Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00734

 

Ч.Уртнасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/001318 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 696 дугаар магадлалтай,

Ч.Уртнасангийн нэхэмжлэлтэй

“Транс капитал” ББСБ-д холбогдох

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Транс капитал ББСБ, Ч.Уртнасан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.3, 4.3.4 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсгийг хүчингүй болгуулж, зээлийн хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр зогсоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

зээлийн гэрээний үүрэгт 47 325 803 төгрөг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах "Транс капитал" ББСБ-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Транс капитал” ББСБ-аас 6 сарын хугацаатайгаар 40 000 000 төгрөг зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийж байгаад зээл төлөх чадваргүй болсон талаар мэдэгдэж 90 хоногоор сунгах хүсэлт гаргасан ч гэрээг сунгах талаар ямар нэгэн хариу өгөөгүй, шийдсэн эсэх нь тодорхойгүй өдийг хүрсэн. 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Үүгээр зээлдэгч нь төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь харагдаж байна. Гэрээний 4.3.3, 4.3.4, 6.1.11-д заасныг хүчингүй болгуулах, тус зээлийн гэрээний 4.3.4-т зааснаар зээлдэгч, хамтран гүйцэтгэгч дараах зөвшөөрлийг банк бус санхүүгийн байгууллага нь энэхүү гэрээгээр олгосон, дахин авах шаардлагагүй болно гээд гэрээний 4-т олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд халдах гэсэн заалт оруулсан. Мөн 6 дугаар зүйлд ББСБ-ын эрхийг заахдаа энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдах эрхтэй гэж заасан. Зээлдэгч нь төлбөрийн чадваргүй болсон тухай хүсэлтээ өөрөө гаргаж байсан. Хэрвээ үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авах нь тодорхой байдаг. Зээлийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Шуудан сонингийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаараар зээлдэгчийн зургийг нийтэлж, зээлийн төлбөрөө төл гэсэн агуулгатай мэдээлэл цацсан байна. Зээлийн гэрээтэй холбоотой мэдээлэл нь зээлдэгчийн хувийн нууцад хамаарна. Гэрээний 4.3.4, 6.1.11-д заасан заалтууд нь хууль зөрчсөн заалтууд байгаа учраас хүчингүй болгож өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр зогсоож өгөөч гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь өөрөө 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хугацаа сунгаж өгөөч ээ гэсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй. Үүний дараа дахин мэдэгдэх хуудас явуулаад төлнө гэсэн бичгийг хийлгүүлж байсан. Мэдэгдлүүдээс 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр энэ бүх хугацааны зээлийг бүгдийг төлөхийг шаардсан мэдэгдэл явуулсан. Тэгэхээр энэ үндэслэлээр гэрээ цуцлагдсан байна. Иймд 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй учраас уг шаардлагыг гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн стандарт нөхцөл гэж нэрлээд байгаа дээрх заалтуудыг хүчингүй болгуулах заалтад өөрчлөлт оруулах боломжгүй. Зээлдэгчид анхааруулж, тохиролцсоны улмаас гэрээ байгуулсан. Зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг зогсоох шаардлага нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.3, 24 дүгээр зүйлийн 24.3-д энэ асуудлыг тодорхой зохицуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд манайх 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдэл хүргэснээр зээлийн гэрээний харилцаа зогсоно гэсэн хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нь төлөх үүргийг хүлээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Уртнасан нь зээлийн гэрээний үүргээ 2015 оны 05 дугаар сараас хойш гүйцэтгээгүй. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр тооцож үндсэн зээл 32 967 662 төгрөг, зээлийн хүү 7 780 118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 024 төгрөгийг, нотариатын зардал 22 000 төгрөгийн хамт нийт 47 325 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгэх хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухайд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж талууд харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд зээл авсан нь үнэн, үлдэгдэл 37 962 662 төгрөг нэхэмжлэх үндэстэй, нэмэгдүүлсэн хүү, хүүг төлөх ёсгүй. Учир нь төлбөрийн чадваргүй гэдэг нөхцөл байдал болон гэрээг сунгуулах хүсэлт өгсөн. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүний нэр төрд халдсан учраас үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг хүлээн эөвшөөрөхгүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн шаардлагын тухайд Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн хамтын өмч. Нэхэмжлэгчийн гэр бүл нь 4 гишүүнтэй учраас хувь ногдох хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд банк бус санхүүгийн байгууллага нь үйл ажиллагаа явуулахдаа учир ч болох алдагдлаас хамгаалахын тулд заавал эрсдэлийн сантай. Энэ тухай мөн Монголбанк болон Сангийн сайдын хамтарсан тушаалууд байдаг. Ч.Уртнасангийн зээлийн ангилал нь 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн эргэлзээтэй зээлийн ангилалд орсон. Хариуцагчийн төлбөрийн чадвар алдагдсан бол барьцаа хөрөнгийн үнэлгээ зээлийн 75 хувь буюу түүнээс доош байгаа бол зээлийн муу ангилалд орно гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн төлөх нөхцөлийг судлаад активын эрсдэлийн сан байгуулах ёстой байсан. Иймд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/001318 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Транс капитал” ББСБ-д холбогдох нэхэмжлэгч Ч.Уртнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.Уртнасангаас 42 303 804 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Транс капитал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 021 999 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 14-р хороо, 1-р хороолол 14-р байр 258 тоотод байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Уртнасангаас 369 469 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Транс капитал” ББСБ-д олгож, нэхэмжлэгч Ч.Уртнасангийн урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг, нэхэмжлэгч “Транс капитал” ББСБ-ийн урьдчилан төлсөн 394 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 696 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/001318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Транс капитал” ББСБ ХХК, Ч.Уртнасан нарын байгуулсан гэрээний 4.3.4, 6.1.11-д заасныг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсанд тооцон, мөн өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүү зогссон болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг гэрээний 4.3.3-д заасныг хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Уртнасангаас 40 960 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Транс капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 365 803 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг “...369 469 төгрөг...” гэснийг “...362 750 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Транс капитал” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч Ч.Уртнасангийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “талуудын гэрээний 4.3.4-т зээлдэгч энэхүү гэрээний 7.1-д заасан зөрчлийг гаргаж, гэрээг цуцалсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр төрд халдах, 6.1.11-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр хүндэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдана гэж тохиролцсон нь хувь хүний хөрөнгийн талаар нийтэд мэдээлэхийг хориглосон Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3-д заасныг зөрчжээ.” хэмээн дүгнэсэн нь буруу. Зээлийн гэрээний 4.3.4, 6.1.11-т заасан заалтууд нь Хувь хүний нууцын тухай хуулийг зөрчөөгүй. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж буй шаардлага нь “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3-д заасныг зөрчсөн үйлдэл биш. Мөн “Банкны тухай хуулийн 7.2 дахь хэсгийн 7.2.1-д “тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр хүлээн зөвшөөрсөн” бол эрх бүхий этгээд хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг тухайн этгээдийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр задруулахыг хориглоогүй байна. Харин ч зээлдэгч 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр гэрээний 4.3.4, 6.1.11-д заасныг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 11, мөн сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан мэдэгдэл болон 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл, Үндэсний шуудан сонины 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дугаараар зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардсан үйл баримт зэргийг давж заалдах шатны шүүх үндэслэж зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу зээлийн гэрээ 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр цуцлагдсан хэмээн буруу дүгнэсэн. Дээрх мэдэгдлүүдийн агуулга нь зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг анхааруулсан албан бичгүүд юм. Нөгөө талаар зээлийн гэрээ цуцлагдсан байлаа ч гэсэн зээлдүүлэгч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож Ч.Уртнасангаас нэхэмжилсэн 37 967 662 төгрөгийн хүү 7 780 118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 024 төгрөгийг авах эрхийг хязгаарлахгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Ч.Уртнасангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар нотлох  баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Уртнасан нь хариуцагч “Транс капитал” ББСБ-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.3, 4.3.4, 6.1.11 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр зогсоолгох 2 шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж, зээлийн үүрэгт 47 325 803 төгрөг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.Талуудын байгуулсан зээлийн гэрээний  4.3.4-т “Зээлдэгч энэхүү гэрээний 7.1-д заасан зөрчлийг гаргаж, гэрээг цуцалсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлдэгчийн бизнесийн болон хүний нэр төрд халдах зэрэг зээлийн төлбөрийг хангуулахад шаардагдах аливаа арга хэмжээг авах” гэж, 6.1.11-т заасан “Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн бизнесийн болон хувийн нэр хүндэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдах эрхтэй” гэсэн тохиролцоо Хувь хүний нууцын тухай хуулийн холбогдох заалтаас гадна Иргэний хуулийн  21 дүгээр зүйлд заасан иргэний эрхийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61.1-д заасан үндэслэлээр гэрээний энэ хэсгийг хүчин төгөлдөр бус гэж, үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна. Мөн гэрээний 4.3.3-т “Банкны тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн мэдээллийг бусдад мэдээлэх” гэсэн заалт нь хууль зөрчөөгүй талаар зөв тайлбарлажээ.

Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр тарааж болох агуулга Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т байх боловч “зээлээ төлөөгүй болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх” тухай талуудын тохиролцоо хувь хүний нэр төрд халдах, гутаах шинжийг агуулжээ. Зээлтэй эсэх нь хувийн нууцад хамаарахаар байхад зээлээ төлөөгүй явдлыг хамааруулсан нь буруу болсноос гадна гэрээгээр тохиролцох, хүлээн зөвшөөрүүлэх замаар хуульд нийцээгүй эрх, үүргийг бий болгож болохгүй.

2.Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, зээлдэгч гэрээнд заасан 40 000 000 төгрөгийг хүлээж авсан, гэрээний хугацаа 6 сар, сарын хүү 3,2 хувь болохоос гадна барьцааны гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад үүнээс хойш буюу 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээг цуцлагдсан гэж үзэж, энэ хүртэл зээлийн үүргийг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох заалтад нийцээгүй, гэрээ дуусгавар болсон байхад гэрээг цуцалсан эсэх талаар дүгнэлт өгч, холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлаж чадаагүй байна.

Зээлдэгч Ч.Уртнасан нь зээлийн гэрээний үлдэгдэл мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч түүний татгалзал үндэслэлгүй байна.

Гэрээний хугацаа дуусахад Ч.Уртнасан нь гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгчийн зүгээс үндсэн зээлийг гэрээний хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй болох нь Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохицуулагджээ.

Зээлдэгч нь гэрээний үүрэгт үндсэн зээл 40 000 000 төгрөг, 6 сарын хүүд 7 680 000 төгрөг нийт 47 680 000 төгрөг эргүүлж төлөхөөс үндсэн зээлд 2 032 338 төгрөг, зээлийн хүүд 6 872 160  төгрөгийг төлсөн байна. /хх-12, 44/

Иймд үндсэн зээл 37 967 662 төгрөг, 2015  оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  хүүнд 7 780 118 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 556 024 төгрөг, нотариатын зардал 22 000 төгрөг нийт 47 325 803 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахын хамт шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хариуцагчийг “нэхэмжлэгч” гэж, нэхэмжлэгчийг “хариуцагч” гэж тодорхойлсон нь хуульд нийцээгүй тул зөвтгөх шаардлагатай байна.

Зохигчийн эрх зүйн байдал сөрөг нэхэмжлэл гаргаснаас хамаарч өөрчлөгддөггүй, хариуцагчийн зүгээс гаргах нэхэмжлэлийг “сөрөг нэхэмжлэл” гэж хуулиар тодорхойлсон байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 73 дугаар зүйлийн 73.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй нь буруу болжээ.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, энэ тухай шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй болно.

Зээлийг авч, зориулалтын дагуу ашигласан учраас зээлдэгч гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг эргүүлж төлөх үүрэгтэй, төлбөрийн чадвар муудсанаас үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Иймд зээлийн үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 696 дугаар магадлалын  тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 453.1...” гэсний дараа “...219 дүгээр зүйлийн 219.1...” гэж нэмж, “...хариуцагч Ч.Уртнасангаас 40 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Транс капитал” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 365 803 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг нэхэмжлэгч Ч.Уртнасангаас 47 325 803 төгрөгийг гаргуулж хариуцагч “Транс капитал” ББСБ-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хангасугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтад “...362 750...” төгрөг гэснийг “...394 579...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтансүхийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 189 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, буцаан олгосугай.                 

                                                   

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА