Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 90

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Д.Д, И.Х нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:      Л.Атарцэцэг

Б.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0891 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Хариуцагч: И.Х нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 0016364 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0891 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үзэлгүйгээр “...Нэхэмжлэгч “Т” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан хэлбэр журмаар баримтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд тус компани “2013 онд 59 090 900 төгрөгийн шилэн хоргыг 100 айлын барилгын захаас “Ц” ХХК-аас бэлэн мөнгөөр худалдан авсан” гэх боловч хэрэгт авагдсан “Ц” ХХК-аас 59 090 900 төгрөгийн үнэ бүхий шилэн хорго борлуулсан гэж “Т” ХХК-д бичиж өгсөн олгосон нэмэгдсэн өртгийн албан татварын 013259223 дугаартай падаан, “Ц” ХХК-ийн дугааргүй кассын орлогын ордер болон бэлэн мөнгө олгосон байгууллагын нэр бичигдээгүй зарлагын баримтууд нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй. Учир нь хэргийн 22, 23 дахь талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосон зүйл огт байхгүй.

4. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 22, 23 дахь талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтууд хуульд заасан санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хнгаж байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7 дахь заалтуудыг буруу тайларлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

5. Нэхэмжлэгч дан ганц 013259223 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж татвар төлөхөөс чөлөөлөгдөх ёстой байсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн тайландаа тусгасан уг падаан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шаардлагыг хангаж байгаа боловч давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т ... зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “...нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна...” гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснээс үзвэл худалдан авагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаанаас гадна “нягтлан бодох бүтгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан, бараа хүлээлцсэн акт гэх мэт санхүүгийн бусад баримтаар нотлогдох ёстой талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь уг зүйл дэх “болон” гэсэн холбоос нь “нягтлан бодох бүртгэлийн бусад баримт”-ыг зайлшгүй шаардаж байна. Иймд энэхүү тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

9. Нэхэмжлэгчээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдгээ нотолж буй бэлэн мөнгөний зарлагын баримт, орлогын ордерын тасалбар нь бүрдүүлбэр дутуу, тухайлбал он, сар, өдөргүй, дугааргүй, хэнээс хэнд шилжүүлсэн, харилцах данс, гүйлгээний утга зэрэг нь тодорхойгүй байгаа нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй байх тул бодит худалдан авалт хийгдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3, 4-т дурдсан “санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхэмжлэгч хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосон зүйл огт байхгүй, эдгээр баримтууд нь хуульд заасан санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаж байгаа” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

10. Давж заалдах шатны шүүх магадлалдаа санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх талаарх аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын, тухайлбал нэхэмжлэгчийн үүрэгтэй холбоотой Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ”, 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно” гэсэн зүйлийг заасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0703 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0891 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ