Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2023/03082

 

        2023 оны өдөр

       08 сар      23  р                                            184/ШШ2023/03082

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Голомт банк” ХХК /РД:2075377/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-5, “Голомт” банкны төв байр

Хариуцагч: Хатигин овогт Саранцэцэгийн Тамир-Од /РД: ЖЯ90110866/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-60 байр, 41 тоот 

Зээлийн гэрээний үүрэгт 11,817,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чулуунтуяа, нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Тамир-Од нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Голомт банктай ЗГ4705102322 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 8-12б тоот хаягт оршин сууж байсан. Голомт банкны зүгээс тус хаягаар ЗГ4705102322 тоот зээлийн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 14-59 тоот хаягаар хаяг тодруулан тус тус нэхэмжлэл гаргаж хэргийг хэрэгсэхгүй болсон. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01214 тоот шүүхийн шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 28з4-4/1620 дугаар албан бичгээр хариуцагчийн оршин суугаа хаягийг Сонгинохайран дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2-60 байр, 41 тоот гэж тогтоосон. Зээлдэгч С.Тамир-Од нь ЗГ4705Ю2322 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 2.623 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 4,823,834 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,097,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 896,350 төгрөг, нийт 11,817,339 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Тамир-Од нь анх 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Голомт банктай ЗГ470510322 тоот "Зээл болон барьцааны гэрээ” байгуулж 5,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлсэн байдаг. Ингээд 2015 оноос хойш Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлж зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлж байсан. Ингээд зэлсэн мөнгөө төлж үндсэн зээл болох 5,800,000 төгрөгөөс нийт 1,751,456 төгрөгийг барагдуулсан байна. Удалгүй бие давхар болж үүнтэй зэрэгцээд ар гэрийн асуудал тулгарч ажлаас гарахаас өөр аргагүйд хүрсэн. Үүний улмаас зээлийн төлбөрийн барагдуулалт маань удааширсан буюу хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Тус нэхэмжлэлд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 8-12б тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр намайг эрэн сурвалжлуулахаар хандсан байсан нь минмй нэр төрд илтэд халдсан явдал. 2017 оноос хайш тус хаягаасаа нүүсэн байсан ч гар утсаар тогтмол харилцаатай байсан. Тухайн үедээ дугаар луу дохих маягаар залгаад алга болчихдог байсан ч С.Тамир-Од нь буцаан залгаж нөхцөл байдлаа хэлэн, төлж барагдуулахаа удаа дараа илэрхийлдэг байсан. Удаан хугацаанд гэртээ орлогын эх үүсвэргүй улс даяар зарлаад байсан ковидын нөхцөл байдлыг даван туулж байсан үе. Төлбөрийг цаг хугцаанд нь барагдуулаагүй ч төлөхгүй гэж, холбогдох бүх хэрэгсэлээ хаагаад алга болсон тохиолдол надад байхгүй. Бүхэлд нь биш ч төлбөрөө төлж барагдуулахаа нээлттэй илэрхийлсэн. Тус нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөрт 4,823,834 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд тодорхой хугацааны дотор график гаргаж төлөхийг хүсэж байх тул дээрх шалтгаануудыг хүндэтгэн үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох үндсэн хүүгийн төлбөрт 6,097,155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 896,350 төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэг "Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно" гэж заасан тул шүүх зээлдэгчийн эрх зүйн байдлыг хүндэтгэн үзэж бууруулах эрх хэмжээ нь шүүхэд байх тул энэхүү хэм хэмжээг бууруулна гэдэгт итгэл төгс байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дунгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан, үндсэн зээлийн үнийн дүнгээс хэтэрсэн байх ба зээлдэгчийн эрх зүйн байдал илтэд дордогдож байна хэмээн үзэж байна. Иймд нэхэмжилсэн нийт 11,817,339 төгрөгийн үнийн дүнгээс үндсэн зээлийн төлбөр болох 4,823,834 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр гэх нийт 6,993,505 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1620 дугаартай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/01214 дугаартай шийдвэр, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 138/ШЗ2016/03327 дугаар захирамж, Голомт банк ХХК-иас олгосон 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2232, 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2568, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3338 дугаартай итгэмжлэлүүд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голомт банкны гүйцэтгэх захирлын эрх олгосн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 734 тоот тушаал, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч С.Тамир-Одод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,817,339 /арван нэгэн сая найман зуун арван долоон мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч банк шаардлагын үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.  

Хариуцагч С.Тамир-Од нь  нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ЗГ4705102322 тоот “Зээл болон барьцааны гэрээ” /цалингийн зээл/  байгуулж, 5,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлхээр тохиролцсон, гэрээний дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байна. /хх-ийн 11, 12/

Нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгт гэх   баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 1,751,456 төгрөг  төлснийг үндсэн зээлийн төлбөрт 976,165 төгрөг, үндсэн хүүнд 773,862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,427 төгрөгийг тооцон авсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 25-ны  өдөр дуусгавар болжээ.  /хх-ийн 13/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 138/ШЗ2016/03327 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2022/01214 дугаар шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 5, 7/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн байна.  

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зохицуулсан.

Хариуцагчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзаж буй үндэслэл болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан анзыг банк шаардаагүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь банкнаас олгож буй зээлд хамаарахгүй, банк олгож буй зээлийнхээ хүүгийн хэмжээг нийтэд зарласан, жилийн 18 хувь буюу сарын 1,5 хувийн хүүг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх  үндэслэлгүй байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд тохиролцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.Тамир-Одоос 11,817,339 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.Тамир-Одоос 11,817,339 /арван нэгэн сая найман зуун арван долоон мянга гурван зуун гучин ес/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,028 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 204,028 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ