| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2022/03367/И |
| Дугаар | 101/ШШ2023/02900 |
| Огноо | 2023-06-08 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/02900
2023 06 08 101/ШШ2023/02900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Оийн /РД: хххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххх, 1 давхар, Ш ХХК-д /РД: ххххххххххх/ холбогдох
хххххххххххх тоотын 63,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Оийн өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.О би 2018 оны 09 сарын 12-ны өдөр Ш ХХК-тай харилцан тохиролцож ххххххххххх 63,8 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалан бариулах тухай А блок дугаартай гэрээ байгуулсан.
Би Ш ХХК-д 2018 оны 11 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 12-ны өдөр 68,000,000 төгрөг, нийт 73,000,000 төгрөгийг орон сууцны үнэд төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Ш ХХК-тай байгуулсан гэрээнд 2019 оны 1-р улиралд орон сууцыг барьж ашиглалтанд оруулна гэж заасан боловч хугацаандаа барилгаа бариагүй ба 2022 онд ашиглалтанд оруулсан.
Барилга ашиглалтанд орохоор нь өөрийн захиалсан байрандаа орох гэтэл Ш ХХК миний захиалсан байранд Д.Э гэж хүнийг оруулсан байсан.
Орон сууц захиалан бариулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Захиалагч төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шилжүүлнэ, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Гүйцэтгэгч захиалагчид орон сууц ашиглалтанд орсны дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж тус тус заасан.
Гэтэл Ш ХХК надтай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж миний захиалсан орон сууцыг өөр хүнд өгсөн байсан.
Би энэ талаар тус компанийн удирдлагатай уулзахад Таны захиалсан байрыг өөр хүнд өгчихлөө, учрыг нь олох хүртэл таньтай дахиж гэрээ байгуулья гээд 2022 оны 02 сарын 22-ны өдөр В блок дугаартай гэрээ, А блок дугаартай актыг байгуулсан.
Ш ХХК ийнхүү дахин надтай гэрээ байгуулан акт үйлдэхдээ Таны зүгээс манай компанид өгсөн 73,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг нь буцааж өгье, үлдэх 42,000,000 төгрөгт чинь 42,4 м.кв 2 өрөө орон сууц өгье, таны өмнө нь манай компанитай 2018 онд байгуулсан гэрээгээр захиалсан 3 өрөө байрны чинь асуудал шийдэгдэх юм бол таньд байрыг чинь буцааж өгнө, ингэсэн тохиолдолд та манай өгсөн 40,000,000 төгрөгийг компанид буцааж тушаана. Ингээд таны манай компанитай дахин байгуулсан энэ гэрээ цуцлагдах болно, энэ бүгдийг гэрээ болон актад тусгаж бичнэ гэсэн.
Миний хувьд 4 жилийн өмнө 3 өрөө орон сууц захиалан мөнгөө бүрэн төлсөн бөгөөд удаан хүлээсэн байрандаа орох гэтэл байрыг минь өөр хүнд шилжүүлэн өгсөнд их гомдолтой байсан болохоор эдний компанийг 3 өрөө байрны минь учрыг олж өгөх юм байна, тэр болтол дахиж энэ гэрээг байгуулж байгаа юм байна гэж ойлгоод аргагүй эрхэнд дахин байгуулсан гэрээ болон актад гарын үсэг зурсан.
Гэтэл тус компани дахиж байгуулсан гэрээгээ мөн л зөрчиж намайг маш их хохироож байна.
Учир нь Ш ХХК нь 2022 оны 03 сарын 09-ний өдөр 40,000,000 төгрөг шилжүүлж өгнө гэж шинээр байгуулсан гэрээ, актаар тохирсон атлаа 5,000,000 төгрөг л өгсөн ба үлдэх 35,000,000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй.
Мөн миний өмнө нь захиалсан байсан 3 өрөө байрны минь учрыг ч олж өгөөгүй.
42.4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгнө гэсэн боловч барилгын ажил нь эхлээ ч үгүй.
Иймд би Ш ХХК-ийн санаачлан дахин байгуулсан 2022 оны 02 сарын 22-ны өдрийн В блок дугаартай, орон сууц захиалан бариулах тухай гэрээ болон мөн уг гэрээг дагалдан байгуулан А блок дугаартай актаас татгалзсан.
Анх 2018 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах А блок дугаартай гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5-р хороо, Маахуур гудамж, А блокын 1-р орцны 8 давхар, 81 тоотын 63,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг иргэн Б.О надад шилжүүлж өгөх, тус орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг Ш ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ш ХХК-ийн захирал Б.Бадамрагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ш ХХК нь 2005 оноос хойш орон сууцны барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах зорилгоор жижиг талбайтай, зах зээлийн үнээс хямд орон сууцуудыг барьж зах зээлд нийлүүлдэг юм.
Энэ хүрээнд 2018 онд Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр, Маахуур гудамжинд орон сууцны барилгын ажил эхлүүлсэн. Энэхүү барилгын төсөл нь газартай холбоотой шүүхийн маргааны улмаас 2019 оноос хойш удаашралд орсон.
Манай компанийн санхүү эрхэлсэн захирал Д.Д борлуулалтыг хариуцан ажиллаж байсан ба тэрээр нэхэмжлэгч Б.Отэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Д.Д нь Б.Отэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч орон сууцны төлбөрийг компаниас нуун хувьдаа завшсан байдаг.
Д.Ды энэ үйлдэл зөвхөн Б.Отэй хамааралгүй бөгөөд маш олон гэрээний төлбөрийг хувьдаа завшсан тул манай компани түүнийг цагдаагийн байгууллагад өгч мөнгө завшсан асуудлыг нь шалгуулж байгаа.
Д.Ды мөнгө завшсан асуудалд Ш ХХК хохирогчоор тогтоогдон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Манай компани Б.Отэй байгуулсан гэрээг мэдэлгүйгээр барилгын дотоод заслын ажлыг гүйцэтгэсэн С ХХК-д 2021 онд тухайн байрыг уг компанид бартерийн гэрээний дагуу шилжүүлсэн.
Ш ХХК-ийн хувьд Б.Оийг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа.
Ингээд бид Б.Отэй харилцан тохиролцон 2018 оны 09 сарын 12-ны өдрийн А блок гэсэн дугаартай, орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, оронд нь зах зээлийн ханшаас 2 дахин хямд үнээр буюу 1 метр квадратыг нь 780,000 төгрөгөөр тооцож орон сууц захиалгын гэрээ байгуулан, 40,000,000 төгрөгийг нь бэлнээр өгөхөөр тохирсон.
Тухайн маргаан бүхий байранд иргэн Д.Э 2021 оны 11 сараас амьдарсан бөгөөд Д.Этай ярилцаж үзсэн боловч мөнгөний дүн дээр тохироогүй.
Тэгээд ч Б.Отэй манай компани гэрээ байгуулсан учраас энэ талаар тохирох шаардлагагүй гэж үзсэн.
Талууд харилцан тохиролцон гэрээнээс татгалзсан нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 сарын 22-ны өдрийг гэрээ цуцлах актаар тогтоогддог.
Гэрээнээс татгалзсан үеэс эхлэн тухайн гэрээний үйлчлэл бүрмөсөн дуусгавар болдог. Нэгэнт дуусгавар болсон гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Харин нэхэмжлэгч Б.О нь 2022 оны 02 сарын 22-ны өдрийн В блок дугаартай гэрээ болон гэрээ цуцлах актад заасан үүргийг Ш ХХК-иас нэхэмжлэх эрхтэй.
Бид уг үүргээ ямар хугацаанд биелүүлэх талаар харилцан тохиролцон эвлэрэх замаар Б.Отэй ярилцаад амжилтанд хүрээгүй.
Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд тухайн байрыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа тул байрыг Б.Оийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй.
Иймд ххххххххххххх тоотын 63,8 метр квадрат орон сууцыг Б.Оийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Оийн Ш ХХК-тай 2018 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээ, орон сууцны төлбөр төлсөн баримтууд, орон сууцны гэрэл зураг,
Б.О, Б.Шагдарсүрэн нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа,Б.Оийн Хаан банк дахь хххххххххххххххх тоот дансны 2022 оны 03 сарын 15-ны өдрийн хуулга, Б.О, Ц.О нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,
Б.Оийн Ш ХХК-тай 2022 оны 02 сарын 22-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ цуцлах акт,
Б.Оийн Ш ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2022 оны 4 сарын 13-ны өдрийн 9136 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Ш ХХК нь итгэмжлэлүүд, хариу тайлбар, Ш ХХК-ийн Ш ХХК-д хүргүүлсэн хүсэлт,
Ш ХХК-ийн Д.Этай 2021 оны 08 сарын 15-ны өдөр байгуулсан ХХххххххх тоотын 63,8 м.кв талбай бүхий орон сууцны захиалгын гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Эт нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 сарын 31-ний өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, тайлбар өгөөгүй болно.
Шүүхийн журмаар:
-2022 оны 10 сарын 10-ны өдөрийн ххххххххххххдугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс:
хххххххх тоотын 63,8 м.кв 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болох, үүнтэй холбоотой болон уг орон сууцны хувийг хэргийн хуулбарыг,
-2022 оны 11 сарын 03-ны өдрийн ххххххххххххххххххххххдугаар шүүгчийн захирамжаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас:
ххххххххххххххххх барилгад хаяг, дугаар авсан эсэх, авсан бол хаяг, дугаартай холбоотой мэдээллийг,
-2022 оны 11 сарын 18-ны өдрийн ххххххх дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс:
ххххххххххххххххх тоотын 63,8 м.кв 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болох, үүнтэй холбоотой болон уг орон сууцны хувийн хэргийн хуулбарыг,
-2023 оны 04 сарын 05-ны өдрийн хххх дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс Ш ХХК нь Д.Дд холбогдуулан ямар гомдлыг хэзээ гаргасан болох, уг гомдол шийдвэрлэгдсэн эсэхтэй холбоотой лавлагаа, баримтуудыг,
Ш ХХК-иас Ш ХХК болон Ш ХХК-тай 2021 онд байгуулсан гэрээний хуулбар /бартер/,
Үндэсний төв архивын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Бххххххххххххбайрыг улсын комисс хүлээж авсан эсэх,
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Бххххххххххххбайранд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гэрчилгээ иргэдийн нэр дээр гарсан эсэхтэй холбоотой баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэн зохих хариу, баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан хххххххххххх тоотын 63,8 м.кв 3 өрөө орон сууцыг Б.Оийн өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ш ХХК-тай 2018 оны 09 сарын 12-ны өдөр А блок дугаартай орон сууц захиан бариулах тухай гэрээ байгуулан гүйцэтгэгч Ш ХХК нь ххххххххххххххххх, 1-р орц, А тип, 3 өрөө, 63,8 м.кв талбай орон сууцыг 2019 оны 01 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр,
Захиалагч Б.О нь захиалгын нийт дүнд 73,000,000 төгрөг төлөхөөр, гэрээнд гарын үсэг зурснаар төлбөрийн 68,000,000 төгрөгийг төлсөн болохыг гэрээнд тусган, 2018 оны 11 сарын 07-ны өдөр үлдэх 5,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар болон уг гэрээний хуулбараар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2018 оны 09 сарын 12-ны өдрийн гэрээнд талууд буюу захиалагч Б.О, гүйцэтгэгч Ш ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 4-8 дугаар тал/
Захиалагч Б.О нь гэрээ байгуулсан 2018 оны 09 сарын 12-ны өдөр 68,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 73,000,000 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 9 дүгээр тал/
Дээрх гэрээний талууд буюу захиалагч Б.О, гүйцэтгэгч Ш ХХК нар нь 2022 оны 02 сарын 22-ны өдөр А блок дугаар бүхий Орон сууц захиалан бариулах тухай гэрээ цуцлах акт үйлдэн дараах асуудлыг шийдвэрлэжээ.
Уг гэрээ цуцлах актын 1-т Гүйцэтгэгч тал захиалагч талын хххххххххххххххх тоот Хаан банкны дансанд 2022 оны 03 сарын 09-ний өдрийн дотор 40,000,000 төгрөгийг шлжүүлэхээр,
2-т Үлдсэн 33,000,000 төгрөгт хххххххххх орон сууцны барилгын 4 давхарт 42,4 м.кв 2 өрөө байрны гэрээ байгуулснаар талуудын хооронд төлбөр тооцоо бүрэн дуусч байгаа болно,
Жич хэсэгт Талуудын хооронд 2018.09.12-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээнд заасан А блок, 8 давхар, А тоот орон сууцтай үүсээд байгаа маргаантай асуудалд шийдэгдсэн тохиолдолд:
1. Гүйцэтгэгч тал захиалагч талд А блок, 8 давхар, А тоот орон сууцыг акт үйлдэн хүлээлгэн өгнө.
2. Захиалагч тал бэлнээр авсан 40,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд буцааж тушаана,
3. Талуудын хооронд 2022.02.22-ны өдөр байгуулсан В блок, 4 давхар, Е тоот орон сууц захиалан бариулах тухай гэрээг акт үйлдэн цуцлана гэж харилцан тохиролцжээ.
Уг гэрээ цуцлах акт үйлдсэнтэй холбоотой мөн өдөр нь тухайн гэрээний талууд буюу захиалагч Б.О, гүйцэтгэгч Ш ХХК нар нь 2022 оны 02 сарын 22-ны өдөри В блок дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч нь хххххххххххх талбай бүхий 33,000,000 төгрөгийн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр,
Гэрээний тайлбар хэсэгт: Талуудын хооронд 2022.02.22-ны өдөр байгуулсан А блок, орон сууц захиалан бариулах тухай гэрээ цуцлах актын тайлбар хэсэгт заасан гүйцэтгэгч талын захиалагч талд төлөх А блок, 8 давхар, А тоот орон сууцны төлбөрийн үлдэгдэл болох 33,000,000 төгрөгөнд өгөх байр. Талуудын хооронд тооцоо бүрэн дууссан болно гэж тус тус харилцан тохиролцон хүсэл зоригын илэрхийллээ болгон гарын үсгээ зуран байгууллагын тамгаа даран баталгаажуулсан байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 11-14 дүгээр тал/
Талуудын хоорондын 2022 оны 02 сарын 22-ны өдөр А блок дугаар бүхий Орон сууц захиалан бариулах тухай гэрээ цуцлах актаар гүйцэтгэгч Ш ХХК нь захиалагч Б.Оийн Хаан банк дахь хххххххххххххххх тоот дансанд 2022 оны 03 сарын 09-ний өдрийн дотор 40,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2022 оны 03 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 16 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ш ХХК-ийн тохиролцсоны дагуу 40,000,000 төгрөгөө 2022 оны 03 сарын 09-ний дотор шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, үлдэх 33,000,000 төгрөгт өгөхөөр тохирсон 42,4 м.кв талбайтай орон сууц гэрээгээр тохиролцсон хугацаандаа ашиглалтанд орох боломжгүй нөхцөл байдалтай буюу барилгын ажил эхлээгүй тул 2022 оны 02 сарын 22-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ болон гэрээ цуцлах актаас татгалзаж байна хэмээн тайлбарлалаа.
Тэрээр энэ талаараа Ш ХХК-ийн удирдлагад мэдэгдсэн гэх ба хариуцагч Ш ХХК нь тухайн маргаан бүхий байранд Д.Э 2021 оны 11 сараас амьдарсан, түүнтэй ярилцсан ч мөнгөний дүн дээр тохироогүй. Б.Отэй гэрээ байгуулсан учраас энэ талаар тохирох шаардлагагүй гэж үзсэн. Талууд тохиролцон гэрээнээс татгалзсан нь 2022 оны 02 сарын 22-ны өдрийг гэрээ цуцлах актаар тогтоогддог, Гэрээнээс татгалзсан үеэс тухайн гэрээний үйлчлэл дуусгавар болдог. Дуусгавар болсон гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч тал 2022 оны 02 сарын 22-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, мөн өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ цуцлах тухай актаас татгалзах тухайгаа хариуцагч талд мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.
2022 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээ цуцлах тухай актаар 2022 оны 03 сарын 09-ний дотор 40,000,000 төгрөгийг захиалагч Б.От шилжүүлэн өгөхөөр тохирсон атал 2022 оны 03 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн өгсөн, үлдэх 35,000,000 төгрөгийг түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 оны 05 сар хүртэл хугацаанд шилжүүлэн өгөөгүй, мөн 2023 оны 04 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохирсон 42,4 м.кв талбай бүхий орон сууцыг тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй, өнөөгийн байдлаар тухайн 9 давхар барилгын суурь цутгасан, 1 давхар баригдаж байгаа тул захиалагч буюу нэхэмжлэгч Б.О 2022 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээ, гэрээ цуцлах актаас татгалзсан нь үндэслэлтэй.
Ш ХХК нь Ш ХХК-тай 2019 оны 11 сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай орон сууцны барилгын хийгдээгүй үлдсэн дотор заслын бүх ажлыг материалтай нь хамт хийж гүйцэтгэхээр, гэрээний дүнг 1,000,000,000 төгрөг хэмээн тохирч төлбөрт нь гэрээний 3.4-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохирсон бөгөөд уг жагсаалтын 7-д А блок, 8 давхар, А тип, 63,8 м.кв гэж тусгасан байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 182-189 дүгээр тал/
Ш ХХК нь Ш ХХК-д ... ажил гүйцэтгэх гэрээний төлбөртөө авсан хххххххххххх м.кв бүхий А блокын 8 давхрын А тоотын байрыг ххххххххххххийн Эт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Үүний дагуу Ш ХХК нь Д.Этай 2021 оны 08 сарын 15-ны өдөр А блок дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан ххххххххххххххххх, 1 орц, 8 давхар, А тоот, 3 өрөө, 63,8 м.кв талбай бүхий орон сууцыг түүнд хүлээлгэн өгөхөөр тохирсон бөгөөд Д.Э уг орон сууцанд 2021 оны 11 сараас оршин суусан талаар зохигч тайлбарлаж байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 107-112 дугаар тал/
Хариуцагч Ш ХХК нь тус компанийн менежер Д.Д нь иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан мөнгийг нь мөнгийг нь хувьдаа завшсан ба орон сууцны төлбөр завшсан асуудлыг цагдаагийн байгууллага 3-4 жил шалгаж байгаа гэж мөн тайлбарласан болно.
Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 28ж2-3/2268 тоот лавлагаанд:
Ш ХХК-иас Д.Дд холбогдуулж 2018 онд гомдол мэдээлэл гаргасан хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулан 1806084202595 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 193 дугаар тал/
Хариуцагч Ш ХХК нь тус компанийн санхүү эрхэлсэн захирал Д.Д нь иргэдтэй гэрээ байгуулсаныг хожим мэдсэн гэх боловч тус компани Д.Д нь компанийн мөнгийг хувьдаа завшсан гэх асуудлаар 2018 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 05 сарын 19-ний өдрийн 28ж2-3/2268 тоот лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Ш ХХК нь Ш ХХК-тай 2019 оны 11 сарын 05-ны өдөр хөрөнгө оруулж дотор заслын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын төлбөрт орон сууц шилжүүлэхдээ, мөн иргэн Д.Этай 2021 оны 08 сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Б.Оийн төлбөрийг нь бүрэн төлсөн орон сууцыг шилжүүлэхгүй байх боломжтой байсан байна.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.О нь 2022 оны 02 сарын 22-ны өдрийн гэрээ цуцлах актын дагуу хүлээн авсан 5,000,000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-д буцаан өгөх үүрэгтэй.
Ийнхүү нэхэмжлэгч Б.О нь 2022 оны 02 сарын 22-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, мөн өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ цуцлах актаас тус тус татгалзсан тул 2018 оны 09 сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг гүйцэтгэгч Ш ХХК-иас шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 12-ны өдрийн гэрээний 4.1-т ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийн талаар заасан ба 4.1.2-т Захиалагч тал төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг захиалагч талын эзэмшил, өмчлөлд шилжүүлнэ,
4.1.7-д Гүйцэтгэгч захиалагчид орон сууц ашиглалтанд орсны дараа эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж тус тус заажээ.
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 10 сарын 14-ний 8/1453 тоот, 2022 оны 10 сарын 31-ний өдрийн 8/1523 тоот лавлагаануудад ааааааааааа тоот хаягт байрлах эд хөрөнгө манай цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Орон сууцны хаяг тодорхойгүй тул тодруулж дахин хандана уу гэжээ..
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 57-58 дугаар тал/
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 10/4196 тоот лавлагаанд ... аааааааааааа дугаартай болно гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 71-74 дүгээр тал/
2022 оны 11 сарын 18-ны өдөрийн ххххххх дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс ххххххххххххххххх тоотын 63,8 м.кв 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхтэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 8/1675 тоот лавлагаандааааааааа тоот хаягт байршилтай эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 80 дугаар тал/
ххххххххххх, 13342, Г.Лувсанцэвээний гудамж, хххххх-р байр 0 тоот хаягт байршилтай 4050 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ж.А 2018 оны 02 сарын 12-ны өдөр бүртгэгдсэн нь уг хөрөнгийн хувийн хэргийн хуулбар, бусад баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 207-250, 2 дугаар хавтасны 1-52 дугаар тал/
Үндэсний төв архивын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 02/410 тоот албан бичигт ... Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 75-р байрны барилгын ажлын зураг болон холбогдох баримт бичиг нь зураг төслийн баримтын архивт шилжиж ирээгүй тул лавлагаа өгөх боломжгүй,
Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 04 сарын 18-ны өдрийн 10/785 тоот лавлагаанд ... ххххххххххххх гудамж, 75-р байранд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс ажиллаагүй байна гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 174-176 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгч Б.О нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй бөгөөд гүйцэтгэгч нь орон сууцыг шилжүүлэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргээ биелүүлэх шаардлагатай.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оээс 5,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ш ХХК-д олгож, хххххххххххх тоотын 63,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.О өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг түүнд шилжүүлэн өгч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Ш ХХК-д даалгах нь зүйтэй.
Талуудын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг олгон шүүх хуралдааныг нийт 12 удаа хойшлуулсан ба 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 12 цагт хуралдааныг товлон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн ирүүлсэн баримтуудыг гуравдагч этгээд Д.Эт 2023 оны 05 сарын 30-ны өдөр цахимаар хүргүүлэн танилцуулсан, 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 12 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 8 хоногийн өмнө буюу 2023 оны 05 сарын 30-ны өдөр мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий боловч бие даасан гуравдагч этгээд Д.Э шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй тул ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй тул талуудын хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд Д.Эын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Э өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нь буюу хариуцагч Ш ХХК-иас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оээс 5,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Ш ХХК-д олгож, хххххххххххх тоотын 63,8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.О өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууцыг түүнд шилжүүлэн өгч орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Ш ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 522,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгосугай.
3. Тус шүүхийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 22181 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хххххххххххх тоотын 63,8 м.кв 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад гаргаж өгөхгүй байхыг, уг орон сууцыг захиран зарцуулахгүй, бусдад худалдахгүй, шилжүүлэхгүй, уг орон сууцтай холбоотой тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч Ш ХХК-д болон Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН