Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

 

2025          10            21                                                2025/ШЦТ/464
  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч М.Мөнхтайван,

хохирогч Э.Д,

шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.Гад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг “Илтийн ам” гэх газарт байрлах айлын гаднаас Д.Гунаж явсан хохирогч Э.Дгийн эзэмшлийн Тоёота пилдер маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Х.Гын Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг “Илтийн ам” гэх газарт байрлах айлын гаднаас Д.Гунаж явсан хохирогч Э.Дгийн эзэмшлийн Тоёота пилдер маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

хохирогч Э.Дгийн “...Би Улаанбаатар хот БЗД 30-р хороо 26-5-р байрны 28 тоотод нөхөр Д.Гболон хүүгийн хамт амьдардаг. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өглөө манай нөхөр Д.Гминий эзэмшлийн тоёота пилдэр маркийн 63-58 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянчандмань сум орчхоод ирье гээд ганцаараа явсан юм. 2025 оны 07 дугаар сарын 15-ны орой манай нөхөр гэртээ ирсэн байсан. Би тухай үед Булган аймагт явж байсан юм. Манай нөхөр надад хэлэхдээ машиныг чинь байрны гадна зогсоол дээр үлдээсэн гэж хэлсэн. Би 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгаас ирэхэд миний машин байхүй байсан. Би нөхрөөсөө асуусан чинь Х.Г ахад машиныг чинь өгөөд явуулчихсан хөдөө байгаа өвчтэй аавыгаа аваад ирнэ гээд явсан гэж хэлсэн. Тэгээд 2025 оны 07 дугаар сарын 18-ны өглөө би Х.Гын гар утас руу залгаад машин яасан бэ гэсэн чинь би саппоро дээр явж байна машиныг чинь хаана аваачиж өгөх вэ гэсэн. Би цайз 16 дээр ажил дээрээ байна энд аваад ир гэсэн за гээд утсаа салгасан. Тэгээд би дахиад залгасан чинь утсаа авахгүй байсан. Орой нь 16 цагийн үед машины чинь урд, хойд гуперийг хагалчихсан сутайн буянт захын №8 тоот хаалганы үүдэнд үлдээсэн түлхүүр нь урд амортизатор дээрээ байгаа гэж хэлсэн. Би маргааш өглөө нь Сутайн буянт зах дээр ирж машинаа хархад урд хойд гупер хагарч зам нь хугарсан, урд сетикан нүүр хагарсан, зүүн урд кирло нугарч чихэгдсэн, зүүн далын тормозны труп тасарсан, зүүн хойд хаалганы доод хормой чихэгдэж хонхойсон зүүн под кирлогүй, зүүн урд обуд цохигдож, дугуй хагарсан, зүүн урд их гэрлийн сэнж тасарсан копуб хоошоо сууж гажсан, зүүн хойд хаалга баг зэрэг хонхойсон, зүүн урд тайга гулзайсан, машины урд улсын дугаар, суурьтайгаа байхгүй, кропны хос тороос тасарсан зэрэг гэмтлүүд үүссэн байсан. Би Х.Г руу утсаар залгасан чинь би Сутайнбуянт зах дээр ирж байна гэж хэлээд удалгүй Х.Г ирсэн. Тэгээд машин яагаад ийм болгочихсон юм бэ гэсэн чинь чамайг ирэхээс өмнө засуулчих гэсэн чинь амжсангүй би унаж эвдчихсэн юм бүх хохиролыг чинь барагдуулаад өгье цагдаад өргөдөл өгөөд яах юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Сутайн буянт зах дээр Х.Г миний машины урд гупер, урд сетикэн нүү, кропны хос тороос зэргийг сольж өгсөн. Мөнх цохигдсон обудыг янзлаж нэг ширхэг дугуй авч өгсөн. Тэгээд орой болоод маргааш үлдсэн эвдрэл гэмтлийг засварлаж өгнө гэж хэлээд түүнээс хойш ирээгүй...” гэх /хх-ийн 6-7 тал/,

гэрч Д.Г“...Би 2025 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотоос ганцаараа Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн юм. Тэгээд би Х.Г руу утсаар залгаад хамтдаа Шарын ам орчихоод ирье гэж хэлээд Х.Гыг аваад Шарын ам явсан. Өдөр 11 цагийн үед буцаж Баянчандмань суманд ирсэн. Ихтийн ам гэх газар Мөнх-Эрдэнэ гэх айлд очоод айраг, пиво уусан. Тэгээд би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор машины тэр айлын гадна үлдээгээд түлхүүрийн нь дотор нь орхисон байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй хамт сумын төвд дэлгүүр орчихоод буцаад Мөнх-Эрдэнийн гэрт очиход миний машин алга болчихсщон байсан. Саахалт айлын Баатараа гэдэг хүнээс миний машиныг харав уу гэсэн чинь Х.Г машиныг чинь унаад урагшаа сумын төв чигт явчихсан гэж хэлсэн. Би Мөнх-Эрдэнэ ахтай араас нь хайгаад олоогүй. Тэгээд би Ихтийн амны эхэнд байдаг амралтын газарт очиж хоносон. Маргааш өглөө нь босоод Мөнх-Эрдэнэ ахын очоод машинаа орой болтол хүлээгээд ирэхгүй олохоор нь Мөнх-Эрдэнэ ахтай хамт Х.Гын гэрийн гадна ирэхэд миний машиныг эвдээд гэрийнхээ гадна чирж ирээд тавьчихсан байсан. Х.Г өөрөө байхгүй байсан. Х.Гын эхнэр Хишигээ эгчээс асуухад өнөө өглөө над руу хүн утсаар залгаад танай нөхөр машинтай жалга руу орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би 10 цагийн үед очиж машиныг нь чирж ирсэн гэж хэлсэн. Тэгээд байж байтал Х.Г ирээд ах нь машиныг чинь жолоодож яваад жалга руу орчихсон маргааш орой 16 цаг гэхэд засварлуулаад өгье гэж хэлсэн. Би маргааш нь ажилтай байсан болохоор замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явчихсан. Эхнэр Булган аймагт явж байсан болохоор би машиныг нь гэрийн гадна тавьчихсан гэж хэлсэн. 2025 оны 07 дугаар сарын 17-ны орой эхнэр ирээд машинаа асуухаар нь Х.Г унад явсан авч ирж өгөх байх гэж хэлсэн. Тэгээд эхнэр Х.Гтай яриад машин эвдсэн талаар мэдсэн байсан...” гэх /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.У“...Х.Г 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед над руу утсаар залгаад Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р баг Илтийн ам гэх газарт машин эвдэрчихлээ ирээд ачаад өгөөч гэсэн. Би Илтийн ам гэх газарт очоход Х.Г мөнгөлөг саарал өнгийн тоёота пилдэр маркийн машинтай жалга руу орчихсон машины 5 бул мултарчихсан байсан. Би машиныг нь ачилтын машиндаа ачаад сумын төвд ирээд Х.Гын гэрийн үүдэнд үлдээгээд явсан. Х.Г араас ирнэ гээд ирээгүй...” гэх /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Б.М“...Би 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р баг Илтийн ам гэх газарт гэртээ байж байх үед Х.Г, Д. Ггэх залуугын хамт машинтай ирсэн. Х.Г, Д.Гнар 2.5 литрийн хоёр ширхэг пиво авч ирсэн. Тэр пивийг Д.Гандорж, Х.Г нар хувааж уусан. Тэгээд Д. Гнамайг чи архи уугаагүй юм чинь чиний машинтай сумын төв ороод дэлгүүрээс юм аваад ирье гээд сумын төв орсон. Д.Гдэлгүүрээс нэг шил архи аваад бид хоёр буцаад гэрт ирэхэд манай гэрийн гадна байсан Д.Гтоёота пилдэр маркийн машиныг Х.Г унаад явчихсан байсан. Би утсаар Х.Г руу залгаад хүний машин яачихсан юм бэ гэхэд одоо очилоо гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Х.Г ирээгүй маргааш өглөө нь Х.Г манай гэрийн баруун урд жалга руу Д. Гмашинтай орчихсон машин нь эвдэрчихсэн байж байсан. Тэгээд Х.Г сумын ачилтын машин дуудаад Д.Гмашиныг ачуулаад сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

шүүгдэгч Х.Гын сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн Төв аймгийн Баянчандмань сум Замт 2 дугаар баг Илтийн 4-03 тоотод гэртээ байж байх үед Д.Гнад руу согтуу утсаар залгаад Улаанбаатар хотод байна. Энхийг сахиулах ажиллагаанд явахаасаа өмнө нутагтаа очмоор байна гэж ярьсан. Би Д.Гандоржийг архи уучихсан байгаа юм уу гэсэн чинь тиймээ хэдэн пиво уучихлаа гэхээр нь согтуу юм бол ирж яах юм бэ гэж хэлсэн. Өглөө нь 04 цаг өнгөрч байх үед Д.Гнад руу утсаар залгаад би Баянчандмань суманд ирчихлээ гараад ир гэсэн. Намайг гарч ирэхэд Д. Гмашинаа өөрөө жолоодчихсон явж байсан. Намайг та архи дарс уугаагүй юм чинь машин барьчих гэсэн. Тэгээд би машиныг нь бариад Баянчандмань сумын дэлгүүрээс Д. Г2.5 литрийн 2 ширхэг пиво аваад бид хоёр Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Шарын ам гэх газар руу явсан. Шарын аманд очоод Д.Гнөгөө хоёр пивоо уучихаад буцаад сумын төвд ирээд манай гэрт хоол унд идчихээд Баянчандмань сумын Илтийн ам гэх газарт байдаг манай хөдөө гэрт очоод Д.Гхэсэг унтаж байгаад айраг ууя гэхээр нь манай саахалт байдаг Мөнх-Эрдэнэ ахын гэрт Д.Гхамт очсон. Д.ГМөнх-Эрдэнэ ахад нэг 2.5 литрийн нэг лааз пиво гаргаж өгөөд тэр пивийг Д.Гбараг ганцаараа уучихсан. Би машин барьж байгаа гээд пиво уугаагүй. Ганц нэг аяга айраг уусан. Мөнх-Эрдэнэ ах Д.Гхоёр Мөнх-Эрдэнэ ахын машинтай сумын төв орж авхи авна гээд явсан. Би Мөнх-Эрдэнэ ах Д.Гхоёрыг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Д.Гтоёота пилдэр маркийн **улсын дугаартай машиныг жолоодоод гэртээ гэртээ харих замдаа жалга руу ороод машин нь гарахгүй болохоор нь тэндээ машин дотор нь хоноод маргааш өглөө нь ачилтын машин дуудаж ачуулаад Баянчандмань сумын төвд гэрийн гадна авч ирсэн. Маргааш орой нь 17 цагийн үед Д.Гандорж, Мөнх-Эрдэнэ ахтай хамт манай гэрийн гадна ирсэн. Д.Гандоржид машиныг чинь би жолоодож яваад жалга руу ороод эвдчихлээ ах нь засварлаж өгнө гэж хэлсэн. Тэгээд Д.ГУлаанбаатар хот руу замын унаанд суугаад явчихсан. Би 2025 оны 07 дугаар сарын 16-гы өдөр Д.Гмашиныг чирүүлээд Улаанбаатар хотод Сутайн буянт захын хашаанд оруулж орхойд маргааш өглөө нь ирж машиныг нь 1.200.000 мянган төгрөгөөр засварлуулсан. Машин засуулж байх үед Д.Гхамтран амьдагч Д гэдэг эмэгтэй хамт байсан. Би машиных нь хойд гуперээс бусдыг засварлаж өгөөд гуперийг нь удахгүй авч өгье гэж хэлсэн. Тэгтэл би чамайг цагдаад өгнө бусад эвдрэл, гэмтлээ засварлуулна. Ветьнам засварт будуулна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

шүүгдэгч Х.Гын яллагдагчаар “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 41 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад бичгийн баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Х.Г маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.Г нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж, мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч Х.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан байдаг.

 

Харин шүүгдэгчийн хувьд завших зорилгогүй авч явах гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авснаараа энэ гэмт хэргийн шинж хангагддаг.

 

Үүний адил шүүгдэгч Х.Г нь Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар баг “Илтийн ам” гэх газарт байрлах айлын гаднаас Д.Гунаж явсан хохирогч Э.Дгийн эзэмшлийн Тоёота пилдер маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан байна.

Дээрх автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь “нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж зааснаар хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогчийн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авснаараа төгсдөг.

 

Тэрээр шүүгдэгч Х.Гын бусдын эд хөрөнгийг авч явж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Э.Дд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Х.Гын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Дгийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х.Г, хохирогч Э.Д нар хоорондоо ярилцан тохиролцоод тээврийн хэрэгсэлд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн засвар үйлчилгээг хийлгэсэн болох шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогддог.

 

Улмаар хохирогч Э.Дгийн тээврийн хэрэгсэл хэвийн байдалдаа ороогүй тул хөрөнгөд учирсан хохиролд 2.531.000 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга/  төгрөгийг нэмж нэхэмжилдэг бөгөөд үүнийг шүүгдэгч Х.Г нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ шийтгэх тогтоолоор төлж барагдуулаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Х.Гаас 2.531.000 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Гаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

Шүүх шүүгдэгч Х.Гад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Гыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Х.Гад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Гад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Регистрийн дугаар, Ургийн овог, Овог, Х.Гаас 2.531.000 /хоёр сая таван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Регистрийн дугаар, ургийн овог, овог, Дд олгосугай.

 

6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Г энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН