Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Д.Ариунжаргал

Хохирогч Р.Л

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Л.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-т холбогдох 201707000015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Цагаанчулуут сумд 1977 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг,  Х овогт Л-ын Б.

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Р.Л-ийг хутгалж амь биед нь аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Л.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Р.Л-ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: Мотоцикль янзалж байгаад хутга өвөртөлсөн байсан. Тэгээд Л-ыг дуудаад мотоциклоо өгчих гээд маргалдаж байгаад айлгая гэж бодсон чинь тийм хэрэг болсон. Тухайн хэрэг гардаг өдөр Н-ийнд нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Өөрийн хийсэн үйлдлийг хянах чадвартай байсан. Санамсаргүйгээр айлгах гэж байгаад хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг

Хохирогч Р.Л-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 18 цагийн үед мотоцикльтой Бя-ынд ирсэн. Тухайн үед Л.Б араас ирээд  юм яриагүй. 10 минутын дараа эргээд үүдэнд мотоцикльтой ирээд намайг дуудсан. Бя гараад таныг дуудаж байна гэсэн. Намайг гарахад Л.Б дуудаад Н-г хайчсан юм бэ? гэж асуусан. Би Н-г хараагүй тул мэдэхгүй гэдгээ хэлсэн. Л.Б нилээн ууртай Н-г ална миний мотоциклыг аваад явсан байна гэсэн. Бид 2 маргалдаад нилээд удаж байхад У гэдэг залуу машинтайгаа ирэхээр нь эргээд хартал миний ар нуруу руу нэг цохисон хутга байхыг нь хараагүй өвөртөө гараа хийсэн байхыг нь харсан тэгээд ууц руу халуу оргихоор нь гараа хийтэл цус урсаж байсан. Тухайн үед Н гэрээс гарч ирээд цамц сөхөж үзэхэд ар нурууруу чинь хутга орсон байна гэсэн тэгээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.С-ийн“...Тэгээд байж байсан чинь Л Б намайг хутга шаачихлаа гэж хэлсэн. Тэгээд У бид хоёр очиж салгасан. Яваад очиход Б-ын гарт нэг хутга байж байхаар нь би хойш нь аваад шидчихсэн юм. Тэгээд Л-ийг Бя-ийн гэрт оруулж эхнэрт нь үзүүлэхэд эмнэлэгт очихгүй бол болохгүй юм байна гээд шууд эмнэлэг рүү У-ийн машинаар авч явсан...Ямар учир шалтгаанаар хутгалсан талаар мэдэхгүй байна. тухайн үед мотоциклио өгч бай гэхэд нь Л битгий балайраад бай гэж хэлж байсан. Тэгээд хоорондоо тоглоод байгаа бололтой харагдаж байснаа хутгалчихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ36-38/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Б-ын“...Манайд Л-ийг байж байхад гадаа Б ирж дуудаад Л гарсан юм. Харин удалгүй гаднаас Л хутгалуулчихлаа гээд Н-тэй цуг орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ40/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Б-ийн“...гадаа хүн ирж Л-ийг дуудаад Л гарсан юм. Харин удалгүй Л гаднаас Б намайг хутгалчихлаа гээд орж ирсэн. Тэгээд Н цусыг нь жоохон тогтоож байгаад Н бид 2 У-ийн машинтай эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ41/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.У-ийн “...Б, Л хоёр маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Б пизда минь Н та хоёрыг ална гэж хэлж байсан. Тэгсэн нэг мэдэхэд Л чи намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь харсан чинь Б хутга барьчихсан зогсож байхаар нь болиоч чи гэсэн чинь Б хутгаа газар хаясан... цусыг нь боож эмнэлэг рүү миний машинтай Н, Б хоёртой цуг авчирсан юм..” гэх мэдүүлэг /ХХ42/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч өгсөн П.Н-ийн “...Намайг гэрээс гарч ирэхэд Л Б намайг хутгалчихлаа гээд зогсож байсан. Би гэртээ дагуулж ороод цусыг нь боож эмнэлэг рүү авч явж сувилагчид өгчихөөд явсан...” гэх мэдүүлэг /ХХ43/

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай

“...1. Р.Л-ийн биед зүүн далны доод хэсгээр цээжний хөндийд нэвтэрч зүүн уушигны доод дэлбэнг гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус хуралдалт, зүүн уушигны шалчийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /ХХ48-49/,

 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ2/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай нотлож тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “танхайрах гэмт хэрэг, гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх гэдэг ойлголт 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй болсон тул  аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-д холбогдох үйлдлийг  2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Р.Л нь  2.265.770 төгрөгний хохирол нэхэмжилсэнийг бүрэн хангаж үүнээс шүүгдэгч Л.Б нь 550.000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-аас хохирлын үлдэгдэл 1.715.770 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Л-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих  үндэслэлтэй гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ74/-аар тогтоогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял ногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Л.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 550.000 төгрөг төлсөн, түүний цахим үнэмлэх шүүхэд  ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Х овогт Л-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201707000015 дугаартай хэргийг 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3. 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Б-аас гэм хорын хохирлын үлдэгдэл 1.715.770 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Л-д олгосугай.

6.Хохирогч Р.Л нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7. Ялтан Л.Б-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 550.000 төгрөг төлсөн, түүний цахим үнэмлэх шүүхэд  ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” үүрэг болгосугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж соносгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гарсан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.МӨНХТУЛГА