Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1436

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/01836 дугаар шийдвэртэй

 

“Т К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д-, Д.Э- нарт холбогдох УН91-94 улсын дугаартай А1209052АНI208078 арлын дугаартай Chandong SEM652B маркийн авто ачигч гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, хариуцагч Ц.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй УН91-94 улсын дугаартай 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, А1209052АН1208078 арлын дугаартай шар өнгийн CHANDONG маркийн авто ачигчийг иргэн Д.Э-ын хүсэлтээр түүний нэр дээр түр хугацаагаар шилжүүлэхээр тохиролцож улмаар компанийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №385/17 албан тоот бичгийг Авто тээврийн үндэсний төв-д хаяглаж Д.Э-т өгсөн. Д.Бат-Ирээдүй гэх иргэний “Сор” ломбардад төлөх өр төлбөр болох 36 600 000 төгрөгт УН91-94 улсын дугаартай авто ачигчийг 3 сарын хугацаатай ашиглуулахаар “Сор” ломбардын эзэн Ц.Д-д 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. УН91-94 авто ачигч иргэн Ц.Д- рүү шилжих болсон үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түр хугацаагаар зээлдүүлэгч болох Ц.Д-гийн нэр дээр шилжүүлсэн ба энэ талаар бидний дунд хуульд нийцсэн байдлаар гэрээг байгуулаагүй. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн актаас дүгнэж үзвэл хариуцагч Ц.Д- нь УН91-94 авто ачигчийг 3 сарын хугацаанд ашиглаад буцааж өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл уг авто ачигчийг эзэмших, ашиглах өмчлөх байдлаар өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна. Иймд бусдын хууль бус эзэмшил ашиглалт өмчлөлд байгаа УН91-94 улсын дугаартай 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, А1209052АГ1208078 арлын дугаартай шөр өнгийн CHANDONG маркийн авто ачигчийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани өөрийн өмчлөлийн УН91-94 улсын дугаартай авто ачигчийг иргэн Д.Э-ын хүсэлтээр нэр дээр түр хугацаагаар шилжүүлсэн. Улмаар иргэн Д.Э- нь Д.Бат-Ирээдүй гэх иргэний “Сор” ломбарданд төлөх 36 600 000 төгрөгт 3 сарын хугацаатайгаар ашиглуулахаар ломбардын эзэн Ц.Д-д 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Тээврийн хэрэгсэл хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн байна. Авто ачигч Ц.Д- рүү шилжих болсон үндэслэл нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар түр хугацаагаар зээлдүүлэгч болох Ц.Д-гийн нэр дээр шилжүүлсэн, гэрээ байгуулаагүй хэмээн дурдсан байна. Дээрх зүйл бүгд худал ямар нэг үндэслэл, нотолгоогүй зүйл болно. Тодруулбал, Ц.Д- намайг хариуцагчаар татсан энэхүү иргэний хэрэгт миний бие огт хамааралгүй бөгөөд би “Т К” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Давааням түүний хүү Д.Бат-Ирээдүйг огт таньдаггүй байсан бөгөөд бидний хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл, худалдаа арилжаа хийгдэж байгаагүй болно. Нутгийн дүү Ж.Дэлгэрсайхан надад мөнгө зээлээч түүнийгээ А.Давааням гэдэг хүний дансанд хийж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөгийг тухайн дансанд хийж Ж.Дэлгэрсайханд зээл олгосон болно. Түүнээс хойш 3 000 000 төгрөгөөр 2 удаа буюу 6 000 000 төгрөг нэмж авсан. Гэвч Ж.Дэлгэрсайхан тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй бөгөөд үүнийгээ би танаас авсан мөнгөө Д.Бат-Ирээдүй, түүний аав А.Даваанямд зээлсэн. Тэднээс мөнгөө авч чадахгүй байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй би барьцаанд нь машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хэмээн хэлсээр мөнгөө төлөөгүй 2018 оны 5 дугаар cap хүрсэн. Харин нэг өдөр би хөдөө явж байна нөгөө хүмүүс зээлээ төлж чадахгүй байна машиныг албан ёсоор хүлээлгэж өгье гээд байна та очоод хүлээгээд аваадхаач гэсний дагуу би Л.Давааням гэх хүнтэй уулзахад тэр за би бүрэн бүтэн ажилладаг машин хүлээлгэн өгсөн шүү Энэ тухай баримт хэрэгтэй байна. Энэ бичигт гарын үсэг зураад өг гэсэн. Тэр нь Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсний дагуу авто ачигчийн 2 ширхэг гидрийн насосыг солих шаардлагатай харилцан ярилцаад 1 ширхэг гидрийн насос өглөө гэсэн утгатай бичиг байсан бөгөөд тэнд одоо шүүхэд гарган өгсөн баримт Тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт гэсэн толгой мөн 36 600 000 төгрөгийн тооцоонд ашиглуулахаар хүлээлгэн өгч энэхүү актыг үйлдлээ гэх утга агуулга ер байгаагүй. Миний бие ийм бичиг үйлдэн ийм байдалд хүргэх муу зальт санаа гаргаж байна гэж бодоогүй, мөн хууль эрх зүйн мэдлэг муугаас цаасны тал дээр бичсэн тухайн бичигт бүрэн бүтэн, ажилладаг машин өгсөн тухай л бичиг байхаар нь энэ тухай баримт авч үлдэж байна хэмээн бодож гарын үсэг зурж өгснийг ашиглан ийм хуурамч бичиг үйлдэн шүүхэд баримт болгон өгчээ гэж үзэж байна. Гэхдээ хамгийн гол нь актад гарын үсэг зурсан гэх миний бие ийм агуулгатай актад гарын үсэг зураагүй буюу нотариатаар гэрчлүүлсэн зүйл огт байхгүй болно. Иймээс актын үнэн зөв бодитой эсэхийг шалгах, баталсан нотариатчийг олж 2 талыг байхгүй тохиолдолд гэрчлэл үйлдсэн хариуцлагыг тодруулж өгөхийг шүүхээс хүсэж байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Тээврийн хэрэгсэл хүлээлцэх актыг үндэслэж байна гэж дурдсан байх боловч уг баримт “Нандин хул” ХХК, “Маш шил” ХХК-ийн хооронд хийгдсэн гэж бичжээ. Энд дурдсан “Маш шил” ХХК гэж огт байхгүй бөгөөд энэ ч уг бичгийг миний бие уншиж, бичиж, гарын үсэг зураагүйг гэрчилж байна. Мэдээж би өөрийн компанийн нэрийг мэднэ. Миний бие авто машины салхины шил худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хүн хуурамчаар бичиг үйлдэхдээ манай компанийг мэдэхгүй учир миний дэлгүүрийн нэрийг компани мэтээр бичсэн байгаа юм. Мөн надад авто ачигч тийм үнэтэйгээр түрээслэх ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Энэхүү зээлийн харилцаанд оролцогч Ж.Дэлгэрсайханаас энэ тухай тайлбар авч хэргийн бодит үнэнийг шалган тогтоохыг хүсье. Иймээс “Т К” ХХК-ийн УН91-94 улсын дугаартай авто ачигчийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Э- миний бие “Т К” ХХК-тай ямар ч холбоо харилцаагүй. Ц.Давааням болон түүний хүү Д.Бат-Ирээдүй нарын хүсэлтээр авто ачигчийн нэр шилжүүлэн өгсөн. Д.Бат-Ирээдүй нь танаас энэ авто ачигчийг худалдан авахаар зээл авах гэсэн юм. Таны нэр дээр захиран зарцуулах эрхийг нь аваад банкны зээл гаргахаар та нэр шилжүүлээд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн. Миний бие нь Ц.Д- болон “Т К” ХХК-тай ямар ч холбоогүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Д-, Д.Э- нараас УН91-94 улсын дугаартай А1209052АН1208078 арлын дугаартай Chandong SEM652B маркийн авто ачигч гаргуулах тухай нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч “Т К” ХХК, хариуцагч Д.Э- нарын хооронд хуульд заасан тодорхой гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн ажилтан А.Давааням түүний хүү Д.Бат-ирээдүй болон хариуцагч Д.Э- нарын хооронд тодорхой хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэхээр байна” гэж зөрүүтэй дүгнэлт хийснээр анхнаасаа хэргийг үнэн зөв дүгнэж шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь А.Давааням нь “Т К” ХХК-ийн ажилтан биш бөгөөд нэхэмжлэгч нь А.Давааням, түүний хүү Д.Бат-ирээдүй нар биш харин “Т К” ХХК юм. Түүнчлэн, хариуцагч Д.Э- “Т К” ХХК-ийн хооронд хуульд заасан тодорхой гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байна гэсэн атлаа хариуцагч Д.Э- “Т К” ХХК-ийн хооронд тодорхой хүсэл зориг илэрхийлэгдсэн байна гэж илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь утгагүй юм. Мөн нэхэмжлэгч нь Д.Э-т авто ачигчийн нэр шилжүүлэх эрх олгосон болохоос А.Давааням түүний хүү Д.Бат-ирээдүйд эрх олгоогүй юм. Нэгэнт Д.Э- “Т К” ХХК-ийн хооронд шүүгчийн дүгнэснээр хуульд заасан тодорхой гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм бол өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Энэ хэлцэл хүчин төгөлдөр бус учраас Д.Э-аас Ж.Дэлгэрсайханд, Ж.Дэлгэрсайханаас “Рок пэйнт групп” ХХК-д манай техникийг шилжүүлсэн гэх хэлцлүүд мөн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Харин иргэн А.Даваанямын Ц.Д-гээс авсан гэх 10 000 000 төгрөг болон түүний хүү Д.Бат-Ирээдүйгийн Ж.Дэлгэрсайханаас авсан гэх зээлтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй бөгөөд “Т К” ХХК-нь эдгээр хүмүүстэй ямар нэгэн хуульд заасан тодорхой гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй юм. Энэ талаар шүүх нэхэмжлэгч “Т К” ХХК, хариуцагч Ц.Д- нарын хооронд тухайн тохиролцоо хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гээд А.Давааням нь нэхэмжлэгч “Т К” ХХК-ийг төлөөлж тус авто ачигчийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхтэй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж зөв тодорхойлсон атлаа “Нандин хул” ХХК-ийн захирал Д.Бат-Ирээдүй өөрийгөө “Маш шил” ХХК-ийн захирал гэж танилцуулсан Ж.Дэлгэрсайхан нарыг төлөөлж иргэн А.Давааням, Ц.Д- нарын хүсэлтээр манай компанийн техникийг манаачийн гарын үсгийг зуруулан манай гараашаас авч явсанд шүүх тодорхой дүгнэлт өгөөгүй байна. Манай техникийг гараашаас авч явах тохиролцоо зөвхөн Ж.Дэлгэрсайханыг төлөөлж Ц.Д-, Д.Бат-Ирээдүйг төлөөлж А.Даваанямын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр явагдсан байдаг бөгөөд энэхүү хэлцэл нь нэхэмжлэгч “Т К” ХХК-д огт хамааралгүй юм. Шүүх “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд тус тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Нэгэнт нэхэмжлэгч “Т К” ХХК ба хариуцагч Д.Э-, Ц.Д- нарын хооронд хуульд заасан тодорхой гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн учраас авто ачигчийн хууль ёсны өмчлөгч нь “Т К” ХХК мөн бөгөөд авто ачигчийг буюу өмчөө шаардах эрхтэй юм. Мөн шүүх дүгнэлтээсээ өөрөөр буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нь авто ачигчийг шаардах эрхгүй гэж хуулийн заалтыг хэрэглэсэн нь тун ойлгомжгүй байна. Ер нь “Т К” ХХК-ийн техникийг түр ашиглахаар аваад барьцаанд тавин зээл авах, зээлийг бэлнээр төлөх боломжгүйн улмаас барьцааны зүйлийг түрээсээр ашиглаж, улмаар зээлийн өрийг барагдуулахаар түрээсээр ашиглуулсантай холбоотой асуудал нь нэхэмжлэгчид огт хамааралгүй бөгөөд тухайн асуудлыг оролцогч талууд хуулийн хүрээнд тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлтгэй гэж үзэж байна. Эцэст нь давж заалдах гомдлын үндэслэл товчхон хэлэхэд иргэн Д.Бат-Ирээдүйгийн бусдаас зээлж авсан зээлийн барьцаанд уг хөрөнгийг хариуцагч Д.Э-аар дамжуулан бусдад барьцаалах эрхийг олгосон ба өмчлөх эрхийг хэнд ч олгоогүй юм. Өнөөдөр иргэд хоорондын зээлийн харилцаанд хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа нэг бол өмчлөх эрхийг шилжүүлж, аль эсвэл өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх байдлаар зээлийн болон барьцааны гэрээ хийгдэж байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Дэлгэрсайхан нь зээлийн барьцаанд уг хөрөнгийг шилжүүлж авсан гэж, Ц.Д- нь Ж.Дэлгэрсайхан нь надаас авсан мөнгөө н.Бат-Ирээдүйд өгсөн бөгөөд н.Бат-Ирээдүй мөнгөө өгөөгүй байгаа тул барьцаа болгож уг хөрөнгийг авсан ба барьцаа хөрөнгийг танд шилжүүлж өгье гэж тус тус тайлбарласан байдаг. Маргаан бүхий техникийг шилжүүлэхдээ талууд зээлийн төлбөрт барьцаалагч Ц.Д-д 3 сарын хугацаатай ашиглуулах, Ц.Д- нь тохирсон хугацаанд уг техникийг ашиглаж зээлийн мөнгийг нөхөж авахаар тус тус тохиролцсон байхад шүүх дүгнэлт өгөхгүй орхигдуулснаар нэхэмжлэгч буюу уг техникийн хууль ёсны өмчлөгчийн эрхийг зөрчсөн шийдвэрийг гаргаад байна. Мөн аливаа этгээд өмчлөх эрхийг хууль буюу хэлцлийн үндсэн дээр олж авдаг бөгөөд Д.Э- ямар хэлцлийг үндэслэн өмчлөх эрх олж авч байгаад, Ж.Дэлгэрсайхан ямар хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг олж авч байгаад, “Рок пэйнт групп” ХХК нь хэнтэй байгуулсан ямар хэлцлийг үндэслэн өмчлөх эрх олж авч байгаад тус тус дүгнэлт хийгээгүй байна. Хэдийгээр Д.Бат-Ирээдүй гэх иргэний зээлийг төлөх зорилгоор Ц.Д- гэх иргэнд уг техникийг шилжүүлсэн ба угтаа бол Д.Бат-Ирээдүй Ц.Д- нарын хооронд ямар ч харилцаа үүсээгүй ба н.Бат-Ирээдүй, Ж.Дэлгэрсайхан нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, мөн Ж.Дэлгэрсайхан, Ц.Д- нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байдаг. Ж.Дэлгэрсайхан нь Ц.Д-гээс авсан зээлээ н.Бат-Ирээдүйд өгсөн бөгөөд н.Бат-Ирээдүй нь зээлийн барьцаа болгож “Т К” ХХК-ийн техникийг Д.Э-аар дамжуулж Ж.Дэлгэрсайханд барьцаалсан ба Ж.Дэлгэрсайхан нь мөн зээлийн барьцаа болгож иргэн Ц.Д-д уг техникийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь зөвхөн барьцаалж байгаа хэлбэр бөгөөд өмчлөх, захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн хэлбэр биш юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган “Рок пэйнт групп” ХХК-ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хариуцагч Ц.Д-, Д.Э- нарт холбогдуулан УН91-94 улсын дугаартай А1209052АН1208078 арлын дугаартай, “Chandong” SEM652В маркийн авто ачигч гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх маргаан бүхий УН91-94 улсын дугаартай А1209052АН1208078 арлын дугаартай, “Chandong” SEM652В маркийн авто ачигч нь нэхэмжлэгч “Т К” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Э-ын өмчлөлд, улмаар Д.Э- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ж.Дэлгэрсайханы өмчлөлд, Ж.Дэлгэрсайхан нь 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Рокпэйнт групп” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн, одоо “Рокпэйнт групп” ХХК-ийн өмчлөлд байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх.79-90/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Э- нь “Сор ломбард”-д төлөх ёстой 36 600 000 төгрөгийн өр төлбөртөө дээрх маргаан бүхий ачигчийг 3 сарын хугацаанд ашиглуулахаар Ц.Д-д шилжүүлсэн, харин хариуцагч Ц.Д- нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлцсэн актаар тус ачигчийг өөрийн эзэмшилд шилжүүлж авсан тул гэрээний үүргийг тус тус хангуулна” гэж тодорхойлсон байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Т К” ХХК болон хариуцагч Д.Э- нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Д.Э-аас УН91-94 улсын дугаартай А1209052АН1208078 арлын дугаартай Chandong SEM652B маркийн авто ачигчийг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэргийн 62 дугаар талд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт”-д А.Давааням болон Ц.Д- нар дээрх авто ачигчийг “Сор ломбард”-тай Д.Бат-Ирээдүйн байгуулсан зээлийн гэрээний үүрэг 36 600 000 төгрөгийн өр төлбөрт 3 сарын хугацаатай ашиглуулахаар 1 ширхэг гидрийн насосын хамт хүлээлгэн өгсөн талаар тусгагджээ. Уг баримтаар нэхэмжлэгч “Т К” ХХК, хариуцагч Ц.Д- нарын хооронд тухайн тохиролцоо хийгдсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. А.Давааням болон хариуцагч Ц.Д- уг актад гарын үсэг зурж баталгаажуулсан нь нэхэмжлэгч “Т К” ХХК болон Ц.Д- нарын хооронд гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй.

 

Хариуцагч Ц.Д-, Д.Э- нар нь тус тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн нэхэмжлэгч “Тэлмэн констракшн” компани нь тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

УН91-94 улсын дугаартай, А1209052АН1208078 арлын дугаартай Chandong SEM652B маркийн авто ачигч нь “Рок пэйнт групп” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. /хх.80/ Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/01836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО