| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01644/И |
| Дугаар | 101/ШШ2023/03043 |
| Огноо | 2023-06-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2023/03043
2023 06 15 101/ШШ2023/03043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххх давхар, Згийн /РД: ххххххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: хххххххххххххххххххх тоот, Д ХХК /РД: хххххххххххххххх/,
Хариуцагч: ххххххххххххххххххх тоот /, хаягт оршин суух, Н.Г /РД: /хххххххххххххх/, Б. Б /РД: ххххххххх/ нарт холбогдох
72,233,415.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содгэрэл, М.Даваажав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З-гийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содгэрэл, М.Даваажав нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З нь Д ХХК-ийн Төрийн банкнаас авсан 250,000,000 төгрөгийн төслийн зээлийн 60 хувьд 2018 оны 06 сарын 11-ний өдөр батлан даалт гаргаж Б-18/61 тоот батлан даалтын гурвалсан гэрээ байгуулсан.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орсон. З нь Б-18/61 тоот батлан даалтын гурвалсан гэрээнд заасны дагуу зээлдэгчийн өмнөөс Төрийн банкинд 70,191,388 төгрөгийг 2022 оны 04 сарын 14-ний өдөр төлсөн.
Батлан даалтаас үүссэн дээрх авлагыг барагдуулах зорилгоор З болон Д ХХК, Н.Г, Б.Б нарын хооронд 2022 оны 04 сарын 22-ны өдөр 22/11 тоот авлага барагдуулах гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан.
Д ХХК, Н.Г, Б.Б нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөөс төлөхгүй байна.
Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1, талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 22/11 тоот авлага барагдуулах гэрээг үндэслэн үндсэн авлага 10,191,388 төгрөг, авлагын алданги 638,200 төгрөг, батлан даалтын шимтгэлийн өр 1,403,282 төгрөг, нийт 72,233,415.76 төгрөгийг Д ХХК, Н.Г, Б.Б нараас гаргуулж өгнө үү.
Авлага барагдуулах гэрээнд Д ХХК үндсэн зээлдэгчээр, Н.Г, Б.Б нар хамтран зээлдэгчээр оролцсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулан нэхэмжлэл гаргасан болно гэв.
Хариуцагч Д ХХК, тус компанийн захирал Н.Г шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Д ХХК-ийн захирал Нацагдоржийн Г нь батлан даалтын сангаас нэхэмжилсэн өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.
Манай компанийн үйл ажиллагаа сэргэн ажил эхэлж, гэрээ хэлцэл хийгдэж байгаа тул төлбөр төлөх боломж бүрдэж байна.
Иймд доорхи хуваарийн дагуу төлбөрөө барагдуулах хүсэлтэй байна. Үүнд:
2023 оны 05 сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 06 сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 07 сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 08 сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 10-ны өдөр 15,191,388 төгрөг төлнө гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч З нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
З-гийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн А/39 тоот Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх тухай тушаал, 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 70,191,388 төгрөгийг Төрийн банк ХХК-д шилжүүлсэн төлбөрийн даалгавар,
2022 оны 04 сарын 22-ны өдрийн 22/11 тоот авлага барагдуулах гэрээ, авлагыг төлөх төлбөрийн хуваарь, 2018 оны 06 сарын 11-ний өдрийн батлан гурвалсан гэрээ,
Төрийн банк ХХК-тай Д ХХК, Н.Г, Б.Б нарын 2018 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 01 сарын 30-ны өдрийн үүрэг гүйцэтгэсэн зээлдэгчийн авлагын тооцоо,
72,233,415.76 төгрөгийг төлөхтэй холбоотой Д ХХК, Н.Г, Б.Б нартай байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нар нь иргэний үнэмлэхний хуулбарууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 72,233,415.76 төгрөгийг төлөх талаар З-тай байгуулсан 2023 оны 04 сарын 19-ний өдрийн эвлэрлийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нарт холбогдуулан 72,233,415.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Батлан даалтын гэрээний дагуу төлсөн 70,191,388 төгрөг,
-Алданги 638,200 төгрөг,
-Шимтгэл 1,403,282 төгрөг/
Д ХХК-ийг төлөөлж захирал Н.Г, хамтран зээлдэгч Б.Б нар нь Төрийн банк ХХК-тай 2018 оны 06 сарын 11-ний өдөр З-18/61 тоот WPC технологийн шахмал шал, хавтангийн үйлдвэр байгуулах бизнесийн зориулалтаар 250,000,000 төгрөгийг, жилийн 12,11 хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 13-16 дугаар тал/
Мөн уг өдөр нь буюу 2018 оны 06 сарын 11-ний өдөр зээлдүүлэгч Төрийн банк ХХК, зээлдэгч Д ХХК-ийг төлөөлж захирал Н.Г, батлан даагч З нар нь батлан даалтын гурвалсан гэрээ байгуулан дараах харилцааг зохицуулахаар тохирчээ. Үүнд:
1.1-т Энэхүү гэрээгээр зээлдэгч, банкны хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 3-18/61 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, хэрэв зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЗБДС нь түүний өмнөөс энэхүү гэрээнд заасан үүргийг гүйцэтгэх, ЗБДС дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгчээс буцаан шаардах эрх банкнаас ЗБДС-д шилжихтэй холбоотой харилцааг зохицуулна,
1.2-т ЗБДС нь батлан даалтын үүргээ гүйцэтгэж банканд зохих төлбөрийг шилжүүлснээр уг төлбөр зээлдэгчээс нэхэмжлэн авах эрх нь банкнаас ЗБДС-д шилжинэ,
1.3-т Энэхүү гэрээ нь зээлдэгч, банкны хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 11-ний өдрийн 3-18/61 дугаартай зээлийн гэрээний хамт хүчин төгөлдөр байна,
Мөн гэрээний 3.5-д зээлдэгч Д ХХК-ийн эрхийн талаар заасан ба 3.5.3-т ЗБДС болон банкны хооронд 2018 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээнд заасан батлан даалтын шимтгэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү гэрээний 3.6.1-т заасан шимтгэлийн хувийг өөрчлүүлэх хүсэлт гаргах,
3.6-д зээлдэгч Д ХХК-ийн хүлээх үүргийн талаар заасан ба 3.6.1-т Жил бүр зээлийн үлдэгдлээс батлан даалтын дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг төлөх. Эхний нэг жилийн шимтгэлийг зээл олгогдсон даруйд төлөх бөгөөд зээлийн хоёр дахь жилээс эхлэн шимтгэлийг 12 сард тэнцүү хувааж эсхүл жилд 1 удаа бөөн дүнгээр төлөх,
А. 12 сард тэнцүү хуваан төлөх, Б. Жилд 1 удаа бөөн дүнгээр төлөх,
5.1-т Энэхүү гэрээ нь талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно,
5.2-т Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 120 сарын хугацаатай байгуулав гэжээ.
Дээрх гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 11-12 дугаар тал/
З болон төлбөр төлөгч Д ХХК, тус компанийн захирал ажилтай иргэн Н.Г, Б.Б нар 2022 оны 04 сарын 22-ны өдөр 22/11 тоот авлага барагдуулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр 2018 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан Б-18/61 дугаартай батлан даалтын гурвалсан гэрээний үүргийг гүйцэтгэх, уг гэрээ, шийдвэрт тусгагдсан төлбөрийг төлбөр төлөгч, хамтран төлбөр төлөгч нар З-д төлөхтэй холбоотой талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулахаар тохиролцон,
Гэрээний 2.1-т зааснаар Төлбөр төлөгч нь Зд 70,191,388 төгрөг төлнө, 2.2-т Төлбөр төлөгч батлан даалтын үлдэгдэл дүнгээс жил бүр 1 хувиар тооцож батлан даалтын шимтгэл төлнө,
2.3.1-т Төлбөрийн хэмжээ 70,191,388 төгрөг. Төлбөрийг буцаан төлж дуусгах ний хугацаа 24 сар,
2.3.6-д Төлбөр төлөгч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаандаа төлөөгүй өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцно гэж тус тус заасан байна.
Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 8-10 дугаар тал/
Дээрх гэрээнээс үүдэн З-гийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 26-ны өдрийн А/39 тоот тушаалаар Д ХХК-ийн зээлд гаргасан батлан даалтын гэрээний үүрэгт 70,191,388 төгрөг Төрийн банк ХХК-д гүйцэтгэхээр шийдвэрлэн 2022 оны 04 сарын 27-ны өдөр уг мөнгийг Төрийн банк ХХК-д Д ХХК-ийн үүрэг гүйцэтгэлийн төлбөр хэмээн шилжүүлсэн байна.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-т Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй,
Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу х хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ,
242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ,
242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан байна.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 сарын 22-ны өдрийн авлага барагдуулах гэрээ ёсоор төлбөр төлөгч нар нь З-гийн Төрийн банк ХХК-д төлсөн 70,191,388 төгрөгйг 2022 оны 05 сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс сар бүрийн 15-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 24 сарын хугацаанд төлөхөөр тохирсон ба төлбөр төлөгч хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б дээрх үүргээ биелүүлээгүй ба ийнхүү биелүүлээгүйтэй холбоотой маргаагүй.
/ХХ-ийн 17, 29,31 дүгээр тал/
Хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нарын гүйцэтгэх үүрэг:
-70,191,388 төгрөг /Батлан даалтын гэрээний дагуу/
-638,200 төгрөг, /Алданги/
-1,403,827,76 төгрөг /Шимтгэл/
Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-т зааснаар хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нараас 72,233,417.76 төгрөг гаргуулан З-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д ХХК, тус компанийн захирал Н.Г, Б.Б нар нь өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул зохигчдын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-т зааснаар хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нараас 72,233,417.76 төгрөг гаргуулан З-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 519,117.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК, Н.Г, Б.Б нараас 519,117.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН