Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/02605

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 24 101/ШШ2023/02605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Нийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх тоот хаягт оршин суух, Т.О-д /РД:хххххххх/ холбогдох,

6,160,328 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Н нь Т.Отай 2015 оны 11 сараас хамтран амьдарч, 3 хүүхэд төрүүлсөн бөгөөд хамтын амьдралын хугацаанд Т.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тул 2022 оноос тусдаа амьдарсан.

Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Од холбогдуулан хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гарган 2023 оны 01 сарын 10-ны өдөр шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гарсны дараагаар Б.Н нь охин О.Аийн хүүхдийн мөнгөний данс хамтран эзэмшигчээс Т.Оыг хасуулж, шинээр 2023 оны 02 сарын 03-ны өдөр хххххххххххххххх дугаартай данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, ээжийн хувьд охин О.Аийнхаа дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн.

О.Аь нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд 2016 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Төрийн банкны салбарт хандан Монгол Улсын Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хадгалах зорилгоор О.Аийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэж, охины төрсөн аав Т.О хамтран эзэмшигчээр бүртгүүлж байсан.

Гэтэл 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд О.Аийн хадгаламжийн дансанд хуримтлагдсан байсан 6,160,328 төгрөгийг Т.О нь дээрх онуудад хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан байна.

Т.О нь хүүхдийнхээ хадгаламжид хуримтлагдсан байсан 6,160,328 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан атлаа зээлээ төлөлгүй орхисон тул банк үндсэн хуримтлалаас зээл болон зээлийн хүүг хасаж тооцон суутган хадгаламжийн үлдэгдлийг нь 0 төгрөг болгосон байна.

Энэ байдлыг Б.Н нь 2023 оны 02 сарын 03-ны өдөр Төрийн банкинд өөрийн нэрийг охин О.Аийн хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлж хадгаламжийн гэрээг банкнаас авсан өдрөө мэдсэн.

Хариуцагч Т.О нь хүүхдийн хадгаламжийн мөнгийг О.Аийн зөвшөөрөлгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авч хүүхдэд өөрт нь бус хувьдаа зарцуулж, ирээдүйн боловсрол, сурч хөгжих эрхэд халдаж, хүүхдийн ирээдүйн хэрэгцээнд зориулагдах мөнгийг зориулагдах мөнгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулсан байна.

Иймд охин О.Аийн хүүхдийн тэтгэмжид зориулж хуримтлуулсан 6,160,328 төгрөгийг Т.Оаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.О нь тухайн мөнгийг ахуйн хэрэгцээнд зарцуулсан болно гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, охин О.Аийн төрсний гэрчилгээний хуулбар, охин О.Аь эрүүл өсч бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт болон Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 1а ангид сурч байгаа тухай сургуулийн тодорхойлолт,

Б.Нийн Төрийн банктай 2023 оны 02 сарын 03-ны өдөр байгуулсан хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ,

О.Аийн хугацаат хадгаламжийн дансны 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 сарын 20-ны өдрийг дуустал хугацааны хуулга, .ОАийн хугацаат хадгаламжийн дансны 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс 2023 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацааны хуулга,

Т.О нь хадгаламж барьцаалсан онлайн зээл авч байсан зээлийн дансны хуулгууд,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 279 тоот шийдвэр,

Б.Нийн хадгаламж барьцаалсан зээл, зээлийн хүү төлсөн баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Т.О нь иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Т.Од холбогдуулан 6,160,328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Н нь Хүүхдийн 100,000 төгрөгийг хуримтлуулахаар охин О.Аийн нэр дээрх хүүхдийн хадгаламжийнг дансанд хуримтлагдсан 6,160,328 төгрөгийг хамтран эзэмшигч Т.О нь барьцаалан зээл авч мөнгийг өөртөө зарцуулсан тул 6,160,328 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч Т.О Тухайн мөнгийг ахуйн хэрэглээнд зарцуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Б.Н нь Т.Од холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолох, орон сууц худалдан авахад төлсөн 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 279 дугаар шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, охин О.Аь, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, хүү О.М, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, охин О.С нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Боржигон овогт Төмөр-Очирын О /МЖ90062613/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэн,

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Нт даалган,

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэхээр хариуцагч Т.О шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдан,

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Т.О нарт үүрэг болгон,

 

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Т.Оаас 15,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгон,

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч Т.Оаас 124,860 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Оаас 237,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгон шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 28-31 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Б.Н нь уг шийдвэр гарснаас хойш 2016 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн, охин О.Аийн хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээг Төрийн банктай 2023 оны 02 сарын 03-ны өдөр байгуулан хүүхдийн мөнгөн хадгаламжийн хххххххххххххххх тоот дансны хамтран эзэмшигчээс Т.Оын нэрийг хасуулж, хххххххххххххххх тоот дансны хамтран эзэмшигч болжээ.

/ХХ-ийн 4-6 дугаар тал/

 

хххххххххххххххх тоот дансанд 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2023 оны 01 сарын 10-ны өдрийн хугацаанд 6,160,328 төгрөг хуримтлагдсан байсан бөгөөд тухайн дансыг 2016.06.27-2023.02.03-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран эзэмшиж байсан Т.О уг хадгаламжийн дансыг барьцаалан онлайн зээл авсан болох нь дансны хуулга, зээлийн дансны хуулгуудаар тогтоогдож байх ба Т.О тухайн мөнгийг захиран зарцуулсан талаараа маргаагүй.

2023 оны 02 сарын 03-ны өдрөөс хххххххххххххххх тоот дансыг хамтран эзэмших болсон Б.Н нь Т.Оын тухай бүр авч байсан онлайн зээлийн төлбөр, түүний хүүг төлжээ.

/ХХ-ийн 5-23, 48-58 дугаар тал/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

2016 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн охин Оын Аийн хүүхдийн мөнгөн хадгаламжийн дансны хамтран эзэмшигч түүний эцэг Т.О нь уг хадгаламжийн дансыг барьцаалан зээлж авч тухайн дансанд 2016.06.27-2023.01.20-ны өдрийн хооронд хуримтлагдсан 6,160,328 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан тул охин О.Аийн эх Б.Н уг мөнгийг Т.Оаас шаардсан нь үндэслэлтэй.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Оаас 6,160,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч Т.О нь 2023.04.09-23-ны өдрүүдэд Оюу толгойд ажилтай, 2023.04.25-2023.05.05-ны өдрүүдэд хуралдаан товлуулах хүсэлт гаргасны дагуу 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 12 цагт хуралдааныг товлон хариуцагч Т.Од хуралдаан болохоос 21 хоногийн өмнө мэдэгджээ.

2023 оны 05 сарын 01-ний өдрийн 12 цагт товлосон хуралдаанд хариуцагч Т.О ирээгүй ба түүний мэтгэлцэх эрхийг хангахаар 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хуралдааныг хойшлуулан товыг түүнд хуралдаан болохоос 23 хоногийн өмнө мэдэгдсэн байна.

Хариуцагч Т.Од шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй байсан тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг лавлах үүрэг хүлээдэг.

 

Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч Т.Оын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Оаас 6,160,328 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оаас 113,515.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН