| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2006042192980 |
| Дугаар | 2021/ДШМ/607 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/607
Х.Э, Х.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
шүүгдэгч, хохирогч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэн,
хохирогч Д.Цэцэгжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Э, Х.Б нарт холбогдох эрүүгийн 2006042192980 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ....................., 19................ оны ............. дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 27 дугаар байрны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;
2. ............................, 19............... оны ... дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиогийн мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27 дугаар байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27-31 тоотын үүдэнд Д.Цэцэгжаргалыг “хаалга удаан цохилоо” гэх шалтгааны улмаас түлхэж унагаан биед нь баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд Х.Эийг “гэрт орж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, түүнийг боож унагаан эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд Х.Бтай “хүүхдүүд нь шуугилдлаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, түүний нүүрэн тус газарт нь цохиж, нүүр цээжин тус газарт нь маажин, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, .....................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Быг 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.700.000 төгрөгийн торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2.150.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 2.150.000 төгрөгөөр торгох ялыг, Х.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 2.150.000 төгрөгөөр торгох ялыг, Х.Эт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Баас 2.703.559 төгрөгийг хохирогч ........................д /РД:МН65121562/, Х.Эээс 190.000 төгрөгийг ..........д /РД:УИ93040115/ тус тус олгож, хохирогч Д.Цэцэгжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Э, Х.Б нар цагдан хоригдсон хоноггүй, Х.Э хохирол нэхэмжлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Э, Х.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, хохирогч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Х.Бд Эрүүгийн хариуцлага оногдуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь, Х.Бы Х.Эт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд Х.Б, Х.Э нарын хоорондын хэрэг маргаан, үйл явцын талаар хохирогч, яллагдагч Х.Бы “...манай охин “аав согтуу хүн гээд орилоход нь эргээд харсан, тэгэхэд согтуу хүн орж ирсэн байсан ба юун хүн бэ гэхэд Х.Э “...танайх яасан их шуугилддаг пизданууд вэ” гээд над руу дайрсан. Би энэ хүнийг гэрээс гар гэж шаардлага тавьж түлхсэн. Энэ хүн намайг маажиж цохиж, нүдний шил утас зэргийг эвдсэн” гэх мэдүүлэг, мөн хохирогч, яллагдагч Х.Эийн “...дээд давхрын айл түжигнээд байхаар нь хаалгыг нь тогшиход хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь орж үүдэнд нь зогсоход гэрийн эзэн Х.Б “юун хүн бэ, хаанахын хулгайч, дээрэмчин бэ” гэж намайг заамдаж гэрээс гаргасан, шууд байрны гадаа хүнгүй газар очиж боож унагаасан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас харахад тухайн гэмт хэрэг нь хохирогчийн ёс суртахуунгүй, зүй бус үйлдлээс шалтгаалсан болох нь гэрч Хулан, хохирогч Х.Э, Х.Бы биед учирсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11533 дугаар дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр нотлогдож тогтоогдож байхад анхан шатны шүүх Х.Быг тухайн гэмт хэргийг санаатайгаар, хүсэж үйлдсэн мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Х.Э нь согтуугаар өөрөө дур мэдэн айлын гэрт буюу бусдын орон байр, хувийн орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж, Х.Б нь тухайн үйлдлийг зогсоох нь энгийн ухамсарын хүрээнд ойлгомжтой, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн өөрт олгогдсон хуулиар зөвшөөрөгдсөн, хууль ёсны үйлдэл хийх боломжтой байсан, түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй.
Х.Бы Д.Цэцэгжаргалд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд Х.Б, Д.Цэцэгжаргал нарын хооронд үүсч буй маргаан, үйл явц нь хохирогч Д.Цэцэгжаргал нь “...СӨХ-ийн төлбөрөө төл, орон сууцны коридорт эд зүйл тавилаа, үүнийгээ ав” гэж шаардаж Х.Бы хаалгыг удаа дараа татаж, тогшиноос тухайн гэмт хэрэг гарсан байдаг. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас харахад тухайн гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарах шалтгаан болсон нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба анхан шатны шүүх Х.Быг тухайн гэмт хэргийг санаатайгаар, хүсэж үйлдсэн мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Учир нь, хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй, зайлшгүй гарах зардал биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өмгөөлөгч заавал авах заалтад хамаарахгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг Засгийн газар батална” гэж хуульчилсан ба Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, санхүүжүүлэх” журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байтал төлбөрийн чадваргүй болохоо нотлоогүй хохирогчийн өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хүний эрүүл мэндэд санаатай хүндэвтэр, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн идэвхтэй үйлдэл байхаас гадна гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн байх ёстойг анхаарч үзээгүй. Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүйгээр яллах талыг барьж шийдвэрлэсэн. Иймд хавтас хэрэгт авагдсан баримт болон дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Бд холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Цэцэгжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Энэ хэргээс болж 6 сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад сүүлийн 3 сар таягтай явж байна. Тиймээс миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Цэцэгжаргалын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгчийн хөлс ордог тул шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэсэн. Мөн шүүгдэгч Х.Быг хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй гэж маргаж байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл мөрдөн байцаалтын шатанд цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэгээр нотлогдсон гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч Х.Бы үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирсон. Түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг сонгож оногдуулсан. Ингэхдээ торгох ялын хамгийн бага хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санкцийг сонгож шийдвэрлэсэн. Хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч нарын буруутай үйлдэл байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь тухайн үйл баримт болох явцад өөрийн үйлдэлдээ санаатайгаар хандсан гэдэг нь харагддаг. Түлхсэний улмаас тухайн хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой гэдгийг бүрэн мэдэж байсан. Хэдийгээр орон сууцанд гарсан үл ойлголцол, маргааны улмаас дээрх гэмт хэргүүд үйлдэгдсэн ч шүүгдэгч асуудлыг өөрөөр зохицуулах боломжтой байсан. Иймд шүүгдэгчийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 27-31 тоотын үүдэнд Д.Цэцэгжаргалыг “хаалга удаан цохилоо” гэх шалтгааны улмаас түлхэж унагаан биед нь баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд Х.Эийг “гэрт орж ирлээ” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, түүнийг боож унагаан эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 27-31 тоотын үүдэнд Х.Бтай “хүүхдүүд нь шуугилдлаа” гэх шалтгаанаар маргалдан зодолдож, түүний нүүрэн тус газарт нь цохиж, нүүр цээжин тус газарт нь маажин, зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.
1. Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирогч Д.Цэцэгжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12196 дугаартай шинжээчийн “...Д.Цэцэгжаргалын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун гуя, цавинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлтээр Д.Цэцэгжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан байна.
Хохирогч Д.Цэцэгжаргал нь худал мэдүүлэг өгөхгүй байх үүрэгтэй бөгөөд болсон үйл явдлын талаар “Би тэр үед 31 тоотын хаалганы дотор бариулаас зүүн гараараа барьчихсан байж байтал Хулангийн нөхөр Батчулуун над дээр ирээд “ямар ядаргаатай юм” гэж хэлээд миний зүүн гарын бугуйнаас гараараа бариад хаалганы бариулаас салгаад, намайг хойшоо түлхэж унагаасан. Би тухайн үед хойшоогоо хана мөргөөд унасан. Тэр үед миний хөл эргэчихсэн юм шиг санагдсан. Би тухайн үед хөлөө хугарчихсан гэж ерөөсөө бодоогүй. Тэгээд түргэн тусламжийн машинаар гэмтлийн эмнэлэгт очиж хөлний зургаа авахуулахад миний баруун хөлний дунд чөмөг хугарсан байсан. ...Ямар ч шалтгаангүйгээр эхнэр Хулантай нь юм яриад байж байхад Батчулуун намайг хойш нь түлхэж унагаасан.”,
гэрч Н.Оюунбилэгийн “...үүнээс хойш 10 минутын дараа байрны 3 давхарын коридорт “ёо ёо” гээд хүн орилсон чимээ сонсогдсон. Би хэсэг гэртээ хэвтэж байгаад коридорт орилж байгаа хүний дуу болихгүй болохоор нь 10 орчим минутын дараа гарч очсон. Тэгэхэд СӨХ-ийн дарга Цэцэгжаргал нь 31 тоот айлын гадна коридорт орь дуу тавиад хэвтэж байсан. Намайг Цэцэгжаргал дээр очиход булангийн хаалганы эмэгтэй, 31 тоот айлын нөхөр нь зогсож байсан. Тэр үед Цэцэгжаргал надад 31 тоот айлын залуу түлхэж унагаасан талаар хэлсэн. ...”,
гэрч П.Нарангэрэлийн “...Тэгтэл тэр айлын эмэгтэй хүнтэй нь маргалдаж байх явцад эрэгтэй хүн гарч ирээд эгчийн түлхэж унагаасан гэсэн. Үүнээс болж манай эгчийн зүүн өвдөгний хагалгаа нь сэдэрсэн, мөн зүүн талын хөлний дунд чөмөг нь нэг цууралт, хоёр газраа хугарсан, түнхэнд өөрчлөлт гарсан гэх оноштойгоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. ...”,
гэрч Б.Хандмаагийн “...гэртээ байж байхад 14-15 цагийн орчим коридорт уйлж байгаа юм шиг ёолоод байсан. Тэгэхээр нь би гэрээс хаалгаараа шагайж харсан чинь СӨХ-ийн дарга Цэцэгжаргал хөлөө жийгээд суучихсан “намайг түлхээд унагаачихлаа, нааш ир” гээд уйлаад намайг дуудахаар нь би яваад очсон. Би Цэцэгжаргал эгч дээр очоод татаад босгох гэсэн чинь босож чадахгүй “хөл болохгүй байна” гээд уйлаад байсан. ...”,
гэрч Б.Гантөмөрийн “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гачууртын чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Данзангийн 27-31 тоотын гадна “СӨХ-ийн даргыг түлхэж унагаасан, хөл нь гэмтсэн байна” гэх дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу очиход 103-ын эмч ирчихсэн 31 тоотын гадна гэмтсэн гэх хүнийг үзээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв эмнэлэг рүү авч явсан. Уг гэмтсэн эмэгтэйтэй ярилцахад “уг байрны 31 тоот айлын эрэгтэй хүн хаалганаас нь барьсан байхад түлхэж унагаасан” гэж ярьсан.” гэх мэдүүлгүүд,
2. Шүүгдэгч Х.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирогч Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 12533 дугаартай шинжээчийн “...Х.Эийн биед эрүүний зүүн шонтонгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлтээр Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан байна.
Хохирогч Х.Эийн “...2020 оны 10 дугаар сарын 6-ны 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 27-19 тоот гэртээ амрах гээд хэвтэж байхад манай дээд давхарын айл түжигнээд байхаар нь орж хэлье гэж бодоод 3 давхарт гарч дээд айлынхаа хаалгыг тогшиход хаалга нь онгорхой байхаар нь бариулыг нь дараад гэрт нь орж үүдэнд нь зогсоход гэрийн эзэн гэх Батчулуун “юун хүн бэ, хаанахын хулгайч, дээрэмчин юм бэ” гээд босч ирээд намайг заамдаж гэрээсээ гаргасан. Тэгээд байрнаас гараад хүнгүй газар очоод намайг боож унагасан. Тэр үед би эсэргүүцэж баруун гараараа тавиулахыг оролдсон боловч дийлээгүй. Тэгээд нэг мэдэхэд гэртээ орчихсон байсан. ...Миний биед учирсан гэмтлийг дээд айлын залуу учруулсан. ...”,
гэрч Б.Хулангийн “...2020 оны 10 дугаар сарын 6-ны орой нөхөр 2 хүүхдийн хамт гэрт байж байгаад 21 билүү 22 цагийн орчимд би ганцаараа дэлгүүр гарч юм авахаар гарсан. Гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг шууд хаагаад цоожлолгүй гарсан. Манай гэрийн хаалга цоожлохгүй болохоор гаднаасаа онгойдог юм. Дэлгүүр гарчихаад шатаар гараад ирэхэд гэрийн хаалганы үүдэнд орцон дотор манай нөхөр Х.Б, 40-50 орчим насны согтуу эрэгтэй хүнтэй маргалдаад, тэр хүн нь манай нөхөр рүү дайраад футболкны захнаас нь базчихсан зогсож байсан. Би очоод “болиоч, юу вэ” гээд дундуур нь орсон чинь манай нөхөр цагдаа дуудаарай гээд би цагдаад дуудлага өгсөн. Орцонд орох үед манай нөхрийн харааны шил нь газар уначихсан байхаар нь би авсан чинь баруун талын шил нь хагарсан, рам нь муруйсан байсан. Манай нөхрийн нүүр нь маажуулсан юм шиг цус болчихсон, улайчихсан, цээжин дээр нь бас урт хумсны сорви байсан. Тэр хүн яагаад байгаа нь мэдэгдэхгүй, ямар шалтгаанаар тэгээд байгаа нь мэдэхгүй “зодолдъя, би чамайг зүгээр ална” гээд байсан. ...”,
гэрч Д.Хэнмэдэхэвийн “...Тухайн өдөр харанхуй болсон байхад /яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна/ нөхөр Х.Э гаднаас архи үнэртүүлсэн орж ирсэн.Цайгаа уугаад сууж байхад манай дээд давхарын айл аймаар пижигнээд байсан. Тэгсэн “энэ айл ямар их пижигнэдэг юм бэ, алив би нэг ороод хэлье” гээд гарсан. Тэгээд шөнө 23 цагийн үед орж ирээд “дээд айлын хүн намайг боож унагах гэлээ би ноцолдож байгаад тавиуллаа, энэ айлын залуу намайг хаа тааралдсан газар чинь ална гэж байна. Надад ямар нэгэн юм болох юм бол дээд айлын хүнээс миний амийг нэхээрэй” гэж хэлсэн. Тухайн үед нөхрийн хүзүү нь урд хэсгээрээ улайж, шалбарч, зулгарсан байсан. ...” гэх мэдүүлгүүд
3. Шүүгдэгч Х.Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирогч Х.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11533 дугаартай шинжээчийн “...Х.Бы биед зүүн хөмсөг, зүүн нүдний дотор доод хэсэг, хамрын зүүн угалз, уруул, хүзүү, баруун эгэм, цээж, хоёр сарвууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх, дарах үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлтээр хохирогч Х.Бы биед хөнгөн зэрэгт хамаарах гэмдэл учирсан байна.
Хохирогч Х.Бы “...Тэгтэл манай том охин “ааваа танихгүй хүн” гээд орилсон. Би сандраад босоод харахад 40 гаран насны согтуу, үл таних эрэгтэй хүн ороод ирсэн байсан. Би “ямар учиртай хүн бэ, гар” гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй шууд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би “яах гэж манайд орж ирсэн юм, гар” гээд түлхэхэд миний урдаас эсэргүүцэл үзүүлж баруун гараараа миний нүүрийг, дараа нь нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон. Би зууралдаж байгаад гэрээсээ гаргасан. Тэр үед манай эхнэр гаднаас орж ирээд “энд юу болж байна, яаж байна” гэсэн чинь тэр согтуу хүн тэрүүгээр орилоод намайг өчнөөн хараасан. Орцонд гарсны дараа “чи яах гэж манай гэрт орж ирсэн юм” гэсэн чинь “би танай доод айлд амьдардаг хүн байна. Танай 2 хүүхэд чинь яасан их шуугилддаг пизда нар бэ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрт болсон асуудлыг хэлэхэд эхнэр цагдаад дуудлага өгсөн. ...Хэрэг болох үед би тэр хүнтэй ноцолдож байхад миний харааны шилны рам муруйсан, баруун талын шилний дээд хэсэг хагарсан, би уг шилийг 1 сарын өмнө Нарантуул зах дээрээс худалдан авсан. Тэр согтуу хүнтэй байрны гадаа цагдаа хүлээгээд зогсож байхад тэр хүн замаар явж байсан үл таних хүнтэй маргалдаад байхаар нь салгаад би баруун талын өмдний халаасанд байсан утсаа гаргаж ирээд цагдааг ирж байна уу гэж асуух гэсэн чинь миний гарыг цохиод утсыг газар унагсан чинь утасны дэлгэцийн зүүн доод тал хагарч, цуурсан. Миний Самсунг жи-7 загварын хар өнгөтэй гар утасны дэлгэцийг хэдэн төгрөгөөр үнэлэх талаар мэдэхгүй байна. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. ...”,
шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Х.Бд учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, маажих, хүзүү хоолойг боох, шахах, дарах үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн үг. Баруун, зүүн гарын аль альнаар нь үүсэх боломжтой. Нэг гараар үүсгэгдэх боломжтой. ...”,
Х.Бы яллагдагчаар “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цэцэгжаргал гэх хүн манай гэрийн хаалгыг 5-10 минутын зайтай 4 удаа балбаж манай эхнэр Б.Хулантай маргаан үүсгэсэн. Миний хувьд эхний 3 удаад нь Цэцэгжаргал гэх хүний хэлж байгааг нь сонсоод хүүхдээ уйлаад байхаар нь тэврээд байж байсан. Харин 4 дэх удаадаа Цэцэгжаргал гэх хүн манай эхнэрийг уйлуулж, манай гэрийн хаалгыг хаалгахгүй, манайх руу орох гэж дайрсан. Тэр үед нь би үүд рүү очиж манай эхнэрийн биед халдаж болзошгүй юм байна гэж үзээд хаалга хаалгах талаар Цэцэгжаргалд шаардлага тавьсан. Тэгэхэд Цэцэгжаргал шаардлага биелүүлээгүй. Тэгэхээр нь би Цэцэгжаргал гэх эмэгтэйн манай гэрийн дотор талын хаалган дээрээс барьсан байсан гарыг нь тавиулж хаалганд хавчуулах хэмжээнээс гарыг нь гаргаж тавьсан. Тэгэхэд хаалганаас зуурсан байсан хүчээрээ Цэцэгжаргал хойшоогоо унасан. ...Цэцэгжаргал гэх эмэгтэй манай гэрийн хаалганы дотор бариулаас хамаг хүчээрээ зуурсан байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулахад хойшоо өөрийнхөө хүчинд хөл алдаад унасан. Би уг хүнийг санаатай унагаая гэж унагаагүй.
...2020 оны 10 дугаар сарын 6-ны орой 22 цагийн үед гэртээ 2 хүүхдийн хамт байж байсан. Эхнэр Б.Хулан маань дэлгүүр гарсан байсан юм. Тэгсэн том охин Энхжин “аав танихгүй хүн” гэж хэлэхээр нь сандраад гал тогооны тийшээ яваад очиход гадны хүн гэрт ороод ирчихсэн хөргөгчин дээр байсан миний гар утсыг барьчихсан байж байгаад намайг хараад буцаагаад тавьсан. Би “ямар учиртай хүн бэ, гар” гэж шаардлага тавихад тэр хүн гарахгүй намайг шууд заамдаж авсан. Тэгээд намайг боож, баруун гараараа нүүр хэсэг рүү 2 удаа цохиж, нүүр маажсан. Тэгэхээр нь би цамцны урд хэсгээс нь зууралдсан. Хүүхдүүд уйлаад байхаар нь би тэр хүнийг түлхэж гэрээс гаргахад гарахгүй гэж нилээн эсэргүүцсэн. Гэрийн үүдээр гарах үед гаднаас манай эхнэр орж ирж байсан. Тэгээд “юун согтуу хүн бэ” гээд яасан талаар асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед тэр хөгшин ахын амнаас архи үнэртэж байсан. Тэр согтуу хүн гэрт орж ирчихээд “би танай доор айлд амьдардаг хүн байна. Танай 2 хүүхэд чинь яасан их шуугилддаг пизда нар бэ” гэж хэлж байсан. ... Гэрээс гарахгүй болохоор нь цамцны урд захнаас зууралдаж байгаад гэрээс гаргасан. ...”,
Х.Эийн яллагдагчаар “...2020 оны 10 дугаар сарын 6-ны 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Данзангийн 27-19 тоот гэртээ амрах гээд хэвтэж байхад манай дээд давхарын айл түжигнээд байхаар нь орж хэлье гэж бодоод 3 давхарт гарч дээд айлынхаа хаалгыг тогшиход хаалга нь онгорхой байхаар нь бариулыг нь дараад гэрт нь орж үүдэнд зогсоход гэрийн эзэн гэх Батчулуун “юун хүн бэ, хаанахын хулгайч дээрэмчин бэ пизда минь” гээд босч ирээд намайг заамдаж гэрээсээ гаргасан. Шууд байрнаас гаргаад хүнгүй газар очиж намайг боож унагаасан. Тэр үед эсэргүүцэж баруун гараараа тавиулахыг оролдсон боловч дийлээгүй. Тэгээд намайг боогоод унагаасан. Тэрнээс хойш нэг мэдэхэд гэртээ орчихсон байсан. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулаагүй. ...” гэж мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж давж заалдах шатны шүүх үнэлж, анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.
Мөн камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-46/, хохирлын баримтууд /1хх 61-76, 196-200, 207, 215-225/, хохирогч Х.Бы биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 93-95/, хохирогч Х.Эийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 137/ зэрэг нотлох баримтууд болон, “...Х.Бы хар хүрэн өнгийн харааны шил, Самсунг жи-7 загварын гар утасны дэлгэц зэрэг нийт 190.000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/07 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 116-117/, зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Быг Д.Цэцэгжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаантай учруулсан, Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.Э нь Х.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус дүгнэж, шүүгдэгч Х.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.700.000 төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр, Х.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2.150.000 төгрөгөөр тогтоож, оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч, хохирогч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэнгээс “...Х.Э, Д.Цэцэгжаргал нарт гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогч нарын ёс суртахуунгүй, зүй бус үйлдлээс шалтгаалсан болох нь нотлогдож байхад анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн мэтээр хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. ....Х.Б нь өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн өөрт олгогдсон, хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл хийх боломжтой байсан үүнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. ...шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...шүүх нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй яллах талыг барьж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Х.Бд холбогдох үйлдлүүдийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөн Х.Б “...Тэгэхээр нь би Цэцэгжаргал гэх эмэгтэйн манай гэрийн дотор талын хаалган дээрээс барьсан байсан гарыг нь тавиулж хаалганд хавчуулах хэмжээнээс гарыг нь гаргаж тавьсан. Тэгэхэд хаалганаас зуурсан байсан хүчээрээ Цэцэгжаргал хойшоогоо унасан. ...Цэцэгжаргал гэх эмэгтэй манай гэрийн хаалганы дотор бариулаас хамаг хүчээрээ зуурсан байсан. Тэгэхээр нь би гарыг нь тавиулахад хойшоо өөрийнхөө хүчинд хөл алдаад унасан. Би уг хүнийг санаатай унагаая гэж унагаагүй.” гэжээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Д.Цэцэгжаргалд учирсан гэмтэл шүүгдэгч Х.Б нь хохирогч Д.Цэцэгжаралын зүүн гарын бугуйнаас гараараа бариад хаалганы бариулаас салгаад, хойшоо түлхэж унагаасан үйлдэлтэй шалтгаант холбоотой бөгөөд үйлдэлдээ хандаж буй хандлага, санаа зорилго нь шууд санаатай буюу тухайн үйлдлийн улмаас гэмтэл учрах боломжтой гэдгийг Х.Б мэдэх боломжтой байсан байдал нь гэм буруугийн шинжийг бүрэн хангаж байх тул Х.Бы үйлдлүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, Х.Бы Х.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. ...”, 3 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус хадлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. ...” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Х.Э нь Х.Бы гэрт орж ирсэнээрээ довтолгоон эхэлсэн, эхлэх гэж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм.
Хохирогчийн зүгээс гэм хорын хохиролд өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг нэхэмжилсэн ба энэ нь тухайн хэргийн хувьд гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчид олгох зайлшгүй гарах зардал мөн бөгөөд гагцхүү хуульд заасныг үндэслэн уг хохирлыг арилгавал зохих этгээдээс гаргуулан хохирогчид олгох учиртай.
Иймд шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэнгийн “...Х.Бд холбогдох үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/289 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Н.Намжилцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ