Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 115/ШШ2023/0008

   2023        04           14                                     115/ШШ2023/0008           

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “...” ХХК,

Хариуцагч: Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж гүйцэтгэх захирал ..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “...” ХХК-иас, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь, дээр дурдсан ... сумын Засаг даргын 2016 оны А/111 дугаар захирамжийг Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргаж, хариуг (2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1281 тоот албан бичиг) 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар болон түүний үндэслэл:

3.1.“...” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын зүгээс манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус байх бөгөөд дээрх захирамжийн улмаас манай компанийн газар эзэмших эрх ноцтой зөрчигдлөө.

Манай компани нь анх 2012 оны 05 дугаар сард газар олгох төсөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч тэнцэн, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжаар Ханги боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 10 га газар эзэмшихээр болж, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /дугаар .../-г бидэнд олгосон.

Гэвч 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дугаартай захирамж гаргаж, уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтад “Тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 10 га газар эзэмшигч “...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гээд 3 дугаар заалтаараа “Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох аж ахуйн нэгжид мэдэгдэхийг газрын даамал /Т.Ууган-Эрдэнэ/-д үүрэг болгосугай” гэжээ.

3.1.1. Энэхүү хууль бус захирамжийг манай компани огт мэдээгүй бөгөөд манай компанид мэдэгдээгүй. Тус компанийн захирал ... миний бие 2012 онд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож тэнцэн, хамтдаа газар эзэмших эрхтэй болж байсан “...” ХХК-ийн захирал ...гийн охин ...өөс тэдний компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар анх 2022 оны 06 сарын эхээр сонсоод өөрийнхөө компанийн газрын асуудлыг өөрийн биеэр тодруулахаар Дорноговь  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  дээр очиж манай компанийн газар эзэмших эрхийг мөн хүчингүй болгосныг мэдэж, 2022 оны 06 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дүгээр захирамжийг ... гэдэг мэргэжилтнээс хэвлүүлэн авч “Хуулбар үнэн” дардас даруулан гардаж авсан болно.

3.1.2. Сумын Засаг даргын захирамжийн хуул зүйн үндэслэх хэсэгт дурдсанаас үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “ж” заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэжээ. Уг заалтуудыг нэг бүрчлэн авч үзвэл үндэслэлгүй хууль зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Тухайлбал:

1/.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 29.1.3 Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар: ж/ газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх гэжээ.

 Энэ заалтыг үндэслэснээс харвал манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан үүсэж, түүнийг сумын Засаг дарга шийдвэрлэсэн юм шиг харагдаж байх ба манай газартай холбоотой маргаан огт үүсэж байгаагүй, маргаан үүссэн бол манай компанийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд огт татан оролцуулаагүй шийдвэрлэсэн асуудал хууль бус байх бөгөөд Засаг дарга яагаад уг заалтыг захирамжийнхаа хууль зүйн үндэслэл болгосон нь үндсэндээ ойлгомжгүй байна.

2/. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох: 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй; гэжээ.

2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч хоёрын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2.1-т зааснаар газрын зориулалт нь “ачиж буулгах талбайн зориулалтаар 10 га газар” гэж байсан бөгөөд уг гэрээг сумын газрын даамал ... гэх хүнтэй анх байгуулж байсан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд шинээр гэрээ байгуулсан сумын газрын даамал нь ... гэдэг хүн байсан.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар Дорноговь аймгийн ... сумын нутагт Ханги хилийн боомт дээр “Гаалийн ачиж буулгах талбай” байгуулах төслийн баримт бичигтээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлсэн бөгөөд үнэлгээний дүнгээр нарийвчилсан үнэлгээ хийлгүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн.

Ингээд өөрсдийн эзэмшил газар дээрээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг “...” ХХК-иар 2015 онд хийлгүүлсэн бөгөөд нарийвчилсан үнэлгээний тайланд багийн иргэдийн Нийтийн Хурлын дэмжсэн тогтоол, тэмдэглэл зайлшгүй шаардлагатай байсан тул ... сумын Агаруут багийн иргэдийн Нийтийн Хурлаар 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манай компанийн хэрэгжүүлэх төслийг хэлэлцүүлж, 44 өрхөөс 38 хүний саналаар дэмжиж Тогтоол гаргаж өгч байсан.

Мөн Дорноговь аймгийн ... сумын Ханги хилийн боомтын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “Гаалийн ачиж буулгах талбай” төслийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (2016-2020)-г боловсруулж Байгаль орчны яамаар батлуулсан зэрэг манай компанийн хийсэн ажлууд их бий.

2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 га газар дээрээ гаалийн хяналтын талбай байгуулах эскиз зураг төслийг боловсруулахаар “...” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах талаар “Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулж эскиз зургийг хийлгэж бэлэн болсон.

Мөн 2016 оны 06 дугаар сард Гаалийн хяналтын талбай, контор, зочид буудал, үйлчилгээтэй цогцолборын “Ажлын тойм төсөв” (1.750.401.8237)-ийг мэргэшсэн төсөвчин ... аар гүйцэтгүүлсэн.

Ингээд 2016 оны Орон нутгийн хурлын сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчид хөрөнгө мөнгө хандивлаагүйн төлөө л сонгуулиас өмнө манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоод, түүнийгээ огт мэдэгдэхгүйгээр нууж, манай компанийг цаагуураа далдуур хорлосон үйл ажиллагаа болсон байх магадлалтай гэж миний хувьд дүгнэж байна.

2017 оноос хойш манай компанийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд ч маш хүнд байдалд орсон байсан бөгөөд Ханги боомтын үйл ажиллагаа Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын дагуу идэвхжиж, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын шинэ шугам барихаар болсон зэрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа яг энэ цаг үед газраа ашиглах боломжгүй болсноо мэдсэн нь туйлын харамсалтай, манай компанийн хувьд маш хүнд цохилт болж байна.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нэг гол нөхцөл нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий /шаардлагатай тохиолдолд нарийвчилсан/ үнэлгээг хийлгэх заалт гэрээний 6.4-т байсан. Мөн газрын зориулалт бол “Ачиж буулгах талбайн зориулалттай” байсан.

Газраа ашиглахын тулд, ашиглахаас өмнө маш олон төрлийн ажлуудыг наана нь хийж гүйцэтгэх хуулийн болон бусад дүрэм, журмын шаардлага тавигддаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэх, түүнчлэн “Гаалийн ачиж буулгах талбай” байгуулах төсөл бол нарийн төвөгтэй цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардсан ажил юм. Тухайлбал: Гааль татварын ерөнхий газрын даргын 2016.02.24-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн хяналтын бүсийн журам”-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан байхын тулд байгаль орчны үнэлгээ хийлгүүлэхээс эхлүүлээд эскиз зураг хийлгэх, төсөв хийлгэх, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, дэмжлэг авах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас албан тоот, бичиг авах, дэмжүүлэх гэх зэргээр үнэхээр их ажиллагаатай, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг.

“Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэн /бидний тохиолдолд 2014.12.12-оос хойш/-ээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол /Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай/-д заасан байна.

Манай компанийн хувьд газраа ашиглах бэлтгэл ажил болох дээр дурдсан бүхий л ажлуудыг тэрхүү 2 жилийн хугацаанд үндсэнд нь хийж дуусгаад байхад сумын Засаг дарга, сумын газрын даамал гэрээгээ дүгнээгүй байж, хийсэн ажлын тайлантай үзэж танилцаагүй байж шууд газар дээрээ барилга байгууламж бариагүй, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй гэдэг дүгнэлт хийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, ийм гоомой, хайнга хандаж болохгүй.

Газрын харилцаа, хөрөнгийн эрхийн судлаач ... “Монгол Улсын Газрын тухай хуулийн тайлбар” номондоо Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, мөн хуулийн 27 дугаар зүйлд “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, тэдгээрийг захиргааны шийдвэр гаргах процесст оролцуулах”-аар хуульчилсан. Өөрөөр хэлбэл тайлбарлаж байгаа заалт буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд газар эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, сонсох үйл ажиллагаа явуулах замаар 2 жил дараалан ашиглаагүй шалтгаанаа тайлбарлах боломжийг хуульчилсан. “Захиргааны тусгай зан байдал”-ыг ийнхүү хуульчилснаар тайлбарлаж буй заалтыг хэрэглэх захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэглээ, түүнтэй холбогдох шүүхийн маргааны практик өөрчлөгдөж, уг заалтыг үндэслэн газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Засаг даргын шийдвэрт нэмэлт нөхцөл шаардагдах болсон юм” гэснийг тэмдэглэхийг хүсч байна.

3.1.3. Дараагийн асуудал бол Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг. Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр захирамж буюу захиргааны акт гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох /эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/ гэснийг зөрчсөн, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулах ёстой байсан ч сонсох ажиллагаа огт хийгээгүйгээрээ хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

3.1.4. Түүний дараа буюу захирамж гарсны дараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар “Захиргааны актыг мэдэгдэх” хуулийн зохицуулалттай. Мөн Газрын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан мэдэгдэнэ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ." гэжээ.

Гэвч 2016 оны 09 дүгээр сард гарсан захиргааны акт болох захирамжийг манай компанид дээр дурдсан хэлбэрүүдийн алинаар нь ч мэдэгдэж, хүргүүлээгүй. Компанийн захирлын хувьд дээрх захирамжийг 5 жил 9 сарын дараа буюу 2022 оны 6 дугаар сард Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас өөрөө очиж сураглан мэдэж авч байгаа нь сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн болох нь харагдаж байна. Тухайн үед нь мэдсэн бол холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхэд өргөдөл, гомдлоо гаргаад явах байсан нь дэндүү ойлгомжтой асуудал билээ.

3.1.5. Түүнчлэн хууль тогтоогч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэж хуульчлан тогтоосон бөгөөд сумын Засаг даргын захирамжийн тэргүү болон 1 дүгээр заалтад дурдсан “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” ойлголт, эрх зүйн зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй, сумын Засаг даргад тийм эрх олгогдоогүй болно. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгож болохгүй ба гагцхүү газар эзэмших эрх дуусгавар болох тухай зохицуулалт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд тусгагдсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийн нэг юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дүгээр захирамж нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Улаанбаатараас ..., Ханги хилийн боомт хэр зайтай билээ, тухайн үед аятайхан зүйл байгуулчихъя гэж их л ажил болж явсан. Би энэ компанийг ганцаараа эзэмшдэг, биеийн байдал муу эмнэлэгт байсан учраас захирамжийг мэдээгүй, надтай хамт 16 компани шалгарсан, хэдэн компанийг нь хүчингүй болгосон юм мэдэхгүй байна. Орон нутгийн компаниудаа яасан юм гээд би сураг тавьсан, гэтэл минийх шиг юм хийгээгүй хэвээр байгаа л юм байна лээ. Тэгэхээр ялгавартай хандаад байгаа юм болов уу гэж хараад байна. Тухайн газар дээрээ хийсэн зүйл байхгүй, анх олгосон газар хэвээрээ байгаа гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Маргаан бүхий Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн заалтуудыг үндэслэн захирамжлах нь гээд, өөрөөр хэлэх юм бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг барьж захирамжаа гаргасан гэж ойлгож, маргаж байгаа.

3.2.1. Тэгсэн хариуцагчийн өмгөөлөгч нь газар эзэмших эрх дуусгавар болох тухай харилцааг яриад байна. Бид нэхэмжлэлд заасан харилцаа дээрээ маргахгүй бол хариуцагчийн өмгөөлөгч захирамжийг шүүх зөвтгөж болно гэж ярьж байгааг зөвшөөрөхгүй. Төлбөрөө төлөөгүй үндэслэлээр хүчингүй болгосон тухай харилцаа энэ дээр огт яригдахгүй. Гаргасан захиргааны акт, хэрэглэсэн хууль зүйн үндэслэл, заасан заалтынх нь хүрээнд л ярина. Түүнээс биш өнөөдөр үүнийг дэлгэрүүлж тайлбарлаж захирамжийг зөвтгөх тухай ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг дүгнэх үүрэг нь газар эзэмшүүлэгч буюу сумын газрын даамалд байгаа.

Нэмж хэлэхэд Монгол Улсын дээд шүүх Газрын тухай хуулийг өмнө нь тайлбарлаж байсан. Тэр тайлбар дээр маш тодорхой нэг зүйл заасан нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь хуанлийн бүтэн 2 жил дараалан газар дээрээ үйлчилгээ, үйл ажиллагаа явуулаагүйг ойлгоно гэж заасан. Саяын яриад байгаа газар эзэмшүүлэх гэрээ нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан. Тэгэхээр гэрээ байгуулсан өдрөөс хойш Дээд шүүхийн тайлбараар бодоход 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл буюу 2 жилийн хугацаа байгаа. Хэдий нэг жилийн хугацаагаар байгуулагдаж байгаа ч гэсэн газар эзэмших гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүйд тооцоогүй бол тухайн гэрээг дуусгавар болсон үеэс сунгагдсанд тооцож явдаг. Тэгэхээр энэ дээр газар эзэмшигчийн буруу байхгүй.

3.2.2. Хариуцагчийн өмгөөлөгч 2012 оны 06 дугаар сарын 21-ний дотор нарийвчилсан үнэлгээнийхээ тайланг ирүүлээгүй бол гэрээ, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байна гэлээ. Тэгэхээр гэрээ нь өөрөө 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан байхад 7 хоногийн дараа нарийвчилсан үнэлгээний тайланг ирүүлнэ гэдэг шаардлага байх үндэслэл байхгүй. Яагаад 7 хоногийн хугацаа өгснийг ойлгохгүй байгаа. Гэхдээ маргаан бүхий харилцаанд үнэлэгдэх нотлох баримт биш гэдгийг хэлье.

3.2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ маш дэлгэрэнгүй дурдсан. Энд хоёр л харилцаа яригдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хууль мэдэхгүй юм уу, ойлгоогүй нь хариуцлагаас чөлөөлөх юм уу, өөрийг нь зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ хуулийн дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа бол сонсох ажиллагаа хийж, нөхцөл байдлыг тодруулах гээд олон зүйл байгаа. Мөн актаа гаргаж байгаа бол энэ актаа мэдэгдэх ёстой. Энэ маргаантай холбоотой над дээр л гэхэд 5 компани зөвлөгөө авах гэж ирсэн. Энэ компаниудын нийтлэг нэг зүйл нь гэрчилгээ хүчингүй болсон гэдгээ мэдээгүй яваад байсан юм байна лээ. Үүний нэг нь “...” компани байсан. Тийм учраас энэ А/111 дүгээр захирамж нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

3.2.4. Газрын төлбөрийг төлсөн бүх баримтууд нь байгаа, гэхдээ төлбөртэй холбоотой маргаан үүсээгүй учир нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт хавсаргаагүй.  Төлбөрийн асуудал яриад, гэрээний үүрэг яриад байна. Яг захирамжаа гаргахдаа үндэслэл бүхий гаргасан бол маргахгүй ч байсан юм бил үү мэдэхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад Засаг дарга алдаатай, эрх зүйн зөрчилтэй захирамж гаргасан. Энэ алдааг шүүх зөвтгөчих байх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Төрийг зөвтгөхийн төлөө захиргааны шүүх байдаг юм уу, нийтийн албан тушаалтан захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд захиргааны шүүх оршдог юм уу. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч нь захирамжийг сүүлд мэдсэнээ хэлсэн, энэ нь ч нотлох баримтаар тогтоогдлоо. Аймгийн Засаг дарга хариу өгөхгүй яаж удаж байгааг бид нар харлаа. Хөөн хэлэлцэх хугацаа тооцох гэж ингэж удаад байдаг юм уу, мэдэхгүй гэв.

3.3. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: “...” ХХК-д Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний А/62 дугаар захирамжаар Ханги боомтын ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 10 га газар эзэмших эрх олгосон.

 Тухайн цаг хугацаанаас хойш тус компани нь газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй бөгөөд газрын төлбөрийг 2012 онд 436,164 төгрөг,  2016 онд 800,000 төгрөгийн ноогдсон төлбөрийг төлж байгаагүй байна.

Иймд сумын удирдлагын зүгээс гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дугаартай захирамж нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул дээрх захирамжийг хэвээр үлдээх саналтай байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцсан. Миний хувьд нэг л агуулгыг хэлэхийг хүсэж байна. Тус эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай захирамжийг мэдээгүй, хэдэн сарын дараа мэдэж байна гэдэг тайлбар нь үндэслэлгүй гэж хэлэх гээд байна. Яагаад гэвэл хэрэв эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсан бол газрын төлбөрийг жил болгон төлөөд явах ёстой. Газрын төлбөрөө төлнө гэдгээ угаасаа мэдэж байгаа учраас 2017 оноос хойш төрийн захиргааны байгууллага руу хандаж газрын төлбөрийнхөө асуудлаар хандах ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар мэдэх боломжтой байсан. Тэгэхээр энэ хүчингүй болгосныг мэдэж байсан гэж үзэх гээд байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Газрын төлбөрийг 2013, 2016 онуудад төлөөгүй гэдгийг  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас баримт авч байж мэдсэн. Тухайн үед газрыг зохих ёсоор эзэмшээгүй гэдэг үндэслэлээр эрхийг хүчингүй болгосон учраас баримтаар л энэ талаар олж мэдсэн. Газрын төлбөр төлүүлэх талаар орон нутгийн зүгээс шаардаж байсан эсэх асуудлыг шууд хэлж мэдэхгүй байна.

Ер нь энэ газрыг зориулалтын дагуу ашиглана гэж  байгаа бол 5 жил 9 сарын дараа гэнэт ашиглах гээд одоо мэдэж байгаа мэт ярьж байна. Төрийн байгууллагаас хэзээ ч асууж мэдэх эрхэд халдаагүй, үргэлж нээлттэй байсан. Ийм хариуцлагатай үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа байгууллага байж 6 жил хүчингүй болсноо мэдэхгүй явна гэж байхгүй байх гэж ойлгож байна.

Мөн яг энэ газартай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар шинэ сэргэлт гээд улсын эдийн засаг, цаашилбал нийтийн эрх ашигт эерэг өөрчлөлт авчрах ийм ажлууд хийгдэж байгаа. Аймгийн 2023 оны төслийг баталж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Энэ жагсаалтад Ханги хилийн боомтын суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд 200,000,000 төгрөгийн төсвийг тусгасан. Тэгэхээр бид нар цаашлаад зөвхөн орон нутаг гэхгүй нийтийн эрх ашгийн төлөө энэ газрыг суурьшлын бүс болгож хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тиймээс одоо гэнэт мэдэж байна гэж байгаа асуудал нь үндэслэлгүй юм. Энэ талаар хэзээд мэдэх боломжтой байсан гэдгийг давтан хэлье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

3.5. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Газрын тухай хуульд заасны дагуу 2012 онд захирамж гаргаад энэ компанид газар олгосон асуудал байгаа. 2016 онд хүчингүй болгосон актад маргаж байгаа нь өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Газар эзэмших гэрээ 2012 онд 1 жилийн хугацаагаар хийгдсэн. 2013 онд хугацаа нь дуусна. Хоёрдугаарт энэ компани нь 2013 онд газар эзэмших гэрээ дуусчхаад байхад гэрээгээ сунгуулах, байгуулах тухай хүсэлт гаргаагүй, энэ нь хэрэгт авагдаагүй байдаг. 2014 онд мөн нэг жилийн хугацаагаар дахин гэрээ хийсэн байдаг. 2015 онд гэрээ нь дуусна. Газар эзэмших эрхийг гэрээний үндсэн дээр эзэмшинэ гэж Газрын тухай хуульд заасан зохицуулалт байгаа. Газар эзэмших гэрээ нь талуудын эрх, үүргээр тодорхойлогдсон үндсэн бичиг баримт байдаг. Гэрээнд заасан эрх, үүргүүд яригдана.

3.5.1. Энэ хүмүүс захирамжийг мэдэгдэх, мэдэгдэхгүй асуудал яриад байна. Хэрэгт авагдсан газар эзэмших гэрээг шүүх анхааралтай харж, энэ дээр дүгнэлт өгөх ёстой. Гэрээнд газар эзэмшигчийн эрх, үүргийг тодорхойлсон. Гэрээний 3.3-т “гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн...” бол гэж байгаа. Энэ хүмүүс бид нар огт мэдээгүй байсан гэж ярьдаг. Жил болгон гэрээгээ дүгнэх газар эзэмшигчийн үүрэг хариуцлага байгаа. Үүргээ биелүүлж байж эрх шаарддаг эрх зүйн зарчим байгаа.

3.5.2. 2012 оны гэрээний 6.4-т байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлсэн байна, хэрэв заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд гэрээ гэрчилгээг хүчингүй болгоно гэж байгаа. Энэ гэрээг хүчин төгөлдөр байх нөхцөлийг заасан байгаа. Тухайлбал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлэх гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байж өнөөдөр хүчингүй болгосон захирамжид маргах эрх байгаа юм уу. 2015 онд байгаль орчны ерөнхий үнэлгээ 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн байгаа.  

3.5.3. 2014 оны гэрээнд газар эзэмшигчийн эрх, үүрэг гэсэн бүлэг байгаа. Энэ дээр газартай холбоотой газар эзэмшигчийн эрх, үүргийг заасан. 2014 оны гэрээг мөн нэг жилийн хугацаагаар байгуулж, 2015 онд энэ гэрээний хугацаа дууссан. Гэрээ нь дууссан бол гэрээгээ сунгуулах тухай хүсэлт, гэрээгээ яаж дүгнэсэн эсэх, төлбөр мөнгөө яаж хийсэн энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Сөрөг нөлөөлөл бүхий гэж нэг юм гаргаж ирээд байна. Сонсох ажиллагаа хийсэн бол танай төлбөр төлөөгүй нөхцөл байдал арилах юм уу.

Өнөөдөр газар эзэмших эрх үргэлжилж байгаа юу, дууссан байгаа юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн үнэлэлт, дүгнэлт өгөх байх гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно. 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол гэж заасан байгаа. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгоно гэж бас заасан. 2014 оны 12 дугаар сард нэг жилийн хугацаагаар байгуулагдан 2015 оны 12 дугаар сард гэрээ дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа. Тэгэхээр 2016 онд газар эзэмших эрх дуусгавар болсон харилцаа дээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн нэр томьёо оруулж ирэх нь хэр үндэслэлтэй юм бол. Тухайн Засаг дарга захиргааны акт гаргахдаа хууль эрх зүйн мэдлэг дутуугаас болж ийм захирамж гаргасан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг шүүхээс зөвтгөх боломжтой. Хүчингүй болгоно гэдэг нь хүчинтэй байсан зүйлийг хүчингүй болгох талаар л хэлж байгаа. Тэгэхээр эрх нь дуусгавар болчихсон байхад хүчингүй болгоно гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр дахин дуудлага худалдаа сонгон шалгаруулалтад орсон юм уу, шинэ харилцаа үүссэн үү.

3.5.4. Үүрэг биелэгдсэн байж эрх шаардах хууль эрх зүйн зохицуулалт байгаа. Газрын гэрчилгээ 15 жилээр байсан, 15 жил байх ёстой гэж ярих боломжгүй гэж харж байна. Хамгийн гол нь газрын гэрчилгээг хүчингүй болгосноос 6 жилийн дараа надад мэдэгдээгүй байна гэж байна. Гэрээнд заасан үндсэн зарчмын дагуу мэдэх үүрэг нь нэхэмжлэгчид байсан. Тийм учраас энийг мэдээгүй гэх хууль зүйн боломж байхгүй. Гэрээнд заасан газар эзэмших эрх байхгүй, газар эзэмших гэрчилгээгээр тэр нь нотлогддог. Нэгэнт дуусгавар болгосон харилцааг хүчингүй болгоно гэж байхгүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж харж байна.

3.5.5. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр хийгээгүй, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрчих шиг боллоо. Тэгэхээр Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан сонсох ажиллагаа хийж, захирамж хүчингүй болгох нь энэ хүмүүсийн ямар зөрчигдсөн эрх ашгийг сэргээх юм. Энэ хууль биелүүлээгүй байдлыг яаж зөвтгөх юм. Би түрүү хэлсэн захиргааны акт нь өөрөө эрхийг хүчингүй болгох асуудал гэхээс илүү, нэгэнт дууссан харилцааг дүгнээд байгаа нь хууль эрх зүйн мэдлэг дутсан учраас ингэсэн юм уу гэдэг дүгнэлт өгч байгаа. Гэхдээ шүүх энийг зөвтгөх хугацааг өгч болно.

 Газрын төлбөр төлөөгүй үйл баримтыг өнөөдрийг хүртэл төлсөн байдлаар дүгнэж, энэ хүмүүсийг үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл тухайн газар дээр ямар нэгэн бүтээн байгуулалт хийсэн зүйл огт байхгүй. Хэрэв шүүх санаачилга гаргасан бол үзлэг хийх боломж байсан. Хэрэв шаардлагатай байна, нотлох баримтууд хангалтгүй гэж үзэх юм бол шүүх бүрэлдэхүүн үзлэг хийх, хийсэн бүтээн байгуулалтыг очиж үзэх боломжтой. Энэ хүмүүс 6 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлоогүй.

3.5.6. Энэ компанид мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас мэдэгдэл өгсөн, сонсох ажиллагаа хийсэн, компанийн хаягаар нь хүргүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар байгаа. ... сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/462 тоот албан бичгээр “...” компанид захирамж хүргүүлсэн байгаа. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн мэдэгдэх, мэдэгдэхгүй асуудлыг хууль зүйн үүднээс дүгнэж өгөөрэй. Материалыг хүлээж аваагүй гэдгээ өөрсдөө нотлох үүрэгтэй гэж харж байгаа.

Дараагийн асуудал нь бид нар хүчингүй болгосныг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн гэж байна. Тэр чинь энэ захирамжийг танд хуулбарлаж өгсөн л хугацаа шүү дээ. Та тэр хүнд энэ захирамжийг хуулбарлаж өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр та энэ захирамжийг тэрнээс өмнө мэдсэн байгаа. Та энэ захирамжийг хэзээ мэдсэн гэдгээ нотлох үүрэгтэй. 06 дугаар сарын 30-ны өдөр Засаг даргад гомдол гаргачхаад хариу өгөхийг хүлээж байна гээд байна. Засаг дарга дээр дахиад хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Таны гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна.

3.5.7. Анхнаасаа газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу байж өнөөдөр тухайн хүний хууль ёсны эрх хамгаалагддаг. Тэгэхээр ганц энэ захирамж дээрээ л маргая гээд байгаа. Маргах юм бол та өөрөө үүргийн зөрчилгүй, үүргээ биелүүлсэн байж эрхээ шаардана. Энэ чинь л шударга ёсны зарчим шүү дээ. Төлбөрөө төлөөгүй, 2013-2014 онд гэрээний хугацаа дууссан, та ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол гэдэг нөхцөл шаарддаг. Тэгэхээр гэрээтэй байж гэрчилгээний хугацааны асуудал яригдана. Өнөөдөр ямар ч гэрээ байхгүй. Танайх хугацаа дууссан бол гэрээ сунгана гэсэн зүйл гаргаагүй. Гэрчилгээтэй л бол бүрэн дүүрэн эзэмших эрх байхгүй, гэрээ, гэрчилгээ цуг явдаг. Ер нь газар эзэмшүүлэх, ашиглуулах харилцаа юун дээр үндэслэдэг вэ гэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр эхэлж үүсэх харилцаа нь гэрээ байна. Гэрчилгээ бол баталгаажуулж байгаа л хэлбэр юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн боломж байхгүй гэж харж байна гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

4. Газар эзэмшигч хуулийн этгээдийн, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нутгийн захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой маргааныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

5. Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дугаар захирамжаар (хавтаст хэргийн 235 дахь тал) Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын ж/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн, 1 дэх заалтаар тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Ханги хилийн боомтын ойролцоо, ачиж буулгах талбайн зориулалтаар 10 га газар эзэмшигч “...” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар уг захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамж (төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн 18 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, үүнд “...” ХХК багтсан)-ийн холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд (цаашид “нэхэмжлэгч “гэх)-ээс сумын Засаг даргын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: “...захирамжийн хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “ж” заалтыг үндэслэсэн, гэтэл манай газартай холбоотой маргаан үүсэж байгаагүй, хэрэв үүссэн бол манай компанийг татан оролцуулалгүй шийдсэн нь хууль бус, ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэсэн, гэвч манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 12-нд газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулсан бөгөөд уг хугацаанаас хойш 2 жил дуусаагүй,  ... гаалийн ачиж буулгах талбайн зориулалтаар газар эзэмшихтэйгээ холбогдуулан нэлээд бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байхад гэрээгээ дүгнээгүй, хийсэн ажилтай танилцаагүй байж шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, тухайн шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн, тус хуулийн 43 дугаар зүйл болон Газрын тухай хуулийн 40.2-т зааснаар холбогдох захиргааны актыг мэдэгдэх зохицуулалттай ч аль нэг хэлбэрээр мэдэгдэж, хүргүүлээгүй”  гэх агуулгаар тодорхойлж байгаа бол,

7. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэлээ шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...2012 онд газар эзэмших эрх олгосон тухайн цаг хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, 2012, 2016 онуудад газрын төлбөр төлөөгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “ ... 2012 онд нэг жилийн хугацаатай байгуулсан газар эзэмших гэрээгээ сунгуулаагүй тул Газрын тухай хуулийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх нь 2013 онд дуусгавар болсон, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх зэргээр маргаж байна.

8. Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/62 дугаар захирамжаар, төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд тус сумын Замын шанд багийн нутаг дэвсгэрт, Ханги тосгоны ойролцоо “ачиж буулгах талбай”-н зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, эзэмшил газрын хэмжээ, хил зааг, байршлыг хавсралтаар баталсны №9-д нэхэмжлэгч “...” ХХК ... дугаартай байршилд 10 га газар эзэмшихээр тэмдэглэгдсэн,

Дээрх шийдвэрийг үндэслэн сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан, “...” ХХК (захирал ...)-тай 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” (цаашид “Газар эзэмшүүлэх гэрээ” гэх) байгуулж, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ... дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” (цаашид “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэх) олгосноор нэхэмжлэгч “...” ХХК нь маргаан бүхий 10 га газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн нь 1 дэх хавтаст хэргийн 12-21, 2 дахь хавтаст хэргийн 28-31, 55-66 дахь талд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

8.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ийнхүү гаалийн ачиж буулгах талбайн зориулалтаар тухайн газар эзэмшиж эхэлснээс хойш маргаан бүхий захиргааны актыг гарах хүртэлх хугацаанд:

- 2014 оны 03 дугаар сарын 20-28-нд “...” ХХК-иар дамжуулан Шинжлэх ухааны академийн геоэкологийн хүрээлэнгийн усны шинжилгээний лабораториор “Усны химийн шинжилгээний тодорхойлолт” гаргуулсан, (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал) ,

            -2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “...төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээхийлгэх хүсэлтийг эрх бүхий этгээдэд хүргүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 130 дахь тал),

            -БОНХАЖЯ-наас, 2015 оны 05 дугаар сарын 11-12 өдрөөр огноолж, “...” ХХК-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн, цаашид нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэсэн агуулгатай албан бичгийг ирүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 129, 131-134 дэх тал),

            - 2015 онд (5 дугаар сарын 12-ноос хойш) тус компанийн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан”-г БОЯ-наас  баталж ирүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 29-30, 36-128 дахь тал),

            - 2015 онд (07 дугаар сарын 30-наас хойш) Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (1 дэх хавтаст хэргийн 160-172 дахь тал) боловсруулж, БОНХАЖЯ-ны холбогдох албан тушаалтнаар батлуулсан,

            -  2016 оны 6 дугаар сард  “... цогцолборын ажлын тойм төсөв”-ийг мэргэшсэн төсөвчнөөр (1 дэх хавтаст хэргийн 173-185 дахь тал)  хийж гүйцэтгүүлсэн,

8.2. Хариуцагч захиргааны байгууллагаас болон нутгийн өөрөө удирдах байгууллагын зүгээс дээр дурдсан хугацаанд:

            - 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаас, тус хуулийн этгээдтэй “Газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан (1 дэх хавтаст хэргийн 22-24 дэх тал),

            - Сумын Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “тус компанийн төслийн байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзахгүй” гэсэн агуулгатай 05/134 тоот албан бичгийг БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт явуулсан (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),

- 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус сумын Агаруут багийн иргэдийн Нийтийн Хурлаар, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаалийн ачиж буулгах талбай байгуулах төслийн танилцуулгыг хэлэлцээд үйл ажиллагаа явуулахыг нь дэмжсэн 04 дүгээр тогтоол (1 дэх хавтаст хэргийн 26-28, 33-35 дахь тал)-ыг гаргасан,

  -Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, дээр дурдсан Агаруут багийн иргэдийн Нийтийн Хурлын 4 дүгээр тогтоол, хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04/05 тоот албан бичгээр хүргүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 25, 32 дахь тал) зэрэг үйл баримтууд холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээр үйл баримтын тухайд маргаагүй болно.

9. ... сумын Засаг даргын 2016 онд гаргасан,  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “... сум, ...(-ын) Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.3. хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар: ж/газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ ... сум  (-ын) Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэл болгосон байх боловч уг захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдлын талаар тухайн захиргааны актад огт дурдаагүй байна. Харин уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр үүсгэсэн энэхүү захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож буй албан тушаалтнаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...газар эзэмших эрх олгосон тухайн цаг хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй” гэж тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралтай болон “2012, 2016 оны газрын төлбөр төлөөгүй” хэмээн тус захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй буюу захиргааны актад огт заагаагүй нөхцөл байдлыг дурдаж маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг тайлбарлаж байна.

9.1. Хариуцагчийн “газар эзэмших эрх олгосон тухайн цаг хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй” гэх үндэслэлийн тухайд:           

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актын хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг “хүндэтгэн үзэх шалтгаангүй, 2 жил дараалан зориулалтын дагуу газраа ашиглаагүй” байх хоёр нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хэрэглэх бөгөөд уг нөхцөл байдлуудыг хэрхэн ойлгож хэрэгжүүлэхийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.10-т “... Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй ... гэдгийг  газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан, нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй ... байхыг ойлгох”-оор тайлбарлажээ.

Цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс хойш маргаан бүхий шийдвэрийг гаргах хүртэл даруй 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байх боловч хариуцагч захиргааны байгууллагын зүгээс газар эзэмшигчтэй 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулсан, уг гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил өнгөрөөгүй, уг хугацаа 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нэг нөхцөл хангагдаагүй буюу нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь, маргаан бүхий газрыг анх эзэмшиж эхэлснээс хойш тухайн газар дээрээ зам талбай, барилга, байгууламж барих зэргээр бүтээн байгуулалтын ажил хийгээгүй, анх олгосон байдлаар нь газрыг эзэмшилдээ байлгаж байгаа гэх боловч олгосон зориулалтаар нь ашиглахтай холбогдуулан тодорхой хэмжээний бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн нь үндэслэх нь хэсгийн 8.1,8.2-т дурдсанаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

9.2. Хариуцагчийн “2012, 2016 оны газрын төлбөр төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд:

Дээрх нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актад хууль зүйн болоод бодит агуулгаараа заагдаагүй, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс “тухайн онуудын газрын төлбөрийг төлсөн, гэхдээ энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудал учир энэ талаар маргах шаардлагагүй гэж үзэж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байх хэдий ч уг асуудал нь хариуцагч албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах үндэслэлд хамааралтай бөгөөд газар эзэмшигчийн хүлээх үүрэгтэй холбоотой асуудал байх тул хариуцагчийн маргаж буй энэхүү үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

9.2.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдтэй 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр анх байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 2.4-т тухайн жилийн газрын төлбөрийг 3, 4 дүгээр улиралд тус тус 200,000 төгрөгөөр тооцож, нийт 400,000 төгрөгөөр тогтоосон, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус гэрээний 4.3-т зааснаар газар эзэмшүүлэгч нь гэрээг хүчингүй болгож, хохирлыг нөхөн төлөхийг шаардахаар заасан байна.

Газар эзэмшүүлэх гэрээнд, гэрээг дүгнэх асуудлыг газар эзэмшүүлэгчид үүрэг болгосон байх бөгөөд гэрээний энэхүү үүргийг биелүүлээгүйтэй холбогдуулан газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэлх шийдвэр гаргах эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон бөгөөд нээлттэй байжээ.

Гэвч хариуцагч захиргааны байгууллагаас тухайн гэрээг дүгнэсэнтэй холбогдуулан болон 2012 оны газрын төлбөр төлөөгүй гэх асуудалтай холбогдуулж ямар нэгэн шийдвэр гаргаагүй, харин ч нэхэмжлэгч хуулийн этгээдтэй 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулсан байгаагаас нь үзвэл 2012 оны газар эзэмшүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудал нэгэнт дүгнэгдэж, 2014 онд газар эзэмшүүлэх гэрээ дахин байгуулах нөхцөл  боломж бүрджээ гэж үзэхээр байх ба харин хариуцагч нь 2016 онд гаргасан маргаан бүхий шийдвэрийн үндэслэлтэй холбогдуулж, 2014 онд байгуулсан гэрээнээс өмнөх буюу 2012 онд анх байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлыг хөндөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

9.2.2. Газрын тухай хуульд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг газар эзэмшүүлэх гэрээнд тусгахаар заасан, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулсан 2014 оны газар эзэмшүүлэх гэрээнд 10 га газрын төлбөрийг 800,000 төгрөгөөр тогтоож, улирал бүрийн эхний сарын 25-ны дотор тус тус 200,000 төгрөгөөр хувааж төлөхөөр тусгасан, 2015 онд газар эзэмшүүлэх гэрээг дахиж байгуулаагүй ч газар эзэмшигчээс 2014, 2015 онуудад газрын төлбөрт тус бүр 800,000 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар (2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал) тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2016 оны газрын төлбөр төлсөн гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул “2016 оны газрын төлбөр төлөөгүй” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Гэвч 2016 оны газрын төлбөр төлөөгүй гэх энэхүү нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болохгүй гэж үзэв. Учир нь газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг гэрээнд тусгахаар заасан ч мөн онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд улмаар газрын төлбөр нь хуанлийн бүтэн жилээр тооцож тогтоогддог агуулгатай, энэ утгаараа  газрын төлбөр төлөх хугацаа  болох 2016 он дуусаагүй байсан, өөрөөр хэлбэл тухайн оны газрын төлбөрийг төлөөгүй гэх нөхцөл байдал бүрдээгүй байсан байх тул энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргах нөхцөл шалтгаан болохгүй.

 Дээрхээс үзвэл хариуцагч албан тушаалтнаас, маргаан бүхий захиргааны актыг гаргах хууль зүйн болоод бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

9.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “газар эзэмших эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн”  гэх  үндэслэлүүдийн тухайд:

9.3.1. Хариуцагчийн өмгөөлөгч нь дээрх үндэслэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт: “2012 онд анх байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хугацааг нэг жилээр тогтоосон бөгөөд уг хугацаа 2013 онд дууссан, газар эзэмшигч гэрээгээ сунгуулаагүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дуусгавар болсон, иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй, 2014 онд байгуулсан гэрээний хугацаа ч мөн адил 2015 онд дууссан, шинэ харилцаа үүсээгүй” гэх тайлбар гарган маргасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэхээр заасан, үүнтэй уялдан нэхэмжлэгч хуулийн этгээдтэй 2012 онд анх байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулснаар уг гэрээний хугацаа 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дууссан гэж үзэхээр байх боловч энэ нь газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг шууд дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх"-ээр, 34 дүгээр зүйлийн 34.1-д “газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-оор заасан зэргээс үзэхэд газар эзэмшүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, түүнийг үндэслэн байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, гэрээ байгуулснаар олгогдох эрхийн гэрчилгээ нь хамтдаа газар эзэмших эрхийн агуулгыг тодорхойлж байх боловч газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшүүлэхээр зааж, тухайн гэрчилгээ нь газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг болохыг хуулиар тодорхойлсон.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д  “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болох”-оор заасан байх ч энэ нь зөвхөн газар эзэмшүүлэх гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байх тохиолдолд хэрэглэгдэхгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа мөн дууссан байх тохиолдлыг хамтатган  ойлгох бөгөөд энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр буюу 2027 онд дуусахаар байх тул нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

9.3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлийг “2016 онд гарсан захиргааны актад холбогдуулан 2022 онд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, уг захиргааны акт гарсан талаар өдий хүртэл мэдээгүй байх боломжгүй, ... 2022 оны 06 дугаар сарын 30-нд аймгийн Засаг даргад гомдол гаргасан, гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөөгүй тохиолдолд шууд шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай, энэ хугацаанд шүүхэд хандаагүй байна” гэх зэргээр тайлбарлаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг ... мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар  маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага ... мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” хэмээн захиргааны актыг мэдэгдэх, түүнийгээ нотлох үүргийг захиргааны байгууллагад өөрт нь хүлээлгэсэн.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэх”-ээр тухайлан заасан бөгөөд үүнийг Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан мэдэгдэнэ...” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ." хэмээн тайлбарлажээ.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг, сумын Засаг даргын “Захирамж хүргүүлэх тухай” 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/462 тоот албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал)-ээр “...” ХХК-д хүргүүлсэн гэх тайлбарыг тус албан бичиг болон бүртгэлийн хуудасны хамт ирүүлсэн, уг бүртгэлийн хуудсанд энэхүү албан бичиг ”462 дугаарт, 2016.10.12, 05/462, ...” ХХК-д, Захирамж хүргүүлэх тухай, 2ш, Засаг дарга, хариугүй” гэсэн агуулгаар тэмдэглэгдсэн (2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал) байх ч хэзээ, хэнд гардуулсан эсхүл хэзээ, хэрхэн хүргүүлсэн /шууданд хийсэн/ талаарх тэмдэглэгээ болон мэдээлэл огт байхгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан шүүх нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд “Монгол шуудан” ХК болон тус компанийн Дорноговь аймаг дахь салбараас холбогдох мэдээлэл авахаар шаардсан боловч тус байгууллагуудаас “...баримт бичиг хадгалах 5 жилийн хугацаа дууссан тул илгээмжийг хүргэж, гардуулсан хүргэлтийн дэвтэр устгагдсан ...” талаар хариу ирсэн болно.

 Маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн гэх нөхцөл байдал нь ийнхүү тогтоогдохгүй, захиргааны байгууллага ч мэдэгдсэнээ баримтжуулах үүргээ хэрэгжүүлээгүй улмаар мэдэгдсэн хугацаагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

            Улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн 2022 оны “Хуулбар үнэн“ бүртгэлээс үзэхэд ... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дүгээр захирамжийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хуулбарлан өгсөн нь тогтоогдож (2 дахь хавтаст хэргийн 37-38 дахь тал) байх тул тус газраас маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид хуулбарлан өгснөөр тухайн захиргааны актыг мэдэгдсэн хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ийнхүү дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актыг гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад гомдол гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, ... (-д) гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасан ч энэ нь дээд шатны захиргааны байгууллага болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагаас гомдолд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргах тохиолдлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд нэгэнт дээд шатны байгууллагаас гомдлын хариуг авч улмаар мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан дагуу гомдолд өгсөн хариуг эс зөвшөөрч 14.1-д заасан  хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул шүүхээс 14.2-т заасан хугацаанд гаргахаар байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

9.3.3.  Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээний 6.4-т зааснаар нэхэмжлэгч нь  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг мөн оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор хийлгэж ирүүлэхээр байтал заасан хугацаанд ирүүлээгүй, 2015 онд ирүүлсэн байх тул гэрээ хүчин төгөлдөр бус учир маргах эрхгүй” гэх тайлбарыг гаргаж маргадаг.

Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дээрх гэрээнд заасан хугацаанд багтааж ирүүлээгүй, 2015 онд хийлгэсэн байх боловч захиргааны зүгээс тухайн гэрээг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаагүй улмаар 2014 онд дахин шинээр гэрээ байгуулсан бөгөөд өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

            9.4. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан хариуцагч албан тушаалтан нь “захиргааны байгууллага”-д хамаарахын хувьд тухайн этгээдээс гаргаж буй аливаа шийдвэр, үйл ажиллагаа мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд зайлшгүй баримталбал зохих зарчмууд түүний дотор энэхүү маргааны хувьд 4.2.5 буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 буюу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зэрэгт нийцэж байхын зэрэгцээ мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар, захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тухайн захиргааны актыг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг нь олгох замаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг оролцогчид хүргүүлж, холбогдох тайлбар болон санал гаргах боломжоор хангах, 43 дугаар зүйлд зааснаар, гаргасан шийдвэрээ зохих журмын дагуу мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулж, баталгаажуулах зэргээр хуулиар тогтоосон ажиллагааг шийдвэр гаргагчийн зүгээс зайлшгүй хэрэгжүүлэх учиртай.

Гэвч захиргааны зүгээс дээрх ажиллагааг хэрэгжүүлээгүй нь хариуцагч сумын Засаг даргаас ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/201 тоот албан бичигт “А/111 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан ямар нэгэн баримт бичиг тус тамгын газрын архивт байхгүй” гэж дурдсан (2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал) байгаагаар тогтоогдож байна.

9.5. Мөн бичгээр гаргаж буй захиргааны акт нь, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т  “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана”, 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны актыг гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэх зэргээр тодорхой шаардлагуудыг хангасан байхыг хуульчилсан. Гэтэл маргаан бүхий захиргааны актад тухайн шийдвэрийг гаргах бодит нөхцөл байдлын талаар огт заагаагүй улмаар тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамааралгүй заалтыг буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын ж/ дэд заалтыг үндэслэсэн,

Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “...хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай байтал маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эрхийг хүчингүй болгох ойлголт хуульд байхгүй, эрхийн зөрчилтэй захиргааны акт” гэсэнчлэн хэлбэрийн хувьд эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

            9.6. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байхын зэрэгцээ маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх нөхцөл байдал бүрдээгүй байхад  газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох замаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

9.7. Хавтаст хэргийн 135-143 дахь талд авагдсан баримтууд нь хэрэгт давхардаж авагдсан, 186-190 дэх талд авагдсан баримтууд нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй нийтэд илэрхий захиргааны хэм хэмжээний акт, 191, 236, 237 дахь талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал)-тай давхардаж авагдсан, 158-159 дэх талд авагдсан “Хөрсний задлан шинжилгээний дүн” гэсэн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн баримт нь тухайн маргаанд хамааралгүй, өөрөөр хэлбэл энэхүү газар эзэмших харилцаанаас өмнөх цаг хугацаанд гарсан баримт байх тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт, 26, 27, 43 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/111 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч (... сумын Засаг даргын Тамгын газар)-аас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж, 5127947 регистрийн дугаартай “...” ХХК-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т зааснаар, маргаан бүхий захиргааны акт болох Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/111 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 115/ШЗ2022/0150 дугаартай захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байхыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА