Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 243

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

Улсын яллагч Б.Мэндсайхан,

Шүүгдэгч Ч.Бат-Амгалан, түүний өмгөөлөгч С.Болдбаатар /1874/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Чулуунбатын Бат-Амгаланд холбогдох эрүүгийн 201726020540 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 02 хэсэг 19-982 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд ял шийтгэлгүй Боржигин овогт Чулуунбатын Бат-Амгалан /РД:УМ89053054/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь 2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “28 дугаар” сургуулийн урд талын ТҮЦ-ний урд иргэн И.Дөлгөөнийг үл  ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж И.Дөлгөөнийг зодож танхайран бие махбодид нь доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Амгалан мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “28 дугаар” сургуулийн урд талын түцнээс тамхи авах гээд гарсан. Түцний өмнө байсан залуучууд ах Төрмэндийг мөрлөсөн. Тэгээд тамхиа аваад гарахад ахыг дахин мөрлөөд цохиод унагаасан. Тэгэхээр нь би Дөлгөөн гэдэг залуугийн баруун хацарт нь цохиод зам гараад явж байтал нөгөө залуучууд араас хүрээд ирэхээр нь би дахин Дөлгөөн гэдэг залууг баруун хацарт нь цохисон.

Тэгтэл цагдаа ирээд биднийг барьж авч яваад намайг эрүүлжүүлсэн ба Дөлгөөн гэдэг залуу 100.000 төгрөг өгвөл тохирно гэхээр нь эхнэр Энхжаргал 60.000 төгрөгийг Дөлгөөнд өгсөн. Тэгээд би маргааш нь хөдөө явчихсан юм” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Дөлгөөн мэдүүлэхдээ: “...28 дугаар дунд сургуулийн урд төв зам дагуу байдаг түцнээс ундаа аваад түцэн дотор зогсож байхад 2 согтуу ах гаднаас орж ирээд нэг залуу нь намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би эргээд харсан чинь асуудал байна уу ахын дүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээрх ахад зүгээрээ ах ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлчихээд Баярсүх гэх найзтайгаа гадаа гараад түцний үүдэнд хамт явсан найз Тэмүүлэн, Од-Эрдэнэ, Пүрэвням нарыг хүлээгээд зогсож байхад нөгөө 2 согтуу ах араас гарч ирээд түцэн дотор намайг мөрлөсөн залуу хажуугаар гарахдаа ахиж намайг мөрлөөд миний урд зогсоод гутлынхаа  шороо руу зааж энэ яаж байгаа юм бэ? гээд надруу дөхөхөөр нь би та зүгээр бай гэж хэлээд зүүн гараараа цээжин хэсэг рүү нь түлхсэн. Энэ үед хамт явж байсан залуу миний нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Энэ үед миний уруул сэтэрч цус гарч байсан. Тэгэхэд ахиж нэг удаа гараараа эрүү хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Энэ үед замын урд талаас дээрх 2 ахтай хамт явж байгаа бололтой нэг эмэгтэй автомашинаас бууж ирээд тэр залуучуудаа салгаж авсан цаана нөгөө машинаас бас нэг эмэгтэй орилоод байсан. Тэгээд салахаар нь би замын хажууд зогсож байтал намайг цохьсон залуу ахиж надруу гүйж ирээд чи надтай зодолдох юм уу гэж байсан. Тэгэхээр нь би та миний уруулыг сэт цохьсон байна ш дээ гэж хэлсэн чинь миний нүүрэн хэсэг рүү гараараа ахиж нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би өөрөө хойшоо ухарч холдоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан намайг гомдолтой бол цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаарай гэж хэлээд явсан.

Би дээрх 2 ахыг огт танихгүй, мэдэхгүй. Урд өмнө харж байгаагүй. 2 залуу намайг бүлэглэн цохиж зодсон зүйл байхгүй. ...Тухайн залууд зодуулсанаар миний доод уруул сэтэрч хавдаж хөхрөөд цус гарсан. Өөр гэмтэл бэртэл байхгүй. …миний зүгээс цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бат-Амгалан гэх залуу надтай уулзаж уучлалт гуйж учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа...” гэжээ. /хх  11, 12/

 

Гэрч С.Төрмэнд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой өөрийн хуурай дүү Энхжаргалын гэрт нь очсон юмаа. Намайг очиход Энхжаргал нөхөр Бат-Амгалан мөн Энхжаргалын дүү Охиноо мөн хүүхэд байсан. Тэгээд бид нар тэднийд хэсэг байж байгаад гадуур гарч караокед оръё гэж гараад бааранд орохоор болоод Өргөө кино театрын урд байдаг өвшин нэртэй бааранд орсон юмаа. Дээрх бааранд ороод хүний 2 лааз пиво уугаад бүжиглэж байгаад шөнө 03 цагийн үед тус баарнаас гараад бөөнөөрөө Бат-Амгалангийн гэрт хононо гэж ярьсан байсан учраас замын эсрэг талаас 4 үүлээ такси барьсан явж байхад Бичил хороололд байдаг 28-р дунд сургуулийн урд талын Түц онгорхой байсан тэгээд замын урд талд таксигаа зогсоогоод дээрх түцнээс Бат-Амгалан бид 2 уулаа тамхи авахаар явсан энэ үед Энхжаргал, Охиноо 2 таксинд суугаад үлдсэн. Тэгээд бид 2 дээрх түцрүү ороход 3-4 залуу зогсож байсан тэр үед өндөр шар залуу надруу муухай хараад байсан тэгэхээр нь би яасан ахын дүү гэж хэлсэн чинь намайг мөрлөөд гараад явчихсан. Тэгээд Бат-Амгалан бид 2 тамхиа авчихаад гарсан чинь нөгөө залуу гадаа үүдэнд зогсож байсан хажуугаар нь зөрсөн чинь намайг ахиад мөрлөсөн тэгэхээр нь би дээрх залууд хандаж яасан бэ? ахын дүү яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь миний баруун шанаа хэсэгрүү гараараа нэг удаа цохьсон тэр үед нь би газарт унасан. Энэ үед Бат-Амгалан намайг өмөөрч хажуунаас орж ирээд нөгөө залуугийн нүүрэн хэсэгрүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Бат-Амгалан бид 2 таксиндаа суух гээд зам гарч байхад нөгөө залуу 4 үүлээ бид 2-ын араас ирээд намайг эхэлж цохиод дараа Бат-Амгаланд цохиулсан өндөр шар залуу Бат-Амгаланруу дайрсан энэ үед Бат-Амгалан тэр залуугийн нүүрэн хэсэгрүү нь ахиж удаа гараараа цохьсон. Ингээд зууралдаад байж байтал цагдаагийн алаг автомашинтай 2 цагдаа ирээд Бат-Амгалан мөн цохиулсан гэх өндөр шар залуу нарыг тус цагдаагийн хэлтэсрүү аваад явсан. Тэгээд Энхжаргал, Охиноо бид 3 уулаа араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь Бат-Амгаланг эрүүлжүүлэх байранд хийчихсэн гаргахгүй гэж хэлсэн. Нөгөө цохиулсан залуутай цагдаагийн хэлтэс дээр таарсан чинь уруулынхан дотор тал язарсан байсан тэгээд тэр залууг нь гэмтлийн эмнэлэг авч яваад уруулын язарсан хэсгийг нь оёулж өгөөд салсан.

Дээрх зодуулсан гээд байгаа өндөр шар залуу өөрөө зүгээр явахгүй хажуугаараа ч хүн зүгээр гаргахгүй мөрлөөд байсан тэгээд яагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд үгийн зөрийгүй миний нүүрэн хэсэгрүү гараараа нэг удаа цохьсон. Тэрнээс болж анх хэрүүл маргаан үүссэн. Тийм зүйл болоогүй бол Бат-Амгалан дээрх залууг цохихгүй байсан. Бат-Амгалан бид 2 хүний 2 пиво л уусан байсан. Нэг их согтолтгүй эрүүл байсан...” гэжээ. /хх 13-14/

 

Гэрч Э.Энхжаргал мэдүүлэхдээ: “...Би өөрийн нөхрийг тус хэлтэст танхайн гэмт хэрэгт шалгагдаж байгааг нь мэднэ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний дүү Охиноо /Ганчимэг/ хөдөөнөөс манай гэрт ирсэн байсан тэгээд нөхөр Бат-Амгалан, Охиноо мөн манай 2 хүүхдийн хамт гэрт байж байхад миний хуурай ах Төрмэнд манай гэрт орой 20 цагийн үед ирсэн. Тэгээд бид нар манай гэрт дэмий байж байгаад 00 цагийн гадагшаа гарч караоке суухаар болоод 2 хүүхдээ аав ээж дээрээ үлдээчихээд /бид нэг хашаанд байдаг юм/ 4 үүлээ гадагшаа гарсан юм. Тэгээд караоке олдохгүй байхаар нь бид бааранд орохоор болоод Өргөө кино театрын урд байдаг “өвшин” нэртэй бааранд орж хүний 2 лааз пиво ууж бүжиглэж байгаад шөнөөр 03 цагийн үед тухайн баарнаас гараад замын эсрэг талаас таксинд 4 үүлээ хамт суусан. Тэгээд бид 4 үүлээ манайд хононо гэж ярьсан байсан тэгээд такситайгаа бичил хороолол явж байхад 28-р сургуулийн урд талд нэг Түц онгорхой байсан дээрх түцнээс манай нөхөр Бат-Амгалан, ах Төрмэнд нар тамхи авна гээд таксинаас буусан. Тэр үед Охиноо бид 2 замын урд талд зам дагуу таксин дотроо юм яриад сууж байсан. Энэ үед манай нөхөр Бат-Амгалан, ах Төрмэнд нар зам хөндлөн гүйгээд ирж байсан араас нь 7-8 залуучууд гүйж яваа харагдсан тэгээд Охиноо бид 2 юу болж байгаан бол гээд 2 уулаа таксинаас буугаад яасан юу болсон бэ? гэж хэлсэн чинь нэг өндөр залуу танай найз гээд манай нөхрийг заагаад миний эрүүрүү 2 удаа цохьлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөөсөө чи яагаад энэ хүүхдийг цохиж байгаа юм бэ? гэж хэлсэн чинь манай нөхөр наад залуу чинь бид 2-ыг тамхи авах гээд зогсож байхад Төрмэнд ахыг мөрлөлөө гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2 цагдаа ирээд манай нөхрийг мөн нөгөө цохиулсан залууг тус цагдаагийн хэлтэсрүү авчирсан. Тэгээд би тус цагдаагийн хэлтэс дээр нь дагаад ирэхэд цохиулсан гээд байгаа өндөр залуугийн уруулнаас нь цус гарсан байсан тэгээд би дээрх залууд нь хандаж одоо яах вэ? гэж хэлэхэд намайг 100.000 төгрөг өгчих тэгвэл би гомдолгүй гэж хэлсэн. Тэгээд би түрийвчээ үзэхэд миний түрийвчинд 60.000 төгрөг байсан тухайн мөнгөө өгөөд маргааш үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд утасны дугаарыг нь авч үлдээд салсан юм. Тэгээд үлдэгдэл 40.000 төгрөгийг нь өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм шиг байна лээ...” гэжээ. /хх 15-16/

 

Гэрч Э.Од-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нийг шилжих шөнө найзуудтайгаа Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Очир нэртэй ПС тоглоомын газарт тоглож байгаад шөнө ПС тоглоомноос найз Дөлгөөн, Тэмүүлэн, Эрдэнэбулган бид 4 үүлээ гараад 28-р сургуулийн урд талын түцнээс ундаа авч уугаад зогсож байхад араас 2 залуу орж ирсэн. Тэр үед нэг залуу манай найз Дөлгөөнтэй мөрлөж байх шиг байсан тэгээд манай найзууд түцнээс цувж гараад би тооцоогоо хийчихээд араас нь гарсан чинь манай найз Дөлгөөн түцний ард уруулнаас нь цус гарчихсан зогсож байсан тэгээд ю болоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь саяны түцэн дотор байсан 2 залуугийн нэг нь Дөлгөөний уруулруу цохьчихлоо гэж хэлсэн тэр 2 залуу нь урагшаа зам гарч явсан тэгэхээр нь бид нар араас нь очсон чинь замын урд талд байсан автомашинаас 2 эмэгтэй бууж ирээд нөгөө 2 залууг өмөөрөөд бид нарлуу дайраад байсан энэ үед хажуугаар цагдаагийн автомашин явж таараад манай найз Дөлгөөнийг цохьсон залууг мөн Дөлгөөнтэй хамт автомашиндаа суулгаад тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. ...хажуу талаас нь хамт явж байсан залуу нь уруулруу цохьсон байна лээ. Гадаа яг юунаас болж хэрэлдэж маргалдсаныг нь би мэдэхгүй байна...” гэжээ. /хх 17/

 

Шинжээч эмч Н.Энхцолмон мэдүүлэхдээ: “..дээрх гэмтэл нь хатуу мохоо үйлчлэлийн зүйлээр 1 ба түүнээс дээш үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. /хх 22-23/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №2379 дугаартай дүгнэлтэд: 1. И.Дөлгөөний биед доод уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэж дүгнэжээ. /хх 20 хуудас/

 

Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 21/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 32,33/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 34/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 35, 36/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь 2017 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “28 дугаар” сургуулийн урд талын ТҮЦ-ний урд иргэн И.Дөлгөөнийг үл ялих зүйлээр шалтаглан түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч И.Дөлгөөн /хх 11, 12/, гэрч С.Төрмэнд /хх 13-14/, Э.Энхжаргал /хх 15-16/, Э.Од-Эрдэнэ /хх 17/, шинжээч эмч Н.Энхцолмон /хх 22-23/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2379 дугаартай дүгнэлт /хх 20 хуудас/, Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 32,33/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 34/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 35, 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

           

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигин овогт Чулуунбатын Бат-Амгалан нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овогт Чулуунбатын Бат-Амгаланг 3 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Амгаланд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Амгаланд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, түүнийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Ч.Бат-Амгаланд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ