Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0401

 

Ч.Мөнхзулын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор Ч.Мөнхзулын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:” Төрийн албаны тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.1, 23 дугаар зүйлийн 23.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Мөнхзулыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заасныг баримтлан Ч.Мөнхзулын ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх 134 хоногийн цалин 2.937.146 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхзулд олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Ш.Дагва давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Ч.Мөнхзул нь төрийн албанд 5 сар ажилласан, төгссөн мэргэжлээрээ нэг жил ч ажил эрхлээгүй, зөвхөн худалдан авах ажиллагааны АЗ гэрчилгээтэй. Ажлын байранд тавигдах шаардлагаар бол инженер мэргэжилтэй, төрийн. албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай байсан. Энэ шаардлагыг хангаагүйгээс хариуцаж байсан ажил нь муу болохыг холбогдох төрийн байгууллагуудын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон.

... Нэхэмжпэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагын хэвлэмэп маягт, тэмдгийг хууль бусаар ашиглаж, нотлох баримт бүрдүүлсэн.

... Нэхэмжлэгч Ч.Мөнхзулыг ажлаас чөлөөлөх хүсэл, зорилго хариуцагчид байгаагүй, түүний хийж чадах мэргэжлийн ажилд шилжүүлэн ажиллуулахаар тавьсан саналыг хүлээж аваагүй тул түүний ажлаас чөлөөлөх хүсэлтийг хангасан. Өөрөө ч ажлаа хийж чадахгүй, хийх ёстой ажлынхаа цар хүрээнд хүрч ажиллаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн.

... Захирагчийн ажлын албаны Барилга байгууламж, хөрөнгө оруулалт, зам, тээвэр, сууц өмчлөгчдийн холбоог хариуцсан мэргэжилтэн нь зөвхөн худалдан авах ажиллагааг хариуцдаггүй, дээр дурдсан бүх салбар, чиглэлийг хариуцдаггүй, инженерийн мэргэжил, төрийн албаны дадлага, туршлага зайлшгүй шаарддаг албан тушаал болно.

Дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болон тушаалын заалт нь зөвхөн нэг төрлийн ажлыг гүйцэтгэх шалгуур төдий болно. Нэхэмжлэгч нь мэргэжлийн бус, ажлын дадлага туршлага байхгүйгээс олон удаа хариуцсан ажил дээрээ алдаа гаргаж байгууллагад хохирол учруулсан.

... Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Энхтуяа давж заалдах гомдолдоо: “... Шүүх нэхэмжлэгчийн ажлын байрны шаардлага хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Мөнхзул нь тухайн ажлын байранд тавигдах инженер мэргэжилтэй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хангаагүй, өөрийн аав Чинзоригийн удирдлага дор буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газарт төрийн албанд 5 сар ажилласан байдаг.

... Анхан шатны шүүх АЗ гэрчилгээг төрийн алба эрхлэх мэдлэг, ур чадвар, дадлага, туршлага, мэргэшсэн байх шаардлагыг хангасан гэж үзсэнд гомдолтой байна.

... Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын албаны Барилга байгууламж, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг Засаг даргын Тамгын газраас 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр батлахдаа дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас дээш жил ажилласан байх ерөнхий шаардлагыг тусгасан байсан боловч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар 03-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар Ч.Мөнхзулыг Захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтнээр туршилтын хугацаагаар, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар уг албан тушаалд жинхлэн томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар төрийн албаны төв байгууллагаас төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулсны үндсэн дээр сонгон ирүүлсэн иргэнийг томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалд томилох үүрэгтэй.

Хариуцагч албан тушаалтан хуулийн дээрх заалтыг зөрчин ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, тухайн албан тушаалд ажиллах боломжгүй мэргэжлийн буюу Англи, Орос хэлний багш мэргэжилтэй, төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй Ч.Мөнхзулыг томилсон байжээ.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Ч.Мөнхзулыг албан тушаал эрхлэх шаардлага хангаагүй гэж үзэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 /Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн/-д нийцсэн байна.

Үүнээс гадна хариуцагчийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 /иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх/, 4.2.5 /төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх/-д заасан зарчимд нийцжээ.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Худалдан авах ажиллагааны чиглэлээр суурь мэдлэг олгох сургалтад хамрагдан А3 гэрчилгээ авч тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороонд ажиллах эрхтэй хэдий ч энэ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан буюу Ч.Мөнхзулыг Захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавьсан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

Эдгээрээс дүгнэн үзвэл тухайн албан тушаалд нэхэмжлэгч Ч.Мөнхзул анх томилогдохдоо хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй нь нэгэнт тогтоогдсон тул хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Анхан шатны шүүх дээрх байдалд үндэслэлгүй, буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Мөнхзулын “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ч.Мөнхзулыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотын захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалт, сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгохыг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР