнд байдалд оруулж байна. Ямар ч тохиолдолд хүү, алдангийг төлөх боломжгүй байна.
Гэрээ хийсэн мөнгөө сар болгоны хувиарын дагуу төлөөд явахад надад одоо ажил төрөл жигдэрсэн учир болж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Отай уулзаад ярилцахад Ц консалтинг ХХК-ийн захирал Д.Отгонтуяатай хэлэлцсэн зүйл байсан гэдэг ба тэрээр үсчин мэргэжилтэй бөгөөд түүнд үсчний үйлчилгээ үзүүлж байсан гэдэг.
Л.Оын тухайд 2 охины хамт амьдардаг, өрх толгойлсон эрэгтэй. Хэргийн материалд Л.О нь Ц консалтинг ХХК-д 22,000,000 төгрөг төлсөн баримт байгаа ба үүнийг би үлдэгдэл 17,000,000 төгрөгийн асуудал шийдвэрлэсэн байна гэж харж байна.
Тэгээд ч Ц консалтинг ХХК нь 2019 оны 06 сарын 11-ний өдөр бүртгэлийн байгууллагад байрны төлбөр тооцоо дууссан гэдэг албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дууссан эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусна гэж заасан. Иймд гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул алдангийн асуудал яригдахгүй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Индра, Б.Мөнхбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй Ц консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.От холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Л.О нь 2019 оны 06 сарын 19-ний өдөр ххххххххххххххх дугаартай ипотекийн гэрээ байгуулж хххххххххххх тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204102206 дугаарт бүртгэлтэй, 54,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Барьцааны гэрээ хууль ёсны бөгөөд эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч Л.Оын зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх үүрэг хэвээр үргэлжилж байна.
Голомт банкны хувьд Л.Оын өмчлөлд байгаа орон сууцтай холбоотой Ц консалтинг ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу зээлдүүлэгчийн эрхтэй холбоотой гуравдагч этгээдээр оролцож байна.
Нэгэнт нэхэмжлэгч Ц консалтинг ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тус банкны барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага байхгүй болсон тул банкны эрх хөндөгдөхгүй болсон гэж үзэж байна.
Л.Оын зээлийн эргэн төлөлт хэвийн төлөгдөж байгаа болно гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ц консалтинг ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
2019 оны 05 сарын 27-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт 1, 2,
2021 оны 08 сарын 27, 2022 оны 01 сарын 10, 2022 оны 03 сарын 02, 2022 оны 06 сарын 02, 2023 оны 06 сарын 16-ны өдрүүдэд тус тус тооцоо нийлсэн актууд,
Л.От хүргүүлсэн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20-97 тоот, 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 21/121 тоот, 2022 оны 06 сарын 14-ний өдрийн 20/17 тоот гэрээ цуцлах, төлбөр төлөх мэдэгдлүүд,
Ц консалтинг ХХК-ийн Голомт банк дахь болон Хаан банк дах дансны хуулгууд,
кассын орлогын ордер Л.О нь 2019 оны 06 сарын 20-ны өдөр 440,000 төгрөг төлсөн баримт /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Л.О нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, итгэмжлэл, Ц консалтинг ХХК-ийн 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 19/164 тоот албан бичиг зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банк ХХК нь итгэмжлэл, Голомт банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 08 сарын 04-ний өдрийн 733 тоот эрх олгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2019 оны 06 сарын 19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 06 сарын 19-ний өдрийн ипотекийн гэрээ, 2021 оны 01 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Л.О нь 2019 оны 06 сарын 20-ны өдөр байрны төлбөрт 72,800 төгрөг төлсөн баримт,
Л.О нь 2019 оны 05 сарын 27-ны өдөр Ц консалтинг ХХК-д бэлнээр 22,768,200 төгрөг төлсөн гэх баримт /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
2023 оны 04 сарын 17-ны өдрийн 9752 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ххххххххххххххххх тоот хаягт байршилтай, 54,21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбарыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Бхххххххххххххх м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц консалтинг ХХК нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,934,396 төгрөг, алданги 8,667,198 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр-ашиглалтын зардал 603,165 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 426,602 төгрөг, нийт 26,631,361 төгрөгийг хариуцагч Л.Оаас гаргуулахаар өөрчилсөн болно.
Нэхэмжлэгч буюу худалдагч Ц консалтинг ХХК нь хариуцагч буюу худалдан авагч Л.Отай 2019 оны 05 сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Л.О ньххххххххххххххх 54,21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 108,420,000 төгрөгөөр худалдан авахаар,
Төлбөрийн нөхцлийг гэрээний хавсралт 1-т зааснаар төлбөрийн 16 хувь буюу 17,347,200 төгрөгийг хувь лизингээр төлөхөөр,
84 хувь буюу 91,072,800 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр,
Гэрээний хавсралт 2-т заасны дагуу 16 хувь буюу 17,347,000 төгрөгийг 2019 оны 06 сарын 19-ний өдрөөс 18 сарын хугацаанд, сарын 1 хувийн хүүтэй төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.
/ХХ-ийн 8-11, 11 дүгээр хуудасны ар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 2019/056 тоот дээрхи гэрээ, гэрээний хавсралтуудад талууд буюу худалдагч Ц консалтинг ХХК, худалдан авагч Л.О нар нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Дээрх гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байгаа ба хариуцагч Л.О нь гэрээ байгуулмагц ххххххххххххх орон сууцыг эзэмшиж, ашиглаж эхэлсэн талаар мөн хэн аль нь маргаагүй.
Худалдагч Ц консалтинг ХХК нь Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст Л.О нь байрны төлбөр тооцоо дууссан тул өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэх 2019 оны 06 сарын 11-ний өдөр 19/164 тоот албан бичгийг, мөн 2019 оны 05 сарын 27-ны өдөр Л.О нь 22,768,200 төгрөгийг бэлнээр төлсөн гэх кассын орлогын баримт үйлдсэн нь Л.Оын банкны ипотекийн зээлд хамрагдахад банкны зүгээс урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байх шаардлага тавьсан тул компанийн зүгээс тухайн баримтыг үйлдсэн гэж тайлбарлалаа.
Худалдагч Ц консалтинг ХХК-ийн дээрх тайлбар нь хариуцагч Л.Оын урьдчилгаа төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохирч эхний 3-4 сар төлсөн, цар тахалтай холбоотой төлж чадаагүй, гэрээ хийсэн төлбөрөө хуваарийн дагуу төлөх хүсэлтэй гэсэн тайлбар,
Ц консалтинг ХХК-тай 2021 оны 08 сарын 27-ны өдөр тооцоо нийлэн харилцан баталгаажуулсан тооцоо нийлсэн акт,
Худалдагч Ц консалтинг ХХК-иас худалдан авагч Л.От урьдчилгаа төлбөрийг төлөх талаар мэдэгдэн төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах болохыг мэдэгдсэн 2020 оны 08 сарын 13-ны өдрийн 20/97 тоот, 2021 оны 08 сарын 31-ний өдрийн 21/121 тоот, 2022 оны 06 сарын 14-ний өдрийн 20/17 тоот мэдэгдлүүдээр тогтоогдож байна.
Хариуцагч Л.О нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-ийн төлбөр төлөх гэрээний үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд гэрээ цуцлах болохыг мэдэгдсэн мэдэгдлүүдийг гардан авч байсан нь уг мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдлоо.
/ХХ-ийн 11-17 дугаар тал/
Талуудын харилцан тохиролцон баталгаажуулсан 2021 оны 08 сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт ёсоор Л.О нь графикийн дагуу төлөгдөөгүй мөнгөн дүн 17,334,396 төгрөг, алданги 8,667,198 төгрөг, ашиглалтын зардал 620,960 төгрөг төлөхийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээ цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч тал гэрээ цуцлах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээ цуцлах эрхтэй талаар заасны дагуу хариуцагч Л.О мэдэгдэл хүргүүлсээр атал урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул худалдагч тал гэрээг цуцлах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2-т худалдан авагч гэрээний төлбөрийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч Л.Оаас худалдагч тал алданги шаардах эрхтэй.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага болно.
Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.7-д Худалдан авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойшхи хугацаанчы байрны ашиглалтын төлбөрийг /цахилгаан, цэвэр, бохир, халуун ус, дулаан, хог, лифтний төлбөрийг батлагдсан тарифаар, орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн харуул хамгаалалт, цэвэрлэгээг 133 айлаар тооцон 1 айлд ногдох зардлаар тухай орон сууцны СӨХ байгуулагддах, ашиглалтын компанид шилжих хүртэл хугацаанд сар бүр худалдагчид төлөх үүрэгтэй,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу худалдан авагч Л.О нь худалдагч талд ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй.
Хариуцагч Л.О нь Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 13334, 90а байр, 56 тоот хаягт байршилтай, 54,21 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204102206 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 06 сарын 19-ний өдөр бүртгэгдсэн ба тэрээр Голомт банктай мөн өдөр нь буюу 2019 оны 06 сарын 19-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулан 91,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлэн авч зээлийн гэрээний харилцаа хэвийн төлөлттэй үргэлжилж байгаа нь Голомт банкны тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
Л.Оын зээлсэн 91,000,000 төгрөгийг Голомт банк 2019 оны 06 сарын 20-ны өдөр Ц консалтинг ХХК-ийн Голомт банк дахь 1205150966 тоот дансанд шилжүүлсэн ба мөн өдөр нь Л.О 84 хувийн төлбөрийн үлдэгдэл 72,800 төгрөгийг уг дансанд төлснөөр талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-т заасан банкны зээлээр 84 хувь 91,072,800 төгрөгийг төлөх үүрэг биелэгдсэн байна.
/ХХ-ийн 11, 72-86, 100-126 дугаар тал/
Нэхэмжлэгч Ц консалтинг ХХК нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,934,396 төгрөг, алданги 8,667,198 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 603,165 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 426,602 төгрөг, нийт 26,631,361 төгрөгийг хариуцагч Л.Оаас нэхэмжилж байна.
2021 оны 08 сарын 27-ны өдөр тооцоо нийлсэн актад тусгагдсан 2021 оны 08 сарын 26-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөх ёстой 9,475,196 төгрөгөөс Л.Оын төлсөн 2,140,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус хасахад тэрээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 16,835,196 төгрөг төлөхөөр байна.
Гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 16,835,196 төгрөг,
Алданги 8,417,598 төгрөг,
Ашиглалтын зардал 603,165 төгрөг, нийт 25,855,959 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасны дагуу шийдвэрлэдэг тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжилсэн 426,602 төгрөгийг хариуцагч Л.Оаас бүхэлд нь гаргуулах боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг хариуцагч Л.Оаас 25,855,959 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-д олгон, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 775,402 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-ийн захирал Д.Отгонтуяад үсчний үйлчилгээ үзүүлж байсан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ба компанийн захирал ажилтай иргэнд үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн асуудал Ц консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй болохыг дурдлаа.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020 оны 11 сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,
2020 оны 11 сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,
2020 оны 12 сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,
2021 оны 02 сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, түүний хавсралт, 2021 оны 04 сарын 08-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,
2021 оны 04 сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар 2020, 2021 онуудад нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ тухай эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn, Монгол улсын Засгийн газрын www.mongolia.gov.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг хариуцагч Л.Оаас 25,855,959 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-д олгон, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 775,402 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 419,502 төггөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Оаас 287,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц консалтинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН