| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01336/И |
| Дугаар | 101/ШШ2023/02318 |
| Огноо | 2023-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/02318
2023 05 10 101/ШШ2023/02318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххх ХК-ийн байр, Т ХХК /РД: ххххххх/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх тоот хаягт оршин суух, А.Ч /РД: хххххххх/, Ч.Б /РД: ххххххххххх/ нарт холбогдох
3,641,146 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэрэндулам,
Хариуцагч А.Ч, Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийн Багануур салбарын захирал Я.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэрэндулам хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тны Багануур салбараас А.Ч, хамтран зээлдэгч Ч.Б нар 2020 оны 10 сарын 01-ний өдөр ххххххххххх тоот зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийн цалингийн зээлийг нэмэлтээр авч нийт 13,632,818 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлдэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлэнд нийт 13,051,756 төгрөг төлснөөс үндсэн зээл 10,012,482 төгрөг, зээлийн хүүнд 3,013,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,799 төгрөг тус тус төлсөн байсан.
А.Ч зээл авах үедээ Багануур дүүргийн Багануур сувилал ХХК-д харуулаар ажиллаж байсан ба 2021 оны 06 сард ажлаасаа гарсан бөгөөд хамтран зээлдэгч А.Б ажил эрхэлдэггүй.
2023 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч А.Ч, Ч.Б нар нь үндсэн зээл 3,620,336 төгрөг, хүү 17,810 төгрөг, бүгд 3,638,146 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 3,641,146 төгрөг төлөхөөр байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар А.Ч, Ч.Б нар 105,000 төгрөг, 18,000 төгрөг, 9,000 төгрөг тус тус төлсөн.
Иймд хариуцагч А.Ч, Ч.Б нараас 3,506,146 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тнаас 2015 онд цалингийн зээл авч байсан нь үнэн ба нэхэмжилж байгаа 3,506,146 төгрөгийг 2023 оны 10 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
2020 оны 10 сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, нотариатын зардал төлсөн баримт болон уг зардлын нэхэмжлэх зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч А.Ч, Ч.Б нар иргэний үнэмлэхийн хуулбарууд болон хариу тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК /нь хариуцагч А.Ч Ч.Б нарт холбогдуулан 3,641,146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2023.02.01-ний өдрийн байдлаар:
Үндсэн зээл 3,620,336 төгрөг,
Зээлийн хүү 17,810 төгрөг,
Нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 3,641,146 төгрөг/
Зээлдэгч А.Ч, хамтран зээлдэгч Ч.Б нар 2020 оны 10 сарын 01-ний өдөр зээлдүүлэгч Ттай ххххххххххх тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан өмнө байгуулсан зээлийн үлдэгдэл 10,132,817.85 төгрөг дээр нэмж 3,500,000 төгрөг, нийт 13,632,817.85 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдлоо.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заажээ.
Зээлдүүлэгч Т зээлийн гэрээг үндэслэн зээлдэгч А.Чийн нэр дээр 2020 оны 10 сарын 01-ний өдөр ххххххххххх тоот зээлийн данс нээн уг өдрөө 3,500,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч нар Ттай зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаараа маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 6-15 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Т болон хариуцагч буюу зээлдэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Т ХХК-тай зээлдэгч талын байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар нь 2023 оны 02 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10,012,482 төгрөг, зээлийн хүүнд 3,013,475 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,799 төгрөг, нийт 13,051,756 төгрөг төлсөн, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 105,000 төгрөг, 18,000 төгрөг, 9,000 төгрөг тус тус төлж, зээлдүүлэгч 3,506,146 төгрөг нэхэмжилж байгаа талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 9-12 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 01-ний өдрийн гэрээний 3.2-т Зээлдэгч буюу барьцаалуулагч дараах үүргийг хүлээнэ,
3.2.1-т Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, зээлдэгч ээлжийн буюу урт хугацааны амралт авсан бол хуваарьт төлбөрийг өөрийн цалингийн карт буюу дансандаа урьдчилан төвлөрүүлэх,
3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүгийг хүлээнэ гэж тус тус заасан ба дээрхээс үзэхэд хамтран зээлдэгч Ч.Б нь зээлдэгчийн нэгэн адилаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 01-ний өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно,
6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг цуцлах талаар заасан ба зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу Т зээлийн гэрээг цуцлах хүсэлт гаргасан нь үндэслэлтэй болно.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч нар үндсэн зээл 3,620,336 төгрөг, зээлийн хүү 17,810 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 3,641,146 төгрөг төлөх үүрэгтэй ба хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 105,000 төгрөг, 18,000 төгрөг, 9,000 төгрөг тус тус төлсөн хэмээн зээлдүүлэгч Т 3,506,146 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зээлдэгч нар уг мөнгийг төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Ч, Ч.Б нараас нийт 3,506,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч А.Ч, Ч.Б нараас 3,506,146 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,209 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ч, Ч.Б нараас 71,048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТххххххххХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН