Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/608

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Март,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Аянагүлийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Мартын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бд холбогдох эрүүгийн 2107000000007 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

............................., 19........ оны ............... дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 03-4 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................................./;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1655 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаар хорих ял шийтгүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр суллагдсан,

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20-13 тоотод хохирогч Б.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус хэрэг учрал болсон гэх газар буюу “Лантмон” ХХК-ийн хашаанд шүүгдэгч болон хохирогч нар ямар асуудлаар уулзаж ярилцсан эсэх, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаар муудалцсан талаар гэрч Б.Ангараг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд бичгээр өгсөн Идэрболд гэх хүний бичсэн баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт зорилгыг дахин шалгах, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчийг нас барсан үйлдлээс 12 минутын өмнө таньдаг хүнтэйгээ дүрсээр ярьсан гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслэн ямар хүнтэй ярьсан, хэрэг учрал болсон гэх газрын нөхцөл байдлыг тодруулах, хэрэгт хохирогчийн өмсөж явсан гэх хувцас, хутгыг хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлж хойшлуулшгүйгээр хураан авах ажиллагааг гүйцэтгэснийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаанд хүчинтэйд тооцсон ч гэмт хэргийн ул мөр үлдсэн хохирогчийн хувцас, бичиг баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцолгүй хэргийн хамт ирүүлсэн байдал зэрэг дээрх нөхцөл байдлуудыг дахин шалгах шаардлагатай гэж үзэж шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг эд мөрийн баримтын хамт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Аянагүл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгыг дахин тогтоох гэх асуудлын хувьд прокуророос хэрэгт авагдсан гэрч Б.Ангараг, Х.Дэлгэрбат нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд дээрх гэмт хэрэг гарах болсон сэдэлт санаа зорилгыг тогтоохдоо амь хохирогч Б.Бат-Эрдэнэ, яллагдагч Ц.Б, гэрч Х.Дэлгэрбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ амь хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч Х.Дэлгэрбат нар хоорондоо маргалдахад яллагдагч Ц.Б нь ундууцаж улмаар гэрээсээ хөөхөд амь хохирогч Б.Бат-Эрдэнэ нь найз Х.Дэлгэрбатыг өмөөрч Ц.Бтай маргалдсанаас үүссэн буюу амь хохирогч Б.Бат-Эрдэнэ, яллагдагч Ц.Б нарын тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн уг гэмт хэрэг гарсан болох нь гэрч нарын мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон. Гэтэл шүүх шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг зөрчин хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргаж өгсөн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөөгүй Идэрболд гэх хүний гараар бичиж өгсөн тайлбар гэх зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлж, улмаар уг баримтыг үндэслэн хэргийн сэдэлт санаа зорилгыг дахин тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д “Хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна. Мөн шүүхийн тогтоолд шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн “талийгаач нас барахаасаа 12 минутын өмнө өөрийн найзтайгаа утсаар холбогдож дүрс дүрсээ харж ярихад цаана нь хэрүүл маргаан болсон гэх ямар ч зүйл сонсогдоогүй бөгөөд хүмүүс инээлдэж байсан гэж талийгаачийн найз надад хэлсэн” гэсэн утга бүхий мэдүүлгийг үндэслэн “талийгаач нь ямар хүнтэй ярьсан болох, тухайн ярьсан этгээдээс хэрэг учрал болсон гэх газрын нөхцөл байдлыг тодруулж асуух шаардлагатай” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэж заасан. Харин шүүхийн тогтоолд дурдсан гэмт хэрэг гарахаас өмнө талийгаачтай утсаар ярьсан талийгаачийн найз гэх хүн нь тухайн хэрэг учрал болсон хэргийн газарт, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг мөчид байгаагүй буюу тухайн хэргийн нөхцөл байдлыг мэдэх боломжгүй этгээд тул түүнээс болсон хэрэг учралын талаар мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй ба хэрэгт авагдсан бусад хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт болон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон болно. Түүнчлэн хохирогчийн өмсөж явсан гэх хувцас, хутгыг хувцсанд үзлэг хийж хойшлуулшгүйгээр хураан авч, прокурор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцсон ч гэмт хэргийн ул мөр үлдсэн хохирогчийн бичиг баримтуудыг эд мөрийн баримтаар тооцолгүй хэргийн хамт ирүүлсэн байдлыг дахин шалгах гэсэн асуудлын хувьд хэдийгээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн өмсөж байсан хувцас, эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдэхдээ амь хохирогчийн өмсөж явсан хувцасны халаасанд байсан бичиг баримт болон утасны чихэвчийг эд мөрийн баримтаар тооцолгүй орхигдуулсан зөрчил гаргасан хэдий ч үүнийг шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх бичиг баримт, чихэвчийг буцаан авах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааны явцад дээрх эд зүйлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцааж өгөх боломжтой гэж үзэж байна. Уг процессын асуудал нь шүүгдэгч Ц.Бгийн гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч Д.Март гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон талийгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас маргалдсан болохыг хэргийн газар байсан гэрч Ангараг, Дэлгэрбат нарын мэдүүлэг болон бусад баримтаар тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогддог. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээд байгаа Идэрболд гэх хүний гар бичмэл, хохирогч нас барахын 12 минутын өмнө таньдаг хүнтэйгээ дүрсээр ямар хүнтэй ярьсан зэргийг тодруул гэсэн нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоолоор хохирогчийн өмсөж явсан хувцас, хутгыг хураан авч тухайн эд зүйлүүдэд хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хэргийн газрын гэрэл зураг болон мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож, мөн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтаар эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхэд шилжүүлсэн байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан, эх сурвалжаа зааж чадсан, нотлох баримтаар үнэлэх мэдүүлэг юм. Идэрболд гэх хүний бичсэн дүгнэлт гэхээс илүүтэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээс хэргийн үйл баримтыг тогтоох нь зайлшгүй гэж шүүх үзсэн нь харагддаг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг гэрч Б.Ангарагийн мэдүүлгээр нотлогддог. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ангараг амь хохирогчийг “анх удаа харж байна” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд “урьд өдөр нь тавуулаа ирсэн, тарвага шарж идсэн, захидал уншаад юм ярьж байсан” гэж шинээр мэдүүлдэг. Тэгэхээр энэ үйл баримттай холбоотойгоор шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан шүүгдэгч, гэрч Б.Ангарагийн мэдүүлэгт үндэслэж Идэрболд гэх хүний бичсэн дүгнэлт байж болох, үндэслэлтэй гэж үзсэн тул хохирогчийн мэдүүлэг хууль ёсны, эх сурвалж нь тодорхой гэж дүгнэсэн. Мөрдөн байцаалтын явцад Ц.Б, Б.Ангараг нар болсон явдлыг бүрэн бодитой яриагүй, үүнийгээ шүүхэд нэмж ярьсан байдаг тул сэдэлтийн асуудал яригдаж эхэлсэн. Түүнчлэн прокурор сэдэлтийг Ц.Бтай муудалцаж, хутга булаацалдаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн гэж байна. Гэтэл Х.Дэлгэрбат,  Б.Ангараг нарын мэдүүлгээр амь хохирогч болон Ц.Б нар маргалдаж байсан зүйл огт байгаагүй, гарч явсан дэс дараалал нь тодорхойгүй гэдэг. Тиймээс Б.Ангарагийн мэдүүлэг Ц.Бгийн мэдүүлгээс зөрүүтэй байдаг учир энэ үйл баримтыг шүүхээс хангалттай тогтоо гэсэн нь үндэслэлтэй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулж асуулгахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийн нэг мөн. Гэмт хэрэг хэзээ, хаана, ямар нөхцөл байдалтай байхад гарсан эсэх нь тодорхой байх ёстой. Цагдаад дуудлага өгөхөөс 10 минутын өмнө эдгээр хүмүүс хоорондоо утсаар ярьсан байдаг. Яг хэзээ муудалцаж, нэгийнхээ амь насыг хохироосон болохыг тогтоохын тулд ийм явдал болсон эсэхийг нарийн тогтоох зайлшгүй шаардлагатай. Энэ нь хэрэг болсон газар, сэдэлтийн асуудлыг тогтооход шууд шалтгаант холбоотой. Нотлох баримтын хувьд амь хохирогчийн биед байсан эд зүйлийг нотлох баримтаар бэхжүүлж авсан хэрнээ хурааж аваагүй. Чихэвч, бичиг баримтыг нь халаасанд нь ирүүлсэн байсан. Үүнийг эд мөрийн баримт гэж үзэх эсэх, шүүх яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байхад эдгээр асуудлуудыг мөрдөн байцаалтын явцад бүрэн гүйцэд хийх ёстой. Иймд эсэргүүцэл, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд, 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус хэрэг учрал болсон гэх газар буюу “Лантмон” ХХК-ийн хашаанд шүүгдэгч болон хохирогч нар ямар асуудлаар уулзаж ярилцсан эсэх, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаар муудалцсан талаар гэрч Б.Ангараг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд бичгээр өгсөн Идэрболд гэх хүний бичсэн баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт зорилгыг дахин шалгах, 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчийг нас барсан үйлдлээс 12 минутын өмнө таньдаг хүнтэйгээ дүрсээр ярьсан гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслэн ямар хүнтэй ярьсан, хэрэг учрал болсон гэх газрын нөхцөл байдлыг тодруулах, хэрэгт хохирогчийн өмсөж явсан гэх хувцас, хутгыг хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлж хойшлуулшгүйгээр хураан авах ажиллагааг гүйцэтгэснийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3 дугаартай прокурорын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаанд хүчинтэйд тооцсон ч гэмт хэргийн ул мөр үлдсэн хохирогчийн хувцас, бичиг баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцолгүй хэргийн хамт ирүүлсэн байдал зэрэг дээрх нөхцөл байдлуудыг дахин шалгах шаардлагатай зэрэг ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд прокурорт буцаасан шүүхийн тогтоол нь үндэслэлгүй болжээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч Ц.Б гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-д “Хавтас хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.

Тухайн хэрэгт авагдсан гэрч Н.Ангараг “Тэгээд явлаа гээд 3 уулаа зэрэг гараад явахад нь би тэр хавийг цэвэрлээд явж байгаад цонхоор харсан чинь Баяраа хохирогчийг цохих шиг болсон. ...хэрэг гарах шалтгааныг Дэлгэрбат, Бат-Эрдэнэ нар хоорондоо маргалдсанаас болсон байх. ...Түргэн иртэл Дээгий гарч ирээгүй.”,

гэрч Х.Дэлгэрбатын “...хоёр дахь шилтэй архиа ууж байхдаа би тасарчихсан байсан, ямартай ч нэг ухаан орох шиг болоход би автомашин дотор ганцаараа сууж байсан. ...Би согтоод тасрахаас өмнө ямар нэгэн маргаан, зодоон болоогүй.”,

Ц.Б яллагдагчаар “Энэ үед Бат-Эрдэнэ араас гарч ирээд Ангараг байшинд үлдсэн. Би Дэлгэрбатын жолоочийн эсрэг талын суудалд буцаад автомашины нөгөө тал буюу Бат-Эрдэний байсан тал руу очиход Бат-Эрдэнэ баруун гартаа хутга барьчихсан над руу ойртоод байсан. “Ахаа яагаад байгаа юм бэ? пизда ална шүү гэхээр нь нь би Бат-Эрдэний хутгагүй гараас нь сандраад бугалга хэсгээс нь баруун гараараа бариад авсан. Тэгээд хутгатай гарыг нь барьж авах гэтэл гараа савчуулаад гар нь баригдахгүй байхаар нь зүүн гараараа түүний хутгатай гар руу нь цохитол хутга нь газар унасан” гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгүүдээс дүгнэхэд “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэдэлт зорилгыг дахин шалгах шаардлагагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр тодруулах боломжтой байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг зөрчин хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй юм. Учир нь гэрчээр мэдүүлэг өгөөгүй М.Идэрболд гэх хүний гараар бичиж өгсөн тайлбар гэх зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлж, улмаар уг баримтыг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь дээрх заалтыг зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч” гэх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн “талийгаач нас барахаасаа 12 минутын өмнө өөрийн найзтайгаа утсаар холбогдож дүрс дүрсээ харж ярихад цаана нь хэрүүл маргаан болсон гэх ямар ч зүйл сонсогдоогүй бөгөөд хүмүүс инээлдэж байсан гэж талийгаачийн найз надад хэлсэн” гэсэн нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн өмсөж байсан хувцас, эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдэхдээ амь хохирогчийн өмсөж явсан хувцасны халаасанд байсан бичиг баримт болон утасны чихэвчийг эд мөрийн баримтаар тооцолгүй орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм.

Уг процессын асуудал нь шүүгдэгч Ц.Бгийн гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой гэж үзээд “…шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШТ/24 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ