Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/03543

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 26 101/ШШ2023/03543

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ххххххххх тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо ххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Ж.Сгийн /РД: хххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ххххххххх тоот хаягт оршин сууж байгаа, Б.Жд /РД: ххххххххх/ холбогдох

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С,

Хариуцагч Б.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

хххххххххххххх тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь нөхөр Г.О, Ж.С, бидний хүүхдүүд болох О.С, О.С нарын өмчлөлд байдаг.

Уг байрыг 2017 онд хадам ээж н.Нарантуяа бидэнд бэлэглэсэн бөгөөд 2019 оноос бусдад түрээслүүлсэн. Хадам ээж АНУ-руу явахдаа Хас банкнаас зээл авсныг байраа түрээслүүлж зээлийг нь дарсан.

Бид 2021 оны 07 сараас тусдаа амьдарсан ба нөхөр Г.О хар тамхины хэргээр 2020 оны 03 сард шоронд ороод 2021 оны 07 сард суллагдсан.

Сонгинохайрхан дүүргээс хүүхдүүд маань хичээл сургуульдаа явахад хүндрэлтэй байсан тул 2022 оны 02 сараас Г.Од бид 3 байрандаа орьё гэж хэлэн 2022 оны 08 сард байрандаа очиход нөхөр Г.О Б.Жг байрандаа суулгасан байсан.

Г.О нь 2022 оны 04 сард түүнээс 19,000,000 төгрөг 1 жилийн хугацаатай зээлэн зээлийн хүүнд нь суулгасан байсан бөгөөд би үүнийг мэдээгүй.

Би нөхөр Г.Од холбогдуулан тус шүүхэд 2022 оны 10 сард хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу хххххххххххххх тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хувь гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2023 оны 01 сарын 17-ны өдөр шүүх хурал болж би хүүхдүүдээ асрамжиндаа авч, 2 хүүхдийн хамт хххххххххххххх тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө авч, нөхөр Г.Од байрны оногдох хувь 38,975,000 төгрөг өгөх шийдвэр гарсан.

Би Г.Оын зээлсэн 19,000,000 төгрөгийг Б.Жд өглөө гэж бодоход Г.Оыг заавал байлцуулна. Г.О надтай холбоо барихгүй байгаа ба тусдаа амьдарснаасаа хойш уулзаагүй.

Б.Ж-гийн нөхөр Г.Отой байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 14-ний өдөр дууссан ба үүнээс хойш хугацааны түрээсийн төлбөр 3,600,000 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Сарын 900,000 төгрөгөөр түрээсийн төлбөрөө тооцсон.

Дээрхи орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ж.С, охин О.С, О.С бид тул Б.Жгийн эзэмшлээс орон сууцыг маань чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ж миний бие 2022 оны 04 сарын 14-ний өдөр хххххххххххххх тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Г.Отой зээлийн гэрээ байгуулан түүнд 19,000,000 төгрөгийг зээлдүүлсэн.

Уг зээлсэн 19,000,000 төгрөгийнхөө хүүнд тус байранд 2023 оны 04 сарын 14-ний өдөр хүртэл оршин суухаар тохирсон ба зээлсэн 19,000,000 төгрөгөө буцаан авах хүртэл тухайн байранд амьдрах гэрээг байгуулсан.

Би эхнэр Д.Уийн данснаас 4,000,000 төгрөг, өөрийнхөө данснаас 15,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг Г.Оын Хаан банк дахь 5925248695 тоот данс руу шилжүүлсэн.

Г.О эхнэр Ж.Сгоос салах гэж байгаа талаараа хэлж байсан бөгөөд байр эхнэрт үлдэнэ, надад тодорхой мөнгө олгогдоно, тэр мөнгөө надад өгнө гэсэн.

Г.О 2022 оны 11 сараас холбогдохоо больж фейсбүүк болон утас, холбоо барих боломжтой бүх зүйлийг блоклон, миний мөнгийг санаатай өгөхгүй залилах хандлагатай болж байх тул түүнийг цагдаад мэдэгдэн хуулийн дагуу шалгуулахаар шийдсэн.

Би байр авах гээд цуглуулж байсан мөнгөө Г.Од зээлсэн бөгөөд байрнаас гараад эхнэр, хүүхдээ хөтлөөд хаачих бэ. Г.Од зээлсэн 19,000,000 төгрөгөө авч байж байрыг чөлөөлмөөр байна. 3,600,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ж.С нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

2022 оны 04 сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээний болон 2022 оны 04 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Б.Жд холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай Ж.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 3563 дугаар захирамж,

Г.Од холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах, орон сууц түрээслүүлсэн орлого 12,711,828 төгрөг гаргуулах тухай Ж.Сгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ххххххххх дугаар шийдвэр, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай тус шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 575 тоот лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Ж нь иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Уийн Хаан банк дахь ............. тоот дансны 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 сарын 12-ны өдрийг дуустал хугацааны хуулга,

Б.Жгийн Хаан банк дахь ............. тоот дансны 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хуулга,

Г.Отой 2022 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хуулбар,

Г.Отой 2022 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Б.Жрнд холбогдуулан хххххххххххххх тоотын 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Жгийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нийслэлийн хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Г.О, Ж.С, О.С, О.С нар болох нь уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Г.О нь Б.Жтай 2022 оны 04 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Б.Жгаас 19,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлэн авч, Б.Ж нь Г.Од зээлсэн мөнгөний зээлийн хүүнд хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд 1 жилийн хугацаанд оршин суухаар тус тус харилцан тохирч зээлийн гэрээ болон орон сууц хөлслүүлэх гэрээ байгуулсан нь гэрээнүүд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

/ХХ-ийн 39-47 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ж.С нь Г.Од холбогдуулан хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулах, орон сууц түрээслүүлсэн орлого 12,711,828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэжээ.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ххххххххх дугаар шийдвэрээр:

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн охин О.С, 2017 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн охин О.С нарыг эх Ж.Сгийн асрамжинд үлдээж,

-Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин О.С, О.С нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Ооос тэтгэлйг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр,

-Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хххххххххх дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй, хххххххххххххххххх тоот хаягт байрлах, 44,05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.С, охин О.С, О.С нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ж.Сгоос 38,975,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.Од олгож, нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,711,282 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Ж.Сгоос төлсөн 714,969 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Ооос 423,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сд олгож, тэтгэлэгт ногдох 83,238 төгрөгийг гаргуулж улсын орлого болгон шийдвэрлэсэн байна.

Дээрхи шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь тус шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 07 сарын 25-ны өдрийн 575 дугаар бүхий лавлагаагаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 15-17, 38 дугаар тал/

 

хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Жаргалсайханы С, 2015 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн охин О.С, 2017 оны 06 сарын 29-ний өдөр төрсөн охин О.С нар болох нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

 

Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,

106.3Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,

106.4Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан байна.

хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч Жаргалсайханы С нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

 

Мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба Б.Ж, Г.О нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр уг хугацаанаас хойшхи төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хариуцагч Б.Жгаас 3,600,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Жгийн эзэмшлээс хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 287 дугаар зүйлийн 287.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Жгийн эзэмшлээс хххххххххххххх тоот хаягт байршилтай, 44,05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-хххххххххххх дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН